| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2017/02532/И |
| Дугаар | 181/ШШ2018/00238 |
| Огноо | 2018-01-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2018/00238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-15, Нью Сенчьюри плазад байрлах, “ЧХ” банк /Регистрийн дугаар:2698072/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Гэрэгэ тауэр 205 тоотод байрлах, “СП” ХХК /Регистрийн дугаар:5592429/-д холбогдох
Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 270.055.217 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагадаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: ЧХ банк нь “СП” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 2466/01/СС-2014 тоот “Зээлийн гэрээ” байгуулан 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэйгээр, Барилгын цонх болон шил, чулуун гадаргуу цэвэрлэх үйлчилгээ сайжруулах, тоног төхөөрөөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн зориулалтаар 306.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлдэгч үйл ажиллагааны онцлог, төлбөрийн чадварын байдалтайгаа уялдуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасныг банкны зүгээс хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Гэтэл зээлдэгч нь “Зээлийн гэрээ”-ний 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан гэрээний хавсралт хэсэг болох зээлийн эргэн төлөлтийн хуваариа байнга зөрчсөөр байгаа болно. Банкны зүгээс тус компанид зөрчлөө арилган гэрээний үүргээ зөрчихгүй байх талаар удаа дараа анхааруулж, удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Зээлдэгч нь энэхүү зээлийн үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2205015543 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2Г байр 1 тоотод байрлах 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2204021398 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 8/2 дугаар байр 13 тоотод байрлах 42 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2203019302 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 31 дүгээр байр 93 тоот хаягт байрлах 40 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, Барилгын гадаргууг цэвэршүүлсэн болон ионжуулсан усаар угаадаг тэргэнцэр дээр суурилсан Англи улсад үйлдвэрлэсэн төхөөрөмж 6 ширхэг, Америкийн нэгдсэн улсын “Ну Стар” компанийн үйлдвэрлэсэн автомат төхөөрөмж 1 ширхэг, Бүгд найрамдах хятад улсын Мэнтолл брэндийн өргөгч зэргийг барьцаалан хуульд заасан үндэслэл журмын дагуу Улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн.
Зээлдэгч нь зээл авсанаас хойш үндсэн зээлийн төлбөрт 49.208.471 төгрөг, хүүнд 54.731.299 төгрөг, төслийн нэмэлт хүүнд 1.380.362 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.321.615 төгрөг, нийтдээ 106.641.755 төгрөгийг төлсөн. Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлдэгч “СП” ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл 256.791.521 төгрөг, хүүг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тооцож 10.148.639 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3.115.057 төгрөг, нийт 270.055.217 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байсан. Хариуцагч 2017 оны 12 дугаар сарын 28-нд 20.000.000 төгрөг төлсөн тул үндсэн зээлээс хасч тооцон 250.055.217 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Уг зээл Хөдөлмөрийн яамны жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөгжлийн банктай байгуулсан гурван талт гэрээний дагуу жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олгогдсон зээл юм. Манайхтай байгуулсан зээлийн гэрээнд төслийн зээлийн хүүгийн тухай тусгагдаагүй ч гурван талт гэрээний дагуу төслийн хүү төлөх ёстой тул тооцож авсан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний дагуу 306.000.000 төгрөгний зээл авсан нь үнэн. Мөн зээлд 106.641.755 төгрөг төлсөн, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан, төлбөр төлөх мэдэгдлүүдийг хүлээн авсан гэдэгт маргахгүй. Эдийн засгийн байдлаас хамаарч төлбөрийг тогтоосон хугацаанд төлж чадаагүй. Энэ зээлийн гэрээнд төслийн хүүг тооцож авах тухай байхгүй тул төлөх зээлээс хасч тооцох ёстой гэж үзэж байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч “ЧХ” банк нь “СП” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 270.055.217 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагч 20.000.000 төгрөг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээл 236.791.521 төгрөг, хүү 10.148.639 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.115.057 төгрөг, нийт 350.055.217 төгрөг болгон багасгав. Түүнд олгосон 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрх, үүргийг хэрэгжүүлж банкыг бүрэн төлөөлж оролцох эрхийг олгосон байх тул шүүх энэ хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
“СП” ХХК нь ЧХ банктай 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 306.000.000 төгрөгийг, 5 жилийн хугацаатайгаар зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч жилийн 7 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр, үүргийн гүйцэтгэлийг П.Нарантуяагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015543 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2Г байр 1 тоотод байрлах 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, Б.Батмандах, Д.Алтангэрэл нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204021398 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 8/2 дугаар байр 13 тоотод байрлах 42 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, П.Эрдэнэбаярын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203019302 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 31 дүгээр байр 93 тоот хаягт байрлах 40 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц болон Барилгын гадаргууг цэвэршүүлсэн болон ионжуулсан усаар угаадаг тэргэнцэр дээр суурилсан Англи улсад үйлдвэрлэсэн төхөөрөмж 6 ширхэг, Америкийн нэгдсэн улсын “Ну Стар” компанийн үйлдвэрлэсэн автомат төхөөрөмж 1 ширхэг, Бүгд найрамдах хятад улсын Мэнтолл брэндийн өргөгч зэргээс хангуулахаар зээлийн болон барьцааны гэрээг байгуулжээ. /хх 17-20, 23-24, 27-31/
Зохигчид зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, харилцан тохиролцож 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан үйл баримтад маргаагүй бөгөөд дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна. /хх 21, 26/
Хариуцагч зээлийн хөрөнгийг шилжүүлэн авсан, энэ хугацаанд 106.641.755 төгрөг төлсөн, 2016 оны 7 дугаар сарын 18-нд, 08 дугаар сарын 16-нд, 11 дүгээр сарын 10-нд, 2017 оны 1 дүгээр сарын 04-нд тус тус мэдэгдэл хүлээн авсан гэдэгт мөн маргаагүй байна. /хх 32-37/
Талуудын хооронд байгуулсан гэрээ, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, урт хугацааны гэрээг хугацаанаас өмнө цуцлахад татгалзахгүй гэж тайлбарлав.
Нэгэнт гэрээний нэг тал үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг мэдэгдэл өгснөөр тогтоосон, түүнчлэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан зээлийн гэрээнд зээлдэгч “төслийн нэмэлт хүү” төлөх үүргийн тухай тусгагдаагүй байхаас гадна нэхэмжлэгч Хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Монгол Улсын хөгжлийн банктай байгуулсан “гурван талт зээлийн гэрээ”-ний дагуу төслийн хүүд 1.380.362 төгрөг тооцож суутгасан гэж тайлбарлаж байх боловч дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд гэрээгээр тохиролцоогүй “төслийн хүү”-г хариуцагчийн төлсөн зээлээс авсан гэж үзэв. Нөгөөтэйгүүр гуравдагч этгээдүүдтэй байгуулсан өөр гэрээний үүргийг энэ гэрээний үүрэгт хамтатган тооцох үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн төлбөл зохих төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгч 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээг цуцалж байх тул мөн өдөр хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Иймд хариуцагчаас үндсэн зээл 236.791.521 төгрөг, хүү 1.382.550 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106.003 төгрөг, нийт 238.280.074 төгрөгөөс “төслийн хүү”-д төлсөн 1.380.362 төгрөгийг хасч 236.899.712 төгрөгийг нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Хариуцагч дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 1.578.426 төгрөг төлөхөөс 1.722.903 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 144.477 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгов.
Шүүх хуралдааны явцад хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ төрсөн” үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж байх боловч хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хүсэлт хянан шийдвэрлэсэн явдал “үндэслэл бүхий эргэлзээ” гэж үзэх боломжгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.1, 92.2-т заасан зохицуулалт нь шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга зэрэг тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хөндлөнгийн байр сууринаас оролцох этгээдэд өөрийг нь үүрэгжүүлсэн зохицуулалт, зохигчдод шүүх хуралдааны аль ч үе шатанд шүүгчийг татгалзан гаргах эрх олгосон зохицуулалт биш тул уг хүсэлтийг хүсэлтийн хэмжээнд үзээгүй, хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан “СП” ХХК-иас 236.899.712 /хоёр зуун гучин зургаан сая найман зуун ерэн есөн мянга долоон зуун арван хоёр/ төгрөг гаргуулж, Чингис хаан банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.155.505 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг П.Нарантуяагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015543 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2Г байр 1 тоотод байрлах 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, Б.Батмандах, Д.Алтангэрэл нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204021398 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 8/2 дугаар байр 13 тоотод байрлах 42 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, П.Эрдэнэбаярын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203019302 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 31 дүгээр байр 93 тоот хаягт байрлах 40 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц болон Барилгын гадаргууг цэвэршүүлсэн болон ионжуулсан усаар угаадаг тэргэнцэр дээр суурилсан Англи улсад үйлдвэрлэсэн төхөөрөмж 6 ширхэг, Америкийн нэгдсэн улсын “Ну Стар” компанийн үйлдвэрлэсэн автомат төхөөрөмж 1 ширхэг, Бүгд найрамдах хятад улсын Мэнтолл брэндийн өргөгч зэргээс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.722.903 төгрөгөөс илүү төлсөн 144.477 төгрөгийг улсын орлогос буцаан гаргуулж, хариуцагчаас 1.412.648 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ