Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 00240

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2018/00240

       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Э Э Ж Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Ю” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний доголдол засварласан зардал 73 694 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 9 873 800 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Отгон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай Э Э Ж Ю ХХК нь Ю ХХК-тай гадна талбайн ажил гүйцэтгэх гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 015/55 дугаартайгаар мөн өдрөө Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг ханган ажиллах хавсралт гэрээг 015/55-1 дугаартайгаар хийж, өөрийн компанийн барьсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хорооллын /Залуу гэр бүл-2/ 216 айлын орон сууцны барилгын гадна талбайд ажил гүйцэтгүүлэхээр болсон. Гэрээгээр тохиролцохдоо 1126 м.кв талбайг бетондуулахдаа бетон зуурмагийг нь худалдан авч өгөхөөр тохирсоны дагуу 27 808 000 төгрөгийн үнэтэй зуурмаг /ЭДТ ХХК/-аас худалдан авч өгсөн. Мөн манай 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 015/55 дугаартай Гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээний Тавдугаар хэсэгт зааснаар төлбөрийг хугацаанд нь хийсэн. Ю ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажлаа эхэлж, манай талд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бетондон, мөн гэрээний 4.3-д зааснаар дулааны улирал болох 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд өнгөлөх, тэмдэг тэмдэглэгээ хийх ажлыг ирж гүйцэтгэх байсан боловч ямар нэг хүлээлцэх акт үйлдээгүй. Гэрээний хавсралтад заасан 10 ажлаас 2 дугаарт байгаа хөрс хуулалт, тээвэрлэлт, 9 дүгээрт байгаа пандус, 10 дугаарт байгаа бродюр суулгах ажлаас бусад огт хийгдээгүй, 4 дүгээрт байгаа бетондох ажил нь чанаргүй хийгдсэнээс болж хавар газар гэсэхээр зүгээр л саарал шороо болж хувирсан. Манай компани барилгын ажлаа хийж дуусгаад 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгөхөөр комисс ажиллуулсан. Энэ үед Ю ХХК-ийн хийсэн талбай цөмөрч ашиглах аргагүй болсон байсан. Ингээд Ю ХХК-д хандан 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 016/64 дугаар албан тоот, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 016/95 дугаар албан тоот, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 016/280 дугаар албан тоот, гэрээний 3.3-д мөн 12.1-д заасны дагуу өөрийнхөө хөрөнгөөр засварлахыг шаардсан албан шаардлагыг тус тус хүргүүлсэн боловч удтал шаардуулж байж Ю ХХК-ийн ерөнхий захирал Л.Шижирбаатар манай компани дээр ирээд манайх удахгүй мөнгөтэй болно. Одоо хүн хүч тоног төхөөрөмжөө танай гадаа зөөвөрлөн хүргэж ирэх зардал алга танайх гэрээний 1.3, 5.3-д заасан мөнгөө өгчих бид маргааш л хүрээд ирнэ гэж хэлсэн. Ингээд гүйцэтгэлийн баталгааны 5 хувь болох 1 922 300 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр авч яваад тэр чигтээ эргэж ирээгүй. Өөрөөр хэлбэл манай компанийн хувьд гэрээгээр нийт тохирсон сүүлийн үлдэгдэл болох 1 500 000 төгрөг өгсөн боловч маргаашнаас нь ахиж ирэхгүй өнөөдрийг хүрлээ. Ингээд байр захиалсан айлууд орох болж гарцаагүй байдалд орсноор манай компани дахин /Прайм капитал ХХК/-тай дахин 25 020 000 төгрөгийн Гадна талбай тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, дутуу ажлыг гүйцэтгүүлж, хөрөнгө, цаг хугацаагаар хохироод байна. Иймд хариуцагчаас бетон зуурмагийн үнэ 27 808 000 төгрөг, хийгдээгүй ажлын хөлс 31 912 000 төгрөг, дахин шинээр хийлгэсэн хөлс 25 020 000 төгрөг, нийт 84 740 000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг давхардуулан нэхэмжилсэн байгаа тул 11 046 000 төгрөгөөр багасгаж, 73 694 000 төгрөгийн хэмжээнд шаардлагаа дэмжиж байгаа тул энэ хэмжээгээр хангах шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн үндсэн нэхэмжлэлийн хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Э Э Ж Ю ХХК-тай Гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээний хавсралтаар заагдсан ажлуудыг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Харин захиалагч тал гэрээний 5.3-д заасан хугацаанд ажлын хөлсийг өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч дахин хийлгэсэн ажлын хөлс зэргийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Энэхүү гэрээнд заагдсан ажлуудыг дадлага туршлага бүхий багаар гүйцэтгүүлсэн бөгөөд хөрс хуулалтыг тэр багийнхан өөрсдөө машин механизм түрээслэн хийсэн ба өвлийн улиралд хөлдүү гарзын хуулалт хийхэд техник хэрэгсэлд эвдрэл гарч гүйцэтгэгч тал ашигтай ажиллах биш харин ч өр төлбөрт орсон. Хөрс хуулалт, бетон хучилт зэрэг ажлуудыг өвлийн улиралд хийж болохгүй талаар сануулсан ч барилгаа хурдан ашиглалтад өгөх хэрэгтэй, тайлбар хэрэггүй гэсэн тул бид захиалагчийн шахалтын дагуу ажлаа эхэлсэн. Гэрээнд заагдсан бетон хучилтын ажил хийгдэхийн тулд зайлшгүй хөрс хуулж, хуулсан хөрсний гадаргыг индүүдэж тэгшилж, бетон хучилтаа хийхдээ майхан хучилт хийж пуужин тень тавьж хатаах, хучилтыг индүүдэж тэгшлэх гэсэн ажлууд хийгддэг. Бид гэрээний дагуу дээрх ажлуудыг /гэрээний 1,2,3,4,9,10/ горимын дагуу хийж 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэж өгсөн. Мөн дээрхээс гадна хогийн сав, сандал зэргийг гэрээний дагуу шаардлага хангасныг хүлээлгэж өгсөн ба хүүхдийн тоглоомын талбайд резин наах, тоглоом угсрах ажлуудыг /5,6,8/ хийж дуусгасан. Харин ажлын явцад гаднах талбайн гэрэлтүүлгийн ажлыг бид хийгээгүй. Манай компани болон ажлын багийг ажил гүйцэтгэх явцад захиалагч тал ажлын хөлсийг тохирсон хугацаанд өгөхгүй чирэгдэл үүсгэж байсан бөгөөд гэрээнд зааснаар ажил эхлэхэд 30 хувь, ажлын 70 хувийг хийхэд 40 хувь, ажил дуусаж хүлээж авснаар үлдсэн төлбөрийг төлөхөөр тохиролцсон боловч хуваарьт хугацаанд төлбөрөө төлж чадаагүй. Нэхэмжлэгч тал барилгаа 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улсын комисст өгөх гэтэл талбай цөмөрсөн, үүнийг дахин хийлгэсэн гэж үндэслэлээ тайлбарласан нь өвлийн улиралд хийж болохгүй зүйлийг шахаж шаардаж хийлгүүлчихсэн хүмүүсийн хувьд гаргаж боломгүй зүйл байна. Манай компанид болон ажлыг гүйцэтгэсэн хүмүүст ингэж талбай цөмөрсөн талаар албан шаардлага нэг ч хүргүүлж байгаагүй, засаж сайжруулахыг нэг ч сануулж байгаагүй хэрнээ өнөөдөр шүүх дээр 2 жил болох гэж байгаа ажлын талаар үндэслэлгүй зүйл бичиж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлээд байгаа бетон зуурмагын хувьд бетон хучилт хийх материалыг нэхэмжлэгч өөрөө нийлүүлэх үүрэгтэй, энэ тал дээр бид ямар нэгэн оролцоо байхгүй. Ажил хүлээлгэж өгөхдөө талууд хамтарсан акт үйлдэж, хийсэн ажлуудыг нэг бүрчлэн бичиж хяналтын ерөнхий инженер н.Мөнхсүрэн гарын үсгээ зурж хүлээж авсан. Гэрээний 4.3-т заасан зам талбай өнгөлөх, тэмдэг, тэмдэглэгээ хийх төлбөр 3 000 000 төгрөг байдаг. Үүнийг нэмэлт гэрээ байгуулж шийднэ гэж заасан. Захиалагч компани нь манайхтай ямар нэгэн нэмэлт гэрээ байгуулаагүй байж нэхэмжлэлдээ үүнийг гүйцэтгээгүй гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Тэдний өөрийнх нь сонгосон, өгсөн зуурмагаар л ажлыг гүйцэтгэсэн ба өвлийн улиралд хийх бетон зуурмаг стандартаараа 350-400 марктай байх ёстой боловч нэхэмжлэгч тал 250 мартай бетон нийлүүлсэн нь сүүлд мэгэгдсэн. Нийлүүлсэн материалын чанарын шаардлагыг бид хариуцах боломжгүй бөгөөд тухайн үед маркыг нь мэдэх  боломжгүй байна. Ер нь Э Э Ж Ю ХХК-ийн барилгаа улсын комисст л хурдан өгөх гэсэн шунаг хүслээс нь болсон хариуцлагыг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани руу албан тоот удаа дараа ирүүлсэн гэж хэлж байдаг ч бид нэг ч удаа албан тоот хүлээж аваагүй. Төлбөрийн хувьд дансаар авч байсан 29 912 200 төгрөг, бэлнээр 1 500 000 төгрөг нийт 31 512 200 төгрөг ажлын хөлсөнд авсан тул үүн дээр бид маргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний нийт төлбөр нь 38 446 000 төгрөг юм. Гэрээний хавсралт 1-д тусгасан 10 ажлын нийт төлбөр гэсэн үг. Бид 10 ажлаас 1 ажил буюу гадна талбайн гэрлийн тохижилтыг нь хийгээгүй. Үүний төлбөр нь  1 000 000 төгрөг байсан тул нийт төлбөрөөс хасч 37 446 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн юм. Үүн дээр хавсралт 2-т зааснаар гадна зам талбайн ажлын үнийн санал гэж тусгаж гэрээнд заагдсанаас өөр илүү ажил хийсэн хөлсөндөө 3 840 000 төгрөг авахаар тохирч талууд мөн хавсралтаар баталсан байдаг. Тиймээс гэрээнд заагдсан ажлын хөлс 37 446 000 төгрөг дээр нэмэлт ажлын хөлс 3 840 000 төгрөгийг нэмж нийт 41 286 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна. Үүнээс манайх захиалагч талаас хүлээн авсан 31 412 200 төгрөгийг хасч үлдэх 9 873 800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Хариуцагч тал гэрээнд заагдсан ажлуудыг бүрэн хийж дуусгасан гэж ярьж байх  боловч гэрээг цуцлах шаардлага гаргасан байна. Гэрээг цуцлах хуульд заасан үндэслэл одоогоор тогтоогдоогүй байгаа тул цуцлах боломжгүй юм. Талууд 38 446 000 төгрөгөөр гэрээний үнийг тохирч ба гэрээнд заасан ажлуудаас гэрээний хавсралт нэгийн 2-т заасан хөрс суулгалт, 9-д заасан пандус, 10-т заасан том талбайг тойруулж хийсэн бордюр зэрэг нь чанарын шаардлага хангаж эвдэрч гэмтээгүй тул энэ ажлуудын төлбөрийг нийт өгсөн зардлаасаа хасч нэхэмжилсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн манайд 41 286 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэж өгсөн мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Ажил гүйцэтгэгч компаний чанаргүй ажлын үр дүнд манай компани дахин дахин хохирч байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Э Э Ж Ю” ХХК гадна талбайн ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас учирсан хохирол 84 740 000 төгрөг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд нээхмжлэлийн шаардлагаа 11 046 000 төгрөгөөр багасгаж, 73 694 000 төгрөг гаргуулахаар  “Ю” ХХКомпаниас шаардаж байна. Нэхэмжлэгч, талуудын хооронд 38 446 000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаас 31 912 000 төгрөгийг гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн, 11 046 000 төгрөгт хамаарах хөрс хуулалт, тээвэрлэлт, индүү, налуу зам /пандус/, хашлага /бордюр/ зэргийг гүйцэтгэсэн үр дүнг хүлээж зөвшөөрнө, үлдэх 16 890 000 төгрөгт хамаарах бетон хучилтын ажил доголдолтой, хогийн сав, сандал, түлш, майхант хучилт тень, тоглоом угсралт зэргийг хийж гүйцэтгээгүй тул эдгээр ажлыг хийлгэхээр төлсөн 20 866 000 төгрөг,  анх бетон хучилт хийхэд шаардлагатай цемент худалдан авсан үнэ 27 808 000 төгрөг, бетон хучилтыг “Прайм капитал” ХХК-иар дахин гүйцэтгүүлсэн зардал 25 020 000 төгрөг, нийт 73 964 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд захиалагч тал чанарын шаардлага хангахгүй, стандарт нормд заасан хэмжээнээс доогуур марк бүхий цементыг нийлүүлсний улмаас бетон хучилтын ажилд доголдол үүссэн  тул засварласан зардлыг хариуцахгүй, нэгэнт гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн хэмжээгээр гүйцэтгэж хүлээлгэн өгсөн тул гэрээний үлдэх төлбөр 7 033 800 төгрөг, гэрээнд тусгагдаагүй нэмж гүйцэтгэсэн ажлын зардал 3 340 000 төгрөг, нийт 10 873 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан ба шүүх хуралдаанд сөрөг шаардлагаа 9 873 800 төгрөг болгон багасгасан.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн заримыг ханган шийдвэрлэлээ.

 

Зохигч 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 015/55 дугаар гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээгээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, “Залуу гэр бүл-2” 216 айлын орон сууцны барилгын гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэхээр, хавсралтаар 10 төрлийн ажил гүйцэтгэхээр тохиролцсоноос “гадна талбайн гэрэл”-н ажлыг гүйцэтгээгүй, бусад ажлыг гүйцэтгэсэн байна. /хх 11-14 тал/ 

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд гол нөхцлөө тохирч, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх бөгөөд эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний төрөлд хамаарахаар байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. 

 

Талууд гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэж, ажлын үр дүнг захиалагч хүлээн авсан болох нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гадна зам талбай, тохижилт хийсэн актаар нотлогдож байна. /хх-112 тал/

 

Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн эсэх, гэрээний нийт үнийн дүн 37 446 000 төгрөг байсан зэрэг үйл баримтын тухайд маргаангүй бол гүйцэтгэх ажлыг жагсаасан хавсралт 5,6 дугаарт тусгагдсан сандал, хогийн савыг хүлээн авсан эсэх, гадна талбайд цутгасан бетон зуурмаг чанарын шаардлага хангасан эсэх, уг доголдолд гэрээний талуудын хэн нь буруутай талаар маргадаг. 

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед  илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана” гэж заажээ.

 

Талууд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 015/55 дугаар гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээний 12 дугаар зүйлийн 12.1-т “барилгыг улсын комисс хүлээн авч байнгын ашиглалтанд өгөх актаар баталгаажсан өдрөөс эхлэн 24 сарын баталгаат хугацаатай байна. Баталгаат хугацаанд гарсан аливаа эвдрэл, гэмтэл болон оршин суугчдын гомдол зэрэг бүхий л асуудлыг гүйцэтгэгч тал хариуцана” гэж тусгаснаас үзэхэд талууд гэрээгээр гомдлын шаардлага гаргах хугацааг тохиролцжээ. 

 

Түүнчлэн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүний саналын хуудаст “гадна тохижилт, ногоон байгууламж, тогтоомын талбайг хийж дуусгах” гэж дурдсан, үүний дараа 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэгч “Ю” ХХК-ний захирал Ч.Батжаргал гэрээний үлдэгдэл төлбөрөөс 1 500 000 төгрөгийг хүлээн авсан зэрэг үйл баримтаас үзэхэд захиалагч талаас 2016.04.22-ны өдрийн 16/04, 2016.05.26-ны өдрийн 16/95, 2016.07.25-ны өдрийн 16/230 дугаар мэдэгдлээр ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг засварлахыг шаардаж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзсэн тул захиалагчийг гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлээгүй, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар доголдлыг арилгуулахаар гүйцэтгэгчээс шаардсан боловч үр дүн гаргаагүй гэж үзэхээр байна. 

 

Иймд Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д ажил гүйцэтгэгч ямар нэг доголдолгүй үр дүнг захиалагчид шилжүүлэх үүрэгтэй, 352 дугаар зүйлийн 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд гүйцэтгэгч ямар нэг арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбгдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй байхаар зохицуулсныг үндэслээд нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

 

Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах нь зүйтэй. Тодруулбал, гэрээгээр тохиролцсон 1126 м.кв талбайд бетон хучилт хийхээр 163 м.куб зуурмаг худалдан авсан болох нь бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээ /хх 161-164 тал/, зуурмаг хүлээлгэн өгсөн баримт /хх 176-181 тал/, бетон зуурмаг тээвэрлэсэн дагалдах баримт /хх 183-209/ зэрэг баримтаар нотлогдож байх тул зууурмагны үнэд төлсөн 27 808 000 төгрөг, “Ю” ХХК-ний бетон хучилт хийсэн үнэ 16 890 000 төгрөг, бетон хучилтын ажлыг “Прайм капитал” ХХК-иар дахин гүйцэтгүүлсэн зардал 25 020 000 төгрөг нийт 69 718 000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас захиалагч доголдлыг арилгахтай холбогдсон зардалд хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох сандал, хогийн сав, тоглоом угсралт зэрэг гэрээний хавсралтад дурьдсан бусад ажлыг гүйцэтгэгч хийж гүйцэтгээгүй, эсхүл доголдолтой гүйцэтгэсэн  болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн шаардлага баримтаар нотлогдсонгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгож байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч, гэрээний 5.6-д талууд зам талбай өнгөлөх, тэмдэг тэмдэглэгээ хийх ажлыг 3 000 000 төгрөгийн өртгөөр хийж гүйцэтгэх, энэ талаар нэмэлт гэрээ байгуулах талаар тусгасан ба энэ тохиролцоогоо үндэслээд бетон хучилт, хөрс хуулалт, тээвэр зэрэг 3 840 000 төгрөгийн өртөгтэй ажил гүйцэтгэсэн, мөн гэрээний үнийн дүнгээс нийт 31 412 200 төгрөг хүлээн авсан тул үлдэх 7 033 800 төгрөгийн хамт нэхэмжлэгчээс гаргуулна гэж шаардлагаа үндэслэсэн.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт захиалагч ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг хүлээдэг тул хариуцагч гэрээний үлдэх төлбөрийг шаардах эрхтэй.

 

Өөрөөр хэлбэл талууд 38 446 000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулснаас захиалагч 31 912 000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар /хх 26-29 тал/ тогтоогдож байх тул үлдэх 6 534 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгох үндэслэлтэй. Харин 3 840 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн эсэх, гэрээ байгуулагдсан эсэх  нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, хариуцагч гэрээний хавсралтад талууд гар бичвэрээр гүйцэтгэсэн ажлын үнийг бичиж тооцсон гэж тайлбарлах боловч уг бичвэрийг хэн бичсэн, ямар ажлын үнийн дүнг тооцсон зэрэг нь тодорхойгүйн улмаас нотлох баримтаар үнэлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын 3 840 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож байна.

 

Эцэст нь дээрхийг нэгтгэн дүгнэвэл, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж буюу хариуцагч “Ю” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний доголдолд 69 718 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч“Э Э Ж Ю” ХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 246 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж буюу 6 534 000 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулах хариуцагчид олгож, үлдэх 3 339 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор тус тус шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн заримыг ханган шийдвэрлэсэн тул хангасан үнийн дүнгийн хэмжээнд зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,            115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,  352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан хариуцагч  “Ю” ХХКомпаниас 69 718 000 төгрөг /жаран есөн сая долоон зуун арван найман мянган/ төгрөг гаргуулан “Э Э Ж Ю” ХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 246 000 /дөрвөн сая хоёр зуун дөчин зургаан мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Э Э Ж Ю” ХХКомпаниас 6 534 000 /зургаан сая таван зуун гучин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж хариуцагч “Ю” ХХКомпанид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  3 339 800 /гурван сая гурван зуун гучин есөн мянга найман зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 581 651 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ю” ХХКомпаниас 506 540 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э Э Ж Ю” ХХКомпанид олгож, хариуцагч “Ю” ХХКомпаний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188 940 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э Э Ж Ю” ХХКомпаниас 119 494 төгрөг гаргуулж хариуцагч “Ю” ХХКомпанид олгосугай. 

                                              

3. Иргэний      хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ