Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 245

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ц И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н З Д-д холбогдох,

Гэм хорын хохиролд 3 396 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны  06 дугаар сарын 07-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Одхүү, Э.Давааням, иргэдийн төлөөлөгч С.Хийморь, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ц И” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энхээс гаргасан тайлбартаа:  “Ц И” ХХК нь Н З Д-ынхууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролд нийт 3 396 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч компани нь 2008 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Хүдэр-Эрдэнэ” ХХК-аас Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нарны зам 58” гэсэн хаягт байрлах 1485 м.кв талбай бүхий эзэмшил газартай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-000058934 дугаартай 120 м.кв талбайтай, агуулахын зориулалттай барилга, хашаа, хаалга зэргийг худалдан авсан байдаг. Үүнтэй холбоотойгоор газар эзэмших эрх нь 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Н З Д-ын93 дугаар захирамжаар “Ц И” ХХК-ийн нэр дээр шилжсэн байдаг. Тус газар дээр орон сууцны зориулалттай барилга барихад газар эзэмшигч компанийн эрх нь ажлыг гүйцэтгэгч компанийн нэр дээр шилжсэн байх шаардлагатай байсан тул “Цаст констракшн” ХХК-ийн нэр дээр дээрх газрын тодорхой хэсгийг шилжүүлэхээр Н З Дд хандаж 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 дугаар захирамжаар “Цаст констракшн” ХХК-д  594 м.кв газрыг орон сууцны барилга барих зориулалтаар эзэмшүүлэхээр мөн шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу барилгын ажил явагдаж эхэлсэн бөгөөд ингэх явцад зэргэлдээ орших талуудаас шүүхэд нэхэмжлэл гаргаснаар барилгын ажил 5 давхар хүртэл баригдсан ажил зогссон.  “Монгол эм импекс” ХХК, болон “Монгол глобал” ХХК нар нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой энэ маргаан үргэлжилсээр байгаад  Улсын Дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 344 дүгээр тогтоол гарч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Ингээд газар эзэмших эрхийг “Ц И” ХХК-д олгох үндэслэлгүй байсан гэж шийдвэрлэгдсэнээр “Ц И” ХХК нь барилгын ажил үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх  боломжгүй болж дараах хохирол учирсан. Үүнд орон сууцны дуусаагүй барилгын үнэ 2 035 150 000 төгрөг, газар эзэмших эрх 1 361 600 000 төгрөг, нийт 3 396 750 000 төгрөг болж байгаа. Энэ шаардлагын үндэслэл нь барилга барихад их хэмжээний хөрөнгийг зарцуулсан, барилгын үнэ ханшийн өөрчлөлт их орсон зэрэг шалтгаанаар бид хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-аар тухайн баригдсан 5 давхар барилгад үнэлгээ хийлгэж, тус үнэлгээнд суурилж нэхэмжлэлийн дүнг гаргасан. Иймд Н З Д-ынтус хууль бус захирамжуудаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхийг хүсэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг мэргэжлийн байгууллагын үнэлгээний дагуу  гаргасан, хэрэгт өгсөн баримтууд нь үүний цаана ийм эрх ашиг байсан шүү гэдгийг харуулж байгаа болохоос яг нэхэмжлэлийн тоон илэрхийллийг нотлох баримт гэж гаргаж өгөөгүй. Үнэлгээчний гаргасан үнэлгээ санхүүгийн баримтуудыг үндэслэсэн гэж ойлгож байна. Газар эзэмших эрхийн үнэлгээг ямар аргачлалаар, ямар үндэслэлээр яаж тооцсон талаараа үнэлгээнд нарийн заасан байгаа. 2 төрлийн гэрээ зайлшгүй хийгдэх шаардлагатай байсан. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний тухайд агуулах нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэлтэй байсан тул худалдах, худалдан авах гэрээ бүртгэгдсэн. Газар эзэмших эрхийн тухайд Н З Дд хүсэлтээ өгөөд газар эзэмших эрхийг шилжүүлж авах гэрээгээ хавсаргаж өгөх Газрын тухай хуульд заасан шаардлагын дагуу Засаг даргад өгөх гэрээнд үнэ төлбөргүй шилжүүлсэн гэсэн агуулга илэрхийлэгдсэн юм. Барилгын норм дүрмийн зөрчлүүд аливаа баригдаж байгаа барилгын 80-90 хувьд гардаг, үүнийг техникийн шийдлээр шийдэгдэх боломжтой асуудал. Барилга нь 1458 м.кв  талбай бүхий эзэмшил газрын дотор баригдсан, “Монгол глобаль” ХХК болон “Монгол эм импекс” ХХК-ийн эзэмшил газрууд руу ороогүй байна гэдгийг  захиргааны хэргийг шалгах явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Бид  хэрэгт бичгээр  дэлгэрэнгүй тайлбараа өгсөн. Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр хариуцагч буруутай нь тогтоогдсон. Манай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон хөрөнгийн үнэлгээг хариуцагч тал татгалзаагүй, гомдол санал гаргаагүй учраас хөрөнгийн үнэлгээ үндэслэлтэй.

Барилгын ажил 2010 оны 03 дугаар сард эхэлсэн. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл 05 дугаар сард гарсан. Энэ хооронд хийгдсэн ажлыг Засаг дарга хариуцахгүй гэж байна. Барилгын ажлыг зохих зөвшөөрөлгүй эхэлсэн асуудал нь захиргааны зөрчил ба зөрчилтэй холбоотой асуудал тухайн үед шийдвэрлэгдээд мэргэжлийн хяналтын газраас ажлыг зогсоогоод 05 сард зөвшөөрөл авсны дараа барилгын ажлыг эхлүүлсэн үйл баримт байгаа. Барилгын ажил хэзээ эхэлсэн, дууссанаас үл хамааран газар эзэмших эрх хүчингүй болсны улмаас тухайн газар дээр барилга барих эрх хязгаарлагдсан. Барилга барихын тулд газар эзэмших эрхтэй байх ёстой, газар эзэмших эрхийг дагаж бүх барилгын техникийн нөхцөл, холбогдох зөвшөөрөл эрхүүд дагалддаг. Энэ эрх хэрэгжих боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа хүчин зүйл юм гэж үзэж байна. Засаг даргын захирамжууд нь өөрөө бусдын эзэмшил газруудтай давхцаж байсан байдал нь газар эзэмшигчээс тухайн газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй үндэслэл болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Одхүү, Э.Давааням нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Н З Д-ын2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” 607 дугаар захирамжаар “Цаст констракшн” ХХК-д орон сууцны зориулалттай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.0594 га газрыг 5 жилийн хугацаатайгаар олгож, тус захирамжийг үндэслэж 11 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан байдаг. 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Цаст консракшн” ХХК-д Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 66/2010 дугаар “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх” зөвшөөрлийг 1 жилийн хугацаатай олгосон. Үүнээс хойш “Цаст констракш” ХХК нь барилгын ажлыг эхлэн явуулахдаа бусдын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Нэхэмжлэгч компани нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3. дахь заалтыг зөрчсөн ба үүнийг Захиргааны хэргийн анхан, давах, хяналтын гээд 3 шатны шүүхийн шийдвэрүүдээр тогтоосон байдаг. Бид нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй ба Н З Д-ынхууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна. Анх “Ц И” ХХК,  “Хүдэр-Эрдэнэ” ХХК-иудын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн ба тус гэрээний үндсэн зүйл нь тухайн газар дээр байсан гараашийг 500 000 ам.доллараар худалдаж авах гэрээ байдаг. Энэ нь газартай холбоотой буюу газрын эрхийг шилжүүлсэн гэрээ биш. Газрын үнэ гэх 1 361 000 000 төгрөгийг  хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм.

Үндсэн хуулийн дагуу өмчилснөөс бусад газар нь төрийн өмч байдаг бөгөөд газрыг үнэлэх асуудал хууль зүйн онолоор болон логикийн хувьд байх боломжгүй. Барилгын хувьд 5 давхар карказ байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Цаст констракшн” ХХК-д архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан тухай яригдсан. 11 дүгээр сарын 20-ны үед барилгын газар шорооны ажил эхэлсэн гэж нэхэмжлэгч анх ярьсан. Гэтэл 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 66/2010 дугаар “Барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл”-ийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон. Хууль болон журмын дагуу барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрлийг авснаар газар шорооны ажлыг эхлүүлэн цаашлаад суурь цутгах, карказан барилга барих ажил хийгддэг. Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлээд зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг явуулсан харагддаг. Гэтэл  үүнийгээ үгүйсгэж 2010 оны 03 дугаар сараас эхэлсэн гэж өмнөх шүүх хурал дээр хэлсэн. Тэгэхээр 2010 оны 03 дугаар сард магадлалын ерөнхий дүгнэлт, техникийн нөхцлүүд авсан гэдэг. Барилга дээр 2 100 000 000 төгрөгийн хохирол гарсан гэдэг. Гэтэл одоо нэхэж байгаа дээрх хохирол нь зөвшөөрөл олгогдоогүй байж байхад дур мэдэн хууль зөрчөөд барьсан барилгад зарцуулсан зардлыг Н З Д төлөх хууль зүйн үндэслэлгүй. Мөн “Цаст констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н З Д бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт холбогдох хэрэг нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн ба нэхэмжлэгч тухайн үед бид эзэмшил газрын зориулалтыг өөрчлүүлж, орон сууц бариулах болсноор 500 000 ам.доллараар худалдан авсан агуулахын зориулалттай барилгаа нурааж, түүнийг буцаан барих боломжгүй болсон. Барилгын ажилд зориулаад 1 300 000 000 төгрөгийн санхүүжилт хийгээд байна гэж дурдагдсан байна. Энэ бол барилга зогссоноос хойш яригдсан асуудал. Гэтэл өөрсдөө ингэж үнэлж байсан байж өнөөдөр яагаад 2 тэрбум гарсан мөнгөн дүнг нэхэж байна вэ. Зөвшөөөрөлгүй байх үед ямар хэмжээний зардал гарсан, зөвшөөрөлтэй болсноос хойш ямар хэмжээний зардал гарсан нь тодорхойгүй байна. Барилгын ажил эхлүүлсэн, газар шорооны ажил эхлүүлсэн гэсэн зүйл ярьдаг боловч хугацаан дээр нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч өөрийн ярьсан зүйлүүдийг дор бүр нь үгүйсгээд байдаг. Өөрсдөө зөвшөөрөлгүйгээр барилга барьсан гэдгээ өөрсдөө нотолж байгаа нь харагдаж байна. Иймд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэхгүй байна. Газартай холбоотой асуудал нь зөвхөн хэргийн материалд авагдсан 500 000 ам.долларар тухайн газар дээр байсан агуулахын зориулалттай барилгыг  худалдаж авсан болохоос тухайн газрыг худалдаж авсан гэсэн зүйл биш. Энэ нь гэрээгээр нотлогддог. Барилгатай холбоотой асуудлын тухайд зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхэлсэн, хууль зөрчиж барьсан байж 5 давхар карказан барилгын үнийг үнэлгээчний үнэлгээгээр тооцон нэхэж байгааг ойлгохгүй байна, харин зөвшөөрөл авснаас хойш эхэлсэн бол хохирлын тухай яригдаж болох байх. Гэтэл зөвшөөрөл авахаасаа өмнө барилгын ажил эхлүүлсэн гэдгийг нэхэмжлэгч нар өөрсдөө баталж ярьдаг бөгөөд зөвшөөрөлгүйгээр барьсан 1, 2 давхар барилга нь боссон байсан бөгөөд энэ мөнгийг Н З Д төлөх ёстой гэдэг нь үндэслэлгүй байна. Гарсан гэх хохирлыг төлөх ямар нэг үндэслэл байхгүй. Анх гэрээгээр 500 000 ам.доллараар агуулахын барилгыг худалдаж авсан, тус барилгыг дагаж ирсэн 1458 м.кв газар дээр 1 дүгээр ээлжийн орон сууцны барилгыг бариад, ашиглалтанд оруулаад, тодорхой хэмжээний үйл ажиллагаа явагдсан. 2 дугаар ээлжийн барилгыг барих явцад нь зэргэлдээ орших газрын эзэмшигч нарын эрх зөрчигдөж маргаан гарсан. Газрыг худалдаж авсан үнэ 500 000 ам.доллар гэдэг. Газрыг 1 361 600 000 төгрөг гэж үнэлж байгаа нь ойлгомжгүй, төрийн өмчийн газрыг үнэлж байгаа нь хууль зүйн ямар үндэслэлтэй байна вэ.  Монгол улсын Үндсэн хуульд тодорхой заасан байдаг бөгөөд үүгээрээ “Ц И” ХХК-д эзэмшүүлж байгаа газар бол төрийн мэдлийн газрыг зориулалтын дагуу эзэмшүүлж байгаа бөгөөд энэ нь түрээсээр хэрэглүүлж, түүний дагуу газрын төлбөр авдаг зохицуулалт гэсэн үг. Хавтаст хэрэгтэй танилцаж байхад Засаг дарга газрыг үнэлж дуудлага худалдааны анхны үнийг авдаг нь газрыг үнэлж байгаа хэлбэр гэсэн тайлбартай санал нийлэхгүй байна. Газрын дуудлага худалдааны үнэ болон газрын эзэмших эрхийг шилжүүлэн авдаг үнэ гэдэг нь тусдаа зүйл. Газрыг эзэмшүүлэх эрх нь үл хөдлөх хөрөнгө шилжсэнтэй холбоотой үнэ авдаггүй. Энэ хүмүүс 500 000 ам.доллараар агуулахын барилгыг худалдаж авахдаа түүнтэй холбоотой үл хөдлөх хөрөнгө гэдэг утгаараа салшгүй холбоотой газар эзэмших эрхийг шилжүүлж авсан. Түүнээс газрын үнэд төлсөн гэж үзэхгүй. Тийм учраас газрын үнэ нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өмнө нь нэхэмжлэл гаргаад барилгад оруулсан хөрөнгө оруулалт нь 1 300 000 000 төгрөг гэж тодорхойлсон. Барилгын үнэ гэх 2 тэрбум төгрөгийг хийсвэрээр тооцож, үнэлгээчин яаж гаргасан, бодит зардлаар тооцсон эсэх нь мэдэгдэхгүй, зөрүүтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ц И” ХХК  нь хариуцагч Н З Д-д холбогдуулан гэм хор учруулсаны хохиролд 3 396 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.  

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийн үндэслэлээ анхнаасаа манай компанид газар эзэмших эрхийг хууль бусаар олгосон Н З Д-ынбуруутай үйл ажиллагаанаас болж гэм хорын хохирол учирсан гэж тодорхойлон орон сууцны дуусаагүй барилгын үнэ 2 035 150 000 төгрөг, газар эзэмших эрхийн үнэ 1 361 000 000 төгрөг, нийт 3 396 750 000 төгрөгийг  “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн  2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 08 тоот “Хөрөнгийн үнэлгээ, тайлан”-г үндэслэж байна.

Уг нэхэмжлэлийг хариуцагч Н З Д-аас, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.-т заасан бусдын газар эзэмших эрхийг  болон Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1., Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийн 30.01.04 дэх заалтыг зөрчсөн, 594 м.кв газраас хэтэрч 205 м.кв талбайгаар илүү гарган барилга барьсан нь шинжээчийн дүгнэлтүүд, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдээр нотлогдсон, анх “Хүдэр-Эрдэнэ” ХХК-иас газар дээрх гараашийг худалдан авсан, газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэж үзэхгүй, газрын үнэ нэхэмжилсэн нь үндэслэлгүй, төрийн өмчийг буцааж төрд үнэлж зарах эрхгүй, тухайн барилгыг барихад гарсан зардлыг “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлсэн үнэлгээгээр  хийсвэрээр тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, 2010 оны 05 дугаар сарын 20-нд барилга барих зөвшөөрөл олгогдсон байхад 2009 оноос газар шорооны ажлаа эхэлсэн нь зөвшөөрөлгүй хийгдсэн байх ба зөвшөөрөлгүй, дур мэдэн хийсэн ажлын зардлыг Засаг дарга төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийг үл зөвшөөрч маргасан.

Шүүх  бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 183 693 600 төгрөгийн шаардлагыг ханган, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

1.Хэрэгт авагдсан “Цаст констракшн” ХХК-ийн 9011044119 улсын бүртгэлийн дугаартай, 2791668 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч “Ц И” ХХК нь “Цаст констракшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байх бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1.-д заасны дагуу тус хоёр компани нь харилцан хамаарал бүхий хуулийн этгээд байна.

“Ц И” ХХК болон “Цаст констракшн” ХХК-ийн хооронд 2009 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 2010/17 тоот “Барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээ болон 2010 оны 05 дугаар сарын 01-нд 02/2010 тоот “Захиалагч байгууллага, гүйцэтгэгч байгууллагын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ"-нд “Захиалагч тал:..”Ц И” ХХК...Гүйцэтгэгч тал:..”Цаст констракшн” ХХК...” гэж тодорхойлон, гэрээний 1.1-д “...Энэхүү гэрээ нь Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, “Residence-55/2” төсөл орон сууцны барилгын угсралтын ажил гүйцэтгэхэд оршино. Барилгын ажлыг батлагдсан зураг төсөл, ажил гүйцэтгэх график /10 хоногоор үечлэн/-ийн дагуу гүйцэтгэнэ” гэж заасан.

Иймд нэхэмжлэгч “Ц И” ХХК нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэсгэрт баригдаж байсан  “Residence-55/2” орон сууцны байшингийн барилга угсралтын ажилтай холбоотой хохирлыг шаардах эрхтэй гэж үзнэ.

2.“Ц И” ХХК нь “Хүдэр-Эрдэнэ” ХХК-иас улсын бүртгэлийн Ү-000058934 дугаартай, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны зам-58-д байрлах, 120 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 500 000 ам.доллараар худалдан авч 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай” гэрээг,

мөн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны зам-58-д байрлах, 1458,3 м.кв  газрыг төмөр бетонон хашаа, хаалганы хамтад нь үнэ төлбөргүй шилжүүлэн авч “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг тус тус байгуулжээ.

Хариуцагч Н З Д-ын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар захирамжаар “Ц И” ХХК-д дээрх хаягт байрлалтай, 1458 м.кв газрыг 15 жилийн хугацаатай  эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч “Ц И” ХХК нь өөрийн үнэ төлбөргүй шилжүүлэн авсан 1458,3 м.кв газар дээрээ орон сууцны барилга барихаар тус газрын зориулалтыг өөрчлүүлэхээр Н З Дд хүсэлт гаргасан байх бөгөөд хариуцагч Н З Д нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1., 33 дугаар зүйлийн 33.1., Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3., 21.2.4.-т заасныг  тус тус зөрчин 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 дугаар захирамжаар “Цаст констракшн” ХХК-д 0,0594 га газарт орон сууцны зориулалтаар барилга барих зөвшөөрөл олгосон байна.

Үүний үндсэн дээр нэхэмжлэгч “Ц И” ХХК-ийн захиалгын дагуу “Цаст констракшн” ХХК нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Монгол эм импекс” ХХК-ийн баруун талд, өмнө нь тус компанийн барьсан “Residence-55/1” орон сууцны барилгын зүүн хойно байрлалтай,  44,0х13,5 м хэмжээтэй, 10 давхар  “Residence-55/2”  орон сууцны барилгыг барихаар эрх бүхий байгууллагуудаас зохих зөвшөөрлийг авч,  техникийн нөхцөлийг батлуулан барилгын суурь болон 5 давхар карказ барьжээ.

Эдгээр үйл баримтууд нь зохигчдын тайлбар, 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 434/200 дугаартай “Зураг төсөл, хайгуул, судалгааны ажлын улсын экспертизийн дүгнэлт”, мөн өдрийн 66/2010 тоот “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”, нэхэмжлэгч болон “Цаст констракшн” ХХК-ийн хооронд 2010 оны 05 дугаар сарын 01-нд 02/2010 тоот “Захиалагч байгууллага, гүйцэтгэгч байгууллагын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэр, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн 504 дүгээр магадлал, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 336 дугаар тогтоол, хэрэгт авагдсан бусад бичмэл баримтуудаар  тогтоогдсон.

3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэрээр,  “Ц И” ХХК-д  1458 м.кв газар эзэмших эрх олгосон Н З Д-ын2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар захирамжийн “Ц И” ХХК-д холбогдох хэсэг, мөн 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 476 дугаар захирамжийн  “Ц И” ХХК-д холбогдох хэсэг,  Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Хүдэр-Эрдэнэ” ХХК-ийн хойд талд байршуулан 0,0594 га газарт орон сууцны зориулалтаар барилга барих зөвшөөрөл олгосон Н З Д-ын2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 дугаар захирамжийн “Цаст констракшн” ХХК-д холбогдох хэсэг, “Цаст констракшн” ХХК-д Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хэлтсийн даргаас олгосон 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 66/2010 тоот “Барилга угсралтын ажлын эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн байх ба  2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Улсын Дээд шүүхийн  хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 336 дугаар тогтоолоор уг шийдвэрийг хэвээр баталж шийдвэрлэснээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

4.“Ц И” ХХК болон “Хүдэр-Эрдэнэ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай” гэрээний 2.3-т “Агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагч талд шилжүүлж байгаатай холбогдуулан түүний дэвсгэр газар болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны зам-58-д байрлах,төмөр бетонон хашаатай, нийт 1458,3 м.кв газрын эзэмших эрхээ үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээг бичгээр хийж нотариатчаар гэрчлүүлж, газар эзэмших гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрээг худалдан авагч талд шилжүүлнэ” гэж,

2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээний 2.1-д “Эрх шилжүүлэгч нь өөрийн эзэмшилд байгаа Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны зам-58-д байрлах, 1458,3 м.кв  газрыг төмөр бетонон хашаа, хаалганы хамт эрх шилжүүлэн авагч талд үнэ төлбөргүй шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Дээрх гэрээний заалтын дагуу нэхэмжлэгч “Ц И” ХХК нь “Хүдэр-Эрдэнэ” ХХК-д гэрээний зүйлийн үнэд 2008 оны 08 дугаар сарын 01-нээс 2008 оны 09 дүгээр сарын 17-ны хооронд 470 400 ам.доллар, 34 188 000 төгрөгийг буюу нэхэмжлэл гаргах үеийн ам.доллартай харьцах төгрөгийн ханш болох 2395,19 төгрөгөөр тооцож нийт 1 159 927 300 төгрөгийг тус тус төлсөн үйл баримт нь зарлагын ордерын баримтуудаар нотлогдсон.

Үүнээс үзэхэд “Ц И” ХХК болон “Хүдэр-Эрдэнэ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай” гэрээний үүргийн дагуу худалдагч тал буюу “Хүдэр-Эрдэнэ” ХХК-д худалдан авагч “Ц И” ХХК-иас 1 159 927 300 төгрөг төлснийг хариуцагч Н З Д-ынгэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй, эдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл 1458 м.кв газрын эзэмших эрхийн үнэд төлсөн гэх 500 000 ам.доллар буюу нэхэмжлэлд дурдсанаар 1 361 600 000 төгрөгийг Н З Дар хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй болно.

Тодруулбал, Н З Д-ын2009 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Ц И” ХХК-д 1458 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай  захирамж гарахаас өмнө 2008 оны 08 дугаар сарын 01-нээс 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай” гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгчээс ”Хүдэр-Эрдэнэ” ХХК-д 1 159 927 300 төгрөг төлсөнд  хариуцагч талын гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй байна.

5.Харин нэхэмжлэгч нь “Residence-55/2”  орон сууцны барилгын суурь болон 5 давхар карказыг барихад зарцуулсан зардлыг Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн   510.1.-д зааснаар хохиролд тооцон нэхэмжлэх эрхтэй.

Өөрөөр хэлбэл хариуцагч Н З Д-ын2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 дугаар захирамжаар “Цаст констракшн” ХХК-д 0,0594 га газарт орон сууцны зөвшөөрөл олгохдоо  Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5.-д заасан бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх, 33 дугаар зүйлийн 33.1.-д заасан хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахгүй байхыг хориглох,  “Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 5.36-д заасан хэрэглэгч эрчим хүчний шугам, сүлжээг хамгаалах дүрмийг хангаж ажиллана гэснийг болон Газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1., 21 дүгээр зүйлийн 21.2.3., 21.2.4.-т заасныг тус тус зөрчсөн  үйл баримт нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэрээр  тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгчийн “Residence-55/2”  орон сууцны барилгын суурь болон 5 давхар карказыг барихад зарцуулсан     зардал буюу учирсан хохирол нь хариуцагч Н З Д-ынхууль тогтоомж зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй.

6. “Мөнх-Оргил трейд” ХХК нь  2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 08 тоот “Хөрөнгийн үнэлгээ, тайлан”-г гаргаж, орон сууцны зориулалттай дуусаагүй барилгын өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг  2 035 150 000 төгрөгөөр үнэлсэн байх ба уг үнэлгээг гаргахдаа “Residence-55/2”  орон сууцны барилгын суурь болон 5 давхар карказыг барихад зарцуулсан бодит зардлын талаарх санхүүгийн баримтуудыг үндэслэсэн эсэх нь тодорхойгүй, “Ц И” ХХК болон “Цаст констракшн” ХХК-ийн хооронд 2009 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 2010/17 тоот “Барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээний 3.1-д “ ...Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 10 давхар “Residence-55/2” барилгын ажлыг гүйцэтгэх”, 2.1-д “нийт ажлыг гүйцэтгэхэд 3 800 000 000 төгрөг байхаар гэрээнд тусгав”  гэж 10 давхар орон сууцны барилгын үнийг талууд тохиролцож байсан байдал зэргээс үзэхэд  “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн  үнэлгээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасны дагуу эргэлзээгүй, үнэн зөв баримт гэж үзэх боломжгүй юм.

7.Мөн хэрэгт авагдсан, нэхэмжлэгч талын гаргасан “Ц И” ХХК-иас “Цаст констракшн” ХХК-д санхүүжилт хийж шилжүүлсэн гэх 2008 оны 01 дүгээр сарын 21-нээс 08 дугаар сарын 29-нийг хүртэл хугацааны төлбөрийн даалгавар, төлбөрийн баримт, шилжүүлгийн баримт, кассын зарлагын ордер, дансны хуулга бүхий  1 633 890 727  төгрөгийг  “Residence-55/2”  орон сууцны барилгын суурь болон 5 давхар карказыг барихад зарцуулсан гэж үзэх боломжгүй,  2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14 428 ам.доллар буюу 18 560 323 төгрөгийн дүн бүхий төлбөрийн баримт нь юуны баримт болох нь тодорхойгүй ойлгомжгүй, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Түүнчлэн уг барилгаас орон сууц захиалсан нэр бүхий 15 иргэнд буцаан төлөх ёстой гэх  669 020 819 төгрөгийг хариуцагчийн үйлдлийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй,  2008 оны 04 дүгээр сарын 02-ноос 2009 оны 12 дугаар сарын 01-нийг хүртлэх хугацааны санхүүгийн баримтуудаар 15 344 128 төгрөгийг орон сууцны борлуулалттай холбоотой зар сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааны болон бусад зардалд зарцуулсан нь нэхэмжлэлтэй хамааралгүй бөгөөд “Residence-55/2”  орон сууцны барилгын суурь болон 5 давхар карказыг барихад зарцуулсан гэж үзэх боломжгүй,  мөн  дээрх зардалд зарцуулсан гэх 2010 оны 01 дүгээр сарын 06-наас 12 дугаар сарын 27-ныг хүртлэх хугацааны 20 771 890 төгрөгийн дүн бүхий санхүүгийн баримтуудаас  2010 оны 02 дугаар сарын 04, 03 дугаар сарын 09, 20-ны өдрүүд,  04 дүгээр сарын 02, 07-ны өдрүүд, 05 дугаар сарын 10, 12-18,  20-ны өдрүүд, 06 дугаар сарын 29,  09 дүгээр сарын 30,  10 дугаар сарны 21, 28-ны өдрүүд, 11 дүгээр сарын 25, 12 дугаар сарын 27-ны өдрүүдийн нийт 7 955 790 төгрөгийн дүн бүхий кассын зарлагын ордерууд нь огноо болон юуны талаарх баримт болох нь тодорхойгүй буюу хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

8.Нэхэмжлэгч “Ц И” ХХК-ийн 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн кассын зарлагын ордероор “Residence-55/2” орон сууцны барилгын суурь болон 5 давхар карказыг барих барилга угсралтын ажлын санхүүжилтийн зориулалтаар 170 877 500 төгрөгийг “Цаст констракшн” ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд  2010 оны 01 дүгээр сарын 06-наас 06 дугаар сарын 30-ныг хүртлэх хугацаанд 12 816 100 төгрөгийг  нэхэмжлэгчээс маркетингийн үйл ажиллагаа, орон сууц борлуулахтай холбоотой зар сурталчилгаа явуулсан болон  бусад зардалд зарцуулсан нь “Ц И” ХХК-ийн кассын зарлагын ордерууд, бэлэн мөнгөний зарлагын баримтуудаар нотлогджээ.

Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн хариуцагч Н З Д-ынбуруутай үйл ажиллагааны улмаас  нэхэмжлэгч байгууллага нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт,  44,0х13,5 м хэмжээтэй, 10 давхар  “Residence-55/2”  орон сууцны барилгын суурь болон 5 давхар карказыг барихад 183 693 600 төгрөгийг зарцуулж хохирсон үйл баримт хэргийн баримтуудаар нотлогдсон байх тул хариуцагчаар уг хохирлыг төлүүлэх үндэслэлтэй ба харин нэхэмжлэлээс газар эзэмших эрхийн үнэд төлсөн гэх 500 000 ам даллар буюу үнэлгээг үндэслэн нэхэмжлэлд дурдсанаар 1 361 600 000 төгрөг, мөн нотлох баримтгүй,  үндэслэлгүй нэхэмжилсэн хохирол гэх 1 851 456 400 төгрөг, бүгд 3 216 056 400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 141 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 1 076 418 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч Н З Д-аас 183 693 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ц И” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3 213 056 400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 526.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 141 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 1 076 418 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      Ж.БАЙГАЛМАА

                 ШҮҮГЧИД                                                        Х.ДАШДЭЧМАА

                                                                                          Т.ЭНХТУЯА