Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01570

 

   

Цаст импекс ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/02322 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 578 дугаар магадлалтай,

 

Цаст импекс ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад холбогдох,

 

Гэм хорын хохиролд 3,396,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Одхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролд нийт 3,396,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч компани нь 2008.09.27-ны өдөр Хүдэр-Эрдэнэ ХХК-аас Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарны зам 58 гэсэн хаягт байрлах 1,485 м.кв талбай бүхий эзэмшил газартай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-000058934 дугаартай 120 м.кв талбайтай, агуулахын зориулалттай барилга хашаа, хаалга зэргийг худалдан авсан байдаг. Үүнтэй холбоотойгоор газар эзэмших эрх нь 2009.03.04-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 93 дугаар захирамжаар Цаст импекс ХХК-ийн нэр дээр шилжсэн. Тус газар дээр орон сууцны зориулалттай барилга барихад газар эзэмшигч компанийн эрх нь ажлыг гүйцэтгэгч компанийн нэр дээр шилжсэн байх шаардлагатай байсан тул Цаст констракшн ХХК-ийн нэр дээр дээрх газрын тодорхой хэсгийг шилжүүлэхээр Нийслэлийн Засаг даргад хандаж 2009.11.10-ны өдрийн 607 дугаар захирамжаар Цаст констракшн ХХК-д 594 м.кв газрыг орон сууцны барилга барих зориулалтаар эзэмшүүлэхээр мөн шийдвэрлэсэн. Үүний дагуу барилгын ажил явагдаж эхэлсэн бөгөөд ингэх явцад зэргэлдээ орших талуудаас шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 5 давхар хүртэл баригдсан барилгын ажил зогссон. Монгол эм-Импекс ХХК, болон Монгол глобал ХХК нар нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой энэ маргаан үргэлжилсээр Улсын дээд шүүхийн 2016.10.26-ны өдрийн 336 дугаар тогтоол гарч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Газар эзэмших эрхийг Цаст импекс ХХК-д олгох үндэслэлгүй байсан гэж шийдвэрлэгдснээр Цаст Импекс ХХК нь барилгын ажил үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх боломжгүй болж дараах хохирол учирсан. Үүнд орон сууцны дуусаагүй барилгын үнэ 2,035,150,000 төгрөг, газар эзэмших эрх 1,361,600,000 төгрөг, нийт 3,396,750,000 төгрөг хамаарна. Энэ шаардлагын үндэслэл нь барилга барихад их хэмжээний хөрөнгийг зарцуулсан, барилгын үнэ ханшийн өөрчлөлт их орсон зэрэг шалтгаанаар бид хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-аар тухайн үед баригдсан 5 давхар барилгад үнэлгээ хийлгэж, тус үнэлгээнд суурилж нэхэмжлэлийн дүнг гаргасан. Иймд Нийслэлийн Засаг даргын тус хууль бус захирамжуудаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Засаг даргын захирамжууд нь өөрөө бусдын эзэмшил газруудтай давхцаж байсан байдал нь газар эзэмшигчээс тухайн газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй үндэслэл болсон гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2009.11.10-ны өдрийн Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай 607 дугаар захирамжаар Цаст констракшн ХХК-д орон сууцны зориулалттай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.0594 га газрыг 5 жилийн хугацаатайгаар олгож, тус захирамжийг үндэслэж 11 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан байдаг. 2010.05.20-ны өдөр Цаст консракшн ХХК-д Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 66/2010 дугаар Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 1 жилийн хугацаатай олгосон. Үүнээс хойш Цаст констракшн ХХК нь барилгын ажлыг эхлэн явуулахдаа бусдын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Нэхэмжлэгч компани нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь заалтыг зөрчсөн ба үүнийг Захиргааны хэргийн анхан, давах, хяналтын гээд 3 шатны шүүхийн шийдвэрүүдээр тогтоосон байдаг. Бид нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй ба Нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх боломжгүй. Анх Цаст импекс ХХК, Хүдэр-Эрдэнэ ХХК-ийн хооронд худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн ба тус гэрээний үндсэн зүйл тухайн газар дээр байсан гараашийг 500,000 ам.доллараар худалдаж авах гэрээ байдаг. Энэ нь газартай холбоотой буюу газрын эрхийг шилжүүлсэн гэрээ биш. Газрын үнэ гэх 1,361,000,000 төгрөгийг хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм. Барилгын хувьд 5 давхар карказ байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2009.11.20-ны өдөр Цаст констракшн ХХК-д архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан тухай яригдсан. 2010.05.20-ны өдрийн 66/2010 дугаар Барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон. 2009.11.20-ны өдрөөс эхлээд зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг явуулсан нь харагддаг. 2010 оны 03-р сараас эхэлсэн гэж өмнөх шүүх хурал дээр хэлсэн нь үндэслэлгүй. Нэхэж байгаа дээрх хохирол нь зөвшөөрөл олгогдоогүй байхад дур мэдэн хууль зөрчөөд барьсан барилгад зарцуулсан зардлыг Нийслэлийн Засаг дарга төлөх хууль зүйн үндэслэлгүй. Мөн Цаст констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт холбогдох хэрэг нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012.01.16-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн ба нэхэмжлэгч тухайн эзэмшил газрын зориулалтыг өөрчлүүлж, орон сууц бариулах болсноор 500,000 ам.доллараар худалдан авсан агуулахын зориулалттай барилгаа нурааж, түүнийг буцаан барих боломжгүй болсон. Барилгын ажилд зориулаад 1,300,000,000 төгрөгийн санхүүжилт хийсэн гэх боловч энэ нь барилга зогссоноос хойш яригдсан асуудал. Зөвшөөрөлгүй байх үед ямар хэмжээний зардал гарсан, зөвшөөрөлтэй болсноос хойш ямар хэмжээний зардал гарсан нь тодорхойгүй байна. Өөрсдөө зөвшөөрөлгүйгээр барилга барьсан гэдгээ өөрсдөө нотолж байгаа нь харагддаг тул захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэхгүй. Газартай холбоотой асуудал нь зөвхөн хэргийн материалд авагдсан 500,000 ам.доллараар тухайн газар дээр байсан агуулахын зориулалттай барилгыг худалдаж авсан болохоос тухайн газрыг худалдаж авсан гэсэн зүйл биш. Энэ нь гэрээгээр нотлогддог. Барилгатай холбоотой асуудлын тухайд зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхэлсэн, хууль зөрчиж барьсан байж 5 давхар карказан барилгын үнийг үнэлгээчний үнэлгээгээр тооцон нэхэж байгааг ойлгохгүй байна, зөвшөөрөл авахаасаа өмнө барилгын ажил эхлүүлсэн гэдгийг нэхэмжлэгч нар өөрсдөө баталж ярьдаг бөгөөд зөвшөөрөлгүйгээр барьсан 1, 2 давхар барилга нь боссон байсан, энэ мөнгийг Нийслэлийн Засаг дарга төлөх ёстой гэдэг нь үндэслэлгүй. Анх гэрээгээр 500,000 ам.доллараар агуулахын барилгыг худалдаж авсан, тус барилгыг дагаж ирсэн 1,458 м.кв газар дээр 1 дүгээр ээлжийн орон сууцны барилгыг бариад, ашиглалтад оруулаад, тодорхой хэмжээний үйл ажиллагаа явагдсан. 2 дугаар ээлжийн барилгыг барих явцад нь зэргэлдээ орших газрын эзэмшигч нарын эрх зөрчигдөж маргаан гарсан. Газрыг худалдаж авсан үнэ 500,000 ам.доллар гэдэг. Газрыг 1,361,600,000 төгрөг гэж үнэлж байгаа нь ойлгомжгүй, төрийн өмчийн газрыг үнэлж байгаа нь хууль зүйн ямар үндэслэлтэй байна вэ. Засаг дарга газрыг үнэлж дуудлага худалдааны анхны үнийг авдаг нь газрыг үнэлж байгаа хэлбэр гэсэн тайлбартай санал нийлэхгүй байна. Газрын дуудлага худалдааны үнэ болон газрын эзэмших эрхийг шилжүүлэн авдаг үнэ гэдэг нь тусдаа зүйл. Газрыг эзэмшүүлэх эрх нь үл хөдлөх хөрөнгө шилжсэнтэй холбоотой үнэ авдаггүй. Энэ хүмүүс 500,000 ам.доллараар агуулахын барилгыг худалдаж авахдаа түүнтэй холбоотой үл хөдлөх хөрөнгө гэдэг утгаараа салшгүй холбоотой газар эзэмших эрхийг шилжүүлж авсан. Түүнээс газрын үнэд төлсөн гэж үзэхгүй. Газрын үнэ нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өмнө нь нэхэмжлэл гаргаад барилгад оруулсан хөрөнгө оруулалт нь 1,300,000,000 төгрөг гэж тодорхойлсон. Барилгын үнэ гэх 2 тэрбум төгрөгийг хийсвэрээр тооцож, үнэлгээчин яаж гаргасан, бодит зардлаар тооцсон эсэх нь мэдэгдэхгүй, зөрүүтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/02322 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 1,355,521,176 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Цаст импекс ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,041,228,823 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,141,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн засаг даргаас 6,935,556 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Цаст импекс ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 578 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/02322 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,364,095 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.18-ны өдрийн 2322 дугаар шийдвэрийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхийн 2020.3.16-ны өдрийн 578 дугаар магадлалыг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч бид эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэх эрхийн хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх ажиллагааг нь зөв хийгдээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийгээ нотлохоор шүүхэд гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, талаас нь үнэн зөв үнэлж дүгнээгүй нь хууль зөрчсөн болно. Өөрөөр хэлбэл, нотлох баримт болох Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолуудад хэргийн хариуцагч Нийслэлийн Засаг дарга 93 дугаартай захирамж, 607 дугаартай захирамж гаргасан нь илт хууль бус болохыг, мөн хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн даргын 2010.5.20-ны өдрийн 66/2010 тоот Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгосугай гэж тус тус шийдвэрлэсэн байхад тухайн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд буюу маргаанд эрх ашиг сонирхол нь зөрчигдөж гуравдагч этгээдээр татагдан оролцсон, одоо энэхүү иргэний хэргийн маргааны нэхэмжлэгч болох Цаст импекс ХХК-ийг хариуцагч мэтээр, түүний буруутай үйлдлийг хянан шийдвэрлэсэн мэтээр үнэлж дүгнэн, улмаар энэхүү иргэний хэргийн маргаанд хамааралгүй, захиргааны тухайн хэргийн явц дахь зохигчдын мэтгэлцсэн үйл баримтаар үнэлэлт дүгнэлт өгөн, хэргийг шийдвэрлэхэд нотлох баримт дутуу гэж үзэж хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь шүүх хуулийг буруу хэрэглэж, нотлох баримт үнэлж дүгнэхдээ буруу дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээний алдаатай гэж үзэж хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдлыг гаргаж байгаа болно.

1. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны эцсийн үр дүн бөгөөд зөрчигдсөн эрхийн хамгаалалтын илэрхийлэл нь шүүхийн шийдвэр байдаг тул энэ дагуу маргааныг удаа дараа, өмнө нь шат шатны шүүх хянан шийдвэрлэхдээ шүүхүүд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөнийг үнэлж дүгнэсэн, харин тухайн зөрчигдсөн эрхийн хамгаалалтын хувьд шүүх бодитой биш үнэлж дүгнэсэнтэй нь холбоотойгоор нэхэмжлэгчийн эрх хэдий хэмжээнд, хэрхэн зөрчигдсөн тэр үйл баримтыг буюу нотолгоо, нотлох баримт нь маргаангүй, эргэлзээгүй болгох тэр асуудлыг дээд шатны шүүхүүдээс дүгнэсний дагуу анхан шатны журмаар уг нотолгоо, нотлох баримтыг дахин бүрдүүлж, хэргийг ийнхүү дахин шийдвэрлэсэн ч анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үнэн зөв бодитой гараагүй тул учирсан хохирлоо бодитой тогтоолгохоор нэхэмжлэгч давж заалдах гомдлыг гаргасан.

2. Давж заалдах шатны шүүхэд энэ тухайгаа гомдол гаргаж анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн үйл баримтын талаарх нотлох баримт буюу шүүхийн журмаар шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлт болох энэ нотлох баримтыг шүүх үнэлж дүгнэхдээ алдаа гаргаж, буруу үнэлж дүгнэсэн талаарх нэхэмжлэгчийн гомдлыг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ тухайн шүүх хэдийгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэх эрхтэй боловч маргаан бүхий иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй захиргааны маргаан бүхий хэргийг шийдвэрлэх үйл явцыг талуудын мэтгэлцээний үйл баримтаар буюу шийдвэрийн үндэслэл болоогүй тийм үйл баримтаар үндэслэл болгож, улмаар үүгээрээ дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2.1. Давж заалдах шатны шүүх магадлалдаа ...гуравдагч этгээд нь маргаан бүхий газарт барилгын ажил эхлэхдээ баталгаажсан зураг төслийн дагуу барилга бариагүй болох нь 2011.11.29-ний шинжээчийн дүгнэлтэд ...барилга барих зөвшөөрлийг олгосон 594 м.кв газрын хил дотор бариагүй баруун болон урд хэсгээр 205 м.кв талбайгаар илүү гаргасан... гэснээр хууль зөрчсөн дүгнэн нийслэлийн Засаг даргын 2009.11.10-ны өдрийн 607 дугаар захирамжаар Цаст констракшн ХХК-д 12 давхар орон сууцны барилга барих зөвшөөрөл олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоож, барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон байна үүнээс үзэхэд Цаст импекс ХХК маргаан бүхий орон сууцны барилгыг барьсан эсэх, тухайн газрын хэдэн м.кв талбайд 5 давхар барилгын карказ баригдсаныг тодруулах шаардлагатай, энэ байдал хэний буруугаас ямар хэмжээний хохирол учирсан болохыг тогтооход ач холбогдолтой гэж дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлохоор гаргасан нотлох баримт болох захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолуудыг үнэн зөв эргэлзээгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй болно. Өөрөөр хэлбэл, тухайн маргаан бүхий захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь юу болох, нэхэмжлэгч, хариуцагч нь хэн болох, гуравдагч этгээд нь ямар эрх үүрэгтэй оролцож, мөн уг маргаанаар гуравдагч этгээдийн буруутай үйлдлийг эсхүл хариуцагчийн буруутайг тогтоосон эсэх, түүнчлэн захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нийт 6 жил үргэлжилж, энэ явцад олон удаа шинжээчийн дүгнэлтүүд гарч байсан ч шинжээчийн эдгээр дүгнэлтүүдийн зорилго нь газрын давхцал байгаа эсэх тухайд байсан бөгөөд шүүх магадлалдаа дурдсан энэ дүгнэлтээс хойно ч шинжээчийн өөр дүгнэлт гарч байсан зэргээр эдгээр дүгнэлтүүдийн эргэлзээг арилгах зорилгоор дараа дараагийн дүгнэлтүүд гарч байсан, мөн барилга барихдаа зөвшөөрөгдсөн зураг төслөөс илүү гаргаж барьсан гэж шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолуудад болон түүний тогтоох хэсэгт огт дурдагдаагүй заагаагүй, мөн барилга барих зөвшөөрөгдсөн 594 м.кв талбай нь Цаст импекс ХХК-ийн Хүдэр-Эрдэнэ ХХК-иас шилжүүлэн авсан нийт 1,458 м.кв газраас орон сууцны барилга барихад зориулан зориулалтыг өөрчилсөн тодорхой хэсэг нь бөгөөд энэ нь нийт 1,458 м.кв талбай дотроо байдаг болно.

2.2. Иймээс захиргааны маргаан бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хариуцагч нийслэлийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 93 дугаар захирамж болон үүнээс тодорхой хэсэгт нь орон сууцны зориулалтаар барилга барихаар олгогдсон нийслэлийн Засаг даргын 607 дугаар захирамж тус тус илт хууль бус болохыг л тогтоож шийдвэрлэсэн, үүнтэй холбоотойгоор мөн Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон тул захиргааны хэргийн
шийдвэр, магадлал, тогтоол нь иргэний хэргийн нэхэмжлэгч тус Цаст импекс ХХК-ийн эрх зөрчигдсөн болохыг нотолж буй нотлох баримт болох ба харин тухайн захиргааны маргаан бүхий хэргийн гуравдагч этгээд Цаст импекс ХХК барилгыг зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлж барьсан тухайг шийдвэрлэсэн шийдвэр огт биш тул үүнээс хамаарч нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийн хамгаалалтын хувьд иргэний хэргийг шийдвэрлэх явцад шүүхийн журмаар томилогдсон шинжээчийн дүгнэлт, мөн нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсарган гаргаж өгсөн нотлох баримт болох Мэргэжлийн хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтууд нь нэхэмжлэгчийн эрх хэдий хир зөрчигдсөн гэдгийг бүрэн нотлох ба шүүхүүд энэ талаар бодитой, үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй байх тул энэ дагуу эрх зөрчигдсөнөөс үүссэн хохирлыг хяналтын шатны шүүх үнэн зөвөөр тогтоож өгөхийг хүсч гаргасан гомдлоо мөн үүгээр хамтад нь шийдвэрлүүлэхээр энэхүү хяналтын гомдлыг тус шүүхэд гаргаж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул хүчингүй болгож, гомдлын дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар: Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дуусаагүй барилгын үнэлгээг 50 хувиар, газрын хэмжээг 846.3 м.кв болгон буруулж, уг хэмжээнээс тооцсон үнэлгээг мөн 50 хувиар бууруулан тооцож нэхэмжлэлийн шаардлагаас 2,041,228,823 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь дараах байдлаар хуульд нийцээгүй үндэслэлгүй шийдвэр болсон.

1.1. Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Итгэлт-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд тус шинжээчийн дүгнэлтээр дуусаагүй барилгын үнэлгээг 1,816,710,906 төгрөгөөр тогтоосон. Анхан шатны шүүх ...Нэхэмжлэгч Цаст импекс ХХК нь маргаан бүхий газарт барилгын ажил эхлэхдээ баталгаажсан зураг төслийн дагуу барилгыг бариагүй, барилгын ажлыг доголдолтой гүйцэтгэсэн гэх нөхцөл байдал хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт дүгнэгдсэн байна... гэж үзээд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 336 дугаар тогтоолын дүгнэлт хэсгээс ишлэл болгоод ...барилгын төсөвт өртгийн үнэлгээг хийсэн. Итгэлт-Эстимэйт ХХК-ийн дүгнэлтэд уг доголдлын талаар тусгаагүй, үнэлгээнд хэрхэн нөлөөлсөн нь тодорхойгүй... гэх үндэслэлээр дуусаагүй барилгын үнэлгээг 50 хувь бууруулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь Монгол глобал ХХК, Монгол эм импекс концерн ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох хэрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхийн шүүхийн 2016 оны 225 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 504 дүгээр магадлал. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 336 дугаар тогтоолоор шийдвэрлэгдсэн. Эдгээр шүүхийн шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2009.3.04-ний өдрийн 93 дугаар захирамжийн Цаст импекс ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах, Нийслэлийн Засаг даргын 2009.11.10-ны өдрийн 601 дугаар захирамжийн Цаст констракшн ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2010.5.20-ны өдрийн 66/20 тоот Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 476 дугаар захирамжийн Цаст импекс ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох... гэсэн шаардлагуудыг шийдвэрлэсэн. Тухайн захиргааны хэрэгт энэхүү иргэний хэргийн нэхэмжлэгч Цаст импекс ХХК нь эрх ашиг нь хөндөгдсөн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцсон бөгөөд энэхүү захиргааны хэргийг шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрээр Цаст импекс ХХК буруутай үйлдлийн талаар ямар нэгэн маргааныг шийдвэрлээгүй, тус компанид газар эзэмших эрх олгосон нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгоход тус компани буруутай гэх үйл баримтыг тоогоогүй болно. Анхан шатны шүүхийн шийдвэрт ишлэл болгосон Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолын хэсэг нь ...шүүх хууль зөрчиж гарсан гэж үзсэн Нийслэлийн Засаг даргын болон Мэргэжлийн хяналтын газраас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр Цаст импекс ХХК-ийн барилгаа барьсан үйл баримт...-тай холбоотой дүгнэлт юм. Өөрөөр хэлбэл, уг үндэслэл нь маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэл биш бөгөөд харин тэдгээрийн үндсэн дээр барилга барих явцад гарсан үүссэн нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагаас хийсэн дүгнэлттэй холбогдуулан шүүхээс хийсэн дүгнэлт байсан. Энэ захиргааны хэргийн хүрээнд шийдвэрлэгдсэн маргаан бүхий захиргааны актын талаар захиргааны хэргийн шүүхээс ...маргаан бүхий газар нь хойд болон урд хэсгээр бусдын газартай давхцалтай болох нь тогтоогдож, бодит байдалд маргаан бүхий газрыг анх олгосон Орон сууцны зориулалтаар ашиглах боломжгүй, орон сууцны стандартыг хангахуйц хэмжээний зай талбай байхгүй тул гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2009 оны ...93 дугаар захирамжийн Цаст импекс ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг, 2010 оны ...476 дугаар захирамжийн ...холбогдох хэсгийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй... хэмээн дүгнэсэн нь нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эзэмшил газрын зориулалтыг өөрчлөхдөө хууль зөрчсөн болохыг нотолсон.

Нийслэлийн засаг дарга нь Цаст импекс ХХК-д газар олгохдоо Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ, 31 дүгээр зүйлийн 31.3-т ...газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагыг хангалгүйгээр газрыг давхардуулан олгосон гэх үндэслэлээр захиргааны хэргийн шат шатны шүүхийн шийдвэрүүдээр газар эзэмших эрх хүчингүй болсон болох нь тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч компани Нийслэлийн Засаг дарга, түүний харьяа мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэн барьсан барилгыг одоо ашиглах хууль зүйн ямар ч боломжгүй болсон тул тухайн барилгыг барьж гүйцэтгэхэд гарсан зардлыг нэхэмжлэхэд барилгын ажлын доголдлыг тооцон үзэх үндэслэлгүй байгааг шүүх бодитоор үнэлж дүгнэж чадаагүй нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

1.2. Нэхэмжлэгч Цаст импекс ХХК нь нийслэлийн Засаг даргын 2009 оны 93 дугаар захирамжаар 1,458.3 м.кв бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан ба тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомжид нийцүүлэн нийслэлийн Засаг даргын 2009 оны 607 дугаар захирамжаар тухайн эзэмшил газрынхаа 594 м.кв талбайд 12 давхар орон сууцны барилга барих зөвшөөрлийг гаргуулан авсан. Дээр дурдсан Монгол глобал ХХК, Монгол эм импэкс концерн ХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрүүдээр нийслэлийн Засаг даргын 2009 оны 93 дугаар захирамжийн Цаст импекс ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгосон. Ийнхүү шийдвэрлэснээр нэхэмжлэгч Цаст импекс ХХК-ийн 1,458.3 м.кв газар эзэмших эрх бүхэлдээ хүчингүй болсон байхад анхан шатны шүүх ...бодит байдал дээр тус компанийн шаардах эрхэд зүй ёсоор тооцогдох байсан давхцалгүй газрын хэмжээ 864 м. кв болох нь зохигчдын тайлбар ба хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна хэмээн хэрэгт авагдсан нотлох баримтад болон бодит байдалд нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийг зөрчсөн хууль бус дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх дээрх хууль бус дүгнэлтийг үндэслэн газрын төлбөрийн хэмжээг ...доголдолгүй талбай болох 864.3 м.кв талбайгаар үржүүлбэл энэ хэмжээний газрын үнэ 894,330,967 төгрөг байна. Шүүх уг үнэлгээг 50 хувиар бууруулах үндэстэй... гэж үзэн төлбөрийн хэмжээг ...447,165,483 төгрөг байхаар тооцсон... нь хуульд нийцээгүй байна.

2. Давж заалдах шатны шүүхээс гаргасан магадлалын талаар: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс ...Нэхэмжлэгч Цаст импекс ХХК-ийг маргаан бүхий газарт барилгыг бариагүй талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дүгнэсэн. Тухайлбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны ... 504 дүгээр магадлалд ...гуравдагч этгээд нь маргаан бүхий газарт барилгын ажил эхлэхдээ баталгаажсан зураг төслийн барилга бариагүй болох нь 2011.11.29-ний шинжээчийн дүгнэлтэд барилга барих зөвшөөрөл олгосон 594 м.кв газрын хилийн дотор бариагүй баруун болон урд хэсгээрээ 205 м.кв талбайгаар илүү гарсан гэснээр хууль зөрчсөн гэж дүгнэн нийслэлийн Засаг даргын 2009 оны 607 захирамжаар Цаст констракшн ХХК-д ... барилга барих зөвшөөрөл олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоож, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон байна... гэсэн дүгнэлт хийж Цаст импекс ХХК барилга барих зориулалтаар олгосон 0.0594 га газарт маргаан бүхий орон сууцыг барьсан эсэхийг тогтоох нь хэний буруугаас, ямар хэмжээний хохирол учирсан болохыг тогтооход ач холбогдолтой гэж үзэж хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

2.1. Давж заалдах шатны шүүх нийслэлийн Засаг даргын 2009 оны 93 дугаар захирамжаар Цаст импекс ХХК-д 1458.3 м.кв газар эзэмших эрх олгосон шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалт, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчсөн болохыг тогтоосон Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь авч үзэлгүй зөвхөн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн ...нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор харьцуулан үзэх... шаардлагыг зөрчсөн. Нэхэмжлэгч Цаст импекс ХХК нь нийслэлийн Засаг даргын 2009 оны 93 дугаар захирамжаар эзэмшиж байсан 1,458.3 м.кв газрынхаа 594 м.кв талбайд нь 12 давхар орон сууцны барилга барих зөвшөөрлийг өөрийн харилцан хамаарал бүхий Цаст констракшн ХХК-ийн нэр дээр гаргуулан авсан. Тухайн үед эзэмшиж байсан 1458.3 м.кв газрын эзэмших эрх олгосон нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгосноор тухайн газрын дотор барилга барих зориулалтаар олгосон 594 м.кв талбайг эзэмших эрх мөн хүчингүй болсон бөгөөд энэ 594 м.кв талбайн дотор маргаан бүхий орон сууцыг барьсан эсэхийг тогтоох нь ...хэний буруугаас, ямар хэмжээний хохирол учирсан болохыг тогтоох ач холбогдол бүхий үйл баримт болохгүй юм.

2.2. Маргаан бүхий орон сууцны барилга нь нийслэлийн Засаг даргын 2009 оны 607 захирамжаар Цаст констракшн ХХК-д олгосон 594 м.кв (0.0594 га) газарт баригдсан эсэхийг нотлох баримт хэрэгт авагдсан байхад энэ үйл баримтыг тогтоох шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Цаст импекс ХХК нь Нийслэлийн Засаг даргын 93 дугаар захирамжаар олгосон 1458 м.кв талбай дотроо багтаан 607 дугаар захирамжаар зориулалтыг нь өөрчилсөн 594 м.кв талбайд хуулийн хүрээнд, барилгаа барьж байсан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.

- 2010.08.02-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтийн ...Цаст констракшн ХХК-ийн барьж буй орон сууцны барилгын талбайн хяналтын хэмжилтийн үр дүнг Монгол глобал ХХК, Монгол эм импекс концерн ХК-ийн Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сан дахь нэгж талбарын хилтэй давхцуулан үзэхэд барилгын суурь болон тагтны хэсгээр давхцал байхгүй байна ...баригдаж буй барилгад давхцал байхгүй... гэх,

- Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын 2011 оны 1/331 тоот албан бичгийн хавсралт Шинжээчийн дүгнэлтийн ...Цаст констракшн ХХК-ийн одоо барьж буй барилга нь гуравдагч этгээд Монгол эм импекс ХК, иргэн Б.Ганбаяр (Монгол глобал ХХК) нарын эзэмшил газартай давхцаагүй байна. ...Нийслэлийн Засаг даргаас 2009 оны 607 дугаар захирамжаар Цаст импекс ХХК-д барилга барихыг зөвшөөрсөн, 0.0594 га газар нь нийслэлийн Засаг даргын 2008.09.25-ны өдрийн 463 дугаар захирамжаар Монгол эм импекс концерн ХК-д олгосон 12,859 м.кв газар, иргэн Б.Ганбаярт 2010.4.09-ний өдрийн 255 дугаар захирамжаар олгосон 25,885 м.кв газруудтай давхцаагүй байна... гэх,

- Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2013.05.28-ны өдрийн 1/561 дүгээр шинжээчийн дүгнэлтийн ... Нийслэлийн өмчийн харилцааны газрын Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сан-д одоо байгаа Монгол эм импекс концерн ХК, Монгол глобал ХХК-иудын эзэмшил газрын кадастрын зурагтай давхцуулан шалгаж үзэхэд Цаст констракшн ХХК-ийн газар дээрээ барьсан объектууд нь Монгол глобал ХХК-иудын эзэмшил газар руу орж баригдаагүй байна ... гэх дүгнэлтүүд.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нэгэнт тогтоосон үйл баримтыг тодруулахаар хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан нь хуульд нийцээгүй байна.

3. Дээр дурдсан үндэслэлүүдийн хүрээнд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 578 дугаар магадлалыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2019/02322 дугаар шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нэмэлт, өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч Цаст импекс ХХК Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гэм хорын хохиролд 3,396,750,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, хариуцагчаас 1,355,521,176 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

1.   Нэхэмжлэгч Цаст импекс ХХК нь 2008.09.27-ны өдөр Хүдэр-Эрдэнэ ХХК-иас Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны зам 58 хаягт байрлах 1,485 м.кв талбай бүхий эзэмшил газартай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-000058934 дугаартай 120 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, хашаа, хаалга зэргийг 500,000 ам.доллараар худалдан авсан, 2009.03.04-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 93 дугаар захирамжаар дээрх газрыг Цаст импекс ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шилжүүлсэн, 2009.11.10-ны өдрийн 607 дугаар захирамжаар дээрх газрын 594 м.кв талбайг орон сууцны барилга барих зориулалтаар Цаст констракшн ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, орон сууцны барилга барих зөвшөөрөл олгожээ.

 

Цаст импекс ХХК-ийн захиалгын дагуу Цаст констракшн ХХК Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт Монгол эм импекс ХХК-ийн баруун талд 44х13.5 м.кв хэмжээтэй 10 давхар Residence-55/2 орон сууцны барилга барихаар эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авч, техникийн нөхцөлийг батлуулан барилгын ажлыг эхлээд барилгын суурь болон 5 давхар карказ барьсан байна.

 

2.   Энэ үед зэргэлдээ орших Монгол эм импекс ХХК, Монгол глобал ХХК-иуд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Нийслэлийн Засаг даргын 2009.03.04-ний өдрийн 93 дугаар захирамжийн Цаст импекс ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусд тооцуулах, 2010 оны 476 дугаар захирамжийн Цаст импекс ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, 2009.11.10-ны өдрийн 607 дугаар захирамжийн Цаст констракшн ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн даргын 2010.05.20-ны өдрийн 66/2010 тоот Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016.03.25-ны өдрийн 225 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын 2009.03.04-ний өдрийн 93 дугаар захирамжийн Цаст импекс ХХК-д 1,458 м.кв газар эзэмших эрх олгосон хэсэг нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.-т заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчиж, хойд болон урд хэсгээрээ иргэн Б.Ганбаярын эзэмшиж буй газартай давхцалтай болох нь тогтоогдсон, бодит байдалд газрыг анх олгосон орон сууцны зориулалтаар ашиглах боломжгүй, орон сууцны стандартыг хангахуйц хэмжээний зай талбай байхгүй газрыг эзэмшүүлсэн үндэслэлээр,

Нийслэлийн Засаг даргын 2009.11.10-ны өдрийн 607 дугаар захирамжийн Цаст констракшн ХХК-д 594 м.кв газарт барилга барих зөвшөөрөл олгосон хэсэг нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5.-д заасан бусдын газар эзэмших эрхтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх, 13 дугаар зүйлийн 13.1.-д зам, шугам сүлжээний газарт цахилгаан, дулаан, хий, ус хангамж, ариутгах татуурга, зам, тээвэр, холбоо, мэдээллийн зориулалтаар хот тосгон бусад суурины гадна олгогдсон газар хамаарах, 6 дугаар зүйлийн 6.2.-т зааснаар ...нийтээр ашиглах газар... болохыг , Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.-д шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн үндэслэлээр,

Цаст констракшн ХХК-ийн барилга барих үндэслэл болсон Нийслэлийн Засаг даргын 2010.05.20.-ны өдрийн 66/2010 тоот Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь Барилгын тухай хуулийн /2008 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.1.-д заасан ...галын аюулгүй байдлыг хангасан байх гэсэн, 9.1.4.-т заасан зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй байх гэсэн, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.-д заасан барилга байгууламжийн хийц, бүтцийн шийдэл нь гал түймэр гарсан тохиолдолд хүн амын аюулгүй байдлыг хангахуйц, гал түймрийг бага хохиролтойгоор унтраах бололцоог хангасан байна гэсэн, 20 дугаар зүйлийн 20.1.-д заасан барилга, байгууламж, объектын зураг төсөл зохиох, барилга барих, засварлах, хийц, бүтцийг өөрчлөх, техник, тоноглолыг шинэчлэхэд галын аюулгүй байдлын шаардлага /стандарт, техникийн нотматив/-ыг дагаж мөрдөнө гэсэн, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5., 12.6.2.-т заасан ...төлөвлөгөөнд хамруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх шаардлагыг хангаагүй... үндэслэлээр, дээрх зөрчлүүд нь шинжээчийн дүгнэлт, улсын байцаагчийн шаардлага, мэргэжлийн комиссын хурлаар тогтоогдсон гэж дүгнэн, тус тус хүчингүй болгожээ.

 

3.   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нь бусдын хууль ёсоор эзэмшиж байсан газрыг газар дээрх объектын хамт худалдан авч, улмаар эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшилд шилжүүлж, дээрх газар дээр хөрөнгө оруулалт хийж, барилга барихаар зардал гаргасны дараа тус газарт анхнаасаа хууль бусаар газар эзэмших эрх олгосон нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үндэслэлээр өөрт гэм хор учирсан гэж үзэж, учирсан хохирлоо гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

 

4.   Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасныг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч талын гомдлыг үндэслэн хянавал давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5. дахь заалтад нийцээгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо дараах үндэслэлийг заажээ. Үүнд:

 

...нэхэмжлэгч нь нь маргаан бүхий газарт барилгыг бариагүй талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дүгнэсэн, тухайлбал, Захиргааны хэргийг давж заалдах шатны шүүхийн 2016.07.22-ний өдрийн 504 дүгээр магадлалд ...Гуравдагч этгээд нь /Цаст импекс ХХК тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон/ маргаан бүхий газарт барилгын ажил эхлэхдээ баталгаажсан зураг төслийн дагуу барилга бариагүй, ...хууль зөрчсөн гэж дүгнэсэн...байна. үүнээс үзэхэд Цаст импекс ХХК барилга барих зориулалтаар олгосон 0.0594 га газарт маргаан бүхий орон сууцны барилгыг барьсан эсэх, тухайн газрын хэдэн м.кв талбайд 5 давхар барилгын карказ баригдсныг тодруулах шаардлагатай, энэ нь хэний буруугаас ямар хэмжээний хохирол учирсан болохыг тогтооход ач холбогдолтой гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч Цаст импекс ХХК нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд 1,458 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр Нийслэлийн Засаг даргын 2009 оны 93 дугаар захирамжаар олгосон газар дотроо 594 м.кв газарт нь барилга барих зөвшөөрөл авч, тухайн газартаа Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн үндсэн дээр Эдшил ХХК-ийн боловсруулсан зураг төслийн дагуу Цаст констракшн ХХК-иар барилга бариулж эхэлсэн /хх-3 дугаар хавтас 241 дүгээр тал/ , тус барилга нь А,В,С блокоос бүрдсэн, А.блок нь тэнхлэгээрээ 44м*3,5м хэмжээтэй, хийцийн хувьд цутгамал нил суурьтай, цутгамал төмөр бетон каракасан нийцтэй, уг блокийн газар шороо, суурь, зоорийн давхар болон 1-5 давхрын төмөр бетон каракасан цутгалтын ажил, зоорийн ханын ажил хийгдсэн С блок нь тэнхлэгээрээ 27,5м 17,2м хэмжээтэй, хийцийн хувьд цутгамал нил суурьтай, цутгамал бетон каракасан хийцтэй, уг барилгын газар шороо, суурь, зоорийн давхрын төмөр бетон каракасын цутгалын ажлууд хийгдсэн болох нь Хөрөнгийн үнэлгээний Мөнх Оргил трейд ХХК, Итгэлт эстимэйт ХХК-ийн Үнэлгээний тайланд тусгагдсан байна.

 

Цаст импекс ХХК-д нийт 1,458 м.кв талбай бүхий газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын захирамж бүхэлдээ Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, маргаан бүхий газар нь хойд болон урд хэсгээрээ бусдын газартай давхцалтай болох нь тогтоогдсон үндэслэлээр хүчингүй болсон бөгөөд тухайн талбайн хойд хэсэгт байрлах, Цаст констракшн ХХК-д барилга барих зөвшөөрөл олгосон талбай нь иргэн Б.Ганбаярын эзэмшлийн газартай давхацсан нь нэхэмжлэгчийг бусдын эзэмшлийн газар дээр барилга барьсан гэж үзэхгүй, газрын давхцалд нэхэмжлэгч буруугүй болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогджээ.

 

6.   Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

7.   Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 

Зохигчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан хариуцагч Нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн, шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Улмаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. дэх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагчаар гэм хорыг арилгуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т нийцжээ.

 

Тухайлбал, хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас Residence-55/2 орон сууцны барилгын суурь болон карказыг барихад нэхэмжлэгчээс 1,816,710,906 төгрөгийн зардал гарсан, газар эзэмших эрх хүчингүй болсноор 1,508,970,900 төгрөг, нийт 3,325,681,806 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүхээс томилогдсон Итгэлт эстимэйт ХХК-ийн гаргасан дүгнэлтээр тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дуусаагүй барилгын үнэлгээг 50 хувиар, газрын хэмжээг 846.3 м.кв болгон буруулж, уг хэмжээнээс тооцсон үнэлгээг мөн 50 хувиар бууруулан хариуцагчаас гаргах хохирлын хэмжээг тогтоохдоо барилга барихад зарцуулсан зардлыг 908,355,450 төгрөгөөр, газар эзэмших эрхийг 447,165,483 төгрөгөөр тус тус тооцож, нийт учирсан гэм хорын хохиролд 1,355,521,176 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн хяналтын журмаар гаргасан гомдлын хүсэлтээс татгалзаж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн тул хяналтын шатны шүүхээс талуудын зарчимд үндэслэн, зохигчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 578 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/02322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх нарын гомдлын заримыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс 2020.04.20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,364,095 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД