Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 943

 

 

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00245 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НЗД-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 3 396 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц” ХХК нь Нийслэлийн Засаг даргын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролд 3 396 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч компани нь 2008 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хүдэр-Эрдэнэ ХХК-аас Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарны зам 58 гэсэн хаягт байрлах 1485 м.кв талбай бүхий эзэмшил газартай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-000058934 дугаартай 120 м.кв талбайтай, агуулахын зориулалттай барилга, хашаа, хаалга зэргийг худалдан авсан байдаг. Үүнтэй холбоотойгоор газар эзэмших эрх нь 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 93 дугаар захирамжаар “Ц” ХХК-ийн нэр дээр шилжсэн байдаг. Тус газар дээр орон сууцны зориулалттай барилга барихад газар эзэмшигч компанийн эрх нь ажлыг гүйцэтгэгч компанийн нэр дээр шилжсэн байх шаардлагатай байсан тул “Цаст констракшн” ХХК-ийн нэр дээр дээрх газрын тодорхой хэсгийг шилжүүлэхээр НЗД-д хандаж 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 дугаар захирамжаар “Цаст констракшн” ХХК-д 594 м.кв газрыг орон сууцны барилга барих зориулалтаар эзэмшүүлэхээр мөн шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу барилгын ажил явагдаж эхэлсэн бөгөөд ингэх явцад зэргэлдээ орших талуудаас шүүхэд нэхэмжлэл гаргаснаар барилгын ажил 5 давхар хүртэл баригдсан ажил зогссон. Монгол эм импекс ХХК, Монгол глобал ХХК нар нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой энэ маргаан үргэлжилсээр Улсын Дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 344 дүгээр тогтоол гарч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ингээд газар эзэмших эрхийг “Цаст импекс” ХХК-д олгох үндэслэлгүй байсан гэж шийдвэрлэгдсэнээр “Ц” ХХК нь барилгын ажил үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх боломжгүй болж хохирол учирсан. Орон сууцны дуусаагүй барилгын үнэ 2 035 150 000 төгрөг, газар эзэмших эрх 1 361 600 000 төгрөг, нийт 3 396 750 000 төгрөг болж байгаа. Энэ шаардлагын үндэслэл нь барилга барихад их хэмжээний хөрөнгийг зарцуулсан, барилгын үнэ ханшийн өөрчлөлт их орсон зэрэг шалтгаанаар бид хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-аар тухайн баригдсан 5 давхар барилгад үнэлгээ хийлгэж, тус үнэлгээнд суурилж нэхэмжлэлийн дүнг гаргасан. Иймд Нийслэлийн Засаг даргын тус хууль бус захирамжуудаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхийг хүсч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Газар эзэмших эрхийн үнэлгээг ямар аргачлалаар, ямар үндэслэлээр яаж тооцсон талаараа үнэлгээнд нарийн заасан байгаа. 2 төрлийн гэрээ зайлшгүй хийгдэх шаардлагатай байсан. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний тухайд агуулах нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэлтэй байсан тул худалдах, худалдан авах гэрээ бүртгэгдсэн. Газар эзэмших эрхийн тухайд НЗД-д хүсэлтээ өгөөд газар эзэмших эрхийг шилжүүлж авах гэрээгээ хавсаргаж өгөх Газрын тухай хуульд заасан шаардлагын дагуу Засаг даргад өгөх гэрээнд үнэ төлбөргүй шилжүүлсэн гэсэн агуулга илэрхийлэгдсэн. Барилгын норм дүрмийн зөрчлүүд аливаа баригдаж байгаа барилгын 80-90 хувьд гардаг, үүнийг техникийн шийдлээр шийдэгдэх боломжтой асуудал юм. Барилга нь 1458 м.кв талбай бүхий эзэмшил газрын дотор баригдсан, Монгол глобаль ХХК болон Монгол эм импекс ХХК-ийн эзэмшил газрууд руу ороогүй байна гэдгийг захиргааны хэргийг шалгах явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Бид хэрэгт бичгээр дэлгэрэнгүй тайлбараа өгсөн. Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр хариуцагч буруутай нь тогтоогдсон. Манай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон хөрөнгийн үнэлгээг хариуцагч тал татгалзаагүй, гомдол санал гаргаагүй учраас хөрөнгийн үнэлгээ үндэслэлтэй. Барилгын ажил 2010 оны 3 дугаар сард эхэлсэн. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл 05 дугаар сард гарсан. Энэ хооронд хийгдсэн ажлыг Засаг дарга хариуцахгүй гэж байна. Барилгын ажлыг зохих зөвшөөрөлгүй эхэлсэн асуудал нь захиргааны зөрчил ба зөрчилтэй холбоотой асуудал тухайн үед шийдвэрлэгдээд мэргэжлийн хяналтын газраас ажлыг зогсоогоод 05 сард зөвшөөрөл авсны дараа барилгын ажлыг эхлүүлсэн үйл баримт байгаа. Барилгын ажил хэзээ эхэлсэн, дууссанаас үл хамааран газар эзэмших эрх хүчингүй болсны улмаас тухайн газар дээр барилга барих эрх хязгаарлагдсан. Барилга барихын тулд газар эзэмших эрхтэй байх ёстой, газар эзэмших эрхийг дагаж бүх барилгын техникийн нөхцөл, холбогдох зөвшөөрөл эрхүүд дагалддаг. Энэ эрх хэрэгжих боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа. Засаг даргын захирамжууд нь өөрөө бусдын эзэмшил газруудтай давхцаж байсан байдал нь газар эзэмшигчээс тухайн газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй үндэслэл болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай 607 дугаар захирамжаар “Цаст констракшн” ХХК-д орон сууцны зориулалттай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.0594 га газрыг 5 жилийн хугацаатайгаар олгож, тус захирамжийг үндэслэж 11 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан байдаг. 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Цаст констракшн” ХХК-д Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 66/2010 дугаар Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 1 жилийн хугацаатай олгосон. Үүнээс хойш “Цаст констракшн” ХХК нь барилгын ажлыг эхлэн явуулахдаа бусдын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Нэхэмжлэгч компани нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь заалтыг зөрчсөн ба үүнийг Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй ба Нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна. Анх “Цаст импекс” ХХК, Хүдэр-Эрдэнэ ХХК-иудын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн ба тус гэрээний үндсэн зүйл нь тухайн газар дээр байсан гараашийг 500 000 ам.доллараар худалдаж авах гэрээ байдаг. Энэ нь газартай холбоотой буюу газрын эрхийг шилжүүлсэн гэрээ биш. Газрын үнэ гэх 1 361 000 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм.

Үндсэн хуулийн дагуу өмчилснөөс бусад газар нь төрийн өмч байдаг бөгөөд газрыг үнэлэх асуудал хууль зүйн онолоор болон логикийн хувьд байх боломжгүй. Барилгын хувьд 5 давхар карказ байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Цаст констракшн” ХХК-д архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан тухай, 11 дүгээр сарын 20-ны үед барилгын газар шорооны ажил эхэлсэн гэж нэхэмжлэгч ярьсан. Гэтэл 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 66/2010 дугаар Барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон. Хууль болон журмын дагуу барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрлийг авснаар газар шорооны ажлыг эхлүүлэн цаашлаад суурь цутгах, карказан барилга барих ажил хийгддэг. 2010 оны 3 дугаар сард магадлалын ерөнхий дүгнэлт, техникийн нөхцлүүд авсан. Барилга дээр 2 100 000 000 төгрөгийн хохирол гарсан гэдэг. Гэтэл нэхэж байгаа дээрх хохирол нь зөвшөөрөл олгогдоогүй байхад дур мэдэн хууль зөрчиж барьсан барилгад зарцуулсан зардлыг НЗД төлөх хууль зүйн үндэслэлгүй. Мөн “Цаст констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт холбогдох хэрэг нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн ба нэхэмжлэгч тухайн үед бид эзэмшил газрын зориулалтыг өөрчлүүлж, орон сууц бариулах болсноор 500 000 ам.доллараар худалдан авсан агуулахын зориулалттай барилгаа нурааж, түүнийг буцаан барих боломжгүй болсон. Барилгын ажилд зориулаад 1 300 000 000 төгрөгийн санхүүжилт хийсэн гэж байна. Зөвшөөрөлгүй байх үед ямар хэмжээний зардал гарсан, зөвшөөрөлтэй болсноос хойш ямар хэмжээний зардал гарсан нь тодорхойгүй байна. Газартай холбоотой асуудал нь зөвхөн хэргийн материалд авагдсан 500 000 ам.доллараар тухайн газар дээр байсан агуулахын зориулалттай барилгыг худалдаж авсан болохоос тухайн газрыг худалдаж авсан гэсэн зүйл биш. Энэ нь гэрээгээр нотлогддог. Барилгатай холбоотой асуудлын тухайд зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхэлсэн, хууль зөрчиж барьсан байж 5 давхар карказан барилгын үнийг үнэлгээчний үнэлгээгээр тооцон нэхэж байгааг ойлгомжгүй байна. Гэтэл зөвшөөрөл авахаасаа өмнө барилгын ажил эхлүүлсэн гэдгийг нэхэмжлэгч нар өөрсдөө баталж ярьдаг бөгөөд зөвшөөрөлгүйгээр барьсан 1, 2 давхар барилга нь боссон байсан бөгөөд энэ мөнгийг НЗД төлөх ёстой гэдэг нь үндэслэлгүй байна. Засаг дарга газрыг үнэлж дуудлага худалдааны анхны үнийг авдаг нь газрыг үнэлж байгаа хэлбэр гэсэн тайлбартай санал нийлэхгүй байна. Газрын дуудлага худалдааны үнэ болон газрын эзэмших эрхийг шилжүүлэн авдаг үнэ гэдэг нь тусдаа зүйл. Газрыг эзэмшүүлэх эрх нь үл хөдлөх хөрөнгө шилжсэнтэй холбоотой үнэ авдаггүй. 500 000 ам.доллараар агуулахын барилгыг худалдаж авахдаа түүнтэй холбоотой үл хөдлөх хөрөнгө гэдэг утгаараа салшгүй холбоотой газар эзэмших эрхийг шилжүүлж авсан. Түүнээс газрын үнэд төлсөн гэж үзэхгүй. Тийм учраас газрын үнэ нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өмнө нь нэхэмжлэл гаргаад барилгад оруулсан хөрөнгө оруулалт нь 1 300 000 000 төгрөг гэж тодорхойлсон. Барилгын үнэ гэх 2 тэрбум төгрөгийг хийсвэрээр тооцож, үнэлгээчин яаж гаргасан, бодит зардлаар тооцсон эсэх нь мэдэгдэхгүй, зөрүүтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч НЗДас 183 693 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3 213 056 400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 141 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 1 076 418 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...“...Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “Ц” ХХК-д 1458 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай захирамж гарахаас өмнө 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгчээс “Хүдэр-Эрдэнэ” ХХК-д 1 159 927 300 төгрөг төлсөнд хариуцагч талын гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй байна...” гэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон маргааны үйл баримтад нийцэхгүй байна. ...”Ц” ХХК-ийн хувьд тухайн гэрээнүүдэд заасан “1,458,3 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх”-ийг өөртөө шилжүүлэн авч орон сууцны зориулалтаар ашиглах нь түүний хүсэл зориг байсан болох нь “тухайн газрыг орон сууцны зориулалтаар эзэмшсэн”, “эхний ээлжийн орон сууцыг барьж ашиглалтад оруулсан”, “дараагийн ээлжийн орон сууцны барилгын ажлыг эхлүүлж, барилгын 5 давхар каркасыг болгосон” зэрэг үйл баримтууд тэдгээрийг нотолсон баримтуудаас тодорхой харагдаж байгаа.

...Анхан шатны шүүх газар эзэмших эрхийг “Ц” ХХК-д шилжүүлэн олгосон хугацаа /2009.03.04/, “Хүдэр-Эрдэнэ” ХХК, “Ц” ХХК-ийн хооронд “үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” болон “газар эзэмших шилжүүлэх гэрээ” байгуулагдсан хугацаа /2008.9.17/-тай холбоотой үйл баримтыг илтэд буруугаар ойлгон дүгнэлт хийсэн. Шүүх “Хүдэр-Эрдэнэ” ХХК, “Ц” ХХК-ийн хооронд 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан гэрээний үндсэн дээр Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 93 тоот захирамж гарсан үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтад нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа эдгээр гэрээний үндсэн дээр гарсан Нийслэлийн Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоосон үйл баримттай шалтгаант холбоогүй гэж дүгнэсэн нь өөрийн хийсэн дүгнэлттэйгээ зөрчилдсөн, мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудад нийцээгүй “...Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “Ц” ХХК-д 1458 м.кв газрыг ...эзэмшүүлэх “тухай захирамж гарахаас өмнө” 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд “үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай” гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгчээс “Хүдэр-Эрдэнэ” ХХК-д 1 159 927 300 төгрөг төлсөнд хариуцагчийн гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болсон.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндсэн шаардлага болох 3 396 750 000 төгрөгийг нотлох баримт болгон Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 08 тоот хөрөнгийн үнэлгээний тайланг гарган өгч энэ баримтыг үндэслэн мэтгэлцсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгүүдэд заасан эрх, үүргийн хүрээнд тухайн нотлох баримтыг үгүйсгэсэн, няцаасан ямар нэгэн тайлбар нотлох баримтыг гаргаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд хөрөнгийн үнэлгээ, тайлаг болохыг, мөн уг барилгад зарцуулсан мөнгөний анхан шатны баримтууд нь “Цаст констракшн” ХХК-д байдаг талаар удаа дараа тайлбарласан боловч анхан шатны шүүх Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан болон тус хуульд заасан журмын дагуу мэргэжлийн байгууллагын гаргасан үнэлгээний талаар “...үнэлгээг гаргахдаа “Residence-55/2” орон сууцны барилгын суурь болон 5 давхар карказыг барихад зарцуулсан бодит зардлын талаарх санхүүгийн баримтуудыг үндэслэсэн эсэх нь тодорхойгүй, ...10 давхар орон сууцны барилгын үнийг талууд тохиролцож байсан байдлаас үзэхэд “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу эргэлзээгүй, үнэн зөв баримт гэж үзэх боломжгүй...гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Хэрэв “Residence-55/2” орон сууцны барилгын суурь болон 5 давхар карказыг барихад зарцуулсан бодит зардлын талаар “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн хийсэн үнэлгээг эргэлзээтэй гэж үзэж байгаа бол шүүх энэ нотлох баримтын талаар зохигчдоос дахин тодруулах эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх өөрийн санаачилгаар шинжээч томилон тодруулсны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой байсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь хэсэгт дурдагдсан нотлох баримтууд нь мэтгэлцээний үндэслэл болоогүй гэдгийг дээр тайлбарласан. Шүүх мэтгэлцээний үндэслэл болоогүй баримтуудыг нэхэмжлэгч талаас тодруулан нягтлалгүйгээр шууд шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь нотлох баримтын талаар тайлбар гаргах, шаардлагатай бол нэмэлт нотлох баримт гарган өгөх нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч НЗД-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Нийслэлийн Засаг даргын газар эзэмшүүлэх зориулалтыг өөрчилсөн захирамж хууль бус байсны улмаас барилга барьж түүнтэй холбоотой зардал гарсан тул гэм хорын хохиролд 3 396 750 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч нь газартай холбоотой холбогдох хууль тогтоомжийг зөрчиж 594 м.кв газраас хэтэрч 205 м.кв талбайгаар илүү гарган барилга барьсан, 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдөр барилга барих зөвшөөрөл олгогдсон байхад 2009 оноос газар шорооны ажлаа эхэлсэн тул зөвшөөрөлгүй, дур мэдэн хийсэн ажлын зардлыг НЗД төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Хэргийн 49-50 дахь талд авагдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хэлтсийн даргаас олгосон 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 66/2010 тоот Барилга угсралтын ажлын эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь уншигдах боломжгүй байдлаар хуулбарлагдсан байхад нотариат хуулбарын үнэн зөвийг гэрчилж, шүүх шийдвэрийн үндэслэлээ болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байх тул уг баримтад үндэслэн дүгнэлт өгөх боломжгүй.

 

Зохигчдын хооронд төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой маргаан байгаа тохиолдолд ямар албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас хохирол учирсан талаар шүүх дүгнэлт өгч, хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотойгоор холбогдох этгээдийг оролцуулах эсэхийг шүүх тодруулж хэргийг шийдвэрлэх байжээ. Тухайлбал, талуудын хооронд гэм хорын хохирол учруулсантай холбоотой үүрэг шаардсан тохиолдолд гэм буруугийн хэмжээг тодорхойлох, нэхэмжлэгч компанид орон сууцны барилга барих зөвшөөрөл олгосон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрыг гуравдагч этгээдээр оролцуулах эсэх нөхцөл байдал хэрэгт ач холбогдолтой байхад дээрх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Гэм хорын хохирол учирсантай холбоотойгоор барилгын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой зардлыг тооцохдоо шинжээчийн дүгнэлтийг шүүх эргэлзээтэй гэж үзэж болох ба хэрэв шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл дахин шинжээч томилуулах ажиллагааг шүүх өөрийн санаачилгаар хийх байжээ. Энэхүү ажиллагааг анхан шатны шүүх зохих ёсоор хийгээгүйн улмаас давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00245 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ц” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 223 232 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                              ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ