Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
Хэргийн индекс | 183/2016/01441/и |
Дугаар | 130 |
Огноо | 2018-01-09 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 130
2018 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 101/ШШ2018/00130 | Улаанбаатар хот |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Ганболд, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * хороо, * тоотод байрлах “А” ХХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * хороо, * тоотод оршин суух, 35настай, эрэгтэй, Б овогт Б А /РД:*********/
Хариуцагч: Баянзүрх дүүрэг * хороо *хороолол *тоотод байрлах “ЭЙ” ХХК /РД:**********/-д холбогдох,
гэрээний үүрэгт 9,203,750 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 38,402,500 төгрөг, нийт 47,606,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, хариуцагчийн өмгөөлөгч М.А, гэрч С.Э, У.Ч, иргэдийн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : 2014 оны 9 дүгээр сард ЭЙ ХХК-ийн захирал Б.А гэх этгээд манай “А”ХХК-иас 110,203,750 төгрөгийн арматур төмөр зээлээр худалдан аваад төлбөрийг нь төлөхдөө 101,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 9,203,750 төгрөгийг өгөөгүй.
Дараа нь “А”ХХК-иас 2014 оны 9 дүгээр сард 34,402,500 төгрөгийн арматур төмөр дахин зээлээр худалдан авсан. Зээлээр авахдаа төлбөрийг долоо хоногийн дотор төлөхөөр амаар харилцан тохиролцов.
Гэтэл тус компани болон захирал Б.А нь зээлээр худалдан авсан арматур төмрийн төлбөрийг төлөлгүй жил гаран хугацаа хэтэрч, улмаар залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй болсон тул манай компани Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн байгууллагад хандсан.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь Б.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн.
Сонгинохайрхан дүүргийн пркурорын газар хэргийг хүлээн авч хянаад 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 231 дугаартай тогтоолоор 9,203,750 төгрөгт холбогдох үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтанд заасны дагуу хэрэгсэхгүй болгосон.
Харин 38,402,500 төгрөгийг арматур төмөр залилан мэхэлсэн үйлдлийг тус прокурорын газраас 38,095,280 төгрөгөөр тооцохоор болж 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1295 дугаартай тогтоолоор 148.3 дахь хэсэгт заасан залилан мэхлэх гэмт хэрэг болохыг тогтоож, “яллагдагч Б.А нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэсэн үндэслэлээр Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамааруулан хэрэгсэхгүй болгосон юм.
Дээрх прокурорын тогтоолуудыг бид эс зөвшөөрч, дээд шатны прокурорт гомдол гаргасан боловч Улсын ерөнхий прокурорын 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар биднийг иргэний журмаар шүүхэд хандах шүүхэд ханган шийдвэрлүүлэх тухай мэдэгдсэн тул бид энэхүү нэхэмжлэлийг гаргасан.
“ЭЙ ХХК компанийн захирал Б.Агийн үйлдлийн улмаас нийтдээ 47 299 030 төгрөгөөр хохирсон.
Иймд хариуцагч ЭЙ ХХК захирал Б.Агаас арматур төмөр зээлээр худалдаж авах нэрийдлээр залилан мэхэлсний хохирол 47, 299,030 төгрөгийн хохирол учруулсан боловч бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 307,220 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 47,606,250 төгрөгийг хариуцагч “ЭЙ” ХХК болон Б.Агаас нэхэмжилж байна.
Дээрхи нэхэмжлэлийн 38,402,500 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, 9,203,750 төгрөг нь гэрээнээс учирсан хохирол гэж үзэж улсын тэмдэгтийн хураамж 172,077 төгрөг төлсөн гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хувьд Б.Ад арматур төмөр өгөөд үүний үлдэгдэл төлбөрийг аваагүй учраас Цагдаад хандсан. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсээд 148 дугаар зүйлийн 148.3 болж өөрчлөгдсөн. 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн тухай хууль батлагдсан. Хариуцагч нь хохирлыг нөхөн төлнө гэдгээ өөрөө илэрхийлсэн учраас Өршөөлийн хуульд хамрагдсан. Б.Агийн хувьд зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар маргаагүй. Уг асуудлаар бид Улсын ерөнхий прокурорын газраас тухайн хэрэг нь Эрүүгийн хуулийн 148.3-т гэх зүйл нь үндэслэлтэй байна гэж үзсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгосон. 9 203 750 төгрөгийг асуудал дээр прокурорын зүгээс гэмт хэргийн шинж биш гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Анхны үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байна, гэмт хэрэг боловч яллагдагч өөрөө гэм буруугаа хүлээж, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн учраас Өршөөлийн тухай хуульд хамрагдсан. 38 402 500 төгрөг буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол 9 203 750 төгрөгийг бүгдийг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа төлбөрийн хэмжээнд маргаагүй, М.Э гэдэг хүнд мөнгө өгөх ёстой гэсэн тайлбар өгсөн. Тухайн хүн зуучлагч маягаар оролцсон. Төлөөлөгчийн үйлдлийн улмаас үр дагавар төлөөлөгчид үүсдэг. Иймд М.Этай асуудал байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч ЭЙ ХХК-ний захирал Б.А шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын 17-ний ѳдѳр “А” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярбат гэх хүн надад холбогдуулан 2014 оны 9 дүгээр сард арматурын үнэ 38 095 280 төгрөг нэхэмжилсэн байна.
Б.А миний бие тус компанитай арматур авахаар ямар нэгэн хэлцэл байгуулаагүй бөгөөд 2014 оны 9 дүгээр сард нэхэмжлэлд дурдсан арматурыг “А ХХК”-иас аваагүй бөгөөд харин “Ш” ХХК-иас худалдан авсан болно.
Дээрх худалдан авалтыг хийхдээ 2013 оноос бизнесийн харилцаатай байсан С.Э гэж хүнтэй хэлцэл байгуулан хэлэлцэж тохирсны дагуу “Ш” ХХК-иас манай компани барааг хүлээн авсан.
Тийм учраас би дээрх арматур авсан тооцоогоо хэлцэл байгуулсан этгээд буюу С.Э бидний дунд 2013 оноос хойш дээрх бизнесийг хамтран хийсэн бөгөөд бидний дунд бараа нийлүүлсэн, төлбөрийн үлдэгдлийн тооцоог өнөөдрийг хүртэл хоорондоо тооцоо нийлээгүй өглөг авлагын талаар маргаан байдаг.
Б.А миний хувьд А ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Б.А нь тус нэхэмжлээд байгаа компанитай арматур худалдан авах хэлцэл байгуулаагүй. Эрх зүйн харилцаанд оролцоогүй. Эрх зүйн харилцаанд оролцохын тулд талууд Иргэний хуулийн 195-д заасны дагуу гэрээний санал өгөх ёстой. Хуулинд заасны дагуу нэхэмжлэгч тал арматур худалдаж авахаар үнэ тохирсон зүйл хавтаст хэрэгт байхгүй. Нэг арматурыг 1,250,000 төгрөгөөр худалдахаар болсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа. Миний үйлчлүүлэгч нэхэмжлэгч талаас хэдэн ширхэг арматур авсан, хэдэн төгрөг болсон нь байхгүй. Хавтаст хэрэгт өгсөн зарлагын баримтуудыг 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 110,203,750 төгрөгийн, 09 дүгээр сарын 26-ны өдөр 38,402,500 төгрөгийн баримтуудад миний үйлчлүүлэгч гарын үсэг зураагүй учраас шүүхэд хүсэлт гаргаж шүүх шинжилгээний хүрээлэнг томилуулсны дагуу шинжээчийн дүгнэлтээр Агийн гарын үсэг биш байна гэсэн.
Нэхэмжлэгчтэй хариуцагч Б.А, ЭЙ ХХК-нь хэлцэл хийсэн зүйл байдаггүй. Хэлцэл хийхийн тулд хүсэл зоригоо илэрхийлдэг. Бичгээр хийсэн гэрээ байхгүй. Ямар нотлох баримтаар гэрээ хийсэн гэж үзэж байгаа вэ.
Хавтаст хэрэгт байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолд Дээд шатны прокурорт гомдол гаргасан байгаа. Тогтоолд Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон байгаа. Өршөөлийн хуульд хамруулахад сайн дураар хүлээн зөвшөөрсөн байхыг шаарддаг. Миний үйлчлүүлэгч сайн дураар зөвшөөрөөгүй байхад өршөөл үзүүлсэн материал гаргаад хэрэгт өгсөн. Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа нэхэмжлэлийг гэм хор гэж үзэхгүй. Нэхэмжлэгч талын захирал Баярбатыг миний үйлчлүүлэгч сайн танихгүй. Харин С.Этай хамт явж байхад нь танилцсан. С.Этай тооцоотой болохоос нэхэмжлэгчтэй ямар нэгэн харилцаанд ороогүй байж яаж мөнгө төлөх вэ гэдэг тайлбарыг бүх шатны шүүхэд хийсэн, урьд нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлээд хэрэгсэхгүй болгосон.
Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гэрч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н ХХК-ний хангамжийн ажилтнаар ажилладаг байсан Б.А надаас барилгын арматур төмөр хэрэгтэй байна Гранд байшинд нийлүүлэх хэрэгтэй байна гэхэд нь би садан төрлийн холбоотой болох А ХХК-ний Г.Баярбаттай уулзуулсан эхний удаа би цуг уулзсан дараа нь энэ хоёр зөндөө уулзаж байсан.
Б.А нь Ш ХХК-ний талбайгаас ачиж авч явсан байсан. Сүүлд мөнгөө өгөөгүй гэдгийг сонссон. Тухайн үед 1 тонн арматур төмөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнх 1,050,000 төгрөг Улаанбаатарт 1,250,000 төгрөгийн ханштай байсан гэв.
Гэрч У.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчдыг хэн алиныг нь танихгүй. БМ группийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Сонгино хайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст албан бичиг явуулж байсан. Уг албан бичгийг явуулахдаа нягтлан бодогчоос өр авлагын талаар тооцоог гаргуулан бичсэн.
Тухайн үед хуулийн хэлтсийн даргын хувьд А ХХК, Э группийн хоорондох бараа материал нийлүүлэх гэрээг хууль эрх зүйн хувьд хянаж гарын үсэг зурж байсан өөр мэдэх зүйлгүй гэв.
Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Амгалапед” ХХК нь хариуцагч “ЭЙ” ХХК, Б.А нарт холбогдуулан гэрээний үүргийн төлбөрт 9,203,750 төгрөг гаргуулах, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 38,402,500 төгрөг, нийт 47,606,250 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг гэрээний үүргийн үндэслэлээр болон гэм хор учруулснаас үүсэх үүргийн үндэслэлээр гаргуулахаар тодорхойлжээ.
Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Б.А хариуцагч “ЭЙ” ХХК нд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Б.Ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “ЭЙ” ХХК нь нэг гишүүнтэй бөгөөд гүйцэтгэх удирдлагыг Б.А хэрэгжүүлдэг болох нь түүний тайлбар, хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул худалдах худалдан авах гэрээний үүргийн төлбөрийг “ЭЙ” ХХК хариуцах нь зүйтэй гэж үзэн хариуцагч Б.Ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “А” ХХК болон “ЭЙ” ХХК-ний хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүй ч хоёр тал хүсэл зоригоо бодитойгоор тодорхой илэрхийлж тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний тохиролцоо үүссэн гэж үзэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ гэм хорын хохирол гэж тодорхойлсон бөгөөд хариуцагчийн санаатай буюу болгоомжгүй үйлдлийн улмаас гэм хорын хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-д “худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсан тооцно” гэж хуульчилжээ.
Хариуцагч “ЭЙ” ХХК-ний захирал Б.А нь 2014 оны 9 дүгээр сарын 03-ний өдөр 88,163 тонн, 2014 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр 30,722 тонн арматур төмөр нийт 118,885 тонн төмөр худалдан авсан болох нь түүний Сонгино хайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа 2016 оны 05 дугаар сарын 02-ний өдөр, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрүүдэд яллагдагчаар байцаагдсан байцаалтандаа “Би С.Э ахтай ярьж “Ш” ХХК-аас 2014 оны 09 дүгээр сарын 03-ний өдөр 88,163 тонн арматур төмөр,2014 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр 30,722 тонн арматур төмөр авсан нь үнэн. Энэ мөнгийг “А” ХХК-нд шилжүүлж өгнө. Үнийн дүнгийн хувьд 1,240,000 төгрөгөөр тооцоо хийх юм байна. “А” ХХК-ийг хохиролгүй болгоно.” гэх мэдүүлэг,
гэрч С.Эын “Б.А надаас барилгын арматур төмөр хэрэгтэй байна Гранд байшинд нийлүүлэх хэрэгтэй байна гэхэд нь “А” ХХК-ний Г.Баярбаттай уулзуулсан эхний удаа би цуг уулзсан дараа нь энэ хоёр зөндөө уулзаж байсан. Б.А нь “Ш” ХХК-ний талбайгаас ачиж авч явсан байсан. Сүүлд мөнгөө өгөөгүй гэдгийг сонссон. Тухайн үед 1 тонн арматур төмөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнх 1,050,000 төгрөг Улаанбаатарт 1,250,000 төгрөгийн ханштай байсан” гэх тайлбар,
нэхэмжлэгч “А” ХХК-ний ХААН банкны ************ дугаартай дансанд 2014 оны 09 дүгээр сарын 03-ний өдөр, 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нийт 101,500,000 төгрөгийг “ЭЙ” ХХК-иас шилжүүлсэн баримт зэргээр нотлогдож байх бөгөөд хариуцагч “ЭЙ” ХХК-ний захирал Б.Ад холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг хохирлыг нөхөн төлнө гэж хүлээн зөвшөөрснөөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /х.х-ийн 8,9,129,197 хуу/
“Э Групп” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 06-ний өдөр Сонгино хайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирүүлсэн 8-71 дугаартай албан бичигт “Тус компани нь “А” ХХК-д 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 263,377,850 төгрөгийн өглөгтэй байсан ба уг өглөгийн тооцонд бидний харилцагч “Ш” ХХК-ний 207,9 тонн араматур/1тн 1,240,000/ авахыг зөвшөөрсөний дагуу “А” ХХК нь уг араматурыг “Ш” ХХК-иас авсан болно. Одоо “А” ХХК-тай ямар нэгэн өглөг авлагын тооцоо байхгүй.” гэж хүргүүлсэн,
“Ш” ХХК-аас 207,9 тонн арматур төмөр 1 тонныг 1,240,00 төгрөгөөр тооцон авсан болох нь гэрч У.Чын “Э Групп”-ийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Сонгино хайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст албан бичиг явуулж байсан. Уг албан бичгийг явуулахдаа нягтлан бодогчоос өр авлагын талаар тооцоог гаргуулан бичсэн. Тухайн үед хуулийн хэлтсийн даргын хувьд “А” ХХК, “Э Групп”-ийн хоорондох бараа материал нийлүүлэх гэрээг хууль эрх зүйн хувьд хянаж гарын үсэг зурж байсан” гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр “А” ХХК-ний арматур төмрийг “Ш” ХХК-ний эзэмшлийн хашаанаас “ЭЙ” ХХК-ний захирал Б.А нь авсан болох нь тогтоогдож байна.
Иймд хариуцагч “ЭЙ” ХХК нь нэхэмжлэгч “А” ХХК-ний эзэмшлийн хашаанаас 2 удаагийн үйлдлээр нийт 118,885 тонн төмрийг 1 тоннийг 1,240,000 төгрөгөөр тооцон худалдан авсан болох нь дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 101,500,000 төгрөгийг хасаж тооцон “ЭЙ” ХХК-иас 45,917,400 төгрөг /118,885*1,240,000=147,417,400-101,500,000=45.917.400/ гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,668,850 төгрөг болон хариуцагч Б.Ад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэн улсын тэмдэгтийн хураамжинд 172,077 төгрөг төлсөн боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь гэрээний үүргээс үүссэн маргаан гэж дүгнэн нэхэмжлэгчийн дутуу төлсөн 223,904 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “Э” ХХК-аас 45,917,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,688,850 төгрөг болон хариуцагч Б.Ад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,077 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 223,904 төгрөг нөхөн төлүүлж улсын орлогод оруулж, хариуцагчаас 387,537 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД
Н.САРАНГҮН