Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2453

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02146 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн 6 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Х.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б- нь 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр О.С-тай Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж төлбөрийг хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгөөр тохиролцон 3258068 арлын дугаартай, Тоёота приус маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг О.С-аас худалдан авсан. Талууд автомашины нийт үнийг 12 500 000 төгрөг байхаар тохиролцож үүнээс 3 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, үлдэгдэл 9 500 000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар гэрээнд заасан боловч Б.Б- нь хугацаандаа төлж амжаагүй бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 3 500 000 төгрөг, нийт 6 500 000 төгрөгийг төлсөн байсан. Худалдан авагчийн зүгээс О.С-т хандан үлдэгдэл төлбөрийг 2015 оны 8 дугаар сард багтаан төлж барагдуулах тул үүрэг гүйцэтгэх хугацааг 8 cap хүртэл хойшлуулах хүсэлтийг тавьсан боловч хүлээн аваагүй бөгөөд О.С- 2015 оны 7 дугаар сард автомашинаа буцаан авч байна, танай төлсөн 6 500 000 төгрөгийг би буцааж өгнө гэж хэлээд автомашинаа аваад явсан. О.С- нь тухайн үед гэрээнээс татгалзаж, автомашинаа буцаан авсан өдрөөс хойш одоог хүртэл 6 500 000 төгрөгийг буцаан төлөөгүй байгаа тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 264 дүгээр зүйлийн 264.1-д заасныг тус тус үндэслэн О.С-аас 6 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч О.С- нь “НҮСО “ХХК-тай гэрээ байгуулсан гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд гэрээнд О.С- нь өөрөө гарын үсэг зурсан гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б- нь зээлээр худалдах, худалдан авах гэрээг анх “Н” ХХК-тай байгуулсан байдаг бөгөөд энэ нь хэрэгт авагдсан гэрээнээс тодорхой харагдах ба уг машин нь манай “Н” ХХК-ийн нэр дээр орж ирсэн, манай компанийн өмч гэж бүртгэгдсэн байгаа. Энэ талаар гаалийн мэдүүлэгт бичигдсэн бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд нь О.С- биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын хариуцагч О.С-аас 6 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 118 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2146 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Бодит байдал дээр уг гэрээ нь О.С-, Б.Б- нарын хооронд байгуулагдсан гэрээ байдаг бөгөөд автомашин худалдах, худалдан авах гэрээний 1 дүгээр зүйлд гэрээний талуудыг “нэг талаас иргэн Б.Б-, О.С-” гэж тодорхойлсон байна. Мөн О.С- нь Б.Б-ад тухайн автомашиныг шилжүүлсэн, түүний хариуд Б.Б- нь автомашины төлбөр төлөхдөө иргэн О.С-ын эзэмшлийн Голомт банкны дансанд шилжүүлсэн зэрэг нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасны дагуу талуудын хооронд гэрээний үүрэг үүссэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд хариуцагч О.С- нь “Н” ХХК-ийг төлөөлж оролцсон байх тул гэрээний нэг тал гэж үзэхээргүй байна. Тодруулбал, О.С- болон Б.Б- нарын хооронд дээрх гэрээний дагуу ямар нэгэн үүргийн харилцаа үүсээгүй байх тул дээрх гэрээний үүргийг О.С-аас шаардах үндэслэлгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүхийн уг шийдвэрийг нэхэмжлэгчийн хувьд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б- хариуцагч О.С-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн 6 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Автомашин зээлээр худалдах-худалдан авах нэртэй гэрээгээр хариуцагч О.С- нь Тоёота Приус маркийн суудлын автомашиныг нэхэмжлэгч Б.Б-ад 12 500 000 төгрөгөөр худалдаж, урьдчилгаа 3 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэх 9 500 000  төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр тохиролцсон байна. /хэргийн 4-5 дугаар тал/

 

Дээрх гэрээнд худалдагч талыг О.С-, худалдан авагч талыг Б.Б- гэж тодорхойлсон байх ба гэрээний төгсгөлд “Н” ХХК-ийг төлөөлж О.С- гэж гарын үсэг зурсан байх боловч нэхэмжлэгч 3 500 000 төгрөг, түүний нөхөр Б.Эрдэнэбаатар 3 000 000 төгрөг, нийт 6 500 000 төгрөгийг хариуцагч О.С-ын эзэмшлийн Голомт банкны 1501001539 тоот дансанд шилжүүлсэн нь банкны орлогын баримт, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдсон бөгөөд хариуцагч уг мөнгийг авсан гэдгийг үгүйсгээгүй байна. /хэргийн 4-5, 6-7, 69 дугаар тал/

 

Нэхэмжлэгч автомашины төлбөрийг тодорхой хугацааны дараа төлөхөөр гэрээгээр тохиролцсон хэдий ч Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээнд заавал тусгах нөхцлийг тусгаагүй байх тул тэдгээрийн хооронд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүйгээс хариуцагч гэрээнээс татгалзаж, автомашиныг 2015 оны 7 дугаар сард буцаан авч, дээрх худалдах-худалдан авах гэрээ дуусгавар болсон үйл баримтын талаар талууд маргаагүй тул хариуцагч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар 6 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Автомашиныг гэмтээсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс авсан 6 500 000 төгрөгийг өгөхгүй гэж автомашиныг буцаан авах үедээ тохиролцсон гэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбарын үндэслэлээ хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлоогүй байна. Түүнчлэн үүнтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.  

 

Хариуцагч нь өөрийн “Н” ХХК-ийн нэр дээр уг автомашиныг Япон улсаас оруулж ирсэн байх боловч өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж, 6 500 000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдож байх тул уг мөнгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02146 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.С-аас 6 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-ад олгосугай.” гэж,

2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч О.С-аас улсын тэмдэгтийн хураамжид 118 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-ад олгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын төлсөн 119 000 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ш.ОЮУНХАНД

 

                                       ШҮҮГЧИД                            Д.ЦОГТСАЙХАН

 

                                            С.ЭНХТӨР