Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 182/2017/01509/И |
Дугаар | 001/ХТ2021/00069 |
Огноо | 2021-01-21 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2021/00069
2021 01 21 001/ХТ2021/00069
*******, шинжлэх ухаан ХХК
/Inner Mongolia Sheng hui ying li power technology Co.LTD/-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/00887 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1404 дүгээр магадлалтай,
*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Гэгээн цайдам ХХК-д холбогдох,
Худалдсан барааны үнийн үлдэгдэл төлбөр 46 780 163.08 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Доголдолтой эд хөрөнгө худалдсаны улмаас учирсан хохиролд 68 612 600 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч О.Билгүүний хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Э.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани ӨМӨЗО-д байрлалтай, кабель трансформатор зэрэг эрчим хүчний тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн худалдаалдаг байгууллага юм. Хариуцагч******* ХХК нь 2012, 2013 онуудад манай компаниас нийт 623 330 юанийн үнэ бүхий гэрэлтүүлэг, эрчим хүчний тоног төхөөрөмжийг зээлээр худалдаж авсан. Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, харин худалдан авалт хийх болгондоо бараа худалдсан бичиг гэх баримтыг үйлдээд барааг нийлүүлсэн. Нийт худалдан авсан барааны үнийн дүнгээс хариуцагч 390 000 юанийг 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлж дуусгасан. Тэгээд мөн өдөр талууд тооцоо нийлэх үед 233 330 юань төлөгдөөгүй үлдсэн байсан бөгөөд хариуцагч байгууллагыг төлөөлж байсан Б.Цэдэнбал уг мөнгийг 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төлнө гэж бичгээр баталгаа гаргасан байдаг.
Б.Цэдэнбалын төлөөлөх эрхийн тухайд 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр******* ХХК-иас бичгээр итгэмжлэл олгосон. Уг итгэмжлэлээр Б.Цэдэнбал нь нэхэмжлэгч компанитай харилцах, худалдагчаас бараа материалыг хүлээн авах, шаардлагатай баримтуудад гарын үсэг зурах, бараа материалыг хариуцан Монгол улсад оруулж ирнэ гэсэн бүрэн эрхийг олгосон юм.
2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 100 000 юанийг төлсөн бөгөөд нийт 490 000 юань төлсөн гэдгийг бид зөвшөөрч байгаа. Үүнээс хойш 133 330 юанийн төлбөр төлөгдөөгүй учраас 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр талууд энэхүү үлдэгдлээ баталгаажуулаад зээлийн гэрээ хийе гээд гэрээ байгуулсан. Ингэхдээ нэхэмжлэгч өөрөө байгуулаагүй Монголд байнга ирэх боломж байгаагүй тул тус компаниас зээлийн гэрээний үүргээ шаардах эрхээ Монгол улсад байрлах Биг вайт ХХК-д шилжүүлж, тус компани 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээний төлбөрийг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр солигдсон гэж үзэх боломжгүй тул худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг шаардах нь зүйтэй гээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймээс талуудын байгуулсан зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө гаргуулахаар нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч зохих ёсоор биелүүлж, тохиролцсон тоо хэмжээ, чанар бүхий бараа бүтээгдэхүүнийг бүгдийг нь нийлүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан бараа худалдсан бичиг болох хэргийн 8-10 дахь талд авагдсан баримтаар нотлогдоно. Мөн тус компанийн ерөнхий инженер С.Ганболд гэрчийн мэдүүлэг өгсөн. Барааг Монгол улсад ирсний дараа өөрөө шалгаж авсан гэдгээ хэлсэн. Ингэхэд ямар нэг байдлаар дутсан, эсхүл тоо хэмжээ зөрсөн зүйл байгаагүй гэсэн. Иймд хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Цэдэнбал нь нийт 623 330 юанийн үнэ бүхий бараанаас 233 330 юань дутуу байна, төлнө гээд 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр өрийн бичгийг үйлдэж өгсөн.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг шаардана. Нэхэмжлэгч нь 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр компанийн эрхлэх үйл ажиллагааны чиглэл, оноосон нэрээ өөрчилсөн. Үүнийг нотлохоор Эрээн хотын бүртгэлийн газраас лавлагаа авч хэрэгт хавсаргасан. Түүнчлэн, хариуцагчийн зүгээс бараа худалдан авах бичгийн орчуулга дээр маргасан тул шүүхээс хөндлөнгийн этгээдийг шинжээчээр томилоод нотлох баримтуудыг орчуулсан тул орчуулгын тал дээр маргаангүй. Бид худалдсан барааны үлдэгдэл төлбөр болох 133 330 юанийг нэхэмжлэл гаргасан 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Монгол банкны ханш нэг юань 350.86 төгрөгөөр тооцож нийт 46 780 163 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт бараа бүтээгдэхүүнийг Монгол улсад тээвэрлэж орж ирсэн автомашины жолооч Н.Бэхболатын өгсөн гэрчийн мэдүүлгээр Б.Цэдэнбал 2013 оны 5 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд ачилт хийгээд 5 дугаар сарын 07-ны өдөр барааг хүлээж аваад нэхэмжлэгч компанитай тооцоо хийгээд өрийн бичгийн баталгааг үйлдсэн. Үнэхээр хариуцагчийн тайлбарласан шиг бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ дутуу, нэхэмжилж байгаа үнийн дүнгээс доогуур үнийн дүн бүхий бараа худалдаж авсан гэж маргаж байгаа бол тооцоо нийлэх үедээ нэхэмжлэгч компанид мэдэгдэх ёстой. Тэгвэл үлдэгдэл 233 300 юанийн төлбөр дутуу байгааг хүлээн зөвшөөрөөд Монголд очсоны дараа буюу 5 дугаар сарын 15-ны өдөр төлнө гэсэн өрийн бичгийн баталгааг хийхгүй байх байсан. Дан ганц гаалийн мэдүүлгийн баримтыг хараад зарим бараа дутуу байсан гэж дүгнэх боломжгүй. Гаалийн үнийг яаж тодорхойлж, гаалийн бүрдүүлбэр хийснийг энэ баримтаар нотлох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа:******* ХХК нь цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, барилгын цахилгаан монтаж, барилга угсралтын ажил зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ялгуусан ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гадна гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад зүүн дөрвөн замаас троллейбусны эцсийн буудал Амгалан хүртэл 4.5 км авто замын гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэхээр болж, шаардлагатай гэрэлтүүлэг, кабель зэрэг бараа материалыг худалдан авахаар нэхэмжлэгч байгууллагад захиалга өгч, захиалгын гэрээ байгуулсан.
Компанийн төлөөлөгчийг очиход нэхэмжлэгч компанид бэлэн бүтээгдэхүүн байхгүй, тухайн бүтээгдэхүүнийг худалддаг компанид нэхэмжлэгч өөрөө цаашаа захиалга өгсөн байдаг. Ингээд 20-25 хоногийн дараа БНХАУ-ын Эрээн хотод захиалсан бараа ирлээ гэсний дагуу манай байгууллагаас 2013 оны 05 дугаар сард Б.Цэдэнбалд уг барааг Замын-Үүдийн гааль дээр хүлээн авах, гаалийн бүрдүүлэлт хийх, компанийг төлөөлөн бичиг баримтад гарын үсэг зурах гэсэн зөвхөн гааль дээр бараа хүлээн авах эрхтэй холбоотой итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай олгосон байдаг. Барааг хүлээн авахад захиалсан тоо хэмжээнээс дутуу байсан гэдэг. Гэрээний дагуу нэхэмжлэгчээс ирүүлсэн бараа бүтээгдэхүүнийг ашиглаж гадна гэрэлтүүлгийн ажлаа гүйцэтгэсэн боловч уг бараа нь шаардлага хангахгүй, 600 орчим тэжээлийн блок нь шатаж гэмтэн ажилд хүндрэл учирсан. Худалдагч компанид энэ талаар мэдэгдэж гэрэлтүүлэг болон чанарын шаардлага хангахгүй бараа материалыг сольж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч сольж өгөөгүй.
Тухайн гэрээт ажил нь хугацаатай байсан учраас хариуцагч нь Төгс гэрэлтүүлэг ХХК-иас дахин бараа бүтээгдэхүүн шинээр худалдан авч тухайн ажлын доголдлыг арилгасан. Нийт 27 000 000 төгрөгийн барааг худалдан авч уг ажлыг хийж гүйцэтгэж дуусгасан. Энэ ажлыг дахин гүйцэтгэхэд буюу шатсан эд анги солих, хүн хүч ажиллуулсан зардал нь 41 612 600 төгрөг болсон. Ингээд ажлыг хийж дуусгаад 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр улсын комиссын актаар захиалагчид хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш 2015 онд Биг вайт ХХК гэдэг компани нь нэхэмжлэгчийн өмнөөс мөнгө нэхэж эхэлсэн. Хоорондоо ярилцаж, учир байдлыг хэлж, доголдолтой байсан бараа бүтээгдэхүүний талаар ярилцахад зээлийн гэрээ байгуулах юм бол сольж өгнө гэсэн шаардлагын дагуу 100 000 юанийг зээлсэн мэт гэрээ байгуулсан. Энэ тухай хэлэлцэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдсан.
Нэхэмжлэгч байгууллагын тухайд үлдэгдэл тоног төхөөрөмж барааг өгөөгүй, доголдолтой барааг сольж өгөөгүй. Доголдолтой гэдэг нь 600 орчим тэжээлийн блок шатсанаас тодорхой харагдана. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ тохиролцсоны дагуу зохих ёсоор хугацаандаа шударгаар гүйцэтгээгүй. Хоёр талд захиалгын гэрээ байгуулагдсан гэдэг боловч нэхэмжлэгч тал гэрээг хэрэгт өгөөгүй, хариуцагч талын гэрээ ажлын байр нүүх үед алга болсон гэдэг. Гэрээг байгуулагдсаны дагуу барааг тоо ёсоор нь хүлээж авсан байдаг. Түүнээсээ дутуу ирсэн гэн тайлбарыг хэлдэг. Бүх барааг биет байдлын доголдолтой байсан гэж хэлэхгүй ямар ч байсан биет байдлын доголдолтой бараа ирүүлсэн байсан. Ингээд тухайн хүлээж авсан бараанаас******* ХХК-д их хэмжээний хохирол учирсан. Иймд дахин авлагатай мэтээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгчийн мөнгөн дүнгийн хувьд хоёр талаасаа нарийвчлан тооцоо нийлж суугаагүй, захиалсан нь тодорхой биш, өгсөн, авсан мөнгөн дүн дээр гарын үсэг зураагүй, бараа өгсөн, авсан гэдэг дээр гарын үсэг зураагүй болохоор маргаантай байгаа. Бараа худалдах бичиг гээд 290, 291, 294 дугаартай баримтуудаас******* ХХК нь зарим бараа бүтээгдэхүүн байхгүй, хүлээж аваагүй бараа их байсан. Гаалийн мэдүүлэгт байгаа 9 төрлийн барааг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ талаар тооцоог хийгээд дууссан, мөн доголдолтой барааны зарим тооцоог суутгасан гэж үзээд одоо ямар нэгэн тооцоо төлбөргүй гэж тайлбарладаг. Бараа худалдан авах бичигт байгаа хүрзний толгой, хүрзний иш, зээтүү, тоосны хамгаалалттай шил, шит, цаасны хутга гэх мэт зүйлийг нэхэмжлэгч тал худалддаггүй, эдгээрийг өөр газраас худалдаж авдаг байсан. Гаалийн мэдүүлэгт байгаа бараанууд нь нийт 520 000 орчим юань байдаг. Мөн огт аваагүй, шаардлагагүй бараа ч бараа худалдан авах бичигт бичигдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнхбат шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь доголдолтой бараа өгсөнтэй холбоотой. Нийлүүлсэн бүтээгдэхүүнээс 600 орчим тэжээлийн блок шатаж ажилд хүндрэл учирсан, худалдагч компанид энэ тухай мэдэгдсэн, Төгс гэрэлтүүлэг ХХК-иас барааг дахин шинээр худалдан авч тухайн ажилдаа хэрэглэсэн, эдгээр бараа тоног төхөөрөмжийг угсрах ажлын хүн хүч, техник төхөөрөмжийн зардалд 41 612 600 төгрөгийн зардал гаргаж хохирсон. Нийтдээ 68 612 600 төгрөгийн хохирол******* ХХК-д учирсан. Тус зардлыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжилж байна.
Хохирол учирсан нь Төгс гэрэлтүүлэг ХХК-тай байгуулсан гэрээнүүд, бараа хүлээн авсан акт, зардлын баримтуудаар нотлогдсон. Нэхэмжлэгчийн нийлүүлсэн гэх бараа бүтээгдэхүүний доголдлын талаар гэрчүүд тодорхой мэдүүлсэн. Тухайлбал, гэрлүүд нь асдаггүй, хятад улсаас авсан гэрэл нь хурдан шатаж, эхний ажлыг гүйцэтгээд дундаа орж байхад шатсан талаар мэдүүлсэн. Мөн Төгс гэрэлтүүлэг ХХК-иас худалдаж авсан тэжээлийн блок, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж, гэрэлтүүлэгч зэрэг нь нэхэмжлэгчээс худалдаж авсан бараа, бүтээгдэхүүнтэй адил байдаг. Тэгэхээр энэ нь нэхэмжлэгчийн нийлүүлсэн бараа доголдолтой байсан гэдгийг тодорхой харуулж байгаа юм. Тухайн үед нэхэмжлэгч нь өөрсдөө сольж өгнө гээд доголдолтой барааг авч явсан нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог тул сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна, нэхэмжлэгчээс нийт 68 612 600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ дутуу, доголдолтой эд хөрөнгө байсан гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ. Хариуцагч нь нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаад худалдсан барааны үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсний дараа доголдлын талаарх асуудлыг анх ярьж эхэлсэн. Иймд энэ бол нэхэмжлэлд заасан төлбөрийг төлөхөөс зайлсхийсэн гэж үзнэ. Учир нь энэ маргаан 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхэд бараа бүтээгдэхүүн дутуу байсан юм бол яг ямар үнэтэй, ямар ямар бараа бүтээгдэхүүн дутуу байсан юм бэ гэдгийг байнга тодруулж байсан. Энэ талаар хариуцагчаас тодорхой хэлдэггүй, нотлох баримт байдаггүй, сүүлд нь хяналтын шатны шүүх хуралдаан дээр 520 000 төгрөгийн бараа дутуу гэх боловч энэ үнийн дүнгийн задаргааны тухай тайлбар, нотлох баримт байдаггүй.
Доголдлын тухайд гэвэл хариуцагчийн зүгээс нотлох баримт гээд Ялгуусан ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хийсэн ажлын үр дүнд доголдол гарсан гээд үнэлгээний байгууллагын дүгнэлт өгдөг боловч хариуцагчийн гуравдагч этгээдийн ажлыг хийж байхад гаргасан доголдол бүрийг нэхэмжлэгчээс нийлүүлсэн бараатай холбож байгаа нь үндэслэлгүй. Учир нь, хариуцагчийн өөрийнх нь хүсэлтийн дагуу тухайн үед ажиллаж байсан цахилгаанчдыг гэрчээр асуухад угсрах үед юм уу, эсхүл дараа нь асаахад бүх тэжээлийн блок ажиллаж байсан гэдэг. Үүнээс гадна цахилгаанчид нь ашигласан тэжээлийн блокоос болоод гэмтэх боломжтой юу гэж асуухад энэ тал дээр шууд дүгнэлт гаргах боломжгүй, мэдэхгүй гэдэг хариултыг өгсөн. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг үнэхээр 68 000 000 төгрөгийн хохирол учраад ,ажлын үр дүнд авсан хөлсөөр бүхэлд нь хохирлоо барагдуулсан бол тухайн үедээ шаардах боломж байсан. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зүгээс манайхаас нийлүүлсэн барааг өмчлөлдөө шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор шаардлагаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан.
Утсаар ярьсан гэх тайлбар өгсөн боловч хэнтэй, ямар дугаараар холбогдож шаардлага гаргасан бэ гэхээр мэддэггүй, энэ талаар тайлбар, нотлох баримтгүй учраас хариуцагч удаа дараа солихыг шаардаж байсан гэдэг тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн, захиалгын гэрээ гэж ярьдаг. 2017 оноос хойш нэхэмжлэл гаргаад өдийг болтол 2 жилийн хугацаанд маргаж байхад хариуцагчийн зүгээс гэрээ байсан гэдэгт маргаагүй, зөвхөн бараа худалдах бичгээр явж байсан гэдэгт маргаагүй.
Талуудын хооронд захиалгын гэрээ байгуулагдаагүй, нэгэнт байгуулагдаагүй гэрээ тул нэхэмжлэгч талд байхгүй юм. Барааны чанар шаардлага хангахгүй байгаа талаар нотолсон баримт байхгүй тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд сөрөг нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй юм. Мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан. Б.Цэдэнбалын гэрчийн мэдүүлгээс үзэхэд БНХАУ-ын Эрээн хотод дээрх худалдаж авч байгаа барааны тоо хэмжээ, чанарыг шалгах гэж очсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл хариуцагч шалгаагүй гэж байгаа нь өөрсдийнх нь буруутай асуудал учраас шаардлага гаргах эрхээ алдсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс тоо, хэмжээ, чанарын хувьд доголдолтой бараа өгсөн зүйл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/00887 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 254 дүгээр зүйлийн 254.4.-т зааснаар******* ХХК-иас 46 780 163 төгрөгийг гаргуулан *******, шинжлэх ухаан ХХК /INNER MONGOLIA SHING HUI YING LI POWER TECHNOLOGY Co.LTD/-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 391 860 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 502 000 төгрөгөөс 501 013 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 987 төгрөгийг төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 391 860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1404 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/00887 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч******* ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 892 861 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.
Хариуцагчийн өмгөөлөгч О.Билгүүн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг удирдлага болгон шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт ... хариуцагч******* ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 25-нд нэхэмжлэгч компаниас замын гэрэлтүүлэг, гүйдлийн трансформатор, кабелъ зэрэг нийт 558 815 юанийн үнэ бүхий эрчим хүчний тоног төхөөрөмж, эд зүйлсийг худалдан авч, уг барааны урьдчилгаанд 2013.03.13-нд 230 000 юань, 2013.03.25-нд 30 000 юань, 2013.05.03-нд 130 000 юань, бүгд 390 000 юанийг төлсөн байна. Түүнчлэн хэрэгт авагдсан 2013.03.25-ны өдрийн 0010294 дугаартай Бараа худалдах бичиг түүний орчуулгаас үзэхэд талууд дээрх барааны үнэ 558 815 юаниас бодитоор төлөх дүнг 555 000 юаниар тооцон, түүн дээр өмнөх оны өр гэж 68 330 юанийг нэмж, нийт худалдан авсан барааны үнийг 623 330 юаниар тооцон, түүнээс төлсөн 390 000 юанийг хасч, хариуцагчийн төлөх өр буюу үлдэгдэл барааны үнийг 233 330 юаниар тодорхойлон, улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэдэнбалаас уг төлбөрийг 2013 оны 05 сарын 05-ны дотор төлж барагдуулахаар тохиролцон баталгаа гаргажээ гэж дүгнэсэн байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бодитой дүгнээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн Бараа худалдах бичиг-т хүлээн авагчийн гарын үсэг огт байхгүй, зөвхөн Хятадаар бичсэн бичвэртэй, бичвэр нь засвартай байхад шүүх туйлын үнэн баримт гэж үнэлсэн.Гэгээн цайдам ХХК нь БНХАУ-ын компаниас нийт 520 000 юанийн үнэ бүхий эрчим хүчний тоног төхөөрөмж худалдан авсан, түүнийг Улаанбаатар хотын Зүүн дөрвөн замаас Амгалангийн эцэс хүртэлх автозамын гэрэлтүүлгийн ажилд ашигласан, худалдагч талаас нийлүүлсэн тоног төхөөрөмж нь чанарын шаардлага хангахгүй байснаас их хэмжээний хохирол үүссэн тухай, эрчим хүчний тоног төхөөрөмж худалдан авсан төлбөрөөс 490 000 юанийг төлж барагдуулсан тухай тайлбарладаг.Компанийн тухай хуулийн 83-р зүйлийн 83.8-д зааснаар******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирал нь Д.Мөнхбат байдаг. Харин******* ХХК-ийн захирал Д.Мөнхбатаас Б.Цэдэнбалд олгогдсон итгэмжлэлд /1хх-ийн 42-р тал/ Замын-Үүд гааль дээр******* ХХК-ийн нэр дээр ирж байгаа бараа материалыг хүлээн авах, гаалийн бүрдүүлэлт хийх, бичиг баримтад төлөөлөн гарын үсэг зурах эрхийг олгосон, энэ нь баримтаар тогтоогдож байхад шүүх Б.Цэдэнбалыг худалдагч талтай тооцоо нийлж, тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурах эрхтэй байсан мэтээр тайлбарлан дүгнэж******* ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдийн гарын үсэг зурсан, Хятад хэл дээр үйлдэгдсэн баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.Б.Цэдэнбал нь шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ бараа материалыг хүлээн авсан, гаалийн бүрдүүлэлт хийсэн, худалдагч талаас юу ч бичээгүй хоосон цаас дээр гарын үсэг зуруулсан, мөн өөрөө Хятад хэл мэдэхгүй тухай мэдүүлсэн байдаг ч үүнийг шүүх үнэлж үзээгүй, нэхэмжлэгчээс гаргасан баримт туйлын үнэн мэт үзсэн. Өөрөөр хэлбэл тухайн үеийн үйл баримтыг мэдэх этгээдүүдийн гэрчийн мэдүүлгийг бодитоор нь тал бүрээс үнэлээгүй, нэхэмжлэгчид ашигтай байдлаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн.Шүүх хуулийн этгээдээс тооцоо нийлэх эрх олгогдоогүй этгээдийн гарын үсэг зурсан баримтыг хуулийн этгээдийн үүрэг хүлээх ёстой баримт гэж үзэн Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т заасныг буруу тайлбарлан нэхэмжлэгчийн өгсөн Бараа худалдах бичиг-т заагдсан хэмжээгээр барааг хүлээн авсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс гаргасан баримтад худалдан авагч талын хүлээн авсан гарын үсэг, тамга тэмдэг байхгүй байгааг байгаа мэтээр үнэлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.Хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт 0770219 дугаартай баримтын нэмэлт маягт 0377263 дугаар баримтуудаар******* ХХК-ийн тухайн үед хүлээн авсан бараа тогтоогдож байгаа бөгөөд энэ нь худалдагч талаас өгсөн Бараа худалдах баримт гэх худалдан авагчийн гарын үсэггүй Хятад баримтаас зөрж байхад шүүх гаалийн мэдүүлгийг үндэслэн захиалсан барааг дутуу хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй юм гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл гаалийн хилээр нэвтрүүлээгүй барааг худалдагч талаас хүлээн авсан гэж шүүх дүгнэж байгаа нь Монголын гаалийн хилийг үгүйсгэж, түүгээр бараа нэвтрүүлсэн баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж үзээгүй, гаалийн хилээр мэдүүлэггүй /татваргүй/ бараа нэвтрэх боломжтой гэж үзэж байгаа нь нэхэмжлэгчид ашигтай байдлаар нотлох баримтыг үнэлж үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч *******,******* нь******* ХХК-д холбогдуулан худалдсан барааны үнийн үлдэгдэл төлбөр 46 780 163.08 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, доголдолтой эд хөрөнгө худалдсаны улмаас учирсан хохиролд 68 612 600 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хариуцагчийн өмгөөлөгч шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргажээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан, зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хилийн бүсэд бага үнийн дүнтэй худалдаа болон төлөөлөх, энгийн худалдаа экспорт, импорт болон цахилгаан эрчим хүч, тоног төхөөрөмжийн борлуулалт, холбоо, дохиолол, цахилгаан утас, барилгын материал борлуулах, кабель, трансформатор зэрэг эрчим хүчний тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд,******* ХХК нь цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, барилгын цахилгаан монтаж, барилга угсралтын ажил зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байх бөгөөд зохигч нар өмнө нь бараа, бүтээгдэхүүнийг худалдаж, худалдан авдаг харилцаатай байжээ.
Хариуцагч нь Ялгуусан ХХК-тай 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Гадна гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус гэрээний дагуу шаардлагатай гэрэлтүүлэг, кабель зэрэг бараа материалыг худалдан авахаар нэхэмжлэгч байгууллагад захиалга өгч, захиалгын дагуу ирсэн барааг хүлээн авахуулахаар компанийн ажилтан Б.Цэдэнбалд 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр итгэмжлэл олгосон, Б.Цэдэнбал 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр барааг хүлээн авч, ....Гэгээн цайдам ХХК нь Эрээн хотын Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч, шинжлэх ухаан ХХК-иас бараа материал хүлээн авсан, нийт үнийн дүн нь 623 330 юань болсон бөгөөд 390 000 юань төлж барагдуулсан ба үлдэгдэл 233 330 юанийг 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө төлж барагдуулна.... гэсэн Өрийн бичгийн баталгаа үйлдэж, гарын үсэг зуржээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...ажилтан Б.Цэдэнбалд бараа, материал хүлээн авах, гаалийн бүрдүүлэлт хийх эрх олгосноос тооцоо нийлэх эрх олгоогүй, ...төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан, ...түүнчлэн гэрч Б.Цэдэнбалын хоосон цаасан дээр гарын үсэг зурсан гэх мэдүүлгийг шүүх бодитоор үнэлээгүй, ...нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, нэхэмжлэгчид ашигтай байдлаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Тус итгэмжлэлд төлөөлүүлэгч Д.Мөнхбатаас төлөөлөгч Б.Цэдэнбалд Иргэний хуулийн 62.3. дахь заалтыг үндэслэн энэхүү итгэмжлэлийн дагуу Замын-Үүдийн гааль дээрээс******* ХХК-ийн нэр дээр ирж байгаа бараа материал хүлээн авах, гаалийн бүрдүүлэлт хийх, бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг итгэмжлэн олгож байна. Энэхүү итгэмжлэл нь олгосон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд хүчинтэй байх болно гэсэн байна. /хх-1 дүгээр хавтас, 42 дугаар тал/
Дээрх итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл, төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн олгосон эрхийн хүрээнд үүргээ хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3., 62.4., 64 дүгээр зүйлийн 64.2. дахь заалтад нийцжээ.
Итгэмжлэлийн талаар хариуцагч нь барааг хүлээн авч, баримт үйлдсэн өдрөөс хойш нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд маргаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэдэнбал нь хоосон цаасан дээр гарын үсэг зурсан гэх тайлбар, татгалзлаа нотлоогүй, хэрэгт энэ талаар баримтгүй тул шүүх хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзал, тайлбар, үндэслэлээ нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэхдээ нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. болон Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн заалтыг зөрчөөгүй байна.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэх тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Хариуцагч******* ХХК нь худалдан авсан хөрөнгө доголдолтой байсан үндэслэлээр өөрт учирсан хохиролд 68 612 600 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
Хоёр шатны шүүх худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн, сөрөг шаардлага, тайлбар, үндэслэлээ хариуцагч баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн дээрх шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй болно.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдан авсан барааны үнийн үлдэгдэл төлбөр 133 330 юань буюу 46 780 163.08 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/00887 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1404 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч О.Билгүүний гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгч О.Билгүүнээс 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 391 851 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД