| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
| Хэргийн индекс | 101/2018/04858/И |
| Дугаар | 001/ХТ2021/00095 |
| Огноо | 2021-01-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2021/00095
“.. холдингс” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01308 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1361 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: “.. холдингс” ХХК
Хариуцагч: Г.Н-
орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Ж.Чимэдцэрэнгийн гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал, хариуцагчийн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: БЗД-н 16-р хороо, Улаанхуарангийн гудамж, 18-р байр, 2 тоотод байрлах 93.6 мкв 3 өрөө орон сууц нь .. холдингс ХХК-ийн өмч юм. Г.Н- сүүлийн хэдэн жил ямар нэгэн төлбөр төлөлгүйгээр хууль бусаар эзэмшиж байгаа бөгөөд удаа дараа шаардлага тавихад огт биелүүлдэггүй. Анх худалдаж авна гэж байсан боловч төлбөр тооцоо огт хийгээгүй учраас худалдах боломжгүй болсон бөгөөд орон сууц чөлөөлөхийг шаардсан шаардлагыг хүлээж авахгүй байна. Г.Н- нь Зенит Интелиженс Корпорэйшнз ХХК-тай 2016-06-17-ны өдөр 012 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулсан ба уг гэрээний захиалагчийн хувьд нийт 175,736,000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөх үүрэгтэй байсан. .. холдингс ХХК нь Зенит Интелиженс Корпорэйшнз ХХК-тай 2017-11-01-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээний эрх, үүрэг шилжүүлэх тухай гэрээ байгуулж, Зенит Интелиженс Корпоррэйшнз XXK болон Г.Н- нарын хооронд 2016-06-17-ны өдөр байгуулагдсан 012 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээний гүйцэтгэгчийн эрх, үүргийг Зенит Интелиженс Корпорэйшнз ХХК-иас шилжүүлэн авсан. Хариуцагч Г.Н- Зенит Интелиженс Корпорэйшнз ХХК-тэй байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрийн үүргээ биелүүлээгүй 2 жил өнгөрсөн. Иймд нэхэмжлэгч .. холдингс ХХК нь 2016-06-17-ны өдрийн 012 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээний гүйцэтгэгчийн хувьд захиалагчийн буруугаас гэрээ цуцлагдсан үндэслэлээр өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардаж байна. ИХ-н 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу УБ хот, БЗД-н16-р хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамж, 18 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, 93.6 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч Г.Н- (түүний гэр бүл)-ийн эзэмшлээс албадан чөлөөлж, .. холдингс ХХК-д хүлээлгэн өгөхийг Г.Н-д даалгуулах шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Г.Н- нь Цахим гал ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд Цахим гал ХХК 2014-5-1-ний өдөр БАГ-2014/01 тоот ажил гүйцэтгэх гэрээг Хуур магнай ХХК-тай байгуулсан. Гэрээний дагуу БЗД-н 16-р хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй 166 айлын орон сууцны 16-н давхар Баяжих цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Цахим гал ХХК гэрээнд заасан хугацаанд зохих чанар, стандарт, шаардлагыг хангаж барилгыг барьсан бөгөөд 2016-1-27-ны өдөр барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комисст хүлээлгэж өгсөн. Бидний хийж гүйцэтгэсэн ажилд Хуур магнай ХХК-ийн ерөнхий захирал Рави Крашнадас Жагасиа /нэхэмжлэл гаргасан .. холдингс ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч/ сэтгэл ханамжтай байж 2016-2 сард Цахим гал ХХК, ТОСК, Баяжих зууч ХХК-ийн нэр бүхий 5 ажилтан, тэдгээрийн гэр бүлийг гэртээ урьж Баяжих цогцолбор-оос сонгосон орон сууцны түлхүүрийг ёслол төгөлдөр гардуулж өгсөн. Дээрх 5 ажилтны нэг миний бие Г.Н- болно. Хуурмагнай ХХК нь Монгол Улсад албан татвар төлөхөөс зайлсхийн орон сууцны өмчлөх эрхийг өөрсдийн нэр дээр бус оффшор бүсэд байрлах Vision express Ltd, Zenith intelligencecorporations Ltd /Зенит Интелиженс Корпоррэйшнз XXK/ гэх 2 компанийн нэр дээр гаргуулан авсан бөгөөд К.Равигийн надад бэлэглэсэн орон сууцны өмчлөх эрх Zenith intelligence corporations Ltd /Зенит Интелиженс Корпоррэйшнз XXK /-д шилжсэн байдаг. Орон сууцыг бэлэглэх үед орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь албан ёсоор гараагүй байсан бөгөөд тухайн үед орон сууцны өмчлөх эрх аль компанийн нэр дээр шилжих нь тодорхойгүй байсан учраас бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулах боломжгүй, бичгээр байгуулаагүй болно. Ийнхүү Хуурмагнай ХХК болон Zenith intelligence corporations Ltd /Зенит Интелиженс Корпоррэйшнз XXK/-н тавьсан шаардлагын дагуу орон сууцны өмчлөгч компанийн хууль ёсны төлөөлөгчтэй 2016-6-17-ны өдөр №12 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч Рави Крашнадас Жагасиа нь орон сууцыг надад бэлэглэсэн атлаа өөрийнхөө бэлэглэсэн орон сууцны өмчлөх эрхийг өөрийн эзэмшлийн өөр компанийн нэр дээр шилжүүлэн, орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Дээрх цогцолборын ажлыг хийж гүйцэтгэсэнтэй холбоотой захиалагч, гүйцэтгэгч компанийн хооронд төлбөрийн үлдэгдлийн асуудал байсан бөгөөд захиалагч Хуурмагнай ХХК нь гэрээний дагуу өгөх ёстой хөрөнгө оруулалтаа бүрэн оруулаагүйгээс Цахим гал ХХК-ийн санхүүгийн байдал хүндэрсэн байдаг. Энэ талаар захиалагч компанийн хувьцаа эзэмшигч Рави Крашнадас Жагасиад хэлэхэд та нарт бэлэглэсэн орон сууцыг ипотекийн 8 хувийн зээлд хамруулж, банкнаас зээл аваад эхний ээлжийн санхүүгийн асуудлаа шийдвэрлэж болох юм байна гэснийг хүлээн зөвшөөрч орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэвч худалдагч тал нь банкны тавьсан ипотекийн зээл авах шаардлагыг хангаж чадаагүй тул уг гэрээний дагуу зээл авч чадаагүй болно. Зенит интелиженс корпорэйшнз ХХК болон Г.Н- нарын 2016-6-12-ны өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах тухай гэрээ нь анхнаасаа талуудад эрх үүрэг үүсгэх зорилгоор байгуулагдаагүй бөгөөд зөвхөн бэлэглэгч, бэлэг хүлээн авагч нарын тохиролцооны дагуу компанийн санхүүгийн асуудлыг цэгцлэх зорилготой ба энэхүү хэлцэл нь ИХ-н 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарах хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм..энэхүү хэлцлийн эрх үүргийг шилжүүлж буй 2017-11-01-ний өдрийн Орон сууц захиалан бариулан гэрээний эрх үүрэг шилжүүлэх тухай гэрээ нь мөн .. холдингс ХХК-д ямар эрх үүсгэхгүй юм. Харин нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч Рави Крашнадас Жагасиа нь орон сууцыг Г.Н- болон бусад 5 айлд маргаан бүхий орон сууцыг бэлэглэж, түлхүүрийг гардуулан өгсөн бодит үйлдэл хийсэн нь орон сууцыг бэлэглэсэн гэж үзэх хангалттай баримт бөгөөд тус бэлэглэл гэрээний дагуу орон сууцны эзэмшлийг бодитоор шилжүүлэн авсан байдаг..бичгээр бэлэглэлийн гэрээ байгуулаагүй боловч орон сууцыг бэлэглэсэн бодит үйлдэл хийсэн нөхцөлийг шүүх харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай юм. Иймд дээр дурдсан 2017-11-01-ний өдрийн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэл гаргаж байгаа .. холдингс ХХК-н шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 101/ШШ2019/01308 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй тул .. холдингс ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, .. холдингс ХХК-иас 966,430 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1361 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01308 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж, 18 дугаар байрны 2 тоотод орших улсын бүртгэлийн Ү-2204092632 дугаартай, 93.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Г.Н-гийн хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлсүгэй” гэж, 2 дахь заалтын “нэхэмжлэгч .. холдингс ХХК-иас 966,430 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай” гэснийг хасч, “хариуцагч Г.Н-гээс 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч .. холдингс ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 1 036 630 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосон байна.
Хариуцагчийн төлөөлөгч Ж.Чимэдцэрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: магадлалыг эс зөвшөөрч энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндэслэл бүхий шийдвэр гаргасан боловч давж заалдах шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдал, гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал зэргийг зөв тодорхойлж чадаагүй бөгөөд тус магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаж чадаагүй шийдвэр болсон байна. Анхан шатны шүүхэд гаргаж байсан тайлбарт дурдсанчлан хариуцагч Г.Н- нь маргаан бүхий орон сууцны цогцолбор буюу “Баяжих” цогцолборын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн компанийн захирал бөгөөд цогцолборын барилгын ажлыг тохиролцсон хугацаанд зохих чанар, стандарт, шаардлагыг хангаж хийж гүйцэтгэсэн учраас захиалагч хуулийн этгээд буюу “Хуурмагнай” ХХК-н хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч Рави Крашнадас Жагасиа нэр бүхий 5 хүнд орон сууцыг бодит үйлдлээрээ бэлэглэж, орон сууцны түлхүүрийг гардуулан өгсөн байдаг. Хариуцагчийн зүгээс ХХША-ны явцад дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулахаар гэрчүүдийг асуулгасан бөгөөд хууль сануулж асуусан гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй юм. Гэрчүүдийн хувьд бодит болсон үйл баримтын талаар буюу хөрөнгө оруулагч Рави Крашнадас Жагасиа нэр бүхий 5 ажилтанд орон сууцыг бэлэглэсэн талаар, ямар учраас гэрээ байгуулсан талаар тодорхой мэдүүлгүүдийг өгсөн байхад давж заалдах шатны шүүх дээрх баримтуудыг үнэлээгүй бөгөөд хариуцагч орон сууцыг бэлэглэлээр авсан нөхцөл байдлыг нотлоогүй гэж маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн тухайн үед орон сууц нь хөрөнгө оруулсан гэх оффшор бүсэд байрлах аль компанид очих нь тодорхой бус байсан учир бэлэглэлийн гэрээ бичгээр байгуулаагүй бөгөөд энэхүү нөхцөл байдлыг анхааран үзэж маргааныг шийдвэрлэх ёстой байсан. Дээрх цогцолборын ажлыг хийж гүйцэтгэсэнтэй холбоотой захиалагч, гүйцэтгэгч компанийн хооронд төлбөрийн үлдэгдлийн асуудал байсан бөгөөд захиалагч “Хуурмагнай” ХХК нь гэрээний дагуу өгөх ёстой хөрөнгө оруулалтаа бүрэн оруулаагүйгээс “Цахимгал” ХХК-н санхүүгийн байдал хүндэрсэн ба энэ талаар захиалагч компанийн хувьцаа эзэмшигч Рави Крашнадас Жагасиа-д хэлэхэд та нарт бэлэглэсэн орон сууцыг ипотекийн 8 хувийн зээлд хамруулж, банкнаас зээл аваад эхний ээлжний санхүүгийн асуудлаа шийдвэрлэж болох юм байна гэснийг хүлээн зөвшөөрч бэлэглэлээр авсан орон сууцуудыг захиалан бариулах гэрээг Зенит интеллейженс корпорейшн лимитед ХХК-тай байгуулсан. Гэвч худалдагч тал нь банкны тавьсан ипотекийн зээл авах шаардлагыг хангаж чадаагүй тул талуудын хооронд 2016-06-17-ны өдөр байгуулагдсан 012 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу зээл авч чадаагүй, тухайн хэлцлээр тохиролцсон үр дагаварт хүрч чадаагүй. Нэхэмжлэгч болон хариуцагч нар “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г талуудад үүрэг үүсгэх зорилгоор бус зөвхөн банкны зээлд хамрагдах зорилгоор байгуулсан болох нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3 дах зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилгаа төлбөр - гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 43,934,000 төгрөгийг төлсөн”, 2 дах хэсэгт инийт үнийн дүнгийн 70 хувь болох 123,015,200 төгрөгийг ипотөкийн 8%-н зээлээр төлж барагдуулна” гэсэн заалтуудаас тодорхой харагддаг. Ийнхүү 30%-г төлсөн гэсэн агуулгатай заалт гэрээнд оруулах нь банканд үзүүлж урьдчилгаа төлбөрөө төлсөн учир үлдэгдэл 70%-г зээлээр санхүүжүүлж өгнө үү хэмээн хүсэлт тавих боломжтой болох юм. “Зенит интеллейженс корпорейнг лимитед” ХХК болон Г.Н- нарын 2016-06-17-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах тухай -гэрээ” нь анхнаасаа талуудад эрх үүрэг үүсгэх зорилгоор байгуулагдаагүй бөгөөд зөвхөн бэлэглэгч, бэлэг хүлээн авагч нарын тохиролцооны дагуу компанийн санхүүгийн асуудлыг цэгцлэх зорилгоор байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдох бөгөөд уг хэлцэл нь ИХ-н 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл" хамаарах хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна. Мөн ИХ-н 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана.” гэж үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулан нотариатаар батлуулах хэлбэрийн шаардлага тавьсан бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй хэлцэл нь ИХ-н 56.1.8-т “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн. хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн...” хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах юм. Нэхэмжлэгч нь дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн эрх үүргийг “Зенит интеллейженс корпорейшн лимитед” ХХК-иас шилжүүлэн авахаар 2017-11-01-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээний эрх, үүрэг шилжүүлэх тухай гэрээг байгуулсан бөгөөд энэхүү эрх үүрэг шилжүүлэх тухай гэрээ нь ИХ-н 56.1.10-т заасан “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх юм. Ийнхүү хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шаардаж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангалгүй орхисон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн ба ийнхүү өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгч компани нь өмчлөгч учир ИХ-н 106.1-т зааснаар шаардах эрхтэй байна гэсэн байдаг. Бодит байдал дээр нэхэмжлэгч “.. холдингс” ХХК орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авахдаа Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11-д заасан шаардлагыг хангаагүй байдаг. ХХША-ны явцад БЗД-н бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхэд бүрдүүлж өгсөн материалыг бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан бөгөөд дээр дурдсан хуулийн шаардлага хангаагүй нөхцөл байдал нь бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаас тодорхой харагддаг. Нэхэмжлэгч этгээдийн өмчлөх эрхийн бүртгэл хууль тогтоомжийн дагуу үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, хариуцагч нь орон сууцны цогцолборыг захиалан бариулсан этгээдээс орон сууцыг бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан зэрэг нөхцөл байдлаас харвал давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ИХ-н 106.1-т зааснаар шаардах эрхтэй эсэх нөхцөл байдал нь үгүйсгэгдэх юм. Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
.. холдингс ХХК 2018-10-22-ны өдөр шүүхэд хандаж Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хорооллын Улаанхуарангийн гудамж,18-р байр, 2 тоот 3 өрөө орон сууц /цаашид 2 тоот орон сууц гэх/ -ыг Г.Н-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангасан байна.
Шийдвэр,магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, .. холдингс ХХК өмчлөгчөөр бүртгүүлэхээс өмнө хариуцагч нь 2 тоот орон сууцыг эзэмшиж байсан үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.
Хариуцагч нь “...захиалагч гүйцэтгэгч нарын хоорондын санхүүгийн асуудлаас хамаарч 2 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлж амжаагүй байсан..” талаар буюу нэхэмжлэгчийн нэр дээрх улсын бүртгэлийг эсэргүүцсэн агуулга бүхий тайлбар гаргасан байхад шүүх уг бүртгэлийг үнэн зөв гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсгийг зөрчжээ.
2. Нэхэмжлэгч нь худалдан авагч худалдан авсан эд хөрөнгийнхөө үнийг төлөөгүй гэсэн үндэслэлээр орон сууцыг буцааж шаардсан байхад давж заалдах шатны шүүх худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцээгүй байна.
3. Гэрээгээр ямар тохиролцоо хийснийг тогтоохдоо шүүх гэрээний талуудын тайлбар, бусад баримтыг үндэслэнэ.
Анхан шатны шүүх 2017-11-01-ний өдрийн гэрээг “худалдах-худалдан авах гэрээ” гэж тодорхойлохдоо Зенит интелиженс корпорэйшн компани хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүйг анхаарч үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1-40.3-т нийцээгүй байна.
Түүнчлэн, шүүх 2017-11-01-ний өдрийн гэрээнд Иргэний хуулийн 39-41,123, 198 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэх эсэх талаар дүгнээгүй нь дутагдалтай болжээ.
4. Хоёр шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, өөрчлөлт оруулах боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01308 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1361 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож,хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 1,036,630 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцааж олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧ Б.УНДРАХ