Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 236

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил,

хохирогч М.О,

хохирогчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2017/ШТ/17 дугаар шүүхийн тогтоол,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2017/ДШМ/48 дугаар магадлалтай, 201710000042 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, З овогт Б-ийн Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь заалтад заасан “Танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогдсон;

Прокуророос Б.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах тухай тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь заалтад заасан танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэгдсэн ба энэ гэмт хэргийг Б.Б нь сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй үедээ үйлдсэн болохыг тогтоож, шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г сэтгэцийн эмгэг судлалын тусгай эмнэлэгт байлгахаар шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2017/ШТ/17 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасан байна.

Шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Х.Ундрах-Оргил, Г.Оюунцэцэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Миний үйлчлүүлэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Д-г хутгалж, амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахад Б.Б нь дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ цочмог ба түр солиорох эмгэгийн улмаас сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь шинжээчийн 8, 334 дугаартай дүгнэлтүүд, гэрч, шинжээч эмч нарын мэдүүлэг болон гэрчүүдийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогддог. Гэтэл давж заалдах шатны шүүх Б.Б-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон зүйлийг дахин тодруулахаар хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Тухайлбал, давж заалдах шатны шүүх ...Б.Б-ийн сэтгэцийн талаар 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд 8 дугаартай дүгнэлтэд Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн үйл ажиллагааны түр зуурын эмгэгтэй байсан гэж, 334 дугаартай дүгнэлтэд Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн цочмог ба түр солиорох эмгэг өвчтэй байсан, Б.Б нь стрессийн шалтгаант сэтгэл түгшилт давамгайлсан сэтгэл гутрах, айдсын эмгэгтэй гэж шинжээч нар өвчний оношийг өөр өөрөөр тогтоосон гэх боловч 2 удаагийн шинжээчийн дүгнэлт нэгнийгээ үгүйсгээгүй, өөрөөр хэлбэл ямар нэгэн зөрүүтэй дахин тодруулах зүйл байхгүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд дээрх 2 удаагийн дүгнэлтийн өвчний оношийн зөрүүтэй байдлыг шинжээч эмч Д.Д, Б.С нараас тодруулахад дүгнэлтүүд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, өмнөх дүгнэлт үндэслэлтэй байна, харин эмч нарын ажлын туршлагаас хамаарч оношоо өөр өөрөөр бичсэн байх магадлалтай, дүгнэлтийг гаргахдаа дүгнэлт гаргах заавар, журмын дагуу үзлэг, шинжилгээ хийж гаргасан байна гэсэн байхад дахин шинжээч томилуулах гэж байгаа нь хууль зөрчиж байна. Мөн гэрч Э.А, Ц.У нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хувьд эхнэртэйгээ таарамжгүй харьцаатай байсан, энэ нь нилээд удаан хугацаанд үргэлжилсэн гэсэн байхад сэтгэцийн өвчний шалтгаан буюу оношийн үндэслэлийг 8 дугаартай дүгнэлтэд айдас түгшүүр гэж, юунаас үүдэлтэй талаар тодорхой дурдаагүй, 334 дугаартай дүгнэлтэд ажлын байрны стрессээс үүдэлтэй айдас түгшүүр гэж тодорхойлсон зэрэг нь эргэлзээтэй гэж дахин дүгнэлт гаргуулахаар дурджээ. Гэвч дээр дурдсан 2 удаагийн шинжээч эмч нарын гаргасан дүгнэлтүүдийг давж заалдах шатны шүүх ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа нь тодорхойгүй байна. Шинжээч эмч нар Б.Б нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ сэтгэцийн цочмог ба түр солиорох эмгэг өвчтэй байсан байна, энэ нь сэтгэцийн онцгой байдал гэдэгт хамаарч байна, энэ өвчин хэдхэн секунд үргэлжилж болно, хэдэн цаг ч үргэлжилж болно, энэ өвчин ямар ч байдлаар үүсч болно, өөрөөр хэлбэл дотоод нөхцөл байдал болох аав, ээжийн аль нэг хүн сэтгэцийн өвчтэй байсан бол удамших байдлаар, мөн гадаад нөхцөл байдал болох ажлын байрны онцлог, олон хоногийн архидалт, стресс, нойргүй явах зэрэг зүйлээс шалтгаалж болно, энэ хүний хувьд яг аль талаасаа сэтгэцэд нөлөөлсөн бэ гэдгийг тогтоох боломжгүй гэсэн мэдүүлэг өгсөөр байхад дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн нь ойлгомжгүй болно. Нөгөө талаас шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй буюу зөв болох нь эргэлзээтэй байвал дахин шинжилгээ хийлгэхээр хуульчилсан байдаг. Тэгвэл хэрэгт 2 удаагийн сэтгэцийн дүгнэлтийг гаргасан нь дахин дүгнэлт гаргах шаардлагагүй болохыг илэрхийлж байна. Хохирогчийн дурдсан зүйлүүдийг шалгаж тогтоосон бөгөөд мэдүүлэг нь зөрүүтэй байгаа гэх гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болгож, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шинжээч эмч нарын туршлага, ажилласан жилээс хамааран онош зөрүүтэй гарсан. Хүний амь нас хохирсон байхад дүгнэлтийг олон удаа гаргасан, 7 эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан гэдэг нь хууль зүйн ач холбогдолгүй, харин оношийн хувьд зөрүүгүй байх ёстой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах үндэслэлтэй” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б-ийн сэтгэцийн талаар 2 удаагийн дүгнэлт гаргасан байдаг. Дүгнэлтийн хувьд сэтгэцийн өвчний онош нь зөрүүтэй, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан түүнийг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, сэтгэцийн эмгэг судлалын тусгай эмнэлэгт байлгахаар шийдвэрлэсэн байна.

Хэрэг хариуцах чадваргүй байдал нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, эсхүл гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон асуудлыг багтаасан ойлголт юм. Энэ хэргийн тухайд, шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан эсэхийг нарийвчлан тодорхойлоогүй бөгөөд дээрх хоёр ойлголтын алинд хамаарагдаж байгааг тогтоох нь шүүгдэгчийн хувьд эрх зүйн өөр өөр үр дагавар үүсэх нөхцөл байдлыг бий болгоно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б-ийн эмчид үзүүлэхдээ ярьсан зүйлүүд энэ хэрэг үйлдэгдэх үед буюу М.М-ын гэрт архи ууж байх үед огт илрээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт гаргахад яллагдагчийг тодорхой хугацаанд эмнэлэгт хэвтүүлж, эмчийн хяналтад байлгаж, ажиглалт хийх шаардлагатай тохиолдолд шүүх нь шинжээчийн саналыг үндэслэн яллагдагчийг эмнэлэгт хэвтүүлж, эмчийн хяналтад байлгах тухай шийдвэр гаргана” гэж заасан бөгөөд энэ арга хэмжээг авч дахин шинжилгээ хийлгүүлэх шаардлагатай. Тодруулбал, шүүгдэгч Б-ийн сэтгэцийн байдал хэрэг үйлдэхээс өмнөх цаг хугацаанд болон хэрэг үйлдэх үед ямар байсан, одоо ямар байдалтай байгаа талаарх нөхцөл байдлыг харьцуулан үзэж дүгнэлт гаргах нь хэрэгт чухал ач холбогдолтой.

Иймд давж заалдах шатны шүүхийн “шүүгдэгч Б.Б-ийн сэтгэцийн талаар хоёр удаа шинжээчийн дүгнэлт гарсан хэдий ч уг дүгнэлтүүдэд сэтгэцийн өвчний оношийг өөр өөрөөр тогтоосон нь эргэлзээтэй байх тул дахин шинжилгээ хийлгэх” талаарх дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2017/ДШМ/48 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2017/ДШМ/48 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАТЦЭРЭН

                 ШҮҮГЧ                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                               Б.ЦОГТ

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН