| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/01041/и |
| Дугаар | 2021 |
| Огноо | 2017-09-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2021
“Эко хүрээ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/02336 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Эко хүрээ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Түмэннаст конкрет” ХХК-д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 125 895 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн өмгөөлөгч С.Үлэмжийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Наранзул,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Төгсбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Түмэннаст конкрет” ХХК-тай “Бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах” 2 тоот гэрээ байгуулан 25 800 000 төгрөгийн үнэ бүхий Сика брэндийн барилгын нэмэлт бүтээгдэхүүн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нийлүүлсэн. Тус гэрээний 3.1 дэх зүйлд заасны дагуу Viscocrete (уян налархайжуулагч) бүтээгдэхүүний үнэ 10 800 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, Antifreezer (хүйтний нэмэлт) бүтээгдэхүүний үнэ 15 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон. Тус гэрээний 6.5 дахь зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. Гэвч тус компани нь төлбөрөө төлөхгүй хугацаа хожимдуулсаар байсан ба 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 500 000 төгрөг төлсөн. Бидний зүгээс удаа дараа амаар болон албан бичгээр төлбөрөө яаралтай төлөхийг шаардаж байсан. Үүнтэй холбогдуулан “Түмэннаст конкрет” ХХК-д яаралтай төлбөрөө төлөхийг шаардаж, гэрээний 6.5 дахь зүйлд зааснаар алданги тооцох болохоо мэдэгдэж 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 16/03 тоот албан бичиг хүргүүлж байсан. Хариуцагчийн зүгээс нэмж 27 000 000 төгрөгийн үнэ бүхий Viscocrete (уян налархайжуулагч), 23 735 000 төгрөгийн үнэ бүхий “Sika Rapit” бараа бүтээгдэхүүн авах хусэлт тавьсан ба өмнөх бараа бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ болох 25 300 000 төгрөг дээр үнийг нэмж нийт 70 035 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг “Бэрэн мортгэйж групп” XXK-иаc Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд орших “Хангай” орон сууцны хотхоны 514 дүгээр байрны 55 тоот 41.1 м.кв 2 өрөө орон сууц шилжүүлэн авах “Захиалгат орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан. Тус гэрээнд С.Мөнхгэрэл нь гэрээний тал болон “Бэрэн мортгэйж групп” ХХК-тай гэрээ байгуулсан. Үүний дагуу нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Бэрэн мортгэйж групп” ХХК-д хандан хувь хүний нэр дээр орон сууцыг шилжүүлж өгөхийг хүссэн албан бичиг хүргүүлж байсан. Орон сууцыг 2016 оны 3 дугаар улиралд багтааж ашиглалтанд оруулан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө гэж хариуцагч болон “Бэрэн мортгэйж групп” ХХК амлаж байсан боловч гэрчилгээ гаргаж өгөхгүй байсан. Улмаар энэ орон сууцны асуудал хэрхэсэн талаар лавлахад “Бэрэн мортгэйж групп” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 31 тоот албан бичгээр “Түмэннаст конкрет” ХХК нь байрны үнийг шилжүүлээгүй тул орон сууцыг өгөхгүй гэсэн хариу өгсөн. Ийнхүү тохиролцсон ёсоор хариуцагч нь төлбөрөө барагдуулаагүй тул дараах төлбөрийг “Түмэннаст конкрет” ХХК-иас нэхэмжилж байна. Үндсэн төлбөр 2015 оны гэрээний 3.1 дэх хэсэгт заасны дагуу 25 800 000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн нийлүүлсэн ба үүнээс 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 500 000 төгрөг төлж барагдуулсан тул үлдэгдэл төлбөр 25 300 000 төгрөг, 2016 оны гэрээний 1.3 дахь зүйлд заасны дагуу 27 000 000 төгрөгийн үнэ бүхий Viscocrete (уян налархайжуулагч), 23 735 000 төгрөгийн үнэ бүхий "Sika Rapit" бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохирсон боловч нийт 51 000 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Үүнтэй холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тооцоо нийлсэн баримтад талууд гарын үсэг зурсан. Ийнхүү үндсэн төлбөр нь нийт 76 300 000 төгрөг болсон.
2015 оны гэрээний 3.1 дэх зүйлд заасны дагуу Viscocrete (уян налархайжуулагч) бүтээгдэхүүний үнэ 10 800 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлөх ёстой байсан ч 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 500 000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 10 300 000 төгрөгийн 473 хоног хугацаа хэтэрсэн 0.5% алданги нь 24 359 500 төгрөг болсон. 2015 оны гэрээний 3.1 дэх зүйлд заасны дагуу Antifreezer (хүйтний нэмэлт) бүтээгдэхүүний үнэ 15 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлөх ёстой байсан ч 466 хоног хугацаа хэтэрсэн 0.5% алданги нь 34 950 000 төгрөг болсон.
2016 оны гэрээний дагуу нийт 51 000 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнийг тус гэрээний 2.2 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 3 дугаар улиралд багтаан орон сууц шилжүүлэх замаар төлөх ёстой байсан. Гэтэл ийнхүү шилжүүлээгүй тул 2016 оны 4 дүгээр улирал буюу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 136 хоног хугацаа хэтэрсэн 0.5% алданги нь 34 680 000 төгрөг болсон.
2016 оны “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.4 дэх хэсэгт алданги тооцохдоо “Төлбөр төлөх хугацааг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №2 тоот гэрээ болон энэ гэрээний дагуу тооцно” гэж заасны дагуу нийт алданги нь 93 989 500 төгрөг болсон. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт зааснаар анз нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алданги нь үндсэн төлбөрийн 50 хувь буюу 38 150 000 төгрөг болж байна.
2016 оны “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний 5.5 дахь зүйлд зааснаар шүүхэд хандсантай холбогдон гарах өмгөөллийн зардлыг буруутай тал нь хариуцахаар тохиролцсон. Тус нэхэмжлэлтэй холбогдуулан бидний зүгээс өмгөөлөгчийн хөлс 11 445 000 төгрөг байхаар тохиролцож гэрээ байгуулсан. “Түмэннаст конкрет” ХХК нь 2015 оноос хойш төлбөрөө хожимдуулсантай холбогдуулан манай компани нь ихээхэн хэмжээний хохирол амссан. Төлбөр хожимдсоноос болж үйл ажиллагаанд үлэмж хэмжээний доголдол гарсан ба байгууллагын ажилчидтай байгуулсан гэрээгээ цуцлаж, үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод байна. Иймд нийт 125 895 000 төгрөгийг хариуцагч “Түмэннаст конкрет” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч “Түмэннаст конкрет” ХХК-иас 114 317 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Эко хүрээ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 577 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 787 425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 729 537.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,
Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагаа явуулахыг зөвшөөрч шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч С.Үлэмж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгт заасан 265 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан аваагүй бөгөөд шүүх гэрээгүйгээр нийлүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж манай байгууллагын хүлээж аваагүй бараа материал болох 265 000 төгрөгийн үнийн дүн бүхий шүүхийн шийдвэрийн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч “Эко хүрээ” ХХК нь хариуцагч “Түмэннаст конкрет” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 125 895 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2 тоот бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь 1 тн viscocrete /уян налархайжуулагч/-ийг 2 700 000 төгрөгөөр тооцож 4 тн viscocrete /уян налархайжуулагч/-ийг, 1 тн antifreezer /хүйтний нэмэлт/-ийг 3 000 000 төгрөгөөр тооцож 5 тн antifreezer /хүйтний нэмэлт/-ийг худалдах, хариуцагч нь 4 тн уян налархайжуулагчийн төлбөр болох 10 800 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, 5 тн хүйтний нэмэлтийн төлбөр болох 15 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус тус төлөхөөр тохиролцсон байна. /хх 5-7 дугаар тал/
Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Талууд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2 тоот бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр 25 300 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тогтоож, мөн талууд 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр 27 000 000 төгрөгийн үнэ бүхий “Sika Visso Crete”, 23 735 000 төгрөгийн үнэ бүхий “Sika Rapit” бүтээгдэхүүнийг нэмж худалдан авахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. /хх 10-11 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2 тоот бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу 25 800 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу 51 000 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг тус тус хариуцагчид нийлүүлсэн болох нь хэргийн 8, 18 дугаар талд авагдсан зарлагын баримтуудаар тогтоогджээ. Энэ талаар талууд маргаагүй байна.
Зохигчид дээрх 2 бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг нэгтгэн 76 035 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар тохиролцож, хариуцагч нь 76 035 000 төгрөгийн төлбөрт 2 өрөө орон сууцны төлбөрийг “Бэрэн мортгэйж” ХХК-д төлж нэхэмжлэгчид 2 өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцсон боловч орон сууц олгогдох боломжгүй болж хариуцагч нь 76 035 000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Талууд дээрх 2 бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнд алдангийн талаар тохиролцсон тул хариуцагч нь гэрээний дагуу тохиролцсон алдангийг төлөх үүрэгтэй ба хариуцагч нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу үндсэн төлбөрт 25 300 000 төгрөг, алданги 12 650 000 төгрөг, нийт 37 950 000 төгрөгийг, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээний дагуу үндсэн төлбөрт 50 735 000 төгрөг, алданги 25 367 500 төгрөг, нийт 76 102 500 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй болно.
Анхан шатны шүүх дээрх 2 гэрээний үүрэгт хариуцагчаас нийт 114 317 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 265 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг гэрээгүйгээр нийлүүлсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/02336 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгчийн төлсөн 9 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ