Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Ж.С, Н.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

       Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            Б.Мээпам

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                   Б.Алтанчимэг, С.Пүрэвсүрэн

Хохирогч                                            Б.Б, Б.С

            Хохирогчийн өмгөөлөгч                   М.Алтанчимэг

            Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ж.С, Н.А нарт холбогдох 201603000226 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгааагүй Е овогт Нн А

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, О овогт Жгийн С

 

Н.А, Ж.С нар нь бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Бгаас “Н даргын байрнаас орон сууц захиалж өгнө, орон сууцыг томруулж өгнө” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж            11 625 900 төгрөгийг,

2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 6 000 000 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 6 000 000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 20-ны үеэр      1 300 000 төгрөгийг нийт 24 925 900 төгрөгийг,

2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Н.Энхболдоос “зээл хаагаад буцаагаад өгнө, миний дансанд бэлэн 7 000 000 төгрөг байна” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 7 600 000 төгрөгийг,  

2013 оны 10 дугаар сарын үеэр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Ц.Отгонбаярт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохионы 12-23 тоотод байрлах газрыг зарна” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3 300 000 төгрөгийг тус тус залилсан,

2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 36 дугаар байрны 30 тоотод оршин суух иргэн Ж.Нандинцэцэгийн орон сууцанд нэвтрэн, нууцаар хууль бусаар эд зүйл хулгайлан авч 11 412 400 төгрөгийн хохирол учруулсан,

Н.А нь ганцаараа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Н.Номин-Эрдэнийг “Хууль сахиулахын Их сургуульд оруулж өгнө” хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2016 оны 05 дугар сард 1 500 000 төгрөгийг, 2016 оны 09 дүгээр сард 600 000 төгрөгийг, мөн 9 дүгээр сард 158 250 төгрөгийг буюу нийт 2 258 250 төгрөгийг,

2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн В.Цэнд-Аюушаас “орон сууц зарна” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2 700 000 төгрөгийг,

2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 8-25 тоотод оршин суух иргэн Д.Жгийн гэрт амьдарч байхдаа нууцаар, хууль бусаар эд зүйл хулгайлан авч 499 500 төгрөгийн хохирол учруулсан,

2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Оюунаас банкнаас зээл авах гэсэн чинь өртэй гээд байна зээл хаах гэсэн юм” гэж итгүүлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2 000 000 төгрөгийг,

2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Ж.Мөнхтуяагаас “зээл хаагаад буцааж өгнө” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 1 700 000 төгрөгийг,

2013 оны 12 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Сд “Найдвартай зээл байвал надад хэлээрэй, хүүг нь хувааж авдаг ёстой найдвартай, чи надад мөнгө зээлүүлээч” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3 900 000 төгрөгийг,

2016 оны 09 дүгээр сарын 13-ны Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б.Баясгалантөрд 61-68 АРА улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг хямдхан зарна гэж итгэл төрүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 5 700 000 төгрөгийг тус тус залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Н.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 17.1 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар, Ж.Ст холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор:

“Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж;

Шүүгдэгч Е овогт Нн Аг  давтан үйлдлээр бүлэглэж орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэгт, залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч О овогт Жгийн Сыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, бусдыг хуурч бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож;

2002 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр шүүгдэгч Н.Ад 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10.000/арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж;

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр шүүгдэгч Ж.Сыг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000/хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000/хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж;

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Ст оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Н.Ад оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж;

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд  хөрөнгө хураахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10.000/арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ жилийн хугацаанд, шүүгдэгч Ж.Ст Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2000/хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000/хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болсноос хойш 8/найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Ж.С нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж;

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Агаас хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р баг, Тамир хорооллын 109-01 тоотод оршин суух Б.Б/РД:АО83073001/-д 12.462.950/арван хоёр сая дөрвөн зуун жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг, хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, 35 дугаар байрны 22 тоотод оршин суух Б.С/РД:ЙБ82031405/-д 3.788.000/гурван сая долоон зуун наян найман мянга/ төгрөг, хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Бортолгойн 19-р гудамжны 12 тоотод оршин суух В.Цэнд-Аюуш/РД:АЭ88082811/-т 2.700.000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөг, хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг, Цагаандавааны 39-р гудамжны 32 тоотод оршин суух Н.Номин-Эрдэнэ/РД:АЮ97101403/-д 2.258.250/хоёр сая хоёр зуун тавин найман мянга хоёр зуун тавь/ төгрөг, хохирогч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багт оршин суух  Б.Баясгалантөр /РД:ЗВ87101216/-д 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг, хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг, 1-р 48 дугаар байрны 4-46 тоотод оршин суух Н.Энхболд/РД:НА82092173/-д 275.000 /хоёр зуун далан таван мянга/ төгрөг, хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, 2-р 36-р байрны 30 тоотод оршин суух Ж.Нандинцэцэг/РД:АЭ84060461/-т 3706200 /гурван сая долоон зуун зургаан мянга хоёр зуун/ төгрөг, шүүгдэгч Ж.Саас хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р баг, Тамир хорооллын 109-01 тоотод оршин суух Б.Б/РД:АО83073001/-д 12.462.950/арван хоёр сая дөрвөн зуун жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг, хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг, 1-р 48 дугаар байрны 4-46 тоотод оршин суух Н.Энхболд/РД:НА82092173/-д 3.800.000/гурван сая найман зуун мянга/ төгрөг, хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, 2-р 36-р байрны 30 тоотод оршин суух Ж.Нандинцэцэг/РД:АЭ84060461/-т  5706200 /таван сая долоон зуун зургаан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ш.Очирбат, Б.Мягмарсүрэн нар нь хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж; 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад хохирогч нарт шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан хохирлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6/зургаа/ сарын хугацаанд, шүүгдэгч Ж.Ст хохирогч нарт шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Ж.С нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлаж;

Шүүгдэгч Н.А, Ж.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж;

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж;

Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.А, Ж.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.”

 

Хохирогч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдолд:

“Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25 тоот шийтгэх тогтоолыг хохирогч Б.Б миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь миний бие Б.Б нь Ж.С, Н.А нарт нийт 24 925 900 /хорин дөрвөн сая есөн зуун хорин таван мянга есөн зуу/ төгрөгийг залилуулсан. 2015 оны 07 сард нэг өрөө байрны урьдчилгаа 30 хувь болох 11 625 900 төгрөг, дараа нь 11 сарын 03-нд      6 000 000 төгрөг, 11 сарын 27-нд 6 000 000 төгрөгийг тус тус өгсөөр нийт 24 925 900 төгрөгийг энэ хоёр хүнд залилуулснаас болж төрсөн дүү Баярхүүгийн хашаа байшинг ломбарданд алдаж одоо дүү эхнэр, хоёр хүүгийн хамт хадмындаа амьдарч байна. Н.А нь миний байрны мөнгө дутаад байна дүүгийнхээ хашаа байшинг 10 хоногийн хугацаатай ломбарданд барьцаалаад 6 000 000 төгрөг аваад өгөөч гээд хугацаа дууссан үедээ авч өгөөгүй. Тэгээд хашаа байшинг 2016 онд ломбард нь хурааж авсан. Нэг өрөө байраа хоёр өрөө болгож болно гэж Н дарга тэгж байна, ойрын үед 6 сая төгрөгөө өгчих гэж байна гээд Н даргын эхнэрийн дүүгийн данс гээд нэг дансанд хийчих гэхээр нь өөрийн дүү Мягмарсүрэнгээр хийлгэсэн. Мягмарсүрэн одоо хүртэл 6 сая төгрөгний хүүгээ төлж дуусаагүй явна. Би орон гэр байхгүй охины хамт дүүгийндээ амьдарч байна. Ж.С, Н.А нар нь надаас удаа дараа мөнгийг минь залилж авсан. Би маш их гомдолтой байна. Энэ хэргийг дахин хянаж өгнө үү. Миний хохирлыг Ж.С, Н.А нараас гаргаж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Н.А, Ж.С нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах, завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өнгө үү. Хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн тооцож гаргуулахаар заасан учраас хохирогч Б.Бгаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгч Ж.С нь бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон учраас хохирогч Б.Бд учирсан хохирлыг Н.Атай хувааж төлөх нь үндэслэлтэй.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Хохирогчийн өмгөөлөгчийн тайлбарт тайлбар хэлэхэд 8 200 000 төгрөгтэй холбоотой тайлбар хэлээгүй. Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нар буруу ойлгосон байна. Ж.Сын данс руу ороогүй. Н даргын эхнэрийн дүүгийнх данс руу орсон            6 000 000 төгрөгийг тэнцүү хувааж 3 000 000 төгрөг болгочихсон байсан. Үүний 12 462 950 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг нь хасч өгнө үү гэсэн тайлбар гаргасан. Энэ мөнгө Ж.Сын данс руу огт ороогүй мөнгө юм.  Хохирогч тал зөвөөр ойлгоорой. Б.Б ч мөн үүнтэй холбоотой тайлбар хэлдэг. Ж.С 9 462 950 төгрөгийг хохирогч Б.Бд өгөхийг зөвшөөрч байгаа. Хохирол төлбөр төлөх хугацааг арай урт хугацаа гэж байна. Ж.С нь ганцхан Б.Бд хохирол төлбөр төлөхгүй шүү дээ. Цаана нь өөр хохирол төлбөр төлөх хүн байгаа. Хохирол төлбөрийг 4 сарын хугацаанд төлөхөд хэцүү. Ж.С нь одоогоор ажилгүй байгаа. Тийм учраас хохирол төлбөр төлөх хугацаа 4 сар байгаа нь урт биш байна. Хохирол төлбөр төлөх бодит биелэх хугацааг өгөх ёстой.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Прокурор болон хохирогчийн өмгөөлөгчтэй санал нэг байна. Хохирогч Б.Бд учирсан хохирол төлбөрийг Ж.Стай хувь тэнцүүлж гаргуулах ёстой. Дээрх мөнгө дандаа Ж.Сын дансаар орж байсан. Энэ мөнгийг Ж.Саас гаргуулж өгнө үү гэдэг асуудал яригдаж магадгүй. Хохирогч Б.Бгийн зүгээс хохирол төлбөрийг төлөх хугацааг багасгаж өгнө үү гэж байгаатай санал нийлэхгүй байна. Шүүхээс хохирол төлбөр төлөх хугацааг боломжит хугацааг олгосон.” гэв

 

Хохирогчийн өмгөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Ж.С нь Н.Агийн залилангийн гэмт хэрэг үйлдэж байсныг нь мэдэж байсан. Банкнаас зээл авахад нь батлан даалт гаргаж зээл авахад тусалсан. Зээлээ аваад           БНХАУ-ын Эрээн хот руу яваад гэртээ хэрэгцээтэй эд зүйлс худалдаж авсан. Тухайн үйл баримт нь тогтоогдсон. Хохирогч Б.Бгийн өгсөн мөнгө дандаа Ж.Сын дансаар орсон байдаг. Шүүх Ж.С, Н.А нарыг хоёуланг нь залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Найз нөхөд танилын хүрээгээ ашиглаж гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Хохирогч Б.Б бодохдоо шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоход торгуулийн ял болох 10 000 000 төгрөгөө төлчихөөд хохирогч нарын хохирол төлбөрийг төлөх хугацаа нь арай урт байна гэж үзээд бухимдаад байгаа юм.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл бодит байдалтай нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Н.А, Ж.С нар нь бүлэглэн 2013 оны 10 дугаар сараас 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Б.Бгаас 3 удаагийн үйлдлээр нийт 24.925.900 төгрөг,  иргэн Н.Энхболдоос 7.600.000 төгрөгийг, иргэн Ц.Отгонбаяраас 3.300.000 төгрөгийг тус тус урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авсан, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 36 дугаар байрны 30 тоотод оршин суух иргэн Ж.Нандинцэцэгийн орон сууцанд нэвтрэн, нууцаар хууль бусаар эд зүйл хулгайлан авч 11.412.400 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Н.А нь 2013 оны 10 сараас 2016 оны 09 сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд иргэн Н.Номин-Эрдэнээс 3 удаагийн үйлдлээр нийт 2.258.250 төгрөгийг, иргэн В.Цэнд-Аюушаас 2.700.000 төгрөгийг, иргэн Д.Оюунаас 2.000.000 төгрөгийг, иргэн Ж.Мөнхтуяагаас 1.700.000 төгрөгийг, иргэн Б.Сэс 3.900.000 төгрөгийг, иргэн Б.Баясгалантөрөөс  5.700.000 төгрөгийг тус тус урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авсан, 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 8-25 тоотод оршин суух иргэн Д.Жгийн гэрт амьдарч байхдаа нууцаар, хууль бусаар эд зүйл хулгайлан авч 499.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Аг бүлэглэж, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон атал шүүгдэгч Ж.Сыг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь буруу бөгөөд зүй нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бүлэглэж, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, харин гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгчийн оролцсон оролцоог харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтыг журамлан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй юм.

 

2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан 2 жил 6 сарын, шүүгдэгч Ж.Ст оногдуулсан 2 жилийн хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар тус тус өршөөн хэлтрүүлсэн нь зөв болжээ.

 

Харин шүүгдэгч Н.А, Ж.С нар бүлэглэн, 6 удаагийн үйлдлээр бусдын нийт 35.825.900 төгрөгийг залилан авсан, шүүгдэгч Н.А нь 6 удаагийн үйлдлээр бусдын 18.258.250 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлөөгүй, хохирлыг хэрхэн яаж төлөх, торгох ялыг мөн хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй байхад шүүгдэгч нарт торгох ял шийтгэл оногдуулсан нь үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдалд тохироогүй байна.

 

Мөн үүнтэй холбоотойгоор давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Б.Б, Б.С нар шүүгдэгч Н.А, Ж.С нарыг торгох ял биелүүлэхэд анхаараад хохирол төлбөрийг барагдуулахгүй байж болзошгүй талаар тайлбар гаргаж байгааг үгүйсгэх аргагүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.А, Ж.С нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                                       Д.БЯМБАСҮРЭН

                                                                       Д.ЭРДЭНЭБИЛЭГ