Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2015/0891/З |
Дугаар | 221/МА2016/0170 |
Огноо | 2016-03-16 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2016/0170
2016 оны 3 сарын 16 өдөр | Дугаар 221/МА2016/0170 | Улаанбаатар хот |
Ж.Н-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагч С.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 49 дүгээр шийдвэртэй, Ж.Н-н нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шинжилгээ үнэлгээний газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Б.О, Б.Г, С.Л, Х.Х нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан үндэслэлээр 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цэргийн алба хаасны тэтгэвэрт гарч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэврийн хэмжээг 475601 төгрөгөөр тогтоосон билээ.
Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг зөрчиж цалинг буруу тооцсон /цалинг 60 сард хуваагаагүй/ гэсэн үндэслэлээр тэтгэврийн хэмжээг бууруулж, улмаар зөрүү гэж 1609794 төгрөгийн төлбөр гаргажээ.
Би ойлгохдоо миний тэтгэврийг тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана гэснийг үндэслэсэн гэж үзэж байгаа бөгөөд би нийгмийн даатгалын шимтгэлийг сар цалингаасаа тасралтгүй төлж байсан тул энэхүү заалтыг үндэслэх нь буруу биш гэж бодож байна.
Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-д зааснаас үзэхэд даатгуулагч сар бүр шимтгэл төлөх боломжгүй байсан тохиолдолд хэрэглэх хуулийн зохицуулалт гэж ойлгож байна.
Би хэдийгээр сонгон авсан 5 жилийн хугацааны 6 сард нь эрүүл мэндийн шалтгааны улмаас цалин аваагүй боловч энэ нь сар бүр шимтгэл төлөх боломжгүй гэсэн даатгуулагч гэдэгт хамаарахгүй гэж үзэж байгаа ба сонгон авсан 5 жилийн хугацаанд авч байсан цалин хөлсний дүнг миний шимтгэл төлсөн нийт сарын тоо буюу 54 сард хувааж тооцсон нь дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг буруу хэрэглээгүй гэж үзэж байгаа юм.
Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 7-д зааснаар хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно гэснийг болон төрөөс тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн байгааг улсын байцаагч анхаараагүй байна.
Одоо Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс уг актаар тогтоогдсон зөрүү 1609794 төгрөгийг намайг төл гэсэн шаардлагыг тавьдаг бөгөөд миний хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т заасан Нийгмийн даатгалын ажилтны алдаагаар буруу олгогдсон олгогдсон тэтгэвэр тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна гэснийг үндэслэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.
Ийнхүү дээрх улсын байцаагч нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж гаргасан акт нь миний эрхийг зөрчиж байгаа тул акт болон актын хавсралтын 8 дугаарт заасан хэсгийг хүчингүй болгуулах, тэтгэврийг өмнө авч байсан хэмжээгээр олгох шийдвэр гаргахыг даалгаж өгөх, энэхүү хууль бус актын улмаас би нийт 6 сар 407307 төгрөгийн тэтгэвэр авсан бөгөөд зөрүү 201176 /2015 оны 7 сараас 10 дугаар сарыг дуустал 1 сарын зөрүү 50294 төгрөг нийт 4 сар/ төгрөгийг олгуулж өгнө үү хэмээн нэхэмжлэл гаргалаа гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Н нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаар улсын байцаагчийн акт болон хавсралтын өөрт холбогдох хэсгийг буюу хавсралтын 8 дахь заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тэтгэврийг өмнө авч байсан хэмжээнд тогтоолгохыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа. Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан үндэслэлээр 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Цэргийн алба хаасны тэтгэвэрт гарч аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс тэтгэврийн хэмжээг 457.600 төгрөгөөр тогтоосон.
Нэхэмжлэгчийн тэтгэврийг анх тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана гэсэн хуулийн заалтыг үндэслэсэн, нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр цалингаасаа төлж байсан тул энэ заалтыг үндэслэх нь буруу биш гэж үзэж байна. Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалт нь даатгуулагч сар бүр шимтгэл төлөх боломжгүй тохиолдолд хэрэглэх хуулийн зохицуулалт гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн сонгож авсан 5 жилийн хугацааны 6 сард нь эрүүл мэндийн улмаас цалин аваагүй боловч энэ нь сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй даатгуулагч гэдэгт хамаарахгүй. Сонгож авсан 5 жилийн хугацаанд авч байсан цалин хөлсний дүн миний шимтгэл төлсөн нийт сарын 54 сарын хугацаанд хувааж тооцсон нь дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-дэх заалтыг зөрчөөгүй, буруу хэрэглээгүй гэж үзэж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.7-д хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно гэснийг улсын байцаагч анхаарч үзээгүй байна.
Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс уг актад тогтоогдсон 1.609.794 төгрөгийг нэхэмжлэгчийг төл гэсэн шаардлага тавьж байгаа. Үүнийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаа буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна гэснийг үндэслэн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд улсын байцаагчийн хуулийг буруу хэрэглэж гаргасан актын нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа уг актын Ж.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно гэсэн заалтын дагуу уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана гэсэн заалтаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Н-н эрх ашиг зөрчигдсөн байгаа. Өөрөөр хэлбэл сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг иргэн өөрөө сонгох эрхийг зөрчсөн байна. Гэтэл уг актад нэхэмжлэгчийн сонголтыг үндэслэлгүй байна гээд бага цалинтай байсан 2006 оны цалинг оруулж тэтгэврийг тогтоож байгаа нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа. Энэ нэхэмжлэгчийн 5 жилээ өөрөө сонгох эрхэд бүдүүлгээр халдаж, хууль зөрчсөн байна. Дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана гэхээр нэхэмжлэгч 5 жилийн хугацаанд 54 сард нь шимтгэл төлсөн байгаа. Тэгэхээр 54-т хувааж тооцох нь дээрх хуулийн заалттай нийцэж байгаа. Гэтэл акт тавьсан байцаагч нар хүчээр 60 сард хувааж тогтоосон хуулийг зөрчиж нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн байна.
Нэхэмжлэгч 6 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй нь тухайн үедээ хөдөлмөрийн чадвар алдсан байсан бөгөөд хөдөлмөрийн чадвараа алдсаныг тогтоосон байдаг. 2013 оны 01 дүгээр сарын 16-нд хөдөлмөрийн чадвар алдалтыг цуцалсан шийдвэр хувийн хэрэгт авагдсан байгаа. Цэргийн байгууллага учраас удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдлаа гэж үзээд түр тушаал гарган халсан байсан. 6 сарын хугацаа дуусахад эгүүлэн ажилд нь томилсон байдаг. Энэ 6 сарын хугацаанд байгууллага нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн дагуу төлж явах ёстой. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.7-д заасны дагуу хөдөлмөрийн чадвараа алдсан албан хаагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн байгууллага нь төлж байх үүрэгтэй байсан. Улсын байцаагчид дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т зааснаар тооцож тэтгэврийг тогтоох ёстой гэж үзсэн байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй хүн гэдэг хамаарагдахгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь байнгын ажлын байртай сар бүр шимтгэл төлж байх ёстой хүн байсан.
Нэхэмжлэгчийн 2006 оны цалин бага учраас тэтгэврийг уг оныг оруулан тогтоосон нь эрх ашгийг зөрчсөн, уг оны цалин өндөр байсан бол өөр хэрэг. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд уг актын хавсралтын 8 дахь хэсэг буюу Ж.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, тэтгэврийн хэмжээг өмнөх 457.601 төгрөгөөр тогтоохыг даалгах, хууль бус шийдвэрийн улмаас хохирсон хохиролд 352.058 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Б.О, улсын байцаагч Б.Г, С.Л, Х.Х нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Улсын байцаагчийн 112 дугаартай акт болон 1 дүгээр хавсралтын 8 дахь заалт нь дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд:
1. Иргэн Ж.Н-н тэтгэвэр тогтоолгохоор сонгон авсан 5 жилийн хугацааны 6 сард нь шимтгэл төлөөгүй байсан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн 2 дахь заасан үндэслэлээр тэтгэвэр тогтоолгох үндэслэл болсон.
2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно гэж заасны дагуу Ж.Н-н өөрийнх нь сонгосон 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцсон байна.
3. Ж.Н-н өвчтэй байсан 6 сард нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.7-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн санд төлөөгүй байсан. Тухайн өвчтэй байсан гэх хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн байсан нь Цагдаагийн ерөнхий газрын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Архивын лавлагаа-аар тогтоогдож байх тул ажил олгогч төлөх үндэслэлгүй байсныг нотолсон байна.
4. Нэхэмжлэгч Ж.Н-н 6 сард нь өвчтэй байсан гэдгийг нотлох баримт тэтгэврийн хувийн хэрэгт нь байхгүй байсан нь түүнийг хөдөлмөрийн чадвараа түр алдсан гэж үзэх үндэсгүйг нотолж байна.
5. Тухайн үндэслэлгүй тогтоогдсон тэтгэврийг авсан нь иргэн Ж.Н байх тул илүү авсан тэтгэврийн хэмжээгээр хариуцлага хүлээх нь хууль зүйн шаардлага гэж үзэж байна.
6. Тэтгэврийн нэмэгдлийг хувийн хэргээс нягтлан шалгахад тухайн хугацаандаа зохих ёсоор нэмэгдэж орсон байв.
7. Нэхэмжлэгч Ж.Н та 6 сар өвчтэй буюу хөдөлмөрийн чадвараа түр алдсан гэж тайлбарлаж байх боловч тухайн хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн тухайгаа огт дурдаагүй байгаа нь хууль бусаар тэтгэвэр тогтоолгоход нөлөөлсөн гэж үзэх үндэстэй байна.
Иймд улсын байцаагчийн актын 1 дүгээр хавсралтын 8 дахь заалтыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэгч Ж.Н-н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэн, улсын байцаагч Б.Г, нэхэмжлэгч Б.О, С.Л, Х.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22 дугаар зүйлийн 22.1-т тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно гэж заасны дагуу Ж.Н-н өөрийнх нь сонгож авсан 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцсон байдаг.
Ж.Н хөдөлмөрийн чадвар алдсан гэх 6 сарын хугацаанд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.7-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн санд төлөөгүй байсан. Учир нэхэмжлэгчийг өвчтэй байсан гэх хугацаанд ажлаас халагдсан байсан нь Цагдаагийн ерөнхий газрын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3/5927 дугаар архивын лавлагаагаар тогтоогдож байх тул ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үндэслэлгүй байна.
Хувийн хэрэгт авагдсан хөдөлмөрийн чадвар түр алдсаныг цуцалсан тухай актад хэзээ тогтоосон нь ойлгомжгүй 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр цуцалсан болохыг мэдэгдье гэсэн акт байдаг тул нотлох чадваргүй баримт байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ж.Н нь 6 сар өвчтэй буюу хөдөлмөрийн чадвараа түр алдсан гэж тайлбарласан боловч тухайн хугацаандаа ажлаас халагдсан талаараа нэхэмжлэлдээ дурдаагүй байгаа. Нэхэмжлэгчийг Цагдаагийн байгууллагаас халагдсан гэсэн байдаг бөгөөд эрүүл мэндээр тэнцэхгүй учраас халлаа гэсэн зүйл лавлагаанд байдаггүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 49 дүгээр шийдвэрээр: Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Н-н Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаартай улсын байцаагчийн акт болон 1 дүгээр хавсралтын өөрт холбогдох хэсгийг буюу 1 дүгээр хавсралтын 8 дахь заалтыг хүчингүй болгуулах, тэтгэврийн хэмжээг бууруулж 407.307 төгрөгөөр тогтоосныг зогсоож өмнөх 457.600 төгрөгөөр тогтоохыг даалгах, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 352058 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ... Ж.Н нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэврээ тогтоолгоод авч эхэлсэн байхад 2013 оны 06 дугаар сарыг дуустал 66 сарын цалингаар тогтоосон байна. Анх тэтгэвэр тогтоолгохдоо сонгож авсан 5 жилийн хугацааны цалин хөлсний тодорхойлолтыг Нийгмийн даатгалын байгууллагад ирүүлээгүй гэж дүгнэсэн боловч хавтаст хэрэгт хоёр цалингийн тодорхойлолтыг 2013 оны 01 дүгээр сарын 02-нд гаргаж өгсөн огноотой байх юм.
Мөн Ж.Н-н тэтгэврийг анх тогтоосон Дорноговь аймгийн НДХ-ийн байцаагчийг гэрчээр асуулгахдаа түүнийг тэтгэврийг тогтоохдоо хэдээс хэдэн оны цалинг тооцож бодсон болох, өвчтэй байсан хэдэн сарыг оруулаагүй болох зэргийг тодруулж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн асуулт бүрэн хариулагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь тэтгэвэр тогтоох цалингийн бодолт зөв бодогдсон гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22.1.1, 22.1.2 гэж заагласан 2 заалт хуульд хийх шаардлагагүй юм. Ж.Н нь байнгын ажлын байранд нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тасралтгүй төлж байсан тул 22.1.2-т заасан даатгуулагч сар бүр шимтгэл төлөх боломжгүй тохиолдолд хэрэглэх ёстой энэ заалтыг хэрэглэх нь буруу.
Ж.Н-н тэтгэврийг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар бодох ёстой байжээ гэжээ. Гэтэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22.1.1-д сонгож авсан 5 жилийн цалинг нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт сарынх нь тоонд хувааж бодох нь илүү ашигтай хувилбар байсан тул хуулийн ашигтай заалтыг хэрэглэх нь буруу биш гэж үзэж байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, маргаж буй актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсэх талаар нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Ж.Н-аас Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаартай улсын байцаагчийн акт болон 1 дүгээр хавсралтын өөрт холбогдох хэсгийг буюу 1 дүгээр хавсралтын 8 дахь заалтыг хүчингүй болгуулах, тэтгэврийн хэмжээг бууруулж 407307 төгрөгөөр тогтоосныг зогсоож, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 201176 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх хуралдааны явцад хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол нэг сарын 50294 төгрөг, 3 сар өнгөрсөн тул нийт 352058 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Маргаан бүхий Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаартай актаар Ж.Н-н тэтгэврийг тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг зөрчиж, цалинг буруу тооцсон /60 сард хуваагаагүй/ гэх үндэслэлээр Ж.Н-н тэтгэврийг 407307 төгрөг байхаар тогтоож, илүү олгогдсон 1609794 төгрөгийг холбогдох албан тушаалтнуудаар хариуцуулан төлүүлэхийг даалгасан байна.
Нэхэмжлэгч Ж.Н нь анх 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж цэргийн тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан байх ба хүсэлтдээ цалингийн тодорхойлолт 2 хувь, тэтгэмж олгосон тушаал 1 хувь, Цагдаагийн ерөнхий газрын архивын лавлагаа 2 хувь, тэтгэвэр тогтоолтын хуудас 2 хувь, гар өргөдөл 1 хувь, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа цуцалсан акт зэрэг материалыг хавсаргажээ.
Улмаар нэхэмжлэгч Ж.Н нь тэтгэвэр тогтоолгохоор 2007 оны 01 дүгээр сарын 01-ээс 2011 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх 5 жилийн хугацааг сонгосон, энэ хугацаанд Дорноговь аймгийн цагдаагийн газрын даргын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар тогтоогдсон талаар Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3ш/5927 дугаар лавлагаа хэрэгт авагдсан байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 7 дахь заалтаар хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны шимтгэлийг төр, аж ахуйн нэгж, байгууллагаас тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор заажээ.
Гэтэл шүүх нэхэмжлэгчийн сонгосон 5 жилийн хугацааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аль ч заалтыг баримталснаас үл хамааран 60-д хуваана гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа цуцалсан тухай акт, Ж.Н нь хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар тогтоогдсон талаар дурдсан Цагдаагийн ерөнхий газрын төв архивын лавлагаа зэргийг анхаарч үзээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.Н хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмж авч байсан эсэх, тэр хугацаанд түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байсан эсэхийг шалгаж тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
Иймд холбогдох нотлох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 49 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ