Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2475

 

 

Б.Д нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02472 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШГА-нд холбогдох

 

2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “М ББСБ” ХХК-иас 24 760 ам.долларыг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204018467 дугаартай, Баянзүрх дүүргийн ............... тоот хаягт байршилтай 50.34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаа барьцаалж, зээл авч, зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан. Улмаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 101/Ш32016/28551 дүгээр захирамжаар талуудын эвлэрлийг баталж, 69 620 004 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн явцад орон сууцыг хураан авч, албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон. Анхны албадан дуудлага худалдаанд 130 000 000 төгрөгөөр оруулсан бөгөөд үнийн санал ирээгүй нэрийдлээр дахин дуудлага худалдаанд оруулахдаа 65 000 000 төгрөгөөр оруулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т “эд хөрөнгийн үнэлгээний талаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэтэй холбогдуулж гомдол гаргаж болно” гэж заасны дагуу миний орон сууцыг хэтэрхий бага үнэлж байгаад гомдолтой байна. Манай орон сууцыг хэтэрхий багаар үнэлж байгаад гомдолтой тул 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 28551 дүгээр захирамжаар Б., Г.Б нараас 69 620 004 төгрөгийг гаргуулан “М БСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн ................ тоот 50.34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжлэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцсон үнэ болох 130 000 000 төгрөгийн 70 хувь болох 91 000 000 төгрөгөөр 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагт зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул 2 дахь дуудлага худалдааг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт оруулахаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан боловч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 181/Ш32017/03217 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэг заалтыг зөрчсөн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч нар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөрөө төлөхгүй байсан тул НШГА-наас төлбөр төлөгчийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, төлбөр гаргуулах ажиллагааг явуулсан. Гэтэл тус шүүхийн шүүгчийн захирамж гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч Б.Д нь өөрийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөө 130 000 000 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээг манай байгууллага хүлээн зөвшөөрч харилцан тохиролцон анхны албадан дуудлага худалдаанд оруулсан. НШГА-наас Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу анхны албадан дуудлага худапдаанд харилцан тохиролцсон үнийн 70 хувиас үл хөдлөх эд хөрөнгийн санал болох доод үнийг тогтоох талаар тухай бүрд талуудад мэдэгдэж байсан. НШГА нь хуулийн дагуу ажиллагаа явуулж байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, төлбөр төлөгч Б.Д нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж төлбөрөө төлөхгүй төлбөр авагч байгууллагыг хохироож байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Б.Д нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Д хариуцагч НШГА-нд холбогдуулан гаргасан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2017/03217 дугаартай хүсэлт шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр "М ББСБ” ХХК-иас 24 760 ам.долларыг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн .............. тоот хаягт байршилтай, 50.34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаа барьцаалж, зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан. Улмаар талууд эвлэрлийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 101/Ш32016/28551 дүгээр шүүгчийн захирамжаар 69 620 004 төгрөг төлөхөөр шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн явцад орон сууцыг хураан авч, албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон. Анхны албадан дуудлага худалдаанд 130 000 000 төгрөгөөр оруулсан бөгөөд үнийн санал ирээгүй нэрийдлээр дахин дуудлага худалдаанд оруулахдаа 65 000 000 төгрөгөөр оруулахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т "эд хөрөнгийн үнэлгээний талаар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэтэй холбогдуулж гомдол гаргаж болно" гэж заасны дагуу миний орон сууцыг хэтэрхий бага үнэлж байгаад гомдол гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийг тал бүрээс нь бодитойгоор хандаж шийдвэр гаргаагүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт "үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ" гэж заасан байдаг. Энэхүү зах зээлийн үнэ ханшаар миний орон сууц 100 000 000 төгрөгөөс буурахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч НШГА-нд холбогдуулж 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2016/28551 дүгээр захирамжаар Б.Д, Г.Б нар нь 69 620 004 төгрөгийг төлж барагдуулахаар “М ББСБ” ХХК-тай эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 8-9 дүгээр тал/

 

Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн .......... тоот 50.34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 163/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 163/01 тоот тогтоолоор эд хөрөнгийг хураажээ. Эд хөрөнгө битүүмжилж, хураасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19, 30, 36 дугаар зүйлд заасантай нийцсэн, талууд уг ажиллагаанд гомдол гаргаагүй байна. /хх-ийн 22-23 дугаар тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн хэмжээгээр тооцож болохоор заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 130 000 000 төгрөгөөр тохиролцсон нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тэмдэглэлээр тогтоогджээ. /хх-ийн 101-102 дугаар тал/

 

            Анхны дуудлага худалдаагаар эд хөрөнгийг оруулсан боловч үнийн санал гараагүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2 дахь дуудлага худалдааг зохион байгуулахдаа санал гаргах доод үнийг 50 хувь буюу орон сууцыг 65 000 000 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

Төлбөр төлөгч нь дээрх үнэлгээгээр дуудлага худалдаа явуулах гэж байгаа нь үндэслэлгүй, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн, бодит байдалд нийцээгүй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй бөгөөд тэрээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой саналаа өөрөө гаргасан байна. Мөн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэх хугацаанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын гомдлыг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна. Гэтэл анхан шатны шүүх уг түдгэлзүүлсэн захирамжийг хүчингүй болгон шийдвэртээ дурдсан нь буруу болжээ.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02472 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн ...” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7” гэж,

2 дахь заалтыг “ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2017/03217 дугаартай захирамж давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай” гэж,

5 дахь заалтын “... шийдвэрийг танилцуулан сонсгож” гэснийг “шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                ШҮҮГЧИД                             Д.ЦОГТСАЙХАН

 

                                                 Г.ДАВААДОРЖ