Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/00495

 

Б.Д-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02472 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2475 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Д-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Д-ий гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Магнай лайшил ББСБ” ХХК-иас 24 760 ам.долларыг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204018467 дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 171-Б байр 1 тоот хаягт байршилтай 50.34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаа барьцаалж, зээл авч, зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан. Улмаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 101/Ш32016/28551 дүгээр захирамжаар талуудын эвлэрлийг баталж, 69 620 004 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн явцад орон сууцыг хураан авч, албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон. Анхны албадан дуудлага худалдаанд 130 000 000 төгрөгөөр оруулсан бөгөөд үнийн санал ирээгүй нэрийдлээр дахин дуудлага худалдаанд оруулахдаа 65 000 000 төгрөгөөр оруулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т эд хөрөнгийн үнэлгээний талаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэтэй холбогдуулж гомдол гаргаж болно гэж заасны дагуу миний орон сууцыг хэтэрхий бага үнэлж байгаад гомдолтой байна. Манай орон сууцыг хэтэрхий багаар үнэлж байгаад гомдолтой тул 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 28551 дүгээр захирамжаар Б.Д-, Г.Баярсайхан нараас 69 620 004 төгрөгийг гаргуулан “Магнай лайшил ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 171Б байрны 1 тоот 50.34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжлэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцсон үнэ болох 130 000 000 төгрөгийн 70 хувь болох 91 000 000 төгрөгөөр 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагт зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул 2 дахь дуудлага худалдааг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт оруулахаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан боловч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2017/03217 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэг заалтыг зөрчсөн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Төлбөр төлөгч нар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөрөө төлөхгүй байсан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгчийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, төлбөр гаргуулах ажиллагааг явуулсан. Гэтэл тус шүүхийн шүүгчийн захирамж гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч Б.Д- нь өөрийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөө 130 000 000 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээг манай байгууллага хүлээн зөвшөөрч харилцан тохиролцон анхны албадан дуудлага худалдаанд оруулсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу анхны албадан дуудлага худалдаанд харилцан тохиролцсон үнийн 70 хувиас үл хөдлөх эд хөрөнгийн санал болох доод үнийг тогтоох талаар тухай бүрд талуудад мэдэгдэж байсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хуулийн дагуу ажиллагаа явуулж байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, төлбөр төлөгч Б.Д- нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж төлбөрөө төлөхгүй төлбөр авагч байгууллагыг хохироож байна гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч Б.Д-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02472 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Д-ий хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2017/03217 дугаартай хүсэлт шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ононбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2475 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02472 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн...” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7” гэж, 2 дахь заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2017/03217 дугаартай захирамж давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай” гэж, 5 дахь заалтын “...шийдвэрийг танилцуулан сонсгож” гэснийг “шийдвэрийг танилцуулан сонсго” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Анхны албадан дуудлага худалдаанд 130 сая төгрөгөөр оруулсан бөгөөд үнийн санал ирээгүй нэрийдлээр дахин дуудлага худалдаанд оруулахдаа 65 сая төгрөгөөр оруулах гэж байгааг би хүлээн зөвшөөрөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т “...эд хөрөнгийн үнэлгээний талаар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэтэй холбогдуулж гомдол гаргаж болно” гэж заасны дагуу миний орон сууцыг хэтэрхий бага үнэлж байгаад гомдол гаргасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх асуудлыг шийдвэрлэхдээ тал бүрээс нь, бодитойгоор хандаж шийдвэрээ гаргасангүй.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т “...үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ” гэж заасан байдаг. Энэхүү зах зээлийн үнээр бол миний орон сууц яавчиг 100 сая төгрөгнөөс буухгүй юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ. Анхан шатны шүүх зохигчийн хооронд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2016 оны  09 дүгээр сарын 22-ны өдрийн 28551 дүгээр захирамжаар Б.Д-, Г.Баярсайхан нарын “Магнай лайшил” ХХК-д 69 620 004 төгрөг төлөх талаарх талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүхийн дээрх шийдвэрийг төлбөр төлөгч сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ба үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн талаар төлбөр төлөгч болон төлбөр авагч талаас санал авсан байна. Хоёр тал харилцан тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 130 000 000 төгрөг гэж тогтоосон тул шийдвэр гүйцэтгэх байгууллага үнэлгээ хийлгэхээр шинжээч томилоогүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоодог. Харин мөн зүйлийн 177.4-т хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтоохоор зохицуулжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан хугацаа, шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн зохицуулалтыг баримталсан байхад давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс даган мөрдөгдөж буй хуулийг энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх харилцаанд буцаан хэрэглэсэн нь алдаатай болжээ.

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг анхан шатны шүүх шийдвэрийн 2 дахь заалтаар хүчингүй болгосон байх ба шийдвэрийн уг заалт нь зөвхөн тухайн шийдвэр бүхэлдээ хүчин төгөлдөр болсон тохиолдолд хэрэгжих байтал давж заалдах шатны шүүх “захирамж давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай” гэх шаардлагагүй өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгов. Анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2475 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02472 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН