Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0114/З |
Дугаар | 128/ШШ2020/0518 |
Огноо | 2020-08-20 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2020/0518
2020 оны 8 сарын 20-ны өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2020/0518
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг У.Б даргалж, шүүгч Д.Х, шүүгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц, иргэдийн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, гуравдагч этгээд Г.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Ц нарыг оролцуулан П.З нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: П.З
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга.
Гуравдагч этгээд: Г.М
Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжийн Г.М холбогдох хэсгийг, мөн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/662 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.З 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Миний бие Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-1-3 тоот хаягт байрлах хашаа байшинг 2000 онд иргэн Г.Б худалдан авсан бөгөөд хашааны газар болох 300 м.кв газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 010603233 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус дүүргийн Газрын албанаас авч байсан.
Улмаар байшингийн өмчлөх эрхийг орон сууц хувьчлах товчооны даргын 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр 0117008 дугаар гэрчилгээг олгож, улсын бүртгэлийн Ү-2202023332 дугаарт бүртгэгдсэн болно. Мөн энэхүү цаг хугацаатай давхцан газар эзэмших эрхийн 15 жилийн хугацаа дуусаж байсан тул хугацаа сунгуулах тухай хүсэлтийг гаргасны дагуу 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дугаар захирамжаар 5 жилээр сунган 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 000554435 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.
Гэтэл миний хууль ёсоор эзэмшиж байсан газартай давхцуулж Г.М гэх иргэнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар 000492711 дугаар бүхий гэрчилгээг олгосон байна.
Газрын тухай хуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Газар эзэмшигч дараах эрхтэй гээд 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах" гэж заасан ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” ойлгоно хэмээн тодорхойлсон байдаг.
Улмаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д бусдын эзэмших эрх бүхий газарт эрх бүхий этгээд /аливаа Засаг дарга/-ээс шийдвэр гаргах эрхийг нь хязгаарлан зохицуулжээ. Маргаан бүхий захиргааны акт нь нэг талаар иргэн Г.М газар эзэмших эрх олгосон байх боловч нөгөө талаар нэхэмжлэгч иргэн П.З миний газар эзэмших эрхэд халдсан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болсон байна.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2014 оны 01 дүгээр сарын 15-ны А/08 дугаар захирамжийг гаргасан нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлийг бүрдүүлэхийн зэрэгцээ, иргэн миний газар эзэмших эрхийг хөндөж газар эзэмших эрхийг Г.М олгосноор мөн дээрх зүйлийн 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, нэг газрыг 2 хүн эзэмших боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн зэрэг нь 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх үндэслэлийг тус тус бүрдүүлж байгаа тул илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа болно.
Мөн энэхүү шийдвэрийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн зохицуулалтын хүрээнд авч үзвэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д “нийтийн ёс зүйн хэм хэмжээг илт зөрчсөн”, 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй", 9.1.9-д захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэх захиргааны акт гаргах ямар ч боломжгүй нөхцөл байдал, илт хууль бус актын шинжийг бүрэн агуулж байна.
Түүнчлэн Иргэн Г.М газар эзэмших эрх олгохдоо Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжийг үндэслэн газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ гаргасан байх бөгөөд тус захирамжийн 1 дэх хэсэгт зааснаар “Тус дүүргийн нутаг дэвсгэрт газар дээрээ хашаа, байшин барин суурьшаад олон жил болсон боловч өдийг хүртэл газар эзэмших гэрчилгээгээ аваагүй иргэдийн эрхийг сэргээхээр заасан байдаг. Гэтэл манай байранд болон манай хашаанд оршин сууж, тус газар дээр амьдарч байгаагүй байхад энэхүү захирамжийг үндэслэн манай хашааны газраас хагасалж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон явдал нь илт хууль бус үйл ажиллагаа болсон байна.
Энэхүү актыг миний бие анх 2016 онд мэдсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж зааснаас гадна 47.4 дэх хэсэгт эрх,
хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” хэмээн зааж хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар тогтоосон байдаг тул ийнхүү маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор хандсан болно.
Миний бие Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэлийн Засаг даргад 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл гомдлын хариу өгөөгүй тул ийнхүү шүүхэд хандаж байна” гэжээ.
Нэхэмжлэгч П.З 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “... Г.М нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган тус шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 829 дүгээр шийдвэрээр “... Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр, 2015 оны А/24 дүгээр захирамжийн давхцаж буй газартай холбоотой хэсгийг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн.
Гэтэл Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/662 дугаар захирамжаар П.З миний эзэмшлийн газрыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг зохих журмын дагуу биелүүлээгүй байна.
Дээр дурдсанчлан шүүхийн шийдвэрийн дагуу давхацсан хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байтал бүхэлд нь газар эзэмших эрхийг хүчингүй болгож буй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааг огт баримтлалгүйгээр сонсох ажиллагааг хийгээгүй бөгөөд уг захирамж гарсан талаар надад албан ёсоор мэдэгдээгүй.
Миний бие энэ талаар 2017 оны 11 дүгээр сард мэдэж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын дээд шатны албан тушаалтан болох Нийслэлийн Засаг даргад 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргасан ба гомдлын хариуг Нийслэлийн Засаг даргаас 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр надад өгсөн болно.
Тус хариу албан бичигт миний энэхүү асуудлыг дахин судлах талаар дуудсан ба үүний дагуу холбогдох албан тушаалтантай уулзсан боловч энэхүү асуудлыг шийдвэрлэж өгөөгүй ба хариуцагчийн хариу тайлбартай танилцахад кадастрын зургийг дахин хийнэ гэсэн боловч одоог хүртэл хийгээгүй байгааг дурдсан байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/662 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан утга, агуулгын илэрхий алдаатай, 47.1.6 дахь хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж тус тус заасанд үндэслэлээр илт хууль бус захиргааны акт байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/662 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоон шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Хууль ёсоор эзэмшиж байсан газартай давхцуулж гуравдагч этгээд Г.М Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар газар олгосон. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” шаардлагатай тавьсан байдаг. Тухайн иргэний газар эзэмших эрхийн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмших, ашиглах эрх үүссэн газартай давхацсан бол тухайн хүсэлтийг шаардлага хангаагүй гэж үзэн олгохоос татгалздаг ба газар олгохыг хориглосон байдаг. Иймд П.З газартай 144м.кв газартай газар эзэмших эрхийг давхцуулан олгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/08 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн байх ба газар эзэмших боломжгүй газарт газар эзэмшүүлсэн нь илт хууль бус гэж үзэж байна.
Г.М газар эзэмших эрх олгосон захирамжийн 1 дэх хэсэгт тус дүүргийн нутаг дэвсгэрт газар дээрээ хашаа, байшин барьж суурьшин олон жил болсон боловч өдийг хүртэл газар эзэмших гэрчилгээ аваагүй байгаа иргэдийн эрхийг сэргээхээр гарсан. Гэтэл Г.М нь бодит байдал дээр тус газар дээр огт амьдарч байгаагүй. Бодит байдалд биелэх боломжгүй нөхцөл байдал байхад газар эзэмшүүлсэн нь тухайн үед үйлчилж байсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, 9.1.7, 9.1.9-д зааснаар илт хууль бус захиргааны актын шинжийг бүрэн агуулж байна.
Г.М нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 300 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 403 дугаар тогтоол, Улсын Дээд шүүхийн 312 дугаар тогтоолоор Г.М нь газар эзэмших эрхийг анхнаасаа хууль бусаар авсан гэдгийг тогтоосон. Дээрх шийдвэр, магадлал, тогтоолыг үндэслэн П.З газар эзэмших эрх нь баталгаажсан байх ба нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй этгээд гэдэг нь тогтоогдсон гэж үзэж байна. Гурван шатны шүүхийн шийдвэрт П.З нь хууль ёсны дагуу газар эзэмших эрхтэй болсон ба түрүүлж үүссэн эрх хамгаалагдах зарчмын дагуу 2014 онд давхцуулан үүссэн Г.М газар эзэмших эрхийг хамгаалах боломжгүй, Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/08 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн байна гэсэн агуулга бүхий шийдвэрүүд гарсан. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны А/662 дугаар захирамжийн тухайд Г.М нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр уг захирамж гарсан. Ингэхдээ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгаас зөрөөтэй шийдвэрлэж, газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон байдаг. Ингэж шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй ба ингэж шийдвэрлэснээрээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан утга агуулгын илэрхий алдаатай, 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байх тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны А/662 дугаар захирамжийг гаргасан нь илт хууль бус байна.
Г.М нь 1994-1998 оны хооронд амьдарч байсан нь үнэн. Түүнтэй маргаагүй. Бидний хувьд 2000 оноос хойших асуудлыг ярьж байгаа. 2000 оноос хойш П.З амьдарч байсан нь тодорхой харагдаж байгаа. Нэгэнт гурван шатны шүүхээр Г.М нь газрыг эзэмших эрхгүй ба газар эзэмших эрхээ хууль бусаар авсан нь нэгэнт тогтоогдсон тул Г.М холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч нь маргаан бүхий газар дээрээ 2000 оноос хойш амьдарч байгаа. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-т зааснаар Засаг дарга нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан эрх хэмжээний хүрээнд л газар олгох ёстой. Гэтэл Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас батлагдаагүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дур мэдэн нөхцөл тавьсан байх ба бодит байдалд хэрхэн нийцэж байгааг шалгаагүй байна. Анхнаасаа Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлж акт гаргасан учраас илт хууль бус шинжийг агуулж байна.
Газрын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, эрх хэмжээний хүрээнд гаргах ёстой байсан. Тухайн үед акт гаргахад мөрдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д заасныг тус тус хангасан гэж үзэж байгаа. Гуравдагч этгээдийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааны талаар ярьж байна. Тухайн үед илт хууль бус шаардлага гаргаж байгаа тохиолдолд маргааныг шийдвэрлэж байгаа процесс хуулийн дагуу нэхэмжлэл гаргаж явсан. Энэ дээр ямар нэгэн хөөн хэлэлцэх хугацаа байхгүй. Актын үндэслэлийг шалгахдаа тухайн үед актын гарснаас хойш үйлчилсэн материаллаг хуулийн шаардлагыг тухайн актад нөхцөл болгож тавьсан учраас шударга бус болсон учраас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийг ярих нь зүйд нийцнэ. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал хөндөгдөхгүй.
Гэрчилгээнээс өөр баримт байхгүй байгаа. 1994-1998 онд амьдарч байсан бөгөөд 2005 онд нөхөр нь нас барсан байна. Өөрөөр хэлбэл тухайн үед шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох ч юм уу, өөр байдлаар өмчлөх эрхийн тухай асуудал хөндөгдөж байгаа учраас өр төлбөрт нь тэрийг тооцож авсныг хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч байгууллагын хувьд болохоор архивд байгаа нэхэмжлэгчийн өргөдөл, хүсэлт баримтыг хадгалж байх үүрэгтэй байгууллага бөгөөд Архивын тухай хуульд заасан үүрэг, журмаа биелүүлээгүй байна. Энэ нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч П.З нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нуурын 23-1-3 тоот хаягын газрын маргааны талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Г.М нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд П.З, дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 829 дугаар шийдвэрээр дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр, 2015 оны А/24 дүгээр захирамжийн П.З холбогдох хэсгийг Г.М эрх ашгийг зөрчсөн тул хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд дүүргийн Засаг даргын 2018 оны А/662 дугаар захирамжаар шийдвэрлэж дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн П.З, Г.М нарын газрын давхцалыг арилгасан болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Г.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Миний бие Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-13 тоот хаягт байрлах 134 м.кв хэмжээтэй газрыг хуулийн дагуу эзэмшсэн.
Гэтэл уг газартай давхцуулан газар эзэмшүүлсэн П.З газрыг давхацсан хэмжээгээр нь хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 829 дүгээр шийдвэр шийдвэрлэсэн ба П.З нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргаагүй бөгөөд тухайн үед надад дээрх захирамжаар 134 м.кв хэмжээтэй газрыг шилжүүлсэн болохыг мэдсэн боловч ямар нэгэн шаардлага гаргаж, маргаагүй атлаа түүнээс хойш 1 жил 3 сарын дараа дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч П.З нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ миний эзэмшил газартай давхцуулж олгосон, миний газар эзэмших эрхэд халдсан гэх мэтээр дурдсан байх боловч дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр П.З эзэмшил газрын давхцалтай хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсний дээр дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/662 дугаар захирамжаар П.З газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон.
Иймээс түүний газар эзэмших эрхэд халдсан, газар эзэмшигчийн эрхийг хөндсөн хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрх нь бүхэлдээ дүүргийн Засаг даргын захирамжаар хүчингүй болсон, шүүхийн шийдвэрээр давхцалтай хэсэг нь хүчингүй болсон байхад надад газар эзэмшүүлсэн захирамж түүний эрхийг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэлд дурдсанаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д "Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй талаар дурджээ.
Тэгвэл маргаан бүхий захиргааны акт нь 2014 оны 01 дүгээр сард гарсан. Захиргааны ерөнхий хууль нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн байхад, хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзэх боломжгүй.
2014 онд гарсан захиргааны актыг шүүхээс хянахад тухайн үед үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийг хэрэглэх бөгөөд уг хуулиар захиргааны актыг хянахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэдэг нь хууль зүйн үндэслэлгүйн зэрэгцээ тухайн үед захиргааны актыг гаргахдаа ирээдүйд ямар хууль гарахыг мэдэхгүйгээр тухайн үедээ хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиа баримтлан гаргасан байхад түүнээс хойш шинээр гарсан хуулийг баримтлан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж ярьж байгаа нь хуульд нийцэхгүй.
Өөрөөр хэлбэл 2016 онд батлагдсан Захиргааны ерөнхий хуульд хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт байхгүй бөгөөд урьд нь гарсан захиргааны актад холбогдуулан нэхэмжлэл гаргахад уг хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэл байхгүй. нэхэмжлэгч П.З хувьд 2016 онд маргааны бүхий захиргааны акт гаргасан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргаагүй бөгөөд түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны байгууллагын шийдвэр, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч П.З эрх, хууль ёсны ашиг сонирхол нь маргаан бүхий захиргааны актын улмаас хөндөгдөөгүй мөн нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлээ газрын давхцалтай холбон тайлбарлаж байгаагаас үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын шинжүүд байхгүй болохыг мэдэж байгаа бөгөөд гагцхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар захиргааны актуудыг хүчингүй болгуулах шаардлага гаргахад мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл гаргах хугацаагаа хэтрүүлсэнтэй холбоотой гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч П.З хувьд 2016 онд маргаан бүхий захиргааны акт гарсан болохыг мэдсэн боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргаагүй бөгөөд түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны байгууллагын шийдвэр, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.
Харин гуравдагч этгээд Г.М хувьд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар, тус дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-13 тоот хаягт байрлах 134 м.кв хэмжээтэй газрыг хуулийн дагуу эзэмшсэн бөгөөд уг газартай нь давхцуулан иргэн П.З 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дугаар захирамжаар уг газрыг эзэмшүүлсэн нь хуульд нийцэхгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлтэй холбон тайлбарлаж байна гэж үзэж байна. Өмнө нь 2016 онд захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны А/08 дугаар захирамжийг гардуулж өгсөн байдаг. Гэвч тухайн үед нэхэмжлэлийн шаардлага гарган маргаагүй байж 2 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй.
Тухайн үед захиргааны актыг мэдсэн даруйдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэл гаргаагүй нь энэ талаар маргах хугацаа алдсан гэж үзэхэд хүргэж байна. Г.М нь 2014 онд хуульд заасан журмын дагуу бичиг баримтын бүрдэл хангаж газар эзэмшсэн.Тухайн үед буюу 2000 онд нэхэмжлэгч П.З нь газар эзэмших гэрчилгээ гэх баримтаар эзэмшиж байсан гэж тайлбарладаг ч хуулийн дагуу зөвшөөрөгдсөн зүйл байхгүй.
Маргаан бүхий А/662 дугаар захирамжийн тухайд маргах шаардлага байхгүй. Учир нь захиргааны байгууллагын хууль бус шийдвэр юм. Шүүхийн шийдвэрийг үндэслэж гарсан.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/08 дугаар захирамжийн тухайд тухайн үед мөрдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д заасныг тус тус үндэслэж байгаа. Захиргааны ерөнхий хууль нь 2016 оны 07 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны акт, гэрээ илт хууль бус болох талаар маргаанд холбоотой нэхэмжлэлийг энэ хуулийн 14.1.-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасан. Өмнөх хуульд ийм зохицуулалт байхгүй. Маргаан бүхий А/08 дугаартай захирамжийн тухайд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байдал тогтоогдож байна. Энэ газар дээр нэхэмжлэгч огт амьдарч байгаагүй гэсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаар бол анх бол амьдарч байсан харагдаж байна. Анх энэ газар дээр гуравдагч этгээд амьдарч байсан бөгөөд зам тээврийн ослоор газар дээр байсан үл хөдлөх эд хөрөнгө хураагдсан. Шийтгэх тогтоол хэрэгт авагдсан байгаа бөгөөд байшин нураан гэсэн байгаа. 2014 онд уг газрыг эзэмшиж, 2015 оныг хүртэл нэхэмжлэгч хувийн шалтгаанаар маргаж чадаагүй гэж тайлбарладаг. Шүүхийн шийдвэрээр Г.М газрыг хууль бус болохыг тогтоосон гэж тайлбарлаад байсан. Ийм нөхцөл байдал байхгүй бөгөөд шүүхээс хараад үзэх боломжтой. П.З газар эзэмших эрхтэй маргаж байсан асуудлыг шүүхээс шийдвэрлэж, П.З газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг.
Маргаан бүхий газар нь бодит байдал дээр давхацсан байдаг бөгөөд энэ асуудлыг нэг талд нь шийдвэрлэхгүй бол болохгүй. Шууд шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгааг харгалзаж үзнэ үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, татгалзаж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь анх “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжийн Г.М холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/662 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, илт хууль бус үндэслэлээр маргаж байгаа захиргааны актуудад дүгнэлт өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч талаас “... Чингэлтэй дүүргийн Засаг даргаас газар эзэмших боломжгүй газарт газар эзэмшүүлсэн нь илт хууль бус, Г.М нь бодит байдал дээр тус газар дээр огт амьдарч байгаагүй, 2017 оны А/662 дугаар захирамжийн тухайд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгаас зөрүүтэй шийдвэрлэж, газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон байгаа нь хуульд нийцэхгүй ба ингэж шийдвэрлэснээрээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан утга агуулгын илэрхий алдаатай, 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй болсон” хэмээн маргасан бол хариуцагчийн зүгээс “...шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд дүүргийн Засаг даргын 2018 оны А/662 дугаар захирамж гарсан, газрын давхцалыг арилгасан, хууль зөрчөөгүй” хэмээн нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбараа ирүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хэргийн бусад оролцогчдын саналыг сонсож түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн ба урьд гаргасан тайлбаруудыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзсэн болно.
Гуравдагч этгээдийн зүгээс “шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтрүүлснээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлтэй холбон нэхэмжлэлээ гаргасан, маргаан бүхий газар нь бодит байдал дээр давхацсан, шууд шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, татгалзах нь зүйтэй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Үйл баримтын хувьд, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 010603233 дугаар газар эзэмших гэрчилгээгээр П.З Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 300 м.кв газрыг арван таван жилийн хугацаагаар эзэмшүүлэх эрх олгосон ба улмаар мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр “Газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай” захирамжаар П.З эзэмшүүлсэн 2000 оны 010603233 дугаар гэрчилгээг хүчингүйд тооцож уг захирамжийн хавсралтаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо нуурын 23-1-3-д ахуйн зориулалтаар 285 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар П.З эзэмшүүлж 000554435 дугаар газар эзэмших гэрчилгээг олгосон байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0300 дугаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:
“... П.З дурдсан хаягт 300 м кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 010603233 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Энэхүү гэрчилгээг олгосноор П.З маргаан бүхий газарт 300 м кв газар эзэмших эрх үүссэн байх бөгөөд тухайн цаг хугацаанд дүүргийн хэмжээнд оршин сууж буй айл өрхүүдийг гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд Засаг даргын гарын үсэг бүхий гэрчилгээ олгож баталгаажуулж байсан нь хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Учир нь хэдийгээр дүүргийн Засаг даргын захирамж гараагүй зөвхөн гэрчилгээ олгож газар эзэмшүүлсэн хэдий ч уг гэрчилгээн дээр Газрын тухай хууль(1994 оны)-ийн холбогдох зохицуулалтаас тусган эрх олгосон нь тухайн газарт амьдарч байсан өрх айлуудын газар эзэмшин амьдарч байсан үйл баримтыг үгүйсгэх боломжгүй. Тодруулбал маргаан бүхий газарт байрлах үл хөдлөх хөрөнгийг иргэн П.З өөрийн хамаатны дүү болох Б худалдаж авснаар 1998 оноос тухайн газрыг эзэмшиж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул 300 м кв газрыг эзэмших эрхийг баталгаажуулсан 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 010603233 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ хууль зөрчөөгүй.
Түүнчлэн иргэн П.З газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээр 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 010603233 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нуурын 23-1-3 тоот 285 м кв газрыг 5 жилийн хугацаагаар сунгасан тус дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн П.З холбогдох хэсэг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-д зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулна.”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэсэнтэй нийцсэн гэж дүгнэв...” гэжээ.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1/700 дугаар нотлох баримт хүргүүлэх тухай албан бичигт: “... 2006 оны 09 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын 18642314441051 дугаар бүхий газрын байршилд нэгж талбарын талбарын 18642314445042 дугаар бүхий 276.81 м.кв талбайтай газар нь иргэн П.З нэр дээр газар өмчлөх эрхтэйгээр, 2006 оны 10 дугаар сараас 2013 оны 07 дугаар сарын архивын мэдээлэлд дээрх нэгж талбарын газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагчийн талаарх мэдээлэлгүй бүртгэгдсэн, -2013 оны 08 дугаар сараас 2014 оны 01 дүгээр сарын архивын мэдээлэлд нэгж талбарын 18642314445042 дугаар бүхий 276.81 м.кв талбайтайгаар газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагчийн талаарх мэдээлэлгүй бүртгэгдсэн газар нь нэгж талбарын 18642314441053 дугаар бүхий 195 м.кв талбайтай газар болон өөрчлөгдсөн ба газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагчийн талаарх мэдээлэлгүй бүртгэгдсэн, 2014 оны 02 дугаар сараас 2014 оны 09 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд талбарын 18642314441053 дугаар бүхий 195 м.кв талбайтай газар нь дахин өөрчлөгдөн нэгж талбарын талбарын 18642314441051 дугаар бүхий 132.6 м.кв талбайтайгаар регистрийн 54052907 дугаартай иргэний нэр дээр газар эзэмших эрхтэйгээр, 2014 оны 10 дугаар сарын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын талбарын 18642314441051 дугаар бүхий 132.6 м.кв талбайтайгаар регистрийн 54052907 дугаартай иргэний нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн газрын нэгж талбарын дугаар, газар эзэмшигч болон талбайн хэмжээ өөрчлөгдсөн нэгж талбарын 18642314441052 дугаар бүхий 284.79 м.кв талбайтайгаар регистрийн ЧД43072361 дугаартай иргэний нэр дээр газар өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш одоог хүртэл дахин өөрчлөгдөөгүй байна” гэжээ.
Дээр дурдсан шүүхийн шийдвэр болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн нотлох баримтаас үзвэл, маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 23 дугаар гудамж, 1-3 тоот хаягт байх газарт нэхэмжлэгч П.З өмчлөл бүхий үл хөдлөх хөрөнгө, газрын нэгж талбарын 18642314441052 дугаар бүхий 284.79 м.кв талбай бүхий эзэмшил газар байгаа болох нь тогтоогдож байна.
Энэ тохиолдолд гуравдагч этгээдийн “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах” тухай А/08 дугаар захирамжаар тус дүүргийн 11-р хороо Нуурын 23-1-3 тоотод ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн, 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 000492711 дүгээр газар эзэмших гэрчилгээг олгосон байсан” үйл баримт үгүйсгэгдэж, түүний шүүхэд гаргасан “иргэн П.З Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-1-3 тоот хаягт байрлах 300 м кв газрыг эзэмшүүлсэн тус дүүргийн Засаг даргын 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрчилгээ болон 2015 оны А/24 дүгээр захирамжийн П.З холбогдох хэсэг, П.З нэр дээр бүртгэсэн Y-2202023332 дугаартай улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Г.М миний нэр дээр уг хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж, улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт, газрыг надад эзэмшүүлэх захирамж гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад тус тус даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0300 дугаар шүүхийн шийдвэрээр шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0403 дугаар магадлалаар “анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж Г.М нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч ... шүүх нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулсан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлээгүй нь буруу байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж” шийдвэрлэжээ. Энэхүү магадлалыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 312 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэснээр иргэн Г.М нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан дуусгавар болж, шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Шүүх, нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээс өмнө маргаан бүхий газарт газар эзэмших эрхийг олж авсан, энэ нь дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, захиргааны байгууллага нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж байгаа 2014 оны А/08 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д: “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн, хуульд заасан холбогдох судалгаа хийж, тухайн газар дээр байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг тодруулж шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, үүгээрээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7: “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 9.1.9: “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч, уг үндэслэлийг няцаах баримт байхгүй байна.
Иймд Газрын тухай хуулийн 20 дугаар 20.2.1-д заасан газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дээрх байдлаар хууль зөрчсөн гэж дүгнэж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжийн Г.М холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/662 дугаар захирамжаар “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн захирамжийн П.З холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан 2015 оны А/24 дүгээр захирамжийн П.З холбогдох хэсгийг хүчингүйд тооцсон байна.
Гэтэл захирамжийг гарахад үндэслэл болгосон шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн буюу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 829 дүгээр шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 465 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 412 дугаар тогтоолоор шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байхаас гадна Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 829 дүгээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт: “Г.М нэхэмжлэлийн шаардлагын зарим хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр, 2015 оны А/24 дүгээр захирамжийн давхцаж буй газартай холбогдох хэсгийг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн байхад хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж байгаа 2017 оны А/662 дугаар захирамжийг гаргахдаа шүүхийн шийдвэрээс хальж, 2015 оны А/24 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1: “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6: “иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх заалтыг зөрчсөн, энэ үндэслэлээр маргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Иймд хариуцагчийн 2017 оны А/662 дугаар захирамжийг мөн илт хууль бус болохыг тогтоох нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, биелэгдэхүйц байх шаардлагад нийцэхээр, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нөхцөл болж байна.
Үүнээс гадна иргэн П.З, Г.М нарын хэн аль нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдээр оролцож, хуульд заасан өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн хэмээн үзэж маргаан бүхий газар дээрх газрын эрх болон дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгийн эрхийн талаар өөр өөр маргаан үүсгэсэн, энэхүү захиргааны хэргийг Г.М нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга бүхий захиргааны байгууллагуудад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө шийдвэрлэх боломжгүй хэмээн үзэж, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж байсан зэргийг тэмдэглээд, хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан маргаж буй 2014 оны А/08 дугаар захирамжийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа зөвтгөх байдлаар илт хууль бус хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй гэх гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс үзэж байгааг хүлээн авах боломжгүй, нэхэмжлэгчийн эзэмшиж буй 300 м.кв газар, гуравдагч этгээдийн эзэмшиж буй 134 м.кв газар нь нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгөөр 30 м.кв газраар давхцаж, бодит байдал дээр орц гарцын асуудлыг шийдвэрлэж цаана нь үлдсэн газарт гуравдагч этгээдэд эзэмших газар байхгүй байгаа нь хариуцагчаас захиргааны актыг эрх зүйн үндэслэлтэй гаргах хуулийн шаардлага хангаагүйг харуулж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэснийг хэрэглэн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.З нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” А/08 дугаар захирамжийн Г.М холбогдох хэсгийг, мөн дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/662 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.Б
ШҮҮГЧ Д.Х
ШҮҮГЧ Ц.М