Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 00562

 

  2018 оны 02 сарын 20 өдөр      Дугаар 102/ШШ2018/00562                                         Улаанбаатар хот

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

       Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг, хороо, дугаар байранд байрлах АӨ ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

       Хариуцагч Баянгол дүүрэг, хороо, тоотод байрлах НЭ ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 416.028.873 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянав.

 

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хашчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

 

            Нэхэмжлэгч АӨ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2013 онд Хан-Уул дүүрэгт “Ар Ий Си” ХХК-ийн захиалгаар баригдсан “Шинэ өргөө” хороололын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа уг төслийн зургаан блок барилгыг “Н- Э” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан ажилласан.

 

            Захиалагч “Ар Ий Си” ХХК 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр АӨ ХХК-тай гэрээгээ цуцалсан.

 

           Улмаар АӨ ХХК, НЭ ХХК-д гэрээний дагуу 759.024.215 төгрөгийг дансаар, “Ар Ий Си” ХХК, АӨ ХХК-ийн өмнөөс 205.160.625 төгрөгийг “Голомт” банкны дансаар, 210.868.248 төгрөгийг бараа материалаар нийлүүлэн тооцож НЭ ХХК-д шилжүүлсэн болно.

 

          НЭ ХХК гэрээний үлдэгдэл ажлын хөлсөө АӨ ХХК-иас нэхэмжилсэн иргэний хэргийг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6855 дугаартай Шийдвэр, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142 дугаартай Магадлал, 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 00350 дугаартай Хяналтын шатны шүүхийн Тогтоолоор шийдвэрлэсэн.

 

            Гэвч дээрх нэхэмжлэлийг НЭ ХХК шүүхэд гаргахдаа “Ар Ий Си” ХХК, АӨ ХХК-ийн өмнөөс НЭ ХХК-д шилжүүлсэн 205.160.625 төгрөг, бараа материал нийлүүлсэн 210.868.248 төгрөг, нийт 416.028.873 төгрөгийг хасаж тооцоогүй бөгөөд тус компанийн захирал Б.Ууганбаяр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт өгсөн байцаалтандаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэгийг өгч мөн “Монголын олон улсын үндэсний арбитр”-ын шүүхэд “Ар Ий Си” ХХК НЭ ХХК-иас 205.160.625 төгрөгийг хүлээн авсан тухай Албан бичиг, “Голомт” банкны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул НЭ ХХК-иас 416.028.873 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АӨ ХХК, “НЭ” ХХК-ийн хороонд “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж хамтарч ажилласан.

 

Барилгын ажил хийх үед санхүүгийн асуудал дээр маргаан үүсэж шүүхээр шийдвэрлүүлсэн. Гурван шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “АӨ” ХХК-иас ажлын хөлсийг гаргуулан, “НЭ” ХХК-д олгохоор болсон боловч тус компани бараа материалын үнэ 210.868.248 төгрөг, Ар Ий Си” ХХК, АӨ ХХК-ийн өмнөөс НЭ ХХК-д шилжүүлсэн 205.160.625 төгрөг,нийт 416.028.873 төгрөгийг мөнгөн дүнгээсээ хасаж тооцоогүй тул нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү. Хэрэгт холбогдох нотлох баримтуудаа гаргаж өгсөн, гэжээ.

 

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч Д.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад хэлэх зүйл байхгүй. Өмгөөлөгч ярина, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

           Нэхэмжлэгч “АӨ” ХХК, хариуцагч “НЭ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 416.028.873 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

           Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

           Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, АӨ ХХК, хариуцагч НЭ ХХК-иудын хооронд “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, талууд ажлын хөлсний талаар маргаан үүсгэж, шийдвэрлүүлсэн нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 6855 дугаартай Шийдвэр, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142 дугаартай Давж заалдах шатны шүүхийн Магадлал, 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 00350 дугаартай Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны Тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

            Тэрээр 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн “ энэ хэрэг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулаад шийдвэрлэгдсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү”, нэхэмжлэгчийн өмгөөлөгч  “нэхэмжлэгч дээрх хоёр шаардлагын талаар шүүхэд маргаан үүсгэн шийдвэрлүүлж байгаагүйг тусгайлан хэлье. Шинээр илэрсэн нөхцлөөр хянуулсан нь хэргийг шийдсэн асуудал биш, шийдвэрт тодорхой дурдсан байгаа” гэх тайлбарууд болон Хяналтын шатны шүүхийн 00350 дугаартай Тогтоолоор хариуцагч НЭ ХХК-д, АӨ ХХК-иас ажлын хөлс 483.795.849 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн боловч хариуцагчийн төлөөлөгч Б.У “энэ мөнгөн дүнгээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг хасаагүй гэдгээ зөвшөөрч, эвлэрэх саналтай байна” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед тайлбарлаж, дээрх шүүхийн шийдвэрүүдийн шаардлагад хариуцагч АӨ ХХК сөрөг нэхэмжлэл гаргаагүй, 2016 оны 10 дугаар сарын 26, 11 дүгээр сарын 06, 29-н, 12 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ш.Ерболын “Сэжигтнээр Б.У-ыг байцаасан тэмдэглэл”-д “бараа материалаар тооцож шилжүүлсэн 201.868.248 төгрөг, “Ар Ий Си” ХХК, АӨ ХХК-ийн өмнөөс шилжүүлсэн 205.160.625 төгрөгийг авсан гэдгээ мэдүүлж, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбирт “Ар Ий Си” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэл, “Голомт” банкны Мемориалын баримтууд, “Голомт” банкны “Төлбөрийн баримт”, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай НЭ ХХК-ийн захирал Б.Ууганбаярын “Тодорхойлолт” зэрэг баримтуудаар нотлогдон, эдгээр мөнгөнүүдийг хариуцагч 2015-2016 онуудад хүлээж авснаа мэдсэн атлаа нэхэмжлэгчийг 2017 оны 10 сард шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл дурдаагүй, АӨ ХХК-иас авах авлагаасаа хасаж тооцоогүйн тогтоогдож байх тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт “бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ” гэж зааснаар хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж дүгнээд, нэхэмжлэлийг хангаж, хариуцагчаас 416.028.873 төгрөгийг гаргуулан, нэхэмлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

           Мөн НЭ ХХК, “Сод хөөвөр” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар гаргасан АӨ ХХК-ийн захирал Л.Зоригтын хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 00204 дугаартай Шүүхийн тогтоол, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 00084 дугаартай Шүүхийн тогтоолоор шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” гэж заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй бөгөөд дээрх тогтоолууд хэргийг шийдвэрлэсэн бус хүсэлт гаргагч хуулинд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэж, хангахаас татгалзсан нь тус хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй болно.

 

         Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуульд заасан журмын дагуу цуглуулсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэж дуустал улсын тэмдэгтийн хураамж 2.238.094 төгрөг нэхэмжлэгчийг төлөхийг хойшлуулсан байсан тул нэхэмжлэгчээр улсын тэмдэгтийн хураамж 2.238.094 төгрөгийг төлүүлэн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 2.238.094 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрллээ.

 

                                                                                                                                                   

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн   115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч НЭ ХХК-иас гэрээний үүрэгт 416.028.873 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч АӨ ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээр улсын тэмдэгтийн хураамж 2.238.094 төгрөгийг төлүүлж улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 2.238.094 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.АРИУНАА