Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/00505

 

“А-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/03302 дугаар шийдвэртэй

“А-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Н-Э” ХХК-д холбогдох 416 028 873 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Ц.Мөнхзаяа, түүний өмгөөлөгч Э.Хашчулуун, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түмэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

            Нэхэмжлэгч “А-Ө” ХХК-ийн захирал Л.Зоригт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А-Ө” ХХК нь “Ар Ий Си” ХХК-тай Хан-Уул дүүрэгт байрлах Шинэ-Өргөө хорооллын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллахаар 2013 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу төслийн 6 блокийн барилгыг бариулахаар туслан гүйцэтгэгчээр “Н-Э” ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулаад ажлаа эхэлсэн байх үед буюу 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Ар Ий Си” ХХК нь “А-Ө” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсан. Гэрээ цуцалсантай холбогдуулаад туслан гүйцэтгэгч “Н-Э” ХХК нь ерөнхий гүйцэтгэгч “А-Ө” ХХК-иас туслан ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийг анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6855 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 142 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 350 дугаар тогтоолоор шийдвэрлэж, “А-Ө” ХХК-иас 793 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг тогтоолд “Н-Э” ХХК нь хоёр мөнгөн дүнг хасаж тооцоогүй байдаг. 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 68 717 745 төгрөгийн гүйлгээ, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 68 717 745 төгрөгийн гүйлгээ, 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 67 725 135 төгрөгийн гүйлгээ, нийт 205 160 625 төгрөгийг “Ар Ий Си” ХХК нь “А-Ө” ХХК-д өгөх ёстой байхад “Н-Э” ХХК-д шилжүүлсэн байдаг. Уг 205 160 625 төгрөг нь тухайн төслийн 101/А дугаар блокын 3 дугаар давхар, 101/Б дүгээр блокын 5 дугаар давхар, 103 блокын 4 дүгээр давхар, 105/А дугаар блокын 5 давхар, 105/Б дүгээр блокын 5 дугаар давхар, 106 блокын 3 дугаар давхрыг барьж гүйцэтгэсэн ажлын хөлс юм. 210 868 248 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг олгосон байна. Энэ үнийн дүн гэрээний үнийн дүнгээс хасагдах ёстой. “Н-Э” ХХК-тай байгуулсан гэрээнд зааснаар ажил гүйцэтгэгч нь өөрсдөө барилгын ажилд шаардагдах материалыг гаргах ёстой байсан. Барилгын талбай дээр ажил эхлэх болоход хариуцагч компани барилгын материалгүй болсон гэх зүйлийг ярьсан тул манай талаас өөрийн хөрөнгөөс 3-аас 4-н төрлийн зардал гаргаж, зарим материалыг Хятадаас авч ирж барилгын талбай дээр буулгасан байдаг. Энэ асуудлаар талуудын хооронд тооцоо нийлсэн баримт байдаг. Тухайн баримтаас харахад 6 блок барилгын тоо хэмжээ өөрчлөгдсөн байдаг. Хамгийн сүүлийн тооцоо нийлсэн буюу гэрээ цуцлагдахаас өмнөх өдрийн хийсэн ажлын гүйцэтгэлээр энэ нь харагдана. 210 868 248 төгрөгийн бараа материалын төлбөрийг “Ар Ий Си” ХХК-иас өгсөн. Тухайн мөнгийг “А-Ө” ХХК-иас “Н-Э” ХХК-д өгсөн асуудал л байгаа. Ингээд нийт 416 028 873 төгрөгийг хасаж тооцох ёстой байсан. Тухайн мөнгийг хасаж тооцоогүй учир хариуцагч талыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд уг мөнгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н-Э” ХХК-ийн төлөөлөгч Б.Ууганбаяр, өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үйл баримтыг урьд нь иргэний журмаар бүх шатны шүүх хянан шийдвэрлэж, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6855 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХТ2016/00350 дугаар тогтоол гарч, хүчин төгөлдөр болсон. “А-Ө” ХХК нь “Н-Э” ХХК-д 210 868 248 төгрөгийн бараа материал хүлээн авсан иргэний хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн тул хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн нь энэхүү нэхэмжлэлтэй давхацсан. Уг хүсэлтийг Улсын Дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд хүсэлтийг хангахаас татгалзаж тогтоол гарсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэгэнт хүчин төгөлдөр хэлцлийн заалтаас шаардсан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Нэхэмжлээд байгаа 416 028 873 төгрөгөөс 210 868 248 төгрөгийн бараа материал авч хэрэглэсэн гэдгээ нэхэмжлэгч нотлоогүй, хэрэгт бараа материалыг хүлээлцсэн акт, баримт байхгүй. Харин Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт өгсөн Б.Ууганбаярын уг бараа материалыг авч хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг гэсэн мэдүүлгээр хэргийн үнэн зөвийг шийдвэрлэх боломжгүй. Мөн 205 160 625 төгрөгийн хувьд “Ар Ий Си” ХХК нь “А-Ө” ХХК-ийн өмнөөс 205 160 625 төгрөгийг Голомт банкны дансаар “Нуган Эрин” ХХК-д шилжүүлсэн нь үндэслэлгүй. “Ар Ий Си” ХХК нь Шинэ Өргөө цогцолбор хорооллын барилгын ажлыг хийж гүйцэтгүүлэх ерөнхий захиалагч бөгөөд тус компани барилгын ажлыг тасралтгүй явуулах шаардлагаар “А-Ө” ХХК-ийн өмнөөс “Нуган Эрин” ХХК-ийн дансанд 68 000 000” төгрөгийг 2 удаа шилжүүлсэн нь 2 компанийн хооронд үүссэн санхүүгийн маргааныг шийдвэрлэх хугацаанд хийгдсэн. Нэхэмжлэгч нь 205 160 625 төгрөгийг юуг үндэслэн нэхэмжилж байгаа талаарх баримт хэрэгт байхгүй, энэ талаар нотолж чадаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н-Э ХХК-иас 205 160 625 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А-Ө” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 210 868 248 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2 238 094 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 183 753 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх “А-Ө” ХХК болон “Н-Э” ХХК -ийн нягтлан бодогч нарын тооцоо нийлсэн актаар 210 868 248 төгрөгийн бараа материалыг “Н-Э” ХХК нь “А-Ө” ХХК-иас шилжүүлэн авсан нь нотлогдох боловч “хариуцах этгээд нь биш” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. “А-Ө” ХХК нь Шинэ өргөө хорооллын барилгын ажлыг гүйцэтгэхээр “Ар Ий Си” ХХК-тай ерөнхий гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу 6 блокийн барилгыг бариулахаар туслан гүйцэтгэгч “Н-Э” ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 27 -ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан бөгөөд гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Материалын ачилт, тээвэрлэлтийн зардал, угсралт, суурилуулалтад шаардагдах материалын зардал зэрэг нь гэрээний үнийн дүнд багтана” гэж заасан. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсны дагуу “Н-Э” ХХК нь бараа материалын зардлыг хариуцах, мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 343.3 дахь хэсэгт заасны дагуу захиалагч “А-Ө” ХХК-д ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгтэй нийцсэн байна. “Н-Э” ХХК нь “А-Ө” ХХК -тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид шилжүүлэх ёстой байсан. Захиалагч талаас барилгын ажлыг түргэн  шуурхай хийж гүйцэтгүүлэх зорилгоор БНХАУ-аас бараа материал захиалж түүний төлбөрийг бүрэн төлж, Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасны дагуу 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөр тооцоонд суутгахаар талууд амаар тохиролцсон. “Н-Э” ХХК нь өмнөх шүүхийн шийдвэрээр “Асар Өргөө” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс нэхэмжлэхдээ энэхүү 210 868 248 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөөс хасаж тооцохгүйгээр нэхэмжилсэн бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн тогтоол гарсан. Дээрх гурван шатны шүүхээр хянан хэлэлцэгдэх явцад “А-Ө” ХХК -ын зүгээс 210 868 248 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байгаагүй болно. Тиймээс “Н-Э” ХХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу 210 868 248 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...“Ар Ий Си” ХХК-ийн давхардуулан олгосон гэх 205 160 625 төгрөгийн төлбөрийн талаар тайлбар нотлох баримтыг буруу үнэлсэн гэж хариуцагч тал үзэж байна. Мөн тогтоолд “...Гагцхүү нэхэмжлэгчийн энэхүү шаардлага нь баримтаар хангалттай тогтоогдсон шаардлагын агуулга тодорхой байх учиртай. Тухайлбал, хариуцагч “Нуган Эрин “ХХК-ийн нэхэмжлэгч “А-Ө” ХХК-иас авсан болон шүүхийн шийдвэрээр төлөх болсон ажлын хөлсний үнийн дүнд ерөнхий захиалагч “Ар Ий Си” ХХК-иас авсан гэх төлбөр багтаж байгаа эсэх, ерөнхий захиалагч “Ар Ий Си” ХХК-иас туслан гүйцэтгэгч “Н-Э” ХХК-д шилжүүлсэн бараа материалын үнийг захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хэн нь хариуцаж төлөх ёстой, хэрхэн төлсөн, улмаар барилгад шингэсэн бараа материалыг нийлүүлсэн, үнийг төлсөн этгээдийн хэнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үзэх асуудал тодорхой болсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой болно...” гэж хянан тогтоосон байх тул Шүүх-нягтлан бодох бүртгэлийн алба шинжилгээ хийлгэхээр томилж дээрх маргаантай байдлыг тогтоох зүй ёсны шаардлага бий болсон байна. Үүнээс үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дээрх хүсэлтийг хариуцагч гаргасан боловч анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож, ажлын гүйцэтгэлээр “Ар Ий Си” ХХК болон “Асар Өргөө” ХХК-ийн хоорондын тооцоогоор олгосон 205 160 625 төгрөгийг давхардуулан олгосон байна гэж шууд дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ. Мөн Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ШТ2016/00204 тоот тогтоол, мөн шүүхийн 2017  оны 4 дүгээр сарын 11-ний 001/ШТ2017/00084 тоот тогтоолуудаар дээрх нэхэмжлэлийг нотлох баримтаар гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтүүдийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэгдсэн байхад уг тогтоолоор шийдвэрлэгдсэн үйл баримт, нотлох баримтыг дахин үнэлсэн гэж үзэж байх тул “Ар Ий Си” ХХК-ний давхардуулан олгосон гэх 205 160 625 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “А-Ө” ХХК нь хариуцагч “Н-Э” ХХК-д холбогдуулан 416 028 873 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“Ар Ий Си” ХХК нь “А-Ө” ХХК-д өгөх ёстой төслийн 101/А дугаар блокын 3 дугаар давхар, 101 Б дүгээр блокын 5 дугаар давхар, 130 блокын 4 дүгээр давхар, 105/А блокын 5 давхар, 105/Б блокын 5 дугаар давхар 106 блокын 3 дугаар давхрыг барьж гүйцэтгэсэн ажлын хөлс 205 160 625 төгрөгийг “Н-Э” ХХК-ийн дансанд шилжүүлсэн, уг мөнгийг манай байгууллагын төлөх мөнгөнөөс хасч тооцоогүй, мөн 210 868 248 төгрөгийн бараа материалыг хариуцагч байгууллагад шилжүүлсэн тул нийт 416 028 873 төгрөг гаргуулна” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Н-Э” ХХК нь “А-Ө” ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “Шинэ Өргөө цогцолбор хотхоны 104,105,101 дүгээр байрны 2 давхар, 1-5 давхар карказын угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, “А-Ө” ХХК нь 1 407 809 ам.долларыг ажлын хөлсөнд төлөхөөр тохиролцсон, мөн 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан, “А-Ө” ХХК нь ажлын хөлсөнд 759 024 215 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон үйл баримт байна. “Ар Ий Си” ХХК нь А-Ө ХХК-тай байгуулсан гэрээгээ 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр цуцалжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6855 дугаар шийдвэрт, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142 дугаар магадлалаар өөрчлөлт оруулж ажлын хөлсөнд “А-Ө” ХХК-аас 794 755 600 төгрөг гаргуулж “Н-Э” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХТ2016/00350 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн, уг тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Ар Ий Си” ХХК нь хариуцагч “Н-Э” ХХК-ийн дансанд 68 717 745 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 68 717 745 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 67 725 135 төгрөг нийт 205 160 625 төгрөг шилжүүлжээ. / хэргийн 2 дугаар хавтас 23-24 дүгээр тал/

 Анхан шатны шүүх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “А-Ө” ХХК-аас 794 755 600 төгрөг гаргуулж “Н-Э” ХХК-д олгохоор шийдвэрлэхээс өмнө  “Ар Ий Си” ХХК нь хариуцагч “Н-Э” ХХК-ийн дансанд ажлын хөлсөнд 205 160 625 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, “А-Ө” ХХК-аас “Н-Э” ХХК-д төлөх ажлын хөлснөөс дээрх мөнгө хасч тооцолгүйгээр  давхардуулж нэхэмжилсэн байна гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “А-Ө” ХХК нь хариуцагч “Н-Э” ХХК-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 205 160 625 төгрөг шаардах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд “Н-Э” ХХК нь нэхэмжлэлийн нэг шаардлага болох 205 160 625 төгрөгийг аваагүй болохоо үгүйсгэсэн, өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэлийн нэг шаардлага болох бараа материалын үнэд нэхэмжилсэн 210 868 248 төгрөгийн хариуцагч нь “Нуган Эрин” ХХК биш байна гэж анхан шатны шүүх үзэж нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.

 Иймд анхан шатны шүүхийн “Н-Э” ХХК-иас 205 160 625 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А-Ө” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 210 868 248 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болсон байх тул зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.