Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 425

 

 

 

 

 

 

 

2019           5             7                                                 ДШМ/2019/425

 

 

                                                     Л.Б-т холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Намуун,

шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Н.Цэцэгмаа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 752 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Намууны бичсэн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Л.Б-т холбогдох эрүүгийн 1706036501783 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Жамба овгийн Л.Б, 1985 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засгийн удирдлага мэргэжилтэй, “......" ХХК-ийн “.......ө” бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........ дүүргийн ...... дүгээр хороо, ................тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .............../;

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэсэн,

Л.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” бааранд үйлчлүүлж байсан иргэн Т.Н-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Л.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” бааранд үйлчлүүлж байсан иргэн Т.Н-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл нийт 72 хоног цагдан хоригдсон байх ба хөнгөн гэмт хэрэгт холбогдсон тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжтой гэж үзлээ.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 73 дугаартай магадлалд: “... Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б-ын өмнөх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт шүүхээр гэм буруутайд тооцогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ял шийтгэлийг оногдуулж, уг ял дээр сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх болон тус тусад нь эдлүүлэх асуудлыг шийдвэрлэхээр байна. ...” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж хуульчилжээ. Шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгохоор хуульчилсан байх боловч шийтгэх тогтоолыг хүчингүй болгох ажиллагааг адил эрх хэмжээтэй анхан шатны шүүхүүд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн зохицуулалт байхгүй тул Л.Б-ын өмнөх хэргийг шийдвэрлэсэн шүүхийн харьяалах давж заалдах шатны шүүхэд прокурор дүгнэлтээ бичиж хүргүүлэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох ажиллагааг хийх, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх буюу эсхүл тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу прокуророос Л.Б-ын урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэснийг тус тусад нь эдлүүлэх талаар прокурор дүгнэлтээ бичгээр ирүүлэх ажиллагааг хийсний дараа шүүх хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд Л.Б-т холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй. Хэргийг прокурорт очтол Л.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. ...” гэжээ.

Прокурор Э.Намуун бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Шүүхээс Л.Б-ыг өмнө нь Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Шүүхээс Л.Б-т дээрх шийтгэх тогтоолоор хорих ялыг тэнссэн шийдвэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял шийтгэл оногдуулж, уг ял дээр сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх болон тус тусад нь эдлүүлэх асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Сүүлчийн гэмт хэрэг нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэснээр шүүхийн харьяалал зөрчигдөхгүй юм. Мөн анхан шатны шүүхийн ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 1 дэх хэсэгт “Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт...” гэж хэргийн зүйл, хэсгийг буруу бичсэн түүнчлэн хэрэгт прокурорын дүгнэлт бичих эсхүл хэргийн харьяаллыг тогтоолгох гэсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болсноор анхан шатны шүүхээс заавал биелүүлэхээр заасан байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 752 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Н.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Л.Б-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаад 5 сар болж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн. Нөгөө талаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг хөөн хэлэлцэх хугацаа дууссантай холбогдуулан хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу хэргийг прокурорт буцаавал прокурорт хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой. Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дээрдэнэ гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж зааснаар зөвхөн прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянавал, шүүгдэгч Л.Б-т Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

Гэтэл энэ тэнссэн 6 сарын хугацаандаа буюу 2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тодорхой заасан байхад “адил эрх хэмжээтэй анхан шатны шүүхүүд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн зохицуулалт байхгүй” гэсэн үндэслэл зааж, шүүгдэгч Л.Б-т холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт буруу юм.

Түүнчлэн анхан шатны шүүх “эсхүл прокуророос Л.Б-ын урьд 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэснийг тус тусад нь эдлүүлэх талаар дүгнэлтээ бичгээр ирүүлэх ажиллагааг хийх нь зүйтэй” гэсэн ойлгомжгүй болжээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл өөртөө “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болохыг, зөрчсөн бол хэрхэн яаж шийдвэрлэх, зөрчөөгүй болох хэрхэх” талаарх зохицуулалтуудыг аль алийг нь багтаасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” тухай зохицуулалтыг анхан шатны шүүх бие даан хэрэгжүүлэх эрхтэй тул шүүгдэгч Л.Б-т өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан тэнссэн шийдвэрийг прокурорын дүгнэлт гаргуулж, дээд шатны шүүхээр хүчингүй болгосны дараа нэмж нэгтгэх асуудлыг шийдвэрлэх, эсхүл тус тусад эдлүүлэх тухай прокурор дүгнэлт бичих шаардлагагүй.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 73 дугаартай магадлалаар хэргийг шүүхийн хэлэлцүүлгээр хянан шийдвэрлүүлэхээр буцаасан байхад шүүх хэргийг өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцсэн нь буруу байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Э.Намууны “шүүхээс Л.Б-ын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмыг үндэслэн оногдуулсан ялыг нэмж нэгтгэх болон тус тусад нь эдлүүлэх асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах”-аар бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 752 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Б-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Л.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

 

ШҮҮГЧ                                                                                    Н.БАТСАЙХАН 

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ