Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00163

 

*******ийн нэхэмжлэлтэй

                   иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 129/ШШ2019/00446 дугаар шийдвэр,

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 18 дугаар магадлалтай,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

Ж.Гантөгсөд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч*******ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, өмгөөлөгч Э.Мөнх-эрдэнэ, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2018 оны 08 дугаар сарын 28-нд*******өд нотариатаар баталгаажуулж 3.200.000 төгрөг зээлдүүлсэн.******* нь ямар нэг хүү, алданги тооцохгүйгээр сар бүрийн 06-нд надад 200.000 төгрөг өгч, авсан мөнгөө барагдуулахаар тохирсон боловч заасан хугацаанд мөнгөө өгөөгүй.******* нь надад худал ярьж, шалтаг шалтгаан хэлээд огт төлөлт хийхгүй байгаа юм. Дээрх мөнгийг авснаас хойш надад 900.000 төгрөг өгсөн. Иймд үлдсэн 2.300.000 төгрөгийг*******өөс гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Гантөгс шүүхэд гаргасан тайлбартаа: Би ******* гэдэг хүнээс 2018 оны 08 дугаар сарын 28-нд 3.200.000 төгрөг зээлж авсан гэдэг бол худал юм. Би энэ хүнээс 2018 оны 08 дугаар сарын 28-нд 100 төгрөг ч аваагүй. ******* нь намайг байнга утсаар загнаж, айлган сүрдүүлж байгаад гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан нь үнэн. ******* нь нөхрийн хамт сургууль дээр ирээд намайг аваад нотариат орсон. Би өөрөө олон хүүхэдтэй бөгөөд нөхөр минь бие муутай, ажилгүй гэртээ байдаг. Би нөхөртөө ч хэлээгүй бөгөөд банкны зээлтэй мөртлөө энэ хүнд мөнгө өгдөг байсан. ******* эгчид халамжийн мөнгө буюу 2016 онд 140.000 төгрөг буухаар авч өгдөг байсан. Би хэдэн хүүхдээ олон удаа хоосон хонуулан байж ******* эгчид мөнгө өгдөг байсан. Надаас ******* эгч 150.000-200.000 төгрөг авдаг байсан. Би ******* эгчээс анх 1.800.000 төгрөг аваад 2016 онд 800.000 төгрөгийг бэлнээр өөрт нь өгсөн. Тэгээд зээлсэн мөнгөнөөс үлдсэн 1.000.000 төгрөгийг төлж дуусгасан. Миний тооцоогоор бараг 5.000.000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 129/ШШ2019/00446 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч*******өөс 1.148.000 /нэг сая нэг зуун дөчин найман мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 1.052.000 /нэг сая тавин хоёр мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.750 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******өөс 32.102 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 18 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 129/ШШ2019/00446 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын "1.148.000 /нэг сая нэг зуун дөчин найман мянга/ гэснийг 1.948.000 гэж, 1.052.000 /нэг сая тавин хоёр мянга/ гэснийг 252.000 гэж, 2 дахь заалтын 32.102 гэснийг 46.118 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч*******ийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 32.102 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 129/шш2019/00446 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 18 тоот магадлалыг хариуцагч Гантөгс миний бие эс зөвшөөрч хэргийг бүхэлд нь хянуулахаар гомдол гаргаж байна.

Учир нь нэхэмжлэгч Уранчимэг нь Гантөгс надаас анх 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 3.200.000 төгрөгийг надад зээлүүлсэн мэтээр нотариатын баталгаа хийлгэж түүнийгээ үндэслэн 2.300.000 төгрөгийг нэхэмжилсэн. Уранчимэгт үндсэн зээлсэн мөнгийг давуулж төлсөн. Уранчимэг надад мөнгө зээлүүлсэн цагаасаа хойш сар алгасахгүй хүүнд нь тооцож мөнгө авдаг байсан. Миний тооцоогоор 5.000.000 гаран төгрөг төлсөн. Мөнгө авч өгч байхдаа нэг ч удаа гарын үсэг зуруулж байгаагүй. 2016 оны 01 сарын 10-ны өдөр 1.800.000 төгрөгийг надад бэлнээр өгөөгүй. Өмнөх өгсөн мөнгөн дээрээ л гарын үсэг зуруулсан, энэ мөнгийг надад өгсөн мэтээр ойлгож түүний хүү гэж тооцож шүүх шийдсэнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Зээл авсан мөнгөний гэрээ гэдэг зүйлийг Уранчимэг өөрөө бичиж ирээд намайг нөхөртэйгөө хоёулаа гарын үсэг зур гэсэн. Зурахгүй гэсэн чинь дараа нь ямар нэгэн үр дагавар байхгүй гээд чи мөнгө авсан нь үнэн юм чинь зур гээд загнаад зуруулсан. Би Уранчимэгт 800.000 төгрөгөөр 900.000, 500.000 төгрөгөөр тус тус мөнгө төлсөн учир одоо төлөх төлбөр байхгүй байхад шүүх 1.948,000 төгрөгийг гаргуулж Уранчимэгт олгохоор шийдвэрлэсэн нь хэт нэг талд үйлчиллээ, хуулийг буруу хэрэглэлээ гэсэн үндэслэлээр гомдол гаргаж 1.948.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх Булгантамирын мэдүүлгийг үнэн зөв гэхэд нөхөр нь учир эргэлзээтэй гэж үзсэн хирнээ төрсөн эгч дүү хоёрын хоорондох гэрээ үнэн гэж үзээд байгаа нь хэт нэг талыг барьж буй нь тодорхой байна. Эгч дүү хоёр хэдийд ч юу ч хийж болно шүү дээ. Эгч дүү хоёр мөнгөө нийлүүлж бусдад хүүтэй зээл өгдөг нь үнэн гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

******* нь Ж.Гантөгсөөс зээлийн гэрээний үүрэгт 2.300.000 төгрөг нэхэмжилснээ шүүх хуралдааны явцад 2.200.000 төгрөг болгон багасгажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ...3.200.000 төгрөг аваагүй, ...утсаар загнаж, айлган сүрдүүлж байгаад гэрээ байгуулсан, ...төлөх байсан 1.800.000 төгрөгийг төлж дууссан... гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 1.148.000 төгрөгийн шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 1.948.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

1.Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан 2018 оны 08 дугаар сарын 28-ны зээлийн гэрээгээр ******* нь*******өд 3.200.000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлэхээр тохирчээ /хэргийн 2 дугаар тал/.

Зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж буй тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлж мөнгө шилжүүлэн өгснөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй бөгөөд ******* гэрээний зүйл болох 3.200.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлээгүй, харин өмнө зээлсэн мөнгөнд хүү тооцож гэрээ байгуулсан нь талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцдог бөгөөд энэ тохиолдолд мөнгийг буцаан шаардах эрх зээлдүүлэгчид үүснэ. Нэхэмжлэгч мөнгө шилжүүлээгүй тул дээрх зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах эрхгүй.

2.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл,******* нь 2015 онд Д.Эрдэнэчимэгээс 2.300.000 төгрөг зээлсэн байх ба түүний Д.Эрдэнэчимэгт төлөх байсан 1.800.000 төгрөгийг ******* төлсөн тул хариуцагч уг мөнгийг нэхэмжлэгчид төлөхөөр тохирч 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, улмаар 1.000.000 төгрөг төлсөн нь тогтоогдсон байна /хэргийн 32-33 дугаар тал/.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-т зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн бусдад төлөх төлбөрийг төлж, энэ хэмжээний мөнгийг зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцсоноос үзвэл уг харилцаа зээлийн гэрээний шинжийг агуулсан байна.

Анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгчээс 1.800.000 төгрөг зээлсэн, зээлийн гэрээгээр хүү тохиролцсон гэж үзсэн нь үндэслэлтэй боловч ...2018 оны 8 дугаар сарын 28-ний өдөр хугацаа тогтоосон, ...хариуцагч 2019 оны 3 дугаар сараас хойш үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан... гэж үзэж энэ хугацааны хүү тооцохдоо хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг илрүүлж, зөвтгөх арга хэмжээ аваагүйгээс гадна нэхэмжлэгч гомдол гаргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг нэмж хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т зааснаар зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ.

2016 оны 1 дүгээр сарын 10-ний өдрийн гэрээнд зээлийг буцааж төлөх хугацааг заагаагүй, энэ тохиолдолд зээлдүүлэгч шаардсанаас зээлдэгч нэг сарын дотор зээлийг төлөх үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-т зааснаар зохигчийн тайлбар бодит үнэнд нийцсэн байх ба нэхэмжлэгч шүүхэд ...зээлийг нэг сарын хугацаагаар олгосон гэсэн тайлбар гаргасан тул зээлийг 1 сарын хугацаагаар олгосон гэж үзнэ.

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7-т зааснаар хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолох ба 2016 оны 1 дүгээр сарын 10-ний өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх ...талууд 2018 оны 8 дугаар сарын 28-ний өдөр хугацаа тогтоосон гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй байна.

 

Хариуцагчийн ...2016 оны 2 дугаар сарын 8-нд 800.000 төгрөг, мөн зээлийн төлбөрт нийт 5.000.000 төгрөг төлсөн гэх тайлбар хэргийн баримтаар нотлогдоогүй байна.

Дээр дурдсанаар хариуцагч зээл 1.800.000 төгрөг, 1 сарын хүү 180.000 төгрөг нийт 1.980.000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд үүнээс төлсөн 1.000.000 төгрөгийг хасч, хариуцагчаас 980.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 18 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 129/ШШ2019/00446 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-т заасныг баримтлан хариуцагч*******өөс 980.000 \есөн зуун наян мянган\ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс 1.220.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын ...32.102... гэснийг ...28.070... гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч*******өөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 46.118 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД