Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2013/0179/З |
Дугаар | 221/МА2015/0241 |
Огноо | 2015-06-05 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2015/0241
2015 оны 6 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2015/0241
БХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч БХХ ХХК-ийн захирал Ч.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, гуравдагч этгээд ШБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 107 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, БХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗД болон СБДЗД , СХДӨХГ-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч БХХ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...СБДЗД-ын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар манайд олгосон 620 м.кв талбайн кадастрын зургийг Нийслэлийн мэдээллийн санд ямар ч давхардалгүйгээр оруулж баталгаажуулсан байхад тус дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар ШБ ХХК-д олгосон 800 м.кв талбайг НЗД-ын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671 дүгээр захирамжаар 984 м.кв болгон талбайг нэмэгдүүлж олгохдоо газрыг давхардуулан, манай баталгаажуулсан газрын мэдээллийг өөрчилж, ШБ ХХК-ийн эрх ашигт нийцүүлэн хууль бусаар үйлдсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчиж байна. Иймд ШБ ХХК-ийн газар эзэмших НЗД-ын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хууль тогтоомжийн дагуу шалгаж, хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...НЗД-ын 2011 оны 295 дугаар захирамжийн ШБ ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, БХХ ХХК-ийн эзэмшиж буй 620 м.кв талбайн кадастрын зургийг Нийслэлийн газрын мэдээллийн санд зөвтгөн /хуучин бүртгэгдсэн мэдээллийн дагуу/ бүртгэж авахыг, мөн БХХ ХХК-тай газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг тус тус Нийслэлийн ӨХГ-т даалгах гэжээ.
Хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, НӨХГ-ын дарга Ш.Төмөрбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: ...БХХ ХХК болон ШБ ХХК-д газар эзэмших эрх олгосон СБДЗД-ын 2007 оны 374 дүгээр захирамж болон холбогдох бусад материалын хуулбарыг авах гэсэн боловч Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны газрын архивт уг материалууд байхгүй байна. Дүүргийн Засаг даргын 2007 оны 347 дугаар захирамжид БХХ ХХК гэж байхгүй, харин ББХ ХХК гэж байгаа нь БХХ ХХК-д газар эзэмших эрх олгогдоогүй гэдгийг нотолж байна.
БХХ ХХК-ийн гаргасан өргөдөлд БХХ ХХК-ийн эзэмшиж байгаа газрын кадастрын зургийн өөрчлөлт нь талбайн талбайн хэмжээ хэвээр боловч хэлбэр дүрсийг өөрчилсөн байсан гэсэн хариу өгсөн. Уг захирамжаар байршил зааж олгогдсон газраа мэдээллийн санд зөв оруулан илүү тохижилт хийсэн газрыг чөлөөлөхийг мэдэгдсэн байна. Мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан журмыг зөрчин БХХ ХХК-д гэрчилгээ олгосон байна.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/1721 тоот тайлбар нь манай ажилтны хариуцлагагүйгээс алдаа гарч буруу хэвлэгдсэн тул уг тайлбар хүчингүй болохыг мэдэгдэж байна... гэжээ.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулж гаргасан тайлбартаа: ...Маргаж буй ШБ ХХК-д давхар эзэмшүүлсэн гэх газрыг эзэмших эрх БХХ ХХК-д үүсээгүй, нэхэмжлэгчийн нэр дээр мэдээллийн санд бүртгэлтэй байсан гэх орц, гарцын зориулалттай уг газрын доор дулааны 200-гийн 1 хос ган хоолой шугам байрладаг, ...уг газарт газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгохыг хориглох тул уг газрыг БХХ ХХК болон бусад этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй, өмнө нь нэхэмжлэгчид энэ газрыг эзэмшүүлсэн баримт байхгүй. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Гуравдагч этгээд ШБ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ...Манай компани нь СБДЗД-ын 2000 оны 95 дугаар захирамж, 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Автобус-3 баазын зүүн талд 0.08 га газарт орон сууцны барилга барих зориулалтаар газар эзэмших эрхтэй болсон. Улмаар НЗД-ын 2009 оны 671 дүгээр захирамжаар газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж 984 м.кв газрыг эзэмших болсон... 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр барилгын талбайдаа түр хашаа барих гэсэн боловч Нийслэлийн Газрын албанаас тус компанийн батлагдсан ерөнхий төлөвлөгөө эскиз дээрх гадна тохижилт ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн зэргэлдээ орших "БХХ трейд" ХХК-ийн кадастрын зурагтай давхцсан тул уг асуудлыг шийдвэрлэх хүртэл ажлаа түр зогсоохыг хүссэний дагуу өнөөдрийг хүртэл ажлаа зогсоогоод байна...
БХХ ХХК нь өнөөдрийг хүртэл батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу болон СБДЗД-ын 374 дүгээр захирамжийн дагуу кадастрын зургаа хийлгэж, баталгаажуулан авахын оронд өөр газрын модыг зөвшөөрөлгүй огтолж, өөрийн орчны газар болгон кадастрын зураг хийлгэж, эцэст нь маргаан үүсгэж, хууль зөрчиж байгаа нь үндэслэлгүй... Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулж гаргасан тайлбартаа: ...БХХ ХХК-д СБДЗД-ын 2007 оны 374 дүгээр захирамжаар газар эзэмшүүлсэн гэдэг бөгөөд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ СБДЗД , Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж хуульд заасан нөхцөл журмын дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй. Иймд, нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Гуравдагч этгээд ШБ ХХК нь бие даасан шаардлага болон уг шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...Улаанбаатар хотын ерөнхий архитектор Г.Б-ын баталсан 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн барилгын зураг төсөлд мэргэжлийн дүгнэлт, магадлал хийлгэж, Монгол Улсын 77 тоот экспертийн дүгнэлтээр баталгаажсан БХХ ХХК-ийн үйлчилгээтэй зочид буудлын барилгын ерөнхий төлөвлөгөөний дагуу СБДЗД-ын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар БХХ ХХК-д батлагдсан ерөнхий төлөвлөгөөг үндэслэн орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг эзэмшүүлсэн шийдвэртэй нийцүүлэн Нийслэлийн газрын кадастрын нэгдсэн санд давхцалыг арилгаж байршил зааж олгосон газрыг зөв оруулж, илүү тохижилт хийсэн газрыг чөлөөлүүлж шийдвэрлэхийг хариуцагч НӨХГ , СБДЗД нарт даалгаж өгнө үү.
Мөн СБДЗД-ын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжийн 1 дүгээр заалтын 1 дэх хэсгийн ...орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг нэмж эзэмшүүлэхээр... гэж заасан хэсгийг илт хүчин төгөлдөр бус акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэж нэмэгдүүлж байна гэжээ.
Нэхэмжлэгч БХХ ХХК нь гуравдагч этгээдийн бие даасан болон нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулж гаргасан тайлбартаа: ...ШБ ХХК-ийн бие даасан шаардлагад манай компанийг 2007 оны 374 дугаар захирамж гарснаас 2 жилийн дараа кадастрын зургийг хийлгэсэн мэтээр бичсэн нь үнэнд нийцэхгүй байна. Манайх СБДЗД д эзэмшиж байгаа газраа хугацааг нь сунгуулах, нэмж 400 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргахаас өмнө буюу 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хийлгэсэн. 2007 оны 374 дугаар захирамж, 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хийлгэсэн кадастрын зураг болон бусад холбогдох материалуудыг үндэслэн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын баталсан одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн мэдээллийн санд оруулж зургийг баталгаажуулсан.
Иймээс ШБ ХХК-ийн бие даасан шаардлага нь бүхэлдээ бусдын газрыг хууль бусаар булааж авах гэж улайран зүтгэж байгаа оролдлого байх тул уг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
СБДЗД-ын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжийн 1 дүгээр заалтын 1 дэх хэсгийн ...орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг нэмж эзэмшүүлэхээр... гэж заасан манайд хамааралтай хэсгийг илт хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол ШБ ХХК-д холбогдох 1 дүгээр заалтын 4 дэх хэсэгт ...ШБ ХХК-д олгогдсон 0.009 га газрыг томсгон 0.08 га газар болгон орон сууцны барилга барих зориулалтаар гэсэн хэсэг ч мөн илт хүчин төгөлдөр бус гэж үзэж ёстой... Иймд, нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч СБДЗД шүүхэд гаргасан тайлбартаа: ...2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дугаар захирамжид ББХ ХХК-ийн нэр дээр 0.022 га газар эзэмших эрхийн хугацааг сунгах, орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг нэмж эзэмшүүлэхээр тусгагдсан. Мөн захирамжаар ШБ ХХК-д 0.009 га газрыг томсгон 0.08 га газар болгон орон сууцны барилга барих зориулалтаар газар олгосон захирамж нь ямар нэг байдлаар бусдын эзэмшлийн талбайг давхцуулан олгосон хэрэг бус бөгөөд өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр байна. Гэтэл НЗД-ын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671 дүгээр захирамжаар эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалт, байршлыг өөрчлөхдөө давхцуулан олгосон байна. ШБ ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэжээ.
Хариуцагч НӨХГ-ын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: ...БХХ ХХК-д СБДЗД-ын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар 0.04 га орчны газрыг олгож, Нийслэлийн мэдээллийн санд 2 жилийн дараа буюу 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байршил зааж олгогдоогүй газрыг кадастрын зурагт оруулж газрын хэмжээг нэмэгдүүлсэн байна. Манай мэдээллийн сан дахь газрын байршлын кадастрын зурагт маргаан бүхий газрууд нь давхцал байхгүй байна. Уг маргаантай газрын шударга эзэмшигч, өмчлөгч нь шүүхээр нотлогдсон тохиолдолд НЗД-ын захирамжид өөрчлөлт оруулах боломжтой гэжээ.
Нэхэмжлэгч БХХ ХХК давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх талаас нь үнэлж, дүгнэж чадсангүй. Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа ЗХХШТХ-ийн 72 дугаар зүйлийн 72.4-т заасан шаардлагыг хангаж чадаагүй, шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт өөр хоорондоо зөрчил бүхий, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Анх СБДЗД-ын 2002 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 322 дугаар захирамжаар БХХ ХХК-д зочид буудлын барилгын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт Автобус-3 авто баазын зүүн урьд талд байрлуулан 0.022 га газрыг эзэмшүүлэн /барилгын сууриар/ кадастрын зураг хийгдэж, нэгж талбарын 18642310556028 дугаартайгаар газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэж, улмаар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар дээрх газар эзэмших эрхийн хугацааг сунган, орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг нэхэмжлэгчид нэмж олгохоор, мөн дүүргийн Засаг даргын 2000 оны 95 дугаар захирамжаар 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Автобус 3 авто баазын зүүн талд байршуулан ШБ ХХК-д олгогдсон 0.009 га газрыг томсгон 0.08 га газар болгон орон сууцны барилга барих зориулалтаар эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.
БХХ ХХК-ийн зочид буудлын барилгыг байнгын ашиглалтад оруулах улсын комиссын 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд нэр бүхий гишүүдийн гаргасан батлагдсан ерөнхий төлөвлөгөөний орчны тохижилт, ногоон байгууламж хийх зэрэг ажлыг гүйцэтгэх шаардлагатай талаарх саналууд тусгагдсан, тухайлбал зочид буудлын барилгын зураг төслийг гүйцэтгэсэн болон уг барилгыг ашиглалтад хүлээн авах улсын комиссын гишүүн А ХХК-ийн захирал Б.Баяраа ...орчны тохижилт гэж батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зурганд тусгагдсаныг ойлгоно гээд өөрийн компанийн гүйцэтгэсэн зурганд орчны тохижилт бүрэн хийгдсэн болохыг гэрчилсэн байдаг.
Улаанбаатар хотын ерөнхий архитектор Г.Б-ын 2005 онд баталсан ерөнхий төлөвлөгөөнд ч нэхэмжлэгчийн барих зочид буудлын барилгын урд, баруун, зүүн талын хэсэгт орчны тохижилт хийх /автомашины зогсоол, ногоон байгууламж, явган хүний зам талбай зэрэг/-ээр тусгагдсан боловч БХХ ХХК дээрх захирамжаар эзэмшүүлсэн 620 м.кв газар эзэмших гэрчилгээгээ 2008 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр авч, 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эзэмших газрын кадастрын зураг хийлгэхдээ баригдсан барилгынхаа эргэн тойрны буюу орчны тохижилт хийгдсэн 400 м.кв газрыг бус, харин барилгын хойд талын одоогийн маргаан бүхий газрыг оруулан нэгж талбарын 18642310560028 дугаар бүхий газрын байршлын кадастрын зургийг 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлжээ.
Хэдийгээр НӨХГ-ын 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 4/3168, мөн сарын 20-ны өдрийн 4/3195 дугаар албан бичгүүдэд ...БХХ ХХК-ийг газрын мэдээллийн санд зургаа оруулах талаар албан ёсоор гаргасан хүсэлт байхгүй, дүүргийн Засаг дарга Нийслэлийн газрын мэдээллийн санд үүнээс 2 жилийн дараа буюу 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байршил зааж олгогдоогүй газрыг кадастрын зурагт оруулсан... гэж тус тус тайлбарлах боловч тухайн үед Сүхбаатар дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагчаар ажиллаж байсан Б.Балдорж дээрх зургийг газрын мэдээллийн нэгдсэн санд оруулах зөвшөөрөл олгосон болохоо гэрчилсэн.
Гэвч нэхэмжлэгчийн 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ас ХХК-иар хийлгэсэн гэх 620 м.кв талбай бүхий газрын кадастрын зургийг тухайн үед инженерээр ажиллаж байсан Ж.Энхцэцэг хийгээгүй, зурган дээрх гарын үсэг өөрийнх нь биш болохыг гэрчилсэн төдийгүй тус компаниар анх 2006 онд барилгын сууриар буюу 220 м.кв талбай бүхий кадастрын зургийг мөн онд газрын мэдээллийн нэгдсэн санд 18642310556028 дугаараар бүртгэсэн байх бөгөөд эдгээр зургууд 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр буюу адил цаг хугацаанд үйлдэгдсэн хирнээ 220 м.кв талбай бүхий газрын кадастрын зурагт орчны бусад байгууламж тусгагдаагүй, талбайн координатын цэгүүд хүснэгтэн бус хэлбэрээр бичигдсэн байхад 620 м.кв газрын тухайд орчны бусад байгууламж тусгагдсан, талбайн координатын цэгүүд хүснэгтэд бичигдсэн байдаг.
2006 онд газрын кадастрын зураг 620 м.кв газрын кадастрын зураг шиг хийгддэггүй байсан талаар Ас ХХК-ийн захирал н.Мөнхзул 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн уулзалтаар тайлбарлаж, компьютерийн файлаасаа тухайн онд хийж байсан өөр кадастрын зургийг жишээ болгон шүүхэд гаргаж өгсөн, мөн 620 м.кв зургийг үйлдээгүй гэх Ж.Энхцэцэг болон тус компанийн геодезийн инженер Д.Халиун нар ч үүнийг гэрчилсэн. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр газрын мэдээллийн санд бүртгэгдсэн 620 м.кв газрын кадастрын зураг нь зохих журмын дагуу хийгдээгүй, өөрөөр хэлбэл хууль бус зургийг үндэслэж хийгдсэн гэж дүгнэх үндэслэлтэй. Шүүхийн дээрх дүгнэлтээс үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй болохыг шууд нотолно. Нэхэмжлэгчийн зүгээс анх маргаан бүхий газрыг мэдээллийн санд оруулах хүсэлт гаргаж, холбогдох нотлох баримтуудын хамт Газрын албанд хүргүүлсэн болох нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар нотлогддог.
Мөн кадастрын зургийг үйлдсэн баримт ч хэрэгт байгаа. Гэтэл кадастрын зургийг хэвлэж гаргасан этгээдийн /Ж.Энхцэцэгийн/ өөрийнх нь хэлсэн Миний гарын үсэг биш гэснийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрч болох Ж.Энхцэцэг гэгч нь өөрийн мэргэжлийн хүн биш бөгөөд гагцхүү бусад мэргэжилтнуүдийн хийж, компьютерт суулгасан зураг, зураглалыг хэвлэн гаргаж баталгаажуулдаг туслах болон техникийн ажилтан болох нь тогтоогддог. Гэтэл харамсалтай нь энэ байдалд зөв дүгнэлт хийсэнгүй.
Түүнчлэн тухайн үед кадастрын болон бусад зургуудыг орчны обьектуудтай хийдэг байсан талаар хэрэгт авагдсан бусад баримтууд хангалттай нотолдог. Гэтэл шүүхээс Ас ХХК-ийн компьютерийн хард дискэнд байгаа гэх зарим зургуудыг хэвлэж /ямар компьютерээс хэвлэснийг хэн ч мэдэх, тогтоох боломжгүй/, түүнтэй цаг хугацааны хувьд харьцуулан дүгнэлт хийсэн явдал нь хэтэрхий өрөөсгөл, зөвхөн хэн нэгний эрх ашигт нийцүүлэн дүгнэлт гаргах шалтаг болсон. Нарны гүүрийг барьж ашиглалтад оруулахад газар чөлөөлснөөс улбаалан ШБ ХХК-д газар олгох шаардлагатай болсон. Үүний дагуу маргаан бүхий газарт гуравдагч этгээдэд удаа дараалан хэмжээг нь томруулж газар олгосныг зөв байсан мэтээр шүүхээс дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь, Газрын тухай хуульд Бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай ямар нэгэн байдлаар давхцуулан газар олгохыг хориглоно гэж заасан. Маргаан бүхий газрыг бид өмнө нь эзэмшиж, баталгаажуулж, мэдээллийн санд оруулсан атал энэ талаар шүүхээс үндэслэлгүй, хууль бус дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрвээ бид өөрсдийн эзэмшил газраас баталгаажуулах асуудлаар Газрын албанд хандаж, хүсэлт гаргаагүй бол мэдээллийн санд бидний мэдээллийг оруулахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой асуудал.
Гэтэл мэдээллийг оруулсан болохыг Сүхбаатар дүүргийн Газрын албаны ажилтан мэдүүлж, хүлээн зөвшөөрсөөр байтал шүүх энэ нөхцөл байдалд эсрэг дүгнэлт хийж, шийдвэрлэсэнд гайхаж байна. Ийнхүү шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, асуудлыг шударгаар шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь НЗД-ын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671 дүгээр, 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 295 дугаар захирамжийн ШБ ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, БХХ ХХК эзэмшиж буй кадастрын зургийг Нийслэлийн газрын мэдээллийн санд зөвтгөн /хуучин бүртгэгдсэн мэдээллийн дагуу/ бүртгэж авахыг Нийслэлийн ӨХГ-т даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрт үндэслэл бүхий дүгнэлт хийж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд анх СБДЗД-ын 2002 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 322 дугаар захирамжаар БХХ ХХК-д зочид буудлын барилгын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Автобус-3 авто баазын зүүн урд талд байрлуулан 0.022 га газрыг эзэмшүүлэн /барилгын сууриар/ кадастрын зураг хийгдэж, нэгж талбарын 18642310556028 дугаартайгаар газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэж, улмаар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар дээрх газар эзэмших эрхийн хугацааг сунган, орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг нэхэмжлэгчид нэмж олгожээ. Ингэснээр нэхэмжлэгч нь нийтдээ 620 м.кв газар эзэмших эрхтэй болсон байна.
Гэтэл нэхэмжлэгч БХХ ХХК нь одоогийн байдлаар 1544 м.кв газрыг хашаалсан байгаа бөгөөд ШБ ХХК-д эзэмшүүлсэн 984 м.кв газраас 94 м.кв талбай бүхий газар нь манай газартай давхцаж байгаа гэсэн агуулгаар маргаж байна. Дээрх маргаж байгаа газрыг нэхэмжлэгч компанийн эзэмшил газар мөн гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.
Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д барилгын орчны тохижилт гэж тухайн барилгад олгосон газарт барилгажилт, төлөвлөлтийн нормын дагуу төлөвлөсөн мод, бут, сөөг зэрэг ногоон байгууламж, зам, тээврийн хэрэгслийн зогсоол, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийг хэлнэ гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд БХХ ХХК-ийн тухайд өөрийн эзэмшлийн 400 м.кв газарт тохижилт хийх ёстой байхад өөрт нь эзэмшүүлээгүй газарт тохижилтын ажлыг хийгээд улмаар өөрийн эзэмших эрх бүхий газар гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
Нөгөө талаар Улаанбаатар хотын ерөнхий архитектор Г.Б-ын 2005 онд баталсан ерөнхий төлөвлөгөөнд ч нэхэмжлэгчийн барих зочид буудлын барилгын урд, баруун, зүүн талын хэсэгт орчны тохижилт хийх /автомашины зогсоол, ногоон байгууламж, явган хүний зам талбай зэрэг/-ээр тусгагдсан, өөрөөр хэлбэл, БХХ ХХК-ийн зочид буудлын урд, баруун, зүүн талын газрыг уг компанийн тохижилт хийх 400 м.кв газар гэж үзэхээр байхад БХХ ХХК барилгын хойд талын одоогийн маргаан бүхий газрыг оруулан нэгж талбарын 18642310560028 дугаар бүхий газрын байршлын кадастрын зургийг 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн нь буруу байна.
Өөрөөр хэлбэл, СБДЗД-ын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газар гэж үзэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгч мөн орц, гарцыг 40 м зайтай гаргахаар шийдвэрлэснийг чухалчилан авч үздэг. Авто замын газрын 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 2/675 дугаар албан бичигт ...зочид буудал, үйлчилгээний барилгын ерөнхий төлөвлөгөөний дагуу нарны замаас орц, гарц гаргахад уулзвартай хэт ойр учир норм дүрмийн шаардлага болон хөдөлгөөний аюулгүй байдал хангагдахгүй байна. Иймд усны гудамж талд уулзвараас 40 м зайд орц, гарц гаргахыг зөвшөөрч байна гэсэн нь нэхэмжлэгчид одоогийн гаргасан орц, гарц, түүний орчмын газрыг эзэмших эрхийг олгох үндэслэл болохгүй юм.
Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хууль ёсоор эзэмшсэн газартай давхацаагүй газрыг ШБ ХХК-д эзэмшүүлсэн байх тул НЗД-ын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671, 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 295 дугаар захирамжийн ШБ ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Анхан шатны шүүхээс ШБ ХХК-ийн 800 м.кв газрыг 984 м.кв болгон эзэмшүүлсэн процесс болон үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийснээс гадна холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулсан байна.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо гэрч Ж.Энхцэцэгийг мэргэжлийн хүн биш, техникийн ажилтан гэдэг нь тогтоогддог, энэ байдалд зөв дүгнэлт хийсэнгүй гэжээ.
Ж.Энхцэцэгийн өгсөн гэрчийн мэдүүлгээс үзэхэд тэрээр өөрийгөө мэргэжлийн инженер гэж мэдүүлээгүй, тухайн үед уг компанид техникчээр ажиллаж байсан гэдгээ мэдэгдсэнээс гадна хэвлэн гаргасан зураг дээрх гарын үсэг өөрийнх нь биш болохыг хүлээн мэдүүлжээ. Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг авахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлснийг буруутгах үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАРР