Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2018/00385

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Н.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***************** оршин суух, М овогт Чын Т /РД58122314/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **************** тоотод оршин суух, Х овогт Жы У /**************/-д холбогдох

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох 15.275.570 /арван таван сая хоёр зуун далан таван мянга таван зуун дал/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, иргэдийн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгч Ч.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ж.У, хариуцагчийн өмгөөлөгч Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Мөрөн сумын Цагаан-Уул хүнсний зах дээр Өсөх Идэр нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулж байхдаа Ж.У гэдэг эмэгтэйг өөрийн нь хүсэлтээр 2013.9.13 өдрөөс худалдагчаар авч ажиллуулсан. Манай дэлгүүрт 2 жил орчим ажилласан. Ажиллаж байх хугацаандаа тооллого тооцоо нийлэхэд ямарч маргаан гарч байгаагүй 2015.11.15 ний өдөр бид эцэслэж тооцоо нийлэхэд 29.506.670 төгрөг дутагдуулсан. Уг баримтан дээр Ж.У гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн. Тэгээд ойрын хугацаанд төлж барагдуулна ... гэсэн юм. Би түүнд итгэж хүлээцтэй хандсан. Хүлээж

хүлээж тэсвэрлэшгүй байдалд орж гэр орноор нь удаа дараагаар орж, түүний нөхөрт нь хүртэл хэлсэн. Ж.У нь энэ үед... би өөртөө ч хэрэглэсэн юм байгаа, бас бусдад зээл өгсөн ч юм байгаа гээд тусад нь бичиг үйлдэж хохиролгүй болгож өгөхөө илэрхийлж байсныг надтай хамт тэднийд очсон өмгөөлөгч Б.Б ч мэднэ. Би Ж.Уянгын үгэнд итгэж бараа зээл өгсөн гэх хүмүүчийн араас өмгөөлөгч авч хөөцөлдүүлэхэд худлаа хэлсэн байсан.

Ингээд цагдаагийн байгууллагад арга буюу хандаж Ж.Уянгыг шалгуулахад гэмт хэргийн шинжтэй үйлдлээр учруулсан гэх хохирлоо 14.229.320 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо надад 15.275.570 төгрөгийн гэмт хорыг учруулсныг шүүхээс болон прокуророос иргэний журмаар баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг олгосон. Нэгэнт надад 15.275.570 төгрөгийн гэмт хорыг Ж.У хариуцах хуулийн болоод нотолгооны бүрэн үндэслэлтэй байх тул хариуцагч Ж.Уас 15.275.570 /арван таван сая хоёр зуун далан таван мянга таван зуун дал/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Т нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие хариуцагч Ж.Уас 15.275.500 төгрөгийг нэхэмжилж байна. Үндэслэл нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа намайг иргэний журмаар нэхэмжилж ав гэсэн учир холбогдох баримтаа хавсарган нэхэмжилж байна. 15.275.500 төгрөгийг миний харилцдаг дэлгүүрийн хүмүүсээс У нь өөрийн дансандаа надад өгөх ёстой мөнгийг хийж авсан. Харин уг мөнгөө эргүүлж гаргахдаа АТМ-аар дамжуулж гаргасан байдаг. Банкны хуулгаар Чимгээ 88505920 гэсэн утастай хүнээс Уянгын дансанд 8 дугаар сарын 25-ны өдөр 900.000 төгрөг, 100.000 төгрөг, 800.000 төгрөгүүд орсон байдаг. Гэтэл У бид 2 тооцоо нийлэхэд уг Чимгээ гэдэг хүнийг 1.700.000 төгрөгийн өртэй байгаа гэж хэлсэн. Тэгээд энэ хүнээс нийтдээ 1.800.000 төгрөг орсон байхад эргүүлээд гаргахдаа 500.000 төгрөгөөр 3 удаа гаргаад өөртөө 300.000 төгрөг үлдээсэн байдаг. Бүрэнтогтох сумын Болормаа гэдэг хүнийг 1358500 төгрөгийн өртэй гэж надад хэлсэн байдаг. Энэ хүнээс 358.500 төгрөгийг миний дансанд оруулаад 1.000.000 төгрөгийг өөрийн дансандаа үлдээсэн байдаг. Төгсөөтэй 935.000 тооцоотой гэж тооцоо нийлсэн акт дээр байгаа боловч 3470000 төгрөгийг өөрийн дансанд авсан байсан. Байгаль гэдэг хүнийг 1.775.000 төгрөгийн тооцоотой гэж байгаа боловч энэ хүнээс 400.000 төгрөгийг авсан байх жишээтэй. Гэх мэтчилэн миний харилцдаг дэлгүүрүүдийн банкны баримтыг үндэслэн 30.700.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Банкаар дамжуулж авсныг намайг иргэний журмаар нэхэмжил, охинтой нийлээд авсан мөнгийг гэмт хэрэг гэж үзээд прокурорын шатанд надад 13 сая төгрөгийн хохирол төлсөн байдаг. Нийтдээ надад 14.229.320 төгрөг төлсөн. Одоо 15.275.570 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Дээрх мөнгийг гаргуулж өгнө үү. Дансаараа оруулсан 30.000.000 төгрөгтөө эзэн болох ёстой шүү дээ. Миний данс руу болоод аль нэгэн өөр данс руу мөнгө хийгээгүй харагдаад байдаг. Ганцхан АТМ-аар өөртөө авдаг, эргэж төлөхдөө дутуу төлсөн байдаг. Тийм учраас үүнийг иргэний хэрэг гэж үзсэн. Намайг бараа гаргасан тухайдэлгүүрийн түлхүүрийн тухай бол эрүүгийн журмаар шийдвэрлэгдсэн асуудал гэж бодож байна.

Дээрх хүмүүс миний дансанд мөнгөө хийдэг байсан хүмүүс байгаа юм. Сүүлийн үед миний дансанд мөнгөө хийхээ больсон. Гэтэл энэ нь Уянгын дансаар ордог байж гэдэг нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон. Дэлгүүрийн борлуулалтыг өдөрт нь авдаг. Миний дансаар орсныг өдөрт нь хасдаг байсан. Уянгын дансаар орсныг би авах боломжгүй, АТМ-аар орсон мөнгөө тушаасан гэсэн баримт байдаггүй. Оны эцсээр тооллого хийхэд 46.000.000 төгрөгийн үлдэгдэл гарснаас надад 16.000.000 төгрөгийн зээл байсанби үүнийгээ өөрөө барагдуулсан Уд 29.000.000 төгрөгийн зээл үлдсэн. Тооцоо нийлсэн баримтад маргаан байхгүй. Хэрвээ сумдад байгаа бол бензин тосыг нь хийж өгье гэж хэлээд 6 сар гаран хүлээсэн боловч миний хохирлыг гаргаж өгөөгүй. Тиймээс би цагдаагийн байгууллагад хандсан. Энэ хүн манай дэлгүүрт ажиллаж эхэлснээс хойш байрны төлбөрөө төлсөнмашинтай болсон. Амьдрал нь их өөрчлөгдөж байгаа. Уас нэхэмжилж буй мөнгө нь эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгосон мөнгө мөн. Дутагдсан зүйлийг бараа нэр төрлөөр нь ангилаагүй. Нийт дутаасан мөнгөн дүн нь байгаа юм.

Би өөрөө зээл олгохыг зөвшөөрсөн 16 сая төгрөгийн өрийг өөрөө хариуцсан. У дур мэдэж 29 сая төгрөгийн зээлийг бусдад олгосон байсан. 2015 оны 7 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сарын хооронд 4 сарын хугацаанд л дутагдуулсан барааны мөнгө юмМиний зээл өгдөг харилцагч нар байсан. Тэгээд зээл шахаад байсан чинь зээл ихсээд мөнгө багасаад байсан. Тэгээд яагаад ингэж мөнгө багасаад байна гээд үзэхэд ийм тоо гараад ирсэн. Энэ хүнийг өөрөө бол их шахсаар байгаад л дийлээгүй. Энэ хүний дансанд орсон мөнгө, бид хоёрын тооцоо нийлсэн баримт, эргүүлж төлсөн баримтанд үндэслэж л дээрхи мөнгийг нэхэмжилж байна. Бараагаа татаж авахдаа нийлүүлэгч компаниудтайгаа би тооцоогоо нийлдэг байсанӨдөр өдөрт Ж.Уас орлого авдаг байсан. Энэ хүнд өөрийн дансаар миний мөнгө авах эрх байхгүй шүү дээ. Намайг байхгүй байхад л өөрийн дансаар авсан гээд байх юм. Би тийм удаан хугацаагаар байхгүй байгаагүй шүү дээ. Шийтгэх тогтоолд эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан бөгөөд хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол дээр ч та энэ мөнгөө иргэний хэрэг учраас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж хэрэгсэхгүй болгосон учир би эрүүгийн хэргээс холбогдох хэрэгсэхгүй болгосонтой холбоотой баримтыг авч нэхэмжлэлээ гаргасан. Эрүүгийн хэрэгт байснаас өөр баримтыг гаргаж өгөөгүй. Энэ бол миний гаргасан бодит дүн. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан мөнгөн дүн мөн.

Гэмт хэрэг гэж үзээгүй учир баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжил гэсэн учир би нэхэмжилж байгаа юм.

Банкны хуулга дээр эрүүгийн хэрэг биш гээд үнэлээгүй учир би энэ баримтаар үндэслэж нэхэмжилж байгаа юм. Банкны хуулгаар би санхүүгээ сайжруулахаар кассын машинтай болсон чинь энэ хүний хийж байсан ажлууд нь илэрсэн. Тэгээд надад хүмүүсээс мөнгө авах ёстой гэж хэлж байсан хэдий ч нөгөө хүмүүс нь Уянгын данс руу мөнгөө шилжүүлсэн байдаг.

У бид хоёрын хийсэн тооцоон дээр уг хүмүүсийг өртэй гэсэн байдаг. Гэтэл тэр хүмүүс Уянгын дансанд 15 сая төгрөг хийсэн байдаг. Гантөгс өртэй гэж тооцоо нийлсэн байхад Гантөгс Уянгын дансанд мөнгө хийсэн байх жишээтэй. Надад У дээрх мөнгөө өгсөн гэдгээ баталж чадахгүй учраас би нэхэмжилж байгаа шүү дээ. 14.229.000 өгсөн шигээ өгсөн бол өрнөөс нь хасагдаад л явах учиртай шүү дээ. Орлого дээрээ орох ёстой хүмүүсийн орлого нь нэрээрээ орчиход зарлага нь дандаа АТМ-р гарсан байдаг. Жишээ нь Батноров гэж хүнийг У өртэй гэж байгаа боловч энэ хүн Уянгын дансанд нь 195.350 төгрөг хийчихсэн байх жишээтэй. Нийтдээ Уянгын дансанд 39 сая төгрөг орсон байдаг юм гэв.

Хариуцагч Ж.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж.У би Ч.Тын нэхэмжлэлтэй 15.275.570 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцож дараах тайлбарыг гаргаж байна.

1.Нэхэмжлэгч Ч.Т нь бараа дутагдуулсаны төлбөр 15.275.570 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч би тухайн үедээ ийм өр төлбөр гаргаагүй ийм дутагдал төлбөр гаргаж байгаагүй бөгөөд цагдаагийн байгууллагад хандаж анх эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад аймгийн прокурорын газраас 15.106.050 төгрөгийн эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байгаа болно. Гэтэл нэхэмжлэгч нь нотлох баримтгүйгээр дээрх хохирлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд аймгийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай тогтоол нь одоог хүртэл хүчинтэй байгаа тул би нэхэмжлэгчийн надаас нэхэмжилж байгаа 15.275.570 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ч.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. / Хавсаргасан баримт: Прокурорын тогтоол 1 хувийг хавсаргав / гэжээ.

Хариуцагч Ж.У нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2 жил 2 сар Тын дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа сар болгоны 15-ны өдөр тооллого хийдэг байсан. Тооллого хийхдээ би ганцаараа тооцоо хийдэг байсан. Би надтай хамтдаа тооллого хийхийг би шаарддаг байсан. Намайг ажиллаж байх хугацаанд дэлгүүрийн түлхүүр надад байдаггүй байсан. Надад хүлээлгэж өгсөн бараанаас сүүлийн 3 сар хөдөөний дэлгүүрүүдэд бараа өгсөн байсан учир би 15.275.500 төгрөгийн төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би 14 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөөд төлж барагдуулсан. Өөрийн мэдлийн 12.000.000 төгрөгийн өөрөө төлнө гэж Тт бичиг гаргаж өгч байсан.

Дансаар оруулж байгаа мөнгөний тухайд би орлогоо өдөр өдөрт нь хийгээд явдаг байсан. Т гуайг байхгүй үед нь би өөрийн дансаар аваад өдөр өдөрт нь түүний дансанд орлогоо хийдэг байсан. Би 2 жил 2 сарын хугацаатай түүний дэлгүүрт ажиллаж байсан. Сүүлд 2015 оны 5 дугаар сард 135.000 төгрөгийн дутагдал гаргасан. Түүнийгээ би төлсөн байгаа. Би өөрийн хариуцах ёстой 12.000.000 төгрөгийн өрийг төлсөн. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр энэ хүн чинь хүлээлгэж өгсөн бараанаасаа өөрөө өөр хүмүүст тараагаад өгсөн байдаг. Би эрүүгийн хэрэг дээр ч ийм байр суурьтай байсан.

Энэ хүнийг байхгүй үед нь худалдан авагч дансаар тооцоогоо хийдэг байсан. Би тэр мөнгийг нь буцаагаад гаргаад Тын дансанд хийдэг байсан. Өдөр өдөрт нь дансанд нь хийдэг байсан. Би өдөр өдөрт нь өгдөг байсан. Мөрдөн байцаалтын үед ганцхан надаас асуугаагүй шүү дээ. Холбогдох хүмүүсээс нь мэдүүлэг авсан байгаа шүү дээ. Би өөрөө болон манай нөхөр ажил хийж байгаа. Өөрөө төлсөн. Машинаа лизингээр авсан. Би хүмүүсээс мөнгө авч өгнө гэж хэлээгүй. Миний дансаар мөнгө орж ирдэг байсан. Нэхэмжлэгчид түүнийгээ өгсөн. Надад мөнгийг нь өгсөн баримт байхгүй учраас надад хүлээлгэж өгсөн бараанаасаа хүнд өгсөн байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Надаас нэхэмжилж буй мөнгөн дүнг бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Т нь надад ийм тийм нэр төрлийн бараа дутагдсан гэж хэлээгүй. Тооцоо хийсэн үнийн дүнгээрээ л нэхэмжилсэн байна. Би энэ ажилд орохоос өмнө байрмашинтай байсан. Мөн 1 жилийн хугацаатай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан. Би 2015 оны 5 дугаар сард 135.000 төгрөгийн дутагдал гаргасан. 6, 7 дугаар сард худалдагч нар нь Итгэлт Хамба явахад Т гуай ганцаараа дэлгүүртээ үлдсэн.

Өмнө нь ч гэсэн зээл олгож байсан хүмүүс л байдаг шүү дээ. Санхүүгийн баримт байхгүй. Гараараа бичдэг байсан. Надаас хүн бараа худалдаж аваад Т гуайн дансанд хийсэн тохиолдолд би мэдэх боломжгүй учраас би өөрийн дансанд хийлгэдэг байсан.

Гэнэтхэн бараа дутагдаад миний дансанд мөнгө орсон юм байхгүй. Би 2 жил 2 сар ажиллахдаа өөрийн дансанд мөнгө хийлгэдэг байсан. Бэлэн орлоготойгоо өдөр болгон бэлнээр өгдөг байсан. Бараанаас дутсан уу гэдэг нь тодорхойгүй байгаа шүү дээ. Т гуай надад хүлээлгэж өгсөн бараанаасаа намайг байхгүй байхад гүйлгээ хийдэг байсан. Би Т гуайн дэлгүүрээс 8 сая төгрөг зээлж дэлгүүр түрээслэж охиноо зогсоосон. Үлдсэн мөнгө нь бусдад зээлдүүлсэн мөнгө байгаа юм. Ийм учраас би 13 сая гаран төгрөгийг төлсөн. Би өдөр өдөрт нь орлогын мөнгөө шилжүүлдэг байсан. Данснаасаа мөнгөө бэлнээр аваад өдрийн орлоготой хамт өгдөг байсан. Т гуайг байхгүй үед хүмүүсээс өөрийн дансанд шилжүүлж авдаг. Орлоготойгоо нийлүүлж бэлнээр өгдөг байсан.

Өдөр болгон тогтмол орлого орохгүй шүү дээ. Зарим үед бага орлоготой үед орлогоо нэмэгдүүлэх гэж орлого дээрээ мөнгө нэмж өгдөг байсан.

Ялгаа байхгүй шүү дээ. Өдрийн орлогын мөнгөн дүнг өсгөх гэж л тэгдэг. 15 сая төгрөг нь бараагаар дутсан уу? мөнгөөр дутсан уу гэдэг нь тодорхойгүй шүү дээ. Өөрөө хашаа байшингаа барьцаанд тавиад гэрээ хийсэн хүн бараа дутаахгүй шүү дээ.

Намайг 2 жил болоход надтай нэг удаа ч тооллого хийж байгаагүй. Өөрт нь түлхүүр нь байдаг байсан. Намайг байхгүй байхад надад хүлээлгэж өгсөн бараанаас сумдын дэлгүүрт ч өгсөн байх боломжтой. Тэр дэлгүүр нь дотроо чихэр, архи пиво гэсэн тасагтай байсан. Тэгээд 2 сая төгрөгөөс 1 сая нь чихрийн тасгийн худалдагчид өгөх ёстой мөнгө, 500,000 төгрөг нь архи пивоны тасагт орох ёстой мөнгийг нийлүүлээд миний дансанд хийх тохиолдол байдаг байсан. Тийм болохоор би тэр мөнгийг таллаж Тын дансанд хийдэг байсан. Гэхдээ би өөрийн данснаас бусад худалдагч нарын дансанд мөнгө хийдэг. Жишээ нь Арбулагийн Даваасүрэн гэдэг хүн жимс ногоо, архи пивоноос авчихаад мөнгөө миний дансанд мойбалдчихаад явдаг байсан. Үүнээс нөгөө худалдагчдаа өгөх мөнгийг нь үлдээгээд өөрийн барааны мөнгийг авч Т гуайд өгдөг байсан гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Т нь гэм хорын хохирол болох 15.275.570 /арван таван сая хоёр зуун далан таван мянга таван зуун дал/ төгрөгийг хариуцагч Ж.Уас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ж.У нь ... би тухайн үедээ ийм өр төлбөр гаргаагүй ийм дутагдал төлбөр гаргаж байгаагүй бөгөөд цагдаагийн байгууллагад хандаж анх эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Хөвсгөл аймгийн прокурорын газраас 15.106.050 төгрөгийн эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байгаа болно. Гэтэл нэхэмжлэгч нь нотлох баримтгүйгээр дээрх хохирлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд аймгийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай тогтоол нь одоог хүртэл хүчинтэй байгаа тул би нэхэмжлэгчийн надаас нэхэмжилж байгаа 15.275.570 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй ... гэж маргажээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 331 дугаартай ... Тогтоох нь: 1. Шүүгдэгч Х Жы Уянгыг бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

... 6. Эрүүгийн 201622000313 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Т нь шүүгдэгчээс 15.943.050 /арван таван сая есөн зуун дөчин гурван мянга тавь/ төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай ... гэх шийтгэх тогтоол хэрэгт авсан байх бөгөөд үүгээр нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Ж.Уас гэм хорын хохирлыг иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэх эрхтэй байна.

Хэрэгт нэхэмжлэгч Ч.Таас Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай Яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар /Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ 2 хуудас, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай Яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, Бизкон аудит ХХКомпанийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 422 дугаартай Мөрөн сумын иргэн Ч.Т танаа гэж хандсан Хараат бус аудиторын тайлан-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 5 хуудас, хариуцагч Ж.Уянгын 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртлэх ХААН банкин дахь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга нотариатаар гэрчлүүлсэн хуулга 8 хуудас, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Ж.Уас мөрдөн байцаалтанд сэжигтнээр хоёрдугаар удаад авсан мэдүүлгийн тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн Газрын мөрдөн байцаагч Г.Мөнхдаваагийн үйлдсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-ын нотариараар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын ахлах дэслэгч Ц.Жамбалдоржийн Ж.Уас 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр авсан тайлбар тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн Газрын мөрдөн байцаагч Г.Мөнхдаваагийн үйлдсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, 4358 дугаартай НОNDA маркын авто машины гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Эрдэнэбилэг овогтой Ганбатын 12 дугаар багийн 18 дугаар гудамжны 11 тоот хашааны газар эзэмших эрхийн гэрчилгээ, уг хашаанд байрлалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.Утай тооцоо нийлсэн тухай баримт эх хувиар 2 хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Прокурорт буцаах тухай захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас зэрэг нотлох баримтыг ирүүлжээ.

Нэхэмжлэгч Ч.Тын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Ж.Уянгын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ж.У нь нэхэмжлэгч Ч.Тын хувийн Өсөх-Идэр нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар 2 жил гаруй хугацаанд ажилласан, ажиллах хугацаанд нь нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Ж.Утай тооцоо нийлэхэд 29.506.670 төгрөгийн дутагдал гарсан талаар тооцоо нийлсэн, удаа дараа төлөхийг шахсан боловч төлөхгүй байсан учир нэхэмжлэгч Ч.Т нь Цагдаагийн байгууллагад хандан шалгуулсан. Уг хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 331 дугаартай Шийтгэх тогтоол-оор Ж.Уянгыг бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцон шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолтой, нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Ж.Уас анх тооцоо нийлж гарсан 29.506.670 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилсэн, шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол 13.563.620 төгрөгийг хариуцагч Ж.У нь нөхөн төлсөн, харин үлдэгдэл 15.943.050 төгрөгийн хохирлыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар Ч.Т нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан шийдвэрлэсэн, иймд нэхэмжлэгч Ч.Т дээрхи Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 331 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэн нэхэмжлэлээ гаргасан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Хүчин төгөлдөр эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолоор хариуцагч Ж.Уянгыг итгэмжлэн хариуцсан бусдын эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцсон учир хариуцагчийн гэм буруугийн асуудлыг шүүх хянан хэлэлцэхгүй харин учирсан хохирол түүний хэмжээний асуудлыг хэлэлцэх учиртай.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь: Нэхэмжлэгч Ч.Т нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолын Тогтоох хэсэг дэх 15.943.050 төгрөгийн хохирлыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсанаар, мөн холбогдох баримтаа тухайн эрүүгийн хэрэг дэх нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэн хуулбарлан гаргаж өгч эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Ж.Уянгын дансанд миний харилцагч, үйлчлүүлэгч нараас авсан барааныхаа мөнгийг хийхэд Ж.У нь надад тэр мөнгийг өгөлгүй өөрөө АТМ-ээр авч хэрэглэсэн, дээрхи хүмүүсээс авлагатай мэтээр хуурч байсан байдаг, үүнийг иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж эрүүгийн анхан шатны шүүх үзсэн гэж тайлбарлаж мэтгэлцдэг.

Гэвч Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 331 дугаартай Шийтгэх тогтоол-ын үндэслэх хэсэгт... Харин үлдэгдэл 15.943.050 төгрөгийн хохирол нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна ... гэжээ. Үүнээс үзэхэд эрүүгийн 201622000313 дугаартай хэргийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруугийн хамт эрүүгийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ч.Т нь эрүүгийн хавтаст хэргээс нотлох баримтыг хуулбарлан нотлох баримтаар гаргаж ирүүлсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэрэгт өмнө нь үнэлэгдсэн, нотлогдсон баримтаар Ж.Уас 15.943.050 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд Ж.Уянгын дансанд харилцагч нараас орсон мөнгөний асуудлыг эрүүгийн шүүх шийдвэрлэхдээ иргэний журмаар шийдвэрлүүл гэсний үндсэн дээр би Ж.Уянгын дансны хуулбарыг гаргаж өгсөн гэж тайлбарладаг боловч Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэл тогтоол-д тухайн Ж.Уянгын данстай холбоотой мөнгө орсон, гарсан асуудлыг нотлох баримтаар үнэлсэн үнэлээгүй талаараа, мөн 15.943.050 төгрөгийг ямар баримтыг нь үнэлээгүй учраас тухайн мөнгөн дүнг хэрэгсэхгүй болгосон талаар дурдаагүй учир нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан эрүүгийн хавтаст хэргээс хуулбарлан ирүүлсэн нотлох баримтаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд нэхэмжлэгч Ч.Тын нэхэмжлэлтэй Ж.Уас гэм хорын хохирол 15.943.050 /арван таван сая есөн зуун дөчин гурван мянга тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Тын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Уд холбогдох гэм хорын хохирол 15.943.050 /арван таван сая есөн зуун дөчин гурван мянга тавь/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч Ч.Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                           Б.МӨНХТУЯА  

ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

Н.БЯМБАСҮРЭН