Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 127

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Б.Жаргал,

Хохирогч Б.Наранбаяр,

Шүүгдэгч Ч.Ариун-Од, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /ҮД-0165/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дуут овогт Чулуунбаатарын Ариун-Одод холбогдох эрүүгийн 201626021304 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн нарангийн 15-48 тоотод оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр суллагдсан, УХ89111817 дугаарын регистртэй, Дуут овогт Чулуунбаатарын Ариун-Од. 

 

Шүүгдэгч Ч.Ариун-Од нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 4 дүгээр сарын 26-ны  өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 15-48 тоот гэртээ “ээжтэй нь муухай харьцлаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Наранбаярыг толгойн тус газарт нь 1 удаа цохиж, зүүн гуян тус газарт нь 2 удаа хутгалж, бие махбодид нь хөнгөн  хөнгөн гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ариун-Од мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Улсын яллагчийн уншсан яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн байна. Би өөрийн болчимгүй, бухимдсан байдлаас ийм үйлдэл гаргасан.  Наранбаяр бид нарыг архи ууж байхад ээж гаднаас орж ирээд Наранбаярт хандан эмэгтэй хүн байж хамт архи уугаад, хоол хийлцсэнгүй гэж хэлсэн. Гэтэл Наранбаяр ээжтэй маргалдаад байсан. Одоо бид хоёр хамт амьдарч байгаа. Миний болчимгүй үйлдлийг өршөөж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Наранбаяр мэдүүлэхдээ:

2016 оны 4 дүгээр сарын 26-ны  өдөр найзтайгаа уулзаад хамтдаа бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тэгээд гэртээ орж ирэхэд Ариун-Од найзтайгаа хамт архи ууж байсан. Тэгээд тэд нартай нийлээд архи ууж байхад Ариун-Одын ээж орж ирээд хамт хоол хийлцээд өг гэсэн. Би ээжтэй маргалдаад байж байтал Ариун-Од уурлаад ийм хэрэг болсон. Бид хоёр одоо хамтдаа амьдарч байгаа. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би Ариун-Одтой сайн дураараа эвлэрсэн гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Ариун-Одын өгсөн:

“... 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Очироо гэх найзынхаа хамт нэг нохойн гөлөг 20,000 төгрөгөөр зараад, тэр мөнгөөрөө 2 шил архи аваад байж байтал Наранбаяр гаднаас халамцуу ороод ирсэн. Бид 3 байж байтал Бат-Эрдэнэ ажлаасаа ирлээ гээд манайд хүрээд ирсэн. Тэгээд бид 4 архиа уугаад байж байтал манай ээж ажлаасаа ирсэн. Ээж хоол хийх гээд гал тогоонд ороод Наранбаярыг “чи эмэгтэй хүн, хүний эхнэр байж хамт  нийлж уугаад гээд загнахад Наранбаяр урдаас нь хэрэлдэж байхаар нь ... би ээжийн төмс арилгаж байсан хутгыг аваад Наранбаярыг хутгалчихсан. ... Зүүн гуянд нь 2 удаа, толгойных нь зулай хэсэгт 1 удаа хутгалсан. ... ээжтэй маргалдаад байхаар нь уур хүрээд хутгалчихсан юм. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Бурмаагийн өгсөн:

“ ... Энэ орой ажлаа тараад ирэхэд Наранбаяр, Ариун-Од нар 2 залуутай архи уугаад сууж байсан. ... би Наранбаярыг дуудаад “чи эд нартай нийлж архи ууж сууж байхаар надад туслаад хоол хийлц” гэж хэлсэн. Тэгээд над руу нэг их эсэргүүцэж надад юм хэлээгүй юм. Намайг амбаараас түлээ нүүрс оруулж ирэхэд ширээн дээр байсан жижиг хар хутга алга болчихсон байсан. Тэгээд би яасныг нь мэдээгүй байсан. Ариун-Од Наранбаяр 2 маргалдаж байгаад Наранбаяр гараад явсан. Удалгүй 20-30 минутын дараа цагдаа нар ирээд Ариун-Одыг аваад явсан. Намайг ирэхэд 4-үүлээ байсан. Нөгөө 2 нь намайг орж ирээд хоол хийх гэж байхад гараад явсан. ... Наранбаяр Ариун-Одтой маргалдах үедээ бас надтай маргах гээд байсан. Түүнээс Ариун-Од намайг өмөөрөөд Наранбаярыг хутгалсан байх” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15, 18-р хуудас/

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн 5754 дугаартай:

            1. Наранбаярын биед зүүн гуя, зүүн зулайд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 24-р хуудас/,

 

 - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 36-р хуудас/

 - Зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 37-р хуудас/

 - Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 41-51-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

 Шүүгдэгч Ч.Ариун-Од нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 4 дүгээр сарын 26-ны  өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 15-48 тоот гэртээ “ээжтэй нь муухай харьцлаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Наранбаярыг толгойн тус газарт нь 1 удаа цохиж, зүүн гуян тус газарт нь 2 удаа хутгалж, бие махбодид нь зүүн гуя, зүүн зулайд шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай  учруулсан болох нь:

            шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн Ч.Ариун-Одын  ... Ээж хоол хийх гээд гал тогоонд ороод Наранбаярыг “чи эмэгтэй хүн, хүний эхнэр байж хамт  нийлж уугаад гээд загнахад Наранбаяр урдаас нь хэрэлдэж байхаар нь ... би ээжийн төмс арилгаж байсан хутгыг аваад Наранбаярыг хутгалчихсан. ... Зүүн гуянд нь 2 удаа, толгойных нь зулай хэсэгт 1 удаа хутгалсан.Одоо бид хоёр хамт амьдарч байгаа. Миний болчимгүй үйлдлийг өршөөх, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дахин ийм үйлдэл гаргахгүй ... гэх,

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч  Б.Наранбаярын ... 2016 оны 4 дүгээр сарын 26-ны  өдөр найзтайгаа уулзаад хамтдаа бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тэгээд гэртээ орж ирэхэд Ариун-Од найзтайгаа хамт архи ууж байсан. Тэгээд тэд нартай нийлээд архи ууж байхад Ариун-Одын ээж орж ирээд хамт хоол хийлцээд өг гэсэн. Би ээжтэй маргалдаад байж байтал Ариун-Од уурлаад ийм хэрэг болсон. Бид хоёр одоо хамтдаа амьдарч байгаа. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би Ариун-Одтой сайн дураараа эвлэрсэн гэх мэдүүлгүүд,

мөрдөн байцаалтад өгсөн гэрч Ч.Бурмаагийн … би Наранбаярыг дуудаад “чи эд нартай нийлж архи ууж сууж байхаар надад туслаад хоол хийлц” гэж хэлсэн. Тэгээд над руу нэг их эсэргүүцэж надад юм хэлээгүй юм. Намайг амбаараас түлээ нүүрс оруулж ирэхэд ширээн дээр байсан жижиг хар хутга алга болчихсон байсан. ... Наранбаяр Ариун-Одтой маргалдах үедээ бас надтай маргах гээд байсан. Түүнээс Ариун-Од намайг өмөөрөөд Наранбаярыг хутгалсан байх … гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн 5754 дугаартай дүгнэлт, зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулсан тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

  Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Ариун-Одын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт ирүүлсэн нь үндэслэлтэй, шүүгдэгч Ч.Ариун-Одыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй боловч хохирогч Б.Наранбаяр нь шүүгдэгчид холбогдуулан гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг  анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг  арилгасан нөхцөлд  хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Ч.Ариун-Одод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй. 

 

Шүүгдэгч Ч.Ариун-Од нь Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр суллагдсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар түүний ялтай байдлын хугацаа дуусан тул түүнийг ялгүйд тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэсэн заалт байдаг.

Дээрх заалтын дагуу шүүгдэгч Ч.Ариун-Одыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй хэдий ч түүний эрх зүйн байдлыг дордуулах шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

Түүнчлэн улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.Ариун-Одод холбогдох хэргийг хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.Ариун-Од 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс энэ өдрийг хүртэл 5 хоног цагдан хоригдсон болохыг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 286, 290, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Дуут овогт Чулуунбаатарын Ариун-Одыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг журамлан шүүгдэгч Ч.Ариун-Одыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Ч.Ариун-Од нь 5 /тав/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

                

              4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ариун-Одод урьд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн,  бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

              5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Ариун-Одод авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ