Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 481

 

Б.Т-д холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сүхбат,

шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Б.Тэнгис, Э.Энххэрлэн,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Т-д холбогдох эрүүгийн 1802005960008 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шинэрс овгийн Б.Т-, 1993 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Герман Улсын Лейпциг хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Герман хэл, нийгэм судлалын мэргэжилтэй, ам бүл 6, эх, хойд эцэг, дүү нарын хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Хан-Уул дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй,

            Б.Т- нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан лизергид /lysergide LSD/-ийн агууламжтай 0,8х0,8 см хэмжээтэй, 1 хавтгай /дотроо 50 ширхэг холбогдсон/ LSD гэх нэршилтэй бодисыг “DHL” олон улсын шуудан илгээмжийг ашиглан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

            Мөн уг бодисыг Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Б.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Т-г “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд, “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.Т- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 0,8х0,8 см хэмжээтэй, 1 хавтгай /дотроо 49 ширхэг холбогдсон/ LSD гэх нэршилтэй бодисыг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, Б.Т-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж үзэх нөхцөл байдалд хүргэж байна. Учир нь Улсын Дээд шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 29 дугаартай тогтоолд “хадгалсан” гэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, түүнчлэн тусгайлан бэлтгэсэн нуувч зэрэг газарт байлгахыг хэлнэ гэж тайлбарласан. Баривчлах ажиллагаа явуулсан мөрдөгчийн илтгэх хуудсанд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр авагдсан гэмт хэргийн талаарх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж “...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б.Т- нь өөрийн ажлын байр болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо “Rockmon Building”-ийн 1 дүгээр давхарт байрлах “Hunnu Air” нислэгийн компанийн үүдэнд шуудан илгээмж хүлээн авах үед нь баривчлах ажиллагаа явуулсан...” гэснийг анхан шатны шүүх үнэлж дүгнэлгүй орхигдуулсан. Мөн Гаалийн Ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын 02/352 дугаар тоотод “ГЕГ, ЦЕГ-ын хамтран ажиллах санамж бичиг, Хар тамхитай тэмцэх албан нэгдсэн сургалтын төв, ГЕГ-ын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын 2018 онд хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын иргэн “Temuujin Batmunh” нэр дээр Герман улсаас ирсэн 1 ширхэг дугтуйнд байсан “LSD” мэт 50 ширхэг бодис нь хар тамхи улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй холбоотой эд зүйл байж болзошгүй байгаа тул харьяаллын дагуу шилжүүлэв” гэх баримтуудаас үзэхэд ГЕГ, ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газрын хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Б.Т-д “LSD” гэх хар тамхи мансууруулах бодис Герман улсаас ирсэн болохыг 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-ны өдөр урьдчилан мэдсэн атлаа түүнийг шууд таслан зогсоолгүйгээр шуудан илгээмжийн газрын ажилтнаар Б.Т-д зориуд хүргүүлж, гарын үсэг зуруулаад илгээмжийг хүлээлгэн өгөх үед нь түүнийг баривчлах ажиллагаа явуулсан байна. Иймд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэх гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” гэсэн зарчмын дагуу энэ зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Э.Энххэрлэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Б.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, тухайн зүйл, хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийг торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд төлж барагдуулахаар шийдвэрлэж өгөхийг хүсье...” гэв.

Прокурор Ц.Сүхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Т- нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан лизергид гэх бодисыг мэдсээр байж захиалж авчруулан, өөрөө хүлээн авсан болох нь уг бодисыг хүлээлгэн өгсөн гэрчийн мэдүүлэг, илгээмж хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг зэргээр нотлогддог. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэж үзэх үндэслэл бий. Учир нь тухайн бодисыг ямар хугацаанд өөртөө хадгалсанаас үл хамаарч уг бодисыг хүлээн авснаар энэ гэмт хэрэг төгсөнө. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлттэй санал нэг байна. “Б.Т- илгээмжийг хүлээн авах” үед гэж бичсэн мөрдөгчийн илтгэх хуудсыг шүүгдэгчийн өмгөөлөгч онцолж байна. Б.Т-гийн биед үзлэг, нэгжлэг хийх үед түүний биедээ авч явсан бодисыг хураан авсан байдаг. Улмаар шинжилгээнд хүргүүлэхэд уг бодис Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан болохыг тогтоосон. Хэрэгт нэгжлэг хийх, хураан авах ажиллагааг явуулах болсон үндэслэл бүхий сэжиг илэрсний дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу ажиллагааг явуулсан. Энэ талаар хойшлуулшгүй ажиллагааны санал, түүнийг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол зэрэг авагдсан байгаа. “ГЕГ, ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газрын хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Б.Т-д “LSD” гэх хар тамхи мансууруулах бодис Герман улсаас ирсэн болохыг 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-ны өдөр урьдчилан мэдсэн атлаа түүнийг шууд таслан зогсоолгүйгээр шуудан илгээмжийн газрын ажилтнаар Б.Т-д зориуд хүргүүлж, гарын үсэг зуруулаад илгээмжийг хүлээлгэн өгөх үед нь түүнийг баривчлах ажиллагаа явуулсан байна” гэж өмгөөлөгч гомдолдоо дурдсан. Зориудаар хүлээлгэн өгсөн зүйл байхгүй. Учир нь шуудан илгээмжийн газрын ажилчид үндсэн үүргийнхээ дагуу Б.Т-гийн илгээмжийг хүлээлгэн өгсөн. Тухайн албан бичигт холбогдох мэдээлэл хар тамхи сэтгэцэд нөлөөлөх бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй холбоотой эд зүйл байж болзошгүй байна гэсэн гэмт хэргийн талаарх мэдээллийн дагуу зохих ажиллагаа явагдсан. Уг илгээмжээр хил нэвтрүүлэн хүлээн авсан үйлдэл нь гэмт хэрэг үүсэх, гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоох зэрэг ажиллагаанууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцсэн. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

            Б.Т- нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан лизергид /lysergide LSD/-ийн агууламжтай 0,8х0,8 см хэмжээтэй, 1 хавтгай /дотроо 50 ширхэг холбогдсон/ LSD гэх нэршилтэй бодисыг “DHL” олон улсын шуудан илгээмжийг ашиглан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, улмаар уг бодисыг Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Rockmon Building”-ийн 1 дүгээр давхарт өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

            Б.Т- мөрдөн байцаалтын явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...би анх 2017 онд интернэтээс LSD бол хүний сэтгэн бодох чадварыг сайжруулдаг талаар нийтлэл бичсэн байсныг уншсан. Уг мэдээлэл “vice.de” гэх сайт дээр байсан. Тэрээс хойш LSD гэх зүйлийг хэрэглэж үзэх санаа төрж байсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Герман улсад амьдардаг найзтайгаа гар утасны “Wickr” гэх программаар холбогдоод LSD гэх зүйлийг олж илгээмжээр явуулахыг гуйсан. Тэгсэн манай найз олоод явуулъя гэж хэлсэн. Би тэр найздаа өөрийн гэрийн хаягаа өгөөд илгээмж ирэхийг хүлээж байсан. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 09 цагийн үед шуудангийн компаниас холбогдоод “илгээмж ирсэн байна” гэж хэлсэн. Тэгээд шуудангийн ажилчнаас илгээмжийг аваад явж байхад цагдаа нар ирсэн. Илгээмжээр ямар зүйл ирж байгааг мэдэж байсан...” /хх-ийн 10-11, 116/ гэж тухайн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг олж авч, хадгалах болсон шалтгаан, санаа зорилгын талаар мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

            гэрч Т.Ганболдын “...2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө DHL-н 7647398345 дугаартай документ илгээмж ирснийг өнөөдөр өглөө хүлээн авч, илгээмж дээр Хан-Уул дүүргийн гэрийн хаяг болон холбоо барих 80041357 гэсэн дугаар байсан тул уг дугаар луу залгаж “документ илгээмж ирсэн талаар мэдэгдэж, гэрийн хаягийг нь тодруулахад “Rockmon Building” дээр байна, 1 давхарт ирээд залгаарай” гэж хэлсэн. Ингээд документийг аваад 80041357 дугаарын утсаар холбогдож хүргэж өгсөн. Уг документыг 25 орчим насны эрэгтэй хүн ганцаараа хүлээн авч, гардуулалтын баримтын 3 дугаар хүснэгтэд хүлээн авсан цагаа бичиж гарын үсгээ зурсан. Манай DHL компанийн хувьд тухайн илгээмжийн бүрэн бүтэн байдлыг хангаж тээвэрлэх, хүлээлгэн өгөх л үүрэгтэй. Хувь хүний илгээмж, документыг задлах, нээж үзэх эрх бидэнд байхгүй, хориотой...” /хх-ийн 23-25/ гэсэн мэдүүлэг, 

             Гаалийн Ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн газраас Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хүргүүлсэн 02/352 дугаартай албан бичиг /хх-ийн 3/, “DHL” олон улсын буухиа шуудангийн газраас Б.Т-д илгээмж хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 14/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн дагуу Б.Т-г Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Rockmon Building”-ийн 1 дүгээр давхарт саатуулан, түүний биеэс 1 хавтгай, дотроо 50 ширхэгээр холбогдсон “LSD” мэт зүйлийг хураан авч, шинжилгээнд хүргүүлсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 36/, уг зүйлд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илэрсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 107 дугаартай дүгнэлт /хх-ийн 32/, “Vice.de” сайтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 118-120/ зэргээр давхар нотлогджээ.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдсан гомдолдоо: “...Б.Т- тухайн бодисыг өөрийн биедээ хадгалаагүй...” хэмээн гэм буруугийн асуудлаар маргажээ.

            Хэргийн материалыг судлахад, Б.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “LSD” гэх бодисыг олж авч, өөртөө хэрэглэх санаа зорилготой байснаа илэрхийлсэн бөгөөд уг санаа зорилгодоо хүрэхийн тулд тухайн бодисыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад оршин суух өөрийн танилд захиж, олон улсын баталгаат буухиа шуудангаар дамжуулан Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, улмаар Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Rockmon Building”-ийн байранд өөртөө хүлээн авч, биедээ авч явсан болох нь нотлогдон тогтоогдсон.          

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд ямар хугацаанд хадгалснаас үл хамааран уг бодисыг өөртөө хүлээн авснаар төгсдөг тул шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх дээр дурьдсан нотлох баримтуудыг үндэслэн Б.Т-г хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, мөн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Шүүхээс Б.Т-гийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг тус бүрийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсгүүдэд заасан хорих ялын доод хэмжээнд хүнд биш ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх замаар нийт эдлэх ялын хэмжээг тогтоосныг хуульд нийцсэн гэж үзлээ.

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргасан шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Б.Тэнгисийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                                                                                        

         

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                  ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН