| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 105/2019/0385/Э |
| Дугаар | 454 |
| Огноо | 2019-05-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 454
Ш.Г-, С.М- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Болормаа,
шүүгдэгч Ш.Г-, С.М- нарын өмгөөлөгч Г.Сүхээ,
шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Х.Гантулга,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 395 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ш.Г- болон шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Х.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ш.Г-, С.М- нарт холбогдох эрүүгийн 1806014620273 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол овгийн Ш.Г-, 2000 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Төв аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
2. Сүхдээ овгийн С.М-, 2000 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
Ш.Г-, С.М- нар бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 35 дугаар гудамжны 1858 тоотод оршин суух иргэн Н.Чинбатын эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожинд түлхүүр тааруулан нэвтэрч “Skyworth” загварын 55 инчийн 3D телевизорыг нууцаар, хууль бусаар авч, 1.484.490 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ш.Г-, С.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш.Г-, С.М- нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураан ирүүлсэн эд мөрийн баримтгүй, Ш.Г-, С.М- нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ш.Г- гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний бие урьд ял шийтгэлгүй, хийсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгч байсан, мөрдөн байцаалтын явцад саад учруулаагүй болно. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшин, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Иймээс надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Х.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байхад прокурор болон анхан шатны шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн мэтээр дүгнэж, гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөрүүтэй байдлаар тусгаж шийдвэрлэжээ. Энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэх үед С.М- нь 17 нас 10 сар 9 хоногтой, Ш.Г- нь 17 нас 10 сар 3 хоногтой байсан юм. Дээрх байдлаас дүгнэвэл шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлт нь шүүгдэгчид ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байсан гэх шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдож байна. Иймээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн “Наймдугаар бүлэг”-т заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү. Шүүгдэгч С.М- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, алдаа дутагдлаа ухамсарлан ойлгосон, ам бүл 2, эхийн хамт оршин суудаг, мөрдөн байцаалтын явцад үйлдсэн гэмт хэргийнхээ талаар үнэн зөвөөр, тогтвортой мэдүүлсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэхдээ 18 насанд хүрээгүй байсан зэргийг нь харгалзан үзэж хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, эсхүл ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ш.Г-, С.М- нарын өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Х.Гантулгатай ижил байр суурьтай байна.” гэв.
Прокурор П.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөрүүтэй бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Харин шийтгэх тогтоолд тусгасан байдлын талаар хэлэх тайлбар алга. Үүнийг залруулах боломжгүй алдаа гэж үзэхгүй байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Ш.Г-, С.М- нарыг бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 35 дугаар гудамжны 1858 тоотод оршин суух иргэн Н.Чинбатын эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожинд түлхүүр тааруулан нэвтэрч “Skyworth” загварын 55 инчийн 3D телевизорыг нууцаар, хууль бусаар авч, 1.484.490 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ш.Г-, С.М- нарыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал;
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, яаж үйлдсэн талаар тодорхой хууль зүйн дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт зэрэгт гэмт хэрэг гарсан өдрийг өөр байдлаар бичсэн байхад энэ асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцээгүй, хохирогч Н.Чинбат нь шүүгдэгч С.М-ийн хадам эцэг мөн эсэх, С.М- нь түүний орон байранд нэвтрэх эрхтэй байсан эсэхийг тодруулаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Г-ос “...бид хоёр хашаанд ортол хадам аавынх нь гэрийн хаалга онгорхой байхаар нь орсон...” /хх-ийн 60, 68/ гэж, С.М-ээс “...хадам аавын хашаанд ороод байшингийн цонхны доор нуучихдаг түлхүүрийг нь аваад хаалгыг нь онгойлгож орсон... надад байсан илүү түлхүүрээр хаалга нээж орсон...” /хх-ийн 70, 76/ гэж хохирогч Н.Чинбатын эзэмшлийн өвлийн сууцанд хэрхэн, яаж нэвтэрсэн талаар харилцан зөрүүтэй өгсөн мэдүүлгүүдийн аль нэгийг нь авахдаа нөгөөг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүйн гадна, эд хөрөнгө алдагдсан газар буюу тухайн орон сууцны 2 дугаар давхарт байрлах унтлагын өрөөний тагтны цонх хагарсан нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруу гэж үзлээ.
Иймээс Ш.Г-, С.М- нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай оролцогчдыг талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулан хэргийг дахин хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтад бодитой, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч Ш.Г-, шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Х.Гантулга нарын давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 395 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Г-, С.М- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Ш.Г-, С.М- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН