Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00162

 

Улам дэвших СӨХ-ны нэхэмжлэлтэй

               иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 507 дугаар шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар магадлалтай,

 

Улам дэвших СӨХ-ны нэхэмжлэлтэй,

М.Ням-Очирт холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс подвалыг албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Эрдэнэцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Г.Содболд, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Улам дэвших СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Манай хариуцдаг хэсэгт Дархан сумын 16 дугаар багийн 1 дүгээр хорооллын 4,5,6,7 дугаар байрууд ордог. Манай хариуцдаг дундын өмчлөлийн 6 дугаар байрны 02 дугаар орцны зоорийн давхарт М.Ням-Очир 2018 оны 06 дугаар сараас эхлэн ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр орж оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, мөн өөрөө амьдарч байна. Энэ үйл ажиллагаагаа зогсоож, СӨХ-ны эзэмшлийн зоорийн давхрыг чөлөөлж өгөхийг албан ёсоор 2019 оны 01 дүгээр сараас нийт 4 удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа тул хууль бус эзэмшлээс албадан гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Ням-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 06 сараас эхлэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, хуучин хороолол, 6 дугаар байр, 2 дугаар орцны зоорийн давхарт оёдол болон оёдлын сургалт явуулж эхэлсэн. 2017 онд өмнөх эзэмшигч Т.Шинэпүрэвтэй уулзаж үйл ажиллагаа явуулах хүсэлт тавьсан. Тус хүн надад татгалзах зүйл байхгүй, СӨХ-ны даргатай ярь гэж хэлсний дагуу СӨХ-ны даргатай тохироод, 2018.06.01-ний өдрөөс 2019.01.01-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээг хийснээс хойш ус суваг, цахилгаан, дулаантай гэрээ хийж тоолуур тавиулсан. Ингээд 2018 оны 10 дугаар сард засвар хийсэн. Манай ээж СӨХ-д үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд тархи, зүрхний өвчтэй байсан учраас урт хугацаагаар ажил хийж чадахгүй байсан. Гэтэл танай ээж цаашид ажиллахгүй бол байрыг суллаж өг гээд мэдэгдэх хуудас өгсөн. Удаа дараа мэдэгдэх хуудас өгөөд бид нарыг гаднаас 2 удаа цоожилсон. Ингээд бид ойлголцоогүй учир би зохих газар өргөдөл өгсөн. Захирагчийн албанаас үйл ажиллагаа явуулахад бидний зүгээс татгалзах зүйл байхгүй гэж амаар хариу өгсөн. Би засвар хийж, тоолуур, тог ус зэрэг бүх зүйлийг шинээр тавьсан. Бас 7 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг байрлуулсан. Тийм учраас олон хугацааны цаг зав хуримтлал үүсгэсэн. Сууц өмчлөгчдийн холбооны даргын зүгээс яагаад зөвшөөрөхгүй байгаа юм бэ гэхээр танай ээж үйлчлэгч хийхгүй бол та нар гар гэдэг. Би гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 507 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Улам Дэвших сууц өмчлөгчдийн холбооны гаргасан Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 6 дугаар байрны 2 дугаар орцны зоорийн давхрыг хариуцагч М.Ням-Очирын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 507 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 295 дугаар зүйлийн 295.1-д заасныг баримтлан хариуцагч М.Ням-Очироос Дархан сумын 16 дугаар багийн, 1 дүгээр хорооллын 6 дугаар байрны 2 дугаар орцны зоорийн давхрын 2 өрөөг албадан гаргуулсугай. гэж, 2 дахь заалтад ...хэвээр үлдээсүгэй. гэснийг ...хэвээр үлдээж, хариуцагч М.Ням-Очироос 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Улам дэвжих СӨХ-д олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.23-ны өдрийн 68 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар талуудын хооронд ИХ-ын 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээний шинжийг бүрэн агуулсан гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байдаг. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагч М.Ням-Очир нь тус зоорийн давхарт оёдлын буюу аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тухайн үйл ажиллагаандаа зориулж засвар тохижилтын ажлыг хийж тохижуулсан талаар холбогдох нотлох баримтуудыг мөн шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл энэ бүх баримтуудыг давж заалдах шатны шүүх хуулийн дагуу үнэлээгүй.

Дархан-Уул аймгийн ИТХТ-ийн 2007 оны 01.11-ний өдрийн 05 дугаар тогтоол-р батлагдсан Нийтийн зориулалттай орон сууцны зоорийн давхрыг ашиглахад тавигдах шаардлага, зөвшөөрөл олгох, хяналт тавих журам. Энэхүү нотлох баримт, хэм хэмжээ акт болох тухайн харилцааг нарийвчилсан зохицуулсан журмыг давж заалдах шатны шүүх огт үнэлж, хэрэглээгүй. Нэхэмжлэгч хариуцагчийг зоорийн давхрыг чөлөөлөхийг шаардсан баримт болох мэдэгдэлдээ дээрх журмын 2.5 дахь заалтыг зөрсөн гэх үндэслэлийг заасан байдаг. Иймд хэргийг шийдвэрлэхдээ шүүх тус зөрсөн гэх журмын заалт бодит байдал дээр зөрчигдсөн эсэх, хэрвээ тийм бол тус зөрчилд хариуцагч буруутай эсэх нөхцөл байдлыг нарийвчлан тогтоож хэргийг шийдвэрлэх учиртай. Хэрэгт цугларсан дээрх болон бусад нотлох баримтаар хариуцагчийн зүгээс журмын 2.5 дахь заалтыг зөрчсөн болох нь тогтоогддоггүй, хариуцагч М.Ням-Очир тус зоорийн давхарт журмаар хориглосон үйл ажиллагаа огт явуулаагүй. Иймээс зоорийн давхрыг дээрх үндэслэлээр чөлөөлүүлэх шаардлага гаргаж буй нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй юм. Дархан-Уул аймгийн захирагчийн ажлын албаны албан тоот, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын албан тоотуудыг анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой зөв талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх огт тус баримтыг үнэлээгүй. ДУА-ын Захирагчийн ажлын алба нь Нийтийн зориулалттай орон сууцны зоорийн давхрыг ашиглахад тавигдах шаардлага, зөвшөөрөл Олгох, хяналт тавих журамд зааснаар зөвшөөрөл өгч, хяналт тавих эрх бүхий байгууллага бөгөөд хариуцагч М.Ням-Очирыг маргаан бүхий зоорийн давхрыг СӨХ-тэй гэрээ байгуулсны үндсэн дээр ашиглахад татгалзах зүйлгүй тухайгаа илэрхийлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч байгууллага дээд шатны эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үл харгалзаж нэхэмжлэл гаргаад байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ мэт давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу, дутуу үнэлж, хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүх хяналтын журмаар гаргасан гомдлыг минь хүлээн авч Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.23-ны өдрийн 68 дугаар магадлалыг хүчингүй болгож, тус хэргийг шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.31-ний өдрийн 507 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

  

Улам дэвших СӨХ нь М.Ням-очирт холбогдуулан Дархан сумын 16 дугаар багийн 6 дугаар байрны 2 дугаар орцны зоорийн давхрын 2 өрөөг чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна.

 

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

 

        Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо ...давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн, ...хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

1.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.5-т зааснаар гүйцэтгэх захирал нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах эрхтэй ба С.Эрдэнэцэцэг нь Улам дэвших СӨХ-ны гүйцэтгэх захирал байна /хэргийн 3-4 дүгээр тал/.

Улам дэвших СӨХ нь Дархан сумын 16 дугаар багийн 4,5,6,7 дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцдаг ба М.Ням-Очир нь 6 дугаар байрны 2 дугаар орцны зоорийн давхрын 2 өрөөг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар оёдлын зориулалтаар ашиглаж, сард 20.000 төгрөгийн хөлс төлөхөөр талууд харилцан тохирч гэрээ байгуулжээ /хэргийн 33 дугаар тал/.

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн харилцааг тодорхойлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлдэг бол мөн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасан эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг хүлээдэг.

 

Гэрээний агуулга, нөхцлөөс үзэхэд зохигчийн хооронд  эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.

 

      2. Эд хөрөнгө хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талууд гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

      Нэхэмжлэгч гэрээний зүйл болох подвалыг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, М.Ням-Очир хөлсийг сар тутам төлсөн нь тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй, харин гэрээ дуусгавар болсон эсэх, подвалыг буцааж өгөх эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Эд хөрөнгө хөлслөх гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болох ба гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болохоор Иргэний хуулийн 293 дугаар зүйлийн 293.1., 294.1.дүгээр зүйлийн 294.1.1.-т тус тус зохицуулсан.

 

Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцдог.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дууссан байх ба нэхэмжлэгчийн ...2019 оны 01 сард подвал чөлөөлж өгөхийг мэдэгдэж, 01 сарын 15 хүртэл харсан,...2019 оны 01 сарын 28-ны өдрөөс хойш 4 удаа бичгээр мэдэгдэл өгсөн... гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүй тул гэрээг сунгасан гэж үзэх боломжгүй.

 

Зохигчийн хооронд байгуулсан эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болсон, энэ тохиолдолд хариуцагч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-т зааснаар эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй.

 

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангахдаа хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж, талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах, эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх, эд хөрөнгийг муутгахгүй байх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлсэн нь гэрээг заавал сунгах үндэслэл болохгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Хариуцагч подвалыг ашиглаж байхдаа засвар тохижилт хийсэн гэсэн тайлбар гаргасан боловч ийнхүү засвар хийхдээ нэхэмжлэгчийн зөвшөөрөл авсан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 5 дугаар тогтоолоор баталсан Нийтийн орон сууцны зоорийн давхрыг ашиглахад тавигдах шаардлага, зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын 2.5-т дурдсан үйл ажиллагааг зоорийн давхарт явуулахыг хориглосон байх ба нэхэмжлэгч энэхүү үндэслэлээр шаардлага гаргаагүй байна.

 

Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Содболдын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 4007 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД