Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 03204

 

 

2017 оны 11 сарын 28 өдөр         Дугаар 102/ШШ2017/03204                          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг,  хороо,  хороолол, байрны  тоот хаягт оршин суух И овогт ЭБ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн  дүгээр П овогт ДД-д холбогдох нотариатын хууль бус үйлдэл болон 62,63,64,65 дугаарын Өвлөх эрх-ийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянав.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон Э.Б, Э.З нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Э.Ө нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Я.Энхтайван 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд эгч Э.З, бид хоёр асарч байсан.

Аав, миний ах ЭБ, миний эгч ЭЗ гэсэн гурван хүүхэдтэй. Би ааваасаа 18 настай үлдсэн. Аавыг нас бармагц аавын эгч Я.Энхтуяагийн охин Э.Мандухай намайг гэр орноос минь хөөж, компанийн бүх баримт бичиг, эд хөрөнгөнд ойртуулахгүй, аавыгаа гэнэт алдан, гүн хямралд орж, өссөн орон гэрээсээ хөөгдөж, юу болоод байгааг ойлгоогүй.

 

Гэтэл сэтгэцийн гүн хямралд орсон тул ээж АНУ руу авч яваад, намайг эмчлүүлээд иртэл, энэ нотариатч хууль бусаар бид гурвыг байлцуулахгүйгээр

 

-2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 62 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ

 

-2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 63 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ

 

-2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 64 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ

 

-2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 65 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ

 

-2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1024 тоот Өв хүлээн авах тухай гэрчилгээнүүдийг хууль бус этгээдүүдэд олгосон байна.

 

Уг нь эгч, бид хоёр Монголын Нотариатчдын Танхимд өвийн талаар маргаантай байгаа хүсэлтээ бичиж өгөөд мөн нотариатч Д.Д-д Өвлөх эрх-ийн гэрчилгээ бичихгүй байхыг хүсэж хандахад, биднийг АНУ руу эмчилгээнд яваад иртэл Өвийн гэрчилгээ-г олгохгүй зогсоолгоно гэсэн түүний үгэнд хууртжээ. Мөн өвийг хүлээн авах эрхгүй Ж.Э-д хуваарилан, миний төрсөн ах ЭБ-д өвөөс өгөөгүй нь хууль зөрчсөн тул Баянгол дүүргийн 71 дүгээр тойргийн нотариатч Д.Д-ийн хууль бус үйлдэл, Өвлөх эрх-ийн 62,63,64,65 дугаарын гэрчилгээнүүдийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү. Эвлэрэх боломжгүй, гэжээ.

 

 

Нотариатч Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянгол дүүргийн нотариатч ДД би 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Я.Энхтайваны өвийн 2/4 хувийн өвлөх эрхийн гэрчилгээг өвлүүлэгчийн ээж Ж.Ичинхорлоод олгосон. Өвийн гэрчилгээ олгохдоо хууль ёсны өвлөгчдийг тодорхойлохын тулд:

 

-Я.Энхтайваны амьдарч байсан хорооны Засаг даргын Тодорхойлолт, Монголын Нотариатчдын Танхимаас Я.Энхтайваны өвийг өвлөх, татгалзах хүсэлт гаргасан, гэрээслэл буй эсэх талаар лавлагааг авсан. Хорооны Засаг даргын Тодорхойлолт-д өвлүүлэгчтэй хамт ээж Ж.Ичинхорлоо, хүү Э.Ө нар хамт амьдарч байсныг тодорхойлж, Монголын Нотариачдын Танхимын Өвийн лавлагаа-нд өвлүүлэгчийн ээж Ж.Ичинхорлоо, охин ЭЗ нар өвлөх хүсэлт гаргасан, охин Б.Эрдэнэтуяа өөрийн хувийг эмээ Ж.Ичинхорлоод шилжүүлэн, өвөөсөө татгалзах хүсэлтээ бүртгүүлж, өөр хүсэлт гаргасан, татгалзсан өвлөгч байхгүй байсан тул ээж Ж.Ичинхорлоо, хүү Э.Ө нар өвлүүлэгчтэй хамт амьдарч байсны хувьд, охин ЭЗ, Б.Эрдэнэтуяа нар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөх хүсэлтээ гаргаж, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5 дахь хэсэгт заасны дагуу Б.Эрдэнэтуяа өвлөх эрхээ Ж.Ичинхорлоод шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзсан байсан.

 

Тэрээр өвийг олгохдоо Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны дөрвөн өвлөгч бүрт тэнцүү хэмжээгээр хуваарилан Б.Эрдэнэтуяад оногдох 1/4 хувийг түүний хүсэлтийн дагуу эмээ Ж.Ичинхорлоод нэмж олгосон. Хүү Э.Ө, охин ЭЗ нарын өвлөх хэсгийн хувийг зааж, үлдээсэн болохыг өвлөх эрхийн гэрчилгээн дээр тэмдэглэсэн. Э.Өын нэхэмжлэлд дурдагдаж буй ЭБ Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд өвлөх хүсэлт гаргаагүй тул 528.3 дахь хэсэгт заасны дагуу өвөөс татгалзсан гэж үзээд, хуваарилаагүй бөгөөд Э.Ө ямар нэгэн хүсэлтийг нотариатч надад гаргаж байгаагүй учир хууль ёсны өвлөгч Э.Ө, ЭЗ нарт ногдох өвийг тэнцүү хуваарилж, өөр хэн нэгэнд тэдний хувийг өвлөх эрхийг олгоогүй. ЭБий хувьд хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаагүй нь түүнээс хамаарсан асуудал тул нотариатч эрхийг нь зөрчөөгүй.

 

Иймд нотариатчийн үйлдэл, Ж.Ичинхорлоод олгосон 62,63,64,65 тоот Өвлөх эрх-ийн гэрчилгээнүүд хүчин төгөлдөр, тэдгээрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эвлэрэх боломжтой. Мөн нэхэмжлэгч Э.Ө, хариуцагч ДД-той холбогдуулаад нэхэмжлэл гаргахдаа 3 шаардлага гаргасан.

 

Нэгдүгээрт: -Нотариатчийн хууль бус үйлдлийг хүчингүй болгуулах

 

Хоёрдугаарт: Хууль ёсны өвлөгч Э.Ө, ЭЗ, ЭБ нарын зөрчигдсөн эрхийг сэргээх

 

Гуравдугаарт: 62, 63, 64, 65 дугаарын өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах. Хариуцагч, нэхэмжлэгч Э.Ө, ЭЗ, ЭБ нарын хууль ёсны эрх ашиг, өвлөх эрхийг зөрчөөгүй, өмчлөх эрхэд халдаагүй гэж үзэж байна. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 62, 63, 64, 65 дугаартай Өвлөх эрх-ийн гэрчилгээг Ж.Ичинхорлоод олгосон нотариатын үйлдлийг хууль бусаар хийгээгүй, дээрх гэрчилгээнүүдийн хууль бусаар олгоогүй. Энэхүү гэрчилгээг олгохдоо өвлүүлэгч, талийгаач н.Энхтайван, эхнэр н.Буянжаргал, хүү ЭБ, Э.Ө, ЭЗ нарын өмчлөлд байсан Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөл хороолол, Улсын бүртгэлийн эрхийн дугаар 2201010358 дугаарын бүртгэлтэй 2 давхар амины орон сууц, уг амины орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээн дээрх үнэ 54.160.000 төгрөг. 2 давхар амины орон сууцны өвлөгчид оногдох хэсгийн 2/4 хэсгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Ж.Ичинхорлоод олгосон. Нотариатын үйдлийг хийхдээ өмчлөх эрхийн гэрчилгээн дээр байсан үнийн дүнг 5 өмчлөгчид хуваахад 10.832.000 төгрөг болсон. Хууль ёсны өвлүүлэгч н.Энхтайваны ногдох хэсэг 10.832.000 төгрөгийг хууль ёсны өвлөгч Ж.Ичинхорлоо, Э.Ө, Т.Эрдэнэтуяа, ЭЗ нарын 4 хүнд хуваасан. Нэг хүнд ногдох хувь 2.708.000 төгрөг. Өвлөгч Т.Эрдэнэтуяа өөрт ногдох хэсгийг эмээ ээж Ж.Ичинхорлоод шилжүүлэх хүсэлт гаргаж, шилжүүлсэн. 62 дугаартай Өвлөх эрх-ийн гэрчилгээний хавсралт хэсгийн бусад өвлүүлэгчийн мэдээлэл хэсэг дээр өвлөгч ЭЗд Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар ногдох хэсэг 2/4 хувийг хуваарилж үлдээж, ЭЗын 10.832.000 төгрөг нээлттэй байгаа тул өмчлөх эрхэд халдаагүй. Мөн гэрчилгээний хавсралт хэсгийн бусад өвлүүлэгчийн мэдээлэлд өвлөгч Э.Өт Иргэний хуулийн 528 дугаар зүйлд зааснаар өвлүүлэгчид ногдуулах хэсгээс өвлөгчид ногдох 2/4 хувийг хуваарилан, тэмдэглэсэн. 62 дугаартай Өвлөх гэрчилгээ-нд заагдсан үл хөдлөх хөрөнгө 2 давхар амины орон сууцны 5 өмчлөгчийн нэг С.Буянжаргалд шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулсан ч ногдох хэсгээ авах эрхтэй тул түүний 10.832.000 төгрөгт халдаагүй. Тус гэрчилгээний хавсралтаар Т.Эрдэнэтуяа Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5 дахь хэсэгт зааснаар ногдох хэсгээ эмээ Ж.Ичинхорлоод шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзсан. Яагаад өвлөгч Т.Эрдэнэтуяад өвлүүлсэн бэ? гэхээр Т.Эрдэнэтуяа талийгаач н.Энхтайваны төрсөн хүүхэд. Төрсний гэрчилгээ хавтаст хэрэгт байгаа. Хэдийгээр овог өөрчлөгдсөн хэдий ч биологийн хувьд төрсөн хүүхэд нь, хүсэлтээ гаргасан учир хүсэлтийг хүлээн авч өвийг хуваасан.

 

Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлага дээр ЭБ нэмж орж ирж байна. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар ЭБ хууль ёсны өмчлөгч мөн ч, өвлүүлэгчтэй хамт амьдарч байгаагүй, хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаагүй, өвлөх эрхээс татгалзсан талаарх тэмдэглэлийг нотариатч Өвлөх эрх*ийн гэрчилгээнд заасан ба ЭБий өмчлөх эрх нь хэвээр байгаа учир 10.832.000 төгрөгийг авах эрх нь нээлттэй. Өвлүүлэгчийн бусад хөрөнгийг 4 өвлөгчид тэнцүү хуваасан нь хуульд нийцэж, гэрчилгээ хуулийн дагуу гарсан.

 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэв.

 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүү Я.Энхтайван бид хоёр хар багаасаа ойр дотно өссөн. Өвдсөнийг нь мэдсэн цагаас хойш би асарч хамт байсан. Миний охин Мандухай ахтайгаа болон түүний хүү Э.Ө нартай дотно харьцаатай ямар нэгэн юм болоход охинд ханддаг байсан. Миний дүү Я.Энхтайван нас барахаасаа өмнө аман гэрээслэл үлдээн, одоо байгаа компани нилээд өртэй үйл ажиллагаа зогсонги байдалд байгаа тул охин Э.Мандухайг гүйцэтгэх захирал хийлгүүлэх хүсэлтээ өвдсөнөө мэдсэн цагаас эхлэн хэлсэн. Охин өөрөө компанитай, нийгмийн идэвхтэй, ИТХ-н төлөөлөгч байсан болохоор 2 компани авч яваад бусад ажлаа зохицуулахад хэцүү гээд зөвшөөрөхгүй байсаар дүүгийн минь бие нилээн муудсан үед аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрч, гэрт нь ирж дүү Я.Энхтайваны компаний үйл ажиллагаатай холбоотой болон бусад эд хөрөнгийн бичиг баримтыг хүлээн авсан.

 

Тухайн үед Я.Энхтайваны том ах Я.Лхагвацэрэн, хүү Э.Ө, охин ЭЗ нарыг байлцуулж, өөрийн амьдарч байсан байрныхаа том өрөөнд Манудхайд бүх бичиг баримт, гэрээ хэлцлээ тайлбарлан хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 3 хоногийн дараа тэнгэрт хальсан.

 

Ахынхаа захиас ёсоор Э.Өтай хамт явж тойргийн нотариатч ДД дээр анх очиж зөвлөгөө авсан. Тэр үед охин ЭЗ сургуульдаа сурахаар яаралтай буцах байсан тул явсан. Э.Ө аавыгаа нас барснаас хойш хуулийн дагуу өөрт ногдох өвөө хүлээж авахын оронд эмээ Ж.Ичинхорлоогоос ямар нэг аргаар хууль бусаар өвийг бүгдийг булааж авах гэж удаа дараа оролдож байсан. Талийгаачийг нас барсанаас хойш Мандухай Их харанга ХХК-ийн ХХБ-аас авсан зээлийн 40.000.000 төгрөг, 4 сар хуримтлагдсан 16.000.000 орчим төгрөгийн цалинг төлсөн. Э.Өыг бид хөөж байгаагүй. Хүүхдүүдийн ээж С.Буянжаргал манай дүүгээс албан ёсоор гэрлэлтээ цуцлуулахад хүү ЭБ 19 настай байсан эдгээрийг нотлохын тулд нотлох баримтуудыг гаргаж өгч байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй,гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

 

 

Нэхэмжлэгч Э.Ө, хариуцагч ДД-д холбогдуулан нотариатчийн хууль бус үйлдэл болон 62,63,64,65 дугаарын Өвлөх эрх-ийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өвлөгч Э.Ө, ЭЗ нарт ногдох хувийг хуваарилсан, ЭБ хууль ёсны өмчлөгч мөн ч, өвлүүлэгчтэй хамт амьдарч байгаагүй, хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаагүй, өвлөх эрхээс татгалзсан тул хууль зөрчөөгүй гэж маргаж байна.

 

 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ЭБ, миний төрсөн дүү Я.Энхтайваны хүү мөн гэдэгт маргахгүй, харин миний ээж талийгч Ж.Ичинхорлоо өвөө надад гэрээслэж үлдээсэн. ЭБ өвлөх эрхийн хүсэлтээ гаргаагүй тул түүнийг өвөөс татгалзсан гэж үзээд, өвийн гэрчилгээнүүд гарсан учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

 

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар Ийнж овогт Яринпилийн Энхтайван 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн 3799 дугаарт бүртгэгдэн гэрчилгээ олгосноор тогтоогдож, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг,эх гэж зааснаар Энхтайваны охин Золжаргал, Энхтайваны хүү Билгүүн, Энхтайваны хүү Өсөхбаяр нар хууль ёсны өвлөгч байна гэж дүгнэлээ.

 

Тэрээр дээр дурдагдсан нэр бүхий иргэд хууль ёсны өвлөгч тул өвлүүлэгчийн Их харанга ХХК-ийн хувьцаа, үндсэн хөрөнгө, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, 32 дугаар байр, 45 тоот орон сууц, авто машины зогсоол, 16-61-УБВ CHEVROLET TAHOE маркийн суудлын машин, Сонгинохайрхан дүүргийн Хөтөл хороололд байрлах 2 давхар амины орон сууц зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй бөгөөд Баянгол дүүргийн 71 дүгээр тойргийн нотариатч ДД 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олгосон 62,63,64,65 дугаартай Өвлөх эрх-ийн гэрчилгээг бүртгэж гэрчилсэн тайлбартаа ЭЗ, Э.Ө нарт өвийг тэнцүү хуваасан, харин ЭБ өв хүлээн авах хүсэлтийг гаргаагүй тул өвөөс татгалзсан гэж үзсэн..., мөн бие даасан шаардлага гаргааүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд ЭБ Энхтайваны хүү мөн маргахгүй, өвлөх хүсэлтээ гаргаагүй тул өвийн гэрчилгээг авсан... гэх тайлбарыг гаргасан боловч Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дугаар хэсэгт энэ хуулийн 528.1 дэх хэсэгт зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.3 энэ хуулийн 528.1, 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж зааснаар өвлөгч ЭБ хуулийн хугацаанд буюу 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Өв залгамжлах хүсэлтээ АНУ-ын Вашингтон хотод суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан гаргасныг тус газрын үүрэг гүйцэтгэгч Б.Мөнхжаргал 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гарын үсгийн 719 дугаарт бүртгэн гэрчилж, Э.Ө өөрийн биеэр Монголын Нотариатчдын Танхимд өв хүлээн авах болон өвийн талаар маргаантай байгаа хүсэлтээ 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр очиж мэдэгдэн, бүртгүүлснийг танхим хүлээн аваад, нотариатч ДДгийн [email protected] цахим хаяг руу 2016 оны 10 дугаар сарын 24,25,27-ны өдрүүдэд иргэн Э.Ө-ын хүсэлтийг илгээсэн нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож, ЭБ-ийг өвлөх эрхээсээ татгалзсан гэж үзсэн үндэслэлээ хариуцагч нотлож чадаагүй, өвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйл хууль дээдлэх, шударга ёсыг сахих, ёс зүйн дүрмийг чанд баримтлан ажиллах гэж зааснаар зарчим, журмаа зөрчин, талуудын тэгш эрхийг хангаагүй мөн 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Ийнж овогт Яринпилийн Энхтайван, Бошгот овогт Батжаргалын Эрдэв нарын гэр бүлд төрж, төрөлтийн бүртгэлийн 1796 дугаарт бичигдэн, төрсний гэрчилгээ авсан Энхтайваны Эрдэнэтуяаг 1996 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Мянгат овогт Гүрсамбуугийн Баттогтвор, Бошгот овогт Батжаргалын Эрдэв нар үрчилэн авсныг үрчилсний бүртгэлийн 34 дүгээрт бүртгэгдэж, үрчлэгдсэн иргэнд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь баримтаар нотлогдон, Нотариатийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, Нотариатчийн эрх нотариатын үйлдэл хийлгэж байгаа этгээд үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох, нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардан авах, шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдийг дуудан ирүүлэх, 21.2 Нотариатчийн үүрэг, үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх, нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах, нотариатын үйлдэл хийх явцад үйлчлүүлэгч хууль зөрчсөн болох нь илэрвэл зохих арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад мэдэгдэх гэж заасны дагуу эрх, үүргээ зөрчин бусад өвлөгч нарын талаар тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт хууль ёсны өвлөгч болохыг нотлох баримт бичиг-ийг тодруулаагүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Хэрэгт авагдсан 184-204, 210-211 хуудсан дахь бичгийн баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй бөгөөд бусад нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.800 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж, 280.800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 

1.Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар И овогт Э.Ө-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Баянгол дүүргийн дүгээр тойргийн нотариат П овогт Д.Д-д холбогдох наториатчийн хууль бус үйлдэл болон 62,63,64,65 дугаартай Өвлөх эрх-ийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 280.800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.АРИУНАА