Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/00315

 

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/00315

 

 

Ө-, Э.Билгүүн, З- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/00067 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ө-, Э.Билгүүн, З- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д-д холбогдох,

 

62, 63, 64, 65 дугаарын өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө-

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Д.Батхуяг

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Алтантуяа

Гуравдагч этгээд: Я.Энхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний аав Я.Энхтайван 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд эгч З-, Ө- бид хоёр асарч байсан. Аав, Э.Билгүүн, З-, Ө- гэсэн гурван хүүхэдтэй. Аавыг нас бармагц аавын эгч Я.Энхтуяагийн охин Э.Мандухай намайг гэр орноос минь хөөж, компанийн бүх баримт бичиг, эд хөрөнгөнд ойртуулаагүй.

Гэтэл сэтгэцийн гүн хямралд орсон тул ээж АНУ руу авч яваад, намайг эмчлүүлээд иртэл, энэ нотариатч хууль бусаар бид гурвыг байлцуулахгүйгээр 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 62 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 63 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 64 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 65 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1024 тоот Өв хүлээн авах тухай гэрчилгээнүүдийг хууль бус этгээдүүдэд олгосон. Уг нь эгч, бид хоёр Монголын Нотариатчдын Танхимд өвийн талаар маргаантай байгаа хүсэлтээ бичиж өгөөд мөн нотариатч Д-д өвлөх эрхийн гэрчилгээ бичихгүй байхыг хүсэж хандахад, биднийг АНУ руу эмчилгээнд яваад иртэл өвийн гэрчилгээг олгохгүй зогсоолгоно гэсэн.

Мөн өвийг хүлээн авах эрхгүй Б.Эрдэнэтуяад хуваарилан, Э.Билгүүнд өвөөс өгөөгүй нь хууль зөрчсөн тул Баянгол дүүргийн 71 дүгээр тойргийн нотариатч Д-гийн өвлөх эрхийн 62, 63, 64, 65 дугаарын гэрчилгээг олгосон нотариатын үйлдэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн нотариатч Д. Дуламцоо би 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Я.Энхтайваны өвийн 2/4 хувийн өвлөх эрхийн гэрчилгээг өвлүүлэгчийн ээж Ж.Ичинхорлоод олгосон. Я.Энхтайваны амьдарч байсан хорооны Засаг даргын тодорхойлолт, Монголын Нотариатчдын Танхимаас Я.Энхтайваны өвийг өвлөх, татгалзах хүсэлт гаргасан, гэрээслэл буй эсэх талаар лавлагааг авсан. Хорооны Засаг даргын тодорхойлолтод өвлүүлэгчтэй хамт ээж Ж.Ичинхорлоо, хүү Ө- нар хамт амьдарч байсныг тодорхойлж, Монголын Нотариачдын Танхимын өвийн лавлагаанд өвлүүлэгчийн ээж Ж.Ичинхорлоо, охин З- нар өвлөх хүсэлт гаргасан, охин Б.Эрдэнэтуяа өөрийн хувийг эмээ Ж.Ичинхорлоод шилжүүлэн, өвөөсөө татгалзах хүсэлтээ бүртгүүлж, өөр хүсэлт гаргасан, татгалзсан өвлөгч байхгүй байсан тул ээж Ж.Ичинхорлоо, хүү Ө- нар өвлүүлэгчтэй хамт амьдарч байсны хувьд, охин З-, Б.Эрдэнэтуяа нар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөх хүсэлтээ гаргаж, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5 дахь хэсэгт заасны дагуу Б.Эрдэнэтуяа өвлөх эрхээ Ж.Ичинхорлоод шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзсан байсан.

Өвийг олгохдоо Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны дөрвөн өвлөгч бүрт тэнцүү хэмжээгээр хуваарилан Б.Эрдэнэтуяад оногдох хувийг түүний хүсэлтийн дагуу эмээ Ж.Ичинхорлоод нэмж олгосон. Хүү Ө-, охин З- нарын өвлөх хэсгийн хувийг зааж, үлдээсэн болохыг өвлөх эрхийн гэрчилгээн дээр тэмдэглэсэн.

Э.Билгүүн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд өвлөх хүсэлт гаргаагүй тул 528.3 дахь хэсэгт заасны дагуу өвөөс татгалзсан гэж үзээд, хуваарилаагүй бөгөөд Ө- ямар нэгэн хүсэлтийг нотариатч надад гаргаж байгаагүй учир хууль ёсны өвлөгч Ө-, З- нарт ногдох өвийг тэнцүү хуваарилж, өөр хэн нэгэнд тэдний хувийг өвлөх эрхийг олгоогүй. Э.Билгүүний хувьд хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаагүй нь түүнээс хамаарсан асуудал тул нотариатч эрхийг нь зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Миний дүү Я.Энхтайван бид хоёр хар багаасаа ойр дотно өссөн. Өвдсөнийг нь мэдсэн цагаас хойш би асарч хамт байсан. Миний охин Э.Мандухай ахтайгаа болон түүний хүү Ө- нартай ойр, дотно харьцаатай байсан. Миний дүү Я.Энхтайван нас барахаасаа өмнө аман гэрээслэл үлдээн, охин Э.Мандухайг гүйцэтгэх захирал хийлгүүлэх хүсэлтээ хэлсэн бөгөөд охин Я.Энхтайваны компаний үйл ажиллагаатай холбоотой болон бусад эд хөрөнгийн бичиг баримтыг хүлээн авсан.

Тухайн үед Ө-тай хамт явж тойргийн нотариатч Д- дээр анх очиж зөвлөгөө авсан. Тэр үед охин З- сургуульдаа сурахаар яаралтай буцах байсан тул явсан. Ө- аавыгаа нас барснаас хойш хуулийн дагуу өөрт ногдох өвөө хүлээж авахын оронд эмээ Ж.Ичинхорлоогоос ямар нэг аргаар хууль бусаар өвийг бүгдийг булааж авах гэж удаа дараа оролдож байсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн тойргийн нотариатч Д-гийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 62, 63, 64, 65 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Э.Билгүүний Баянгол дүүргийн тойргийн нотариатч Д-гийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 62, 63, 64, 65 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүй болгуулах тухай хариуцагч Д-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 210 600 төгрөг нөхөн гаргуулан улсын орлогодд оруулж, хариуцагчаас 280 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З-, Ө- нарт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бегеөд үндэслэл бүхий гарч чадаагүй.

Э.Билгүүн нь 1989 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн бөгөөд түүнийг төрөхөд төрсөн эцэг Я.Энхтайван, эх С.Буянжаргал нар нь гэрлэлтээ батлуулаагүй байсан тул Билгүүн нь эх С.Буянжаргалаар овоглож, улмаар Я.Энхтайван, С.Буянжаргал нар нь 1993 онд гэрлэлтээ батлуулснаар Я.Энхтайван нь хүү Билгүүнийг хуулийн дагуу өөрөөрөө овоглох болсон. Я.Энхтайван, С.Буянжаргал нар нь эцэг тогтоосны бүртгэл хийлгэж хүү Билгүүнийг төрсөн эцэг Я.Энхтайванаар овоглосон бөгөөд энэ тухай хүчин төгөлдөр бүртгэл нотлох баримт хэрэгт хангалттай цугларсан байхад шүүх нотлох баримтыг үнэлэх ажиллагааг дутуу гүйцэтгэж, хуулийн холбогдох зохицуулалтыг тус маргаанд буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Э.Билгүүн нь хууль ёсны өвлөгч бөгөөд хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ зохих журмын дагуу гаргасан боловч нотариатч түүнийг өв хүлээн авахаас татгалзсан гэж, шүүх түүнийг төрсөн хүүхэд, үрчилсэн хүүхэд эсэх нь тодорхойгүй байх тул шаардах эрхгүй гэж дүгнэн Э.Билгүүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжид 280 800 төгрөгийг төлсөн боловч шүүх дутуу төлсөн гэж 210 600 төгрөгийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Э.Билгүүний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д хууль ёсны өвлөгчөөр нас барахаас өмнө төрсөн хүүхдийг нас барагчийн төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд гэж хуульчилж өгсөн. Б.Эрдэнэтуяа нь Я.Энхтайваны төрүүлсөн хүүхэд гэдэгтэй маргаагүй. Хуулиараа нас барагчийн төрүүлсэн хүүхэд мөн учраас өв хүлээн авах хүсэлтээ Б.Эрдэнэтуяа хуулийн хугацаанд гаргасан байхад анхан шатны шүүх бусдад үрчлүүлсэн тул хууль ёсны өвлөгч биш гэж хуулийг буруу тайлбарласан.

Иргэний хуульд бусдад үрчлүүлсэн хүүхдэд өв олгохгүй гэх тусгайлан зохицуулсан заалт байхгүй, Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар тухайлан зохицуулсан хэм хэмжээ байхгүй тохиолдолд нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулахаар заасныг хэрэглээгүй. Нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг хэрэглэсэн ч Э.Эрдэнэтуяа нас барагчийн төрүүлсэн хүүхэд учраас хууль ёсны өвлөгч мөн байхад хуулийн ямар заалтыг үндэслэн хууль ёсны өвлөгч биш гэж үзэж байгаагаа тодорхойлж чадаагүй.

Б.Эрдэнэтуяа нь өв хүлээн авах хуулийн хугацаанд хүсэлтээ гаргасан бөгөөд өв хүлээн авахаас татгалзахдаа хууль ёсны өвлөгч өөрийн эмээ Ж.Ичинхорлоод шилжүүлье гэж нэр заадаг. Б.Эрдэнэтуяа Иргэний хуулийн 528 дугаар зүйл 528.5 дахь хэсэгт зааснаар бусад өвлөгч буюу өөрийн эмээ Ж.Ичинхорлоод шилжүүлж өгөөд өвөөс татгалзах эрхээ эдэлсэн байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Зүй нь Иргэний хуулийн 533 дугаар зүйлийн 533.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх ёстой байсан.

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар би хууль ёсны өвлөгч Э.Эрдэнэтуяа, Ж.Ичинхорлоо нарын бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болно. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт заасныг баримтлан өв хүлээн авах хүсэлт гаргасан нийт өвлөгчдөд тэнцүү хэмжээгээр хуваарилан өвлөгдөх эд хөрөнгө тус бүрт өвлөх эрхийн гэрчилгээ бичиж, ногдох хэсгийг тодорхой заасан бөгөөд түүнийг тогтоохдоо Иргэний хуулийн 522, 531, 533 дугаар зүйлүүдийг баримталсан бөгөөд зөрчсөн зүйл байхгүй байхад юуг үндэслэн зөрчсөн гэдгээ анхан шатны шүүх тодорхойлоогүй байна.

Э.Эрдэнэтуяа нь нас барагч Я.Энхтайваны төрүүлсэн хүүхэд мөн болохоо нотолсон төрсний гэрчилгээгээ авчирч, хүсэлтдээ хавсаргасан, мөн бусдад үрчлүүлсэн хэдий ч Иргэний хуулийн 520.1.1-д зааснаар нас барагчийн төрүүлсэн хүүхэд мөн учраас нотариатчийн зүгээс Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасныг шалгаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нараас 4 ширхэг өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэлд 280 000 төгрөг төлөх ёстой байсан гэжээ. Тогтоох нь хэсгийн 2 дахь хэсэгт хариуцагчаас 280 800 гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгч нарт хуваарилан хариуцуулахаар зохицуулсан байна. Э.Билгүүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагч надад хуулиараа ногдох хэсэг нь 187 200 төгрөг байхад 280 800 төгрөг гэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон мэтээр ногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх нь Я.Энхтайван болон Б.Эрдэв нарын дундаас 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдөр охин Э.Эрдэнэтуяа төрсөн. 1994 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Я.Энхтайван болон Б.Эрдэв нар гэрлэлтээ цуцлуулж, 1996 оны 05 дугаар сарын 06-ны өдөр охин Э.Эрдэнэтуяаг Г.Баттогтвор болон Б.Эрдэв нарт үрчлүүлж, Баттогтворын Эрдэнэтуяа болгон бүртгэсэн нь төрсний болон үрчилсний бүртгэлийн лавлагаа, гэрчилгээгээр тус тус нотлогдож байгаа тул Б.Эрдэнэтуяа нь хууль ёсны өвлөгч болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 4 дэх талд Б.Эрдэнэтуяа нь Я.Энхтайваны төрсөн хүүхэд болох нь төрсний гэрчилгээгээр нотлогдож байна гэж дурдсан атлаа Б.Эрдэнэтуяаг хууль ёсны өвлөгчид хамаарахгүй гэж үзсэнд гомдолтой байна. Миний дүү, талийгаач Я.Энхтайваны төрсөн охин Б.Эрдэнэтуяа нь бидэнтэй ихэд ойр өссөн бөгөөд хэдий өөр хүнээр овоглох болсон ч гэсэн миний дүү Я.Энхтайван нь өөрийн бусад хүүхдийн адил Б.Эрдэнэтуяаг хайрлаж, харж үздэг байсан. 1996 онд Э.Эрдэнэтуяагийн эцгийн нэрийг Баттогтвороор овоглох болсон боловч ямар нэг үрчлэлтийн бүртгэл хийгээгүй. Гэтэл анхан шатны шүүх үрчлэлтийн лавлагааг үндэслэн түүнийг бусдад үрчлүүлсэн гэж үзсэн нь хуульд нийцээгүй дүгнэлт болжээ.

Б.Эрдэнэтуяа нь Я.Энхтайваны хүүхэд мөн байхад шүүх түүнийг ямар үндэслэлээр хууль ёсны өв залгагч гэж үзсэн талаар шийдвэртээ тодорхой дурдаагүй, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүх нь Б.Эрдэнэтуяаг өв залгамжлах эрхгүй этгээд гэж түүний эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан атлаа Б.Эрдэнэтуяаг байлцуулаагүй нь шүүхэд мэдүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, өөрийн тайлбар татгалзлаа гаргах эрхийг зөрчигдөхөд хүргэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ө-, З-, Э.Билгүүн нар нь хариуцагч Д-д холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 62, 63, 64, 65 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосоон нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч болон гуравдагч этгээд нар эс зөвшөөрч маргажээ.

 

Өвлүүлэгч Я.Энхтайван нь 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар өв нээгдсэн ба мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт заасан өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгө нь Я.Энхтайван, С.Буянжаргал, Э.Билгүүн, З-, Ө- нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Хөтөл хороололд байрлах, 2 давхар амины орон сууцны нас барагчид ногдох хэсгийг, Я.Энхтайваны өмчлөлийн 1661 УБВ улсын дугаартай, Шэвролэйт тахой /Chevrolet tahoe/ маркийн автомашин, Их харанга ХХК-ийн хувьцаа, Я.Энхтайваны өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205057334 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, 32А дугаар байр, 45 тоот орон сууц, зоорийн давхарын 11 тоот хаягт байрлах автомашины зогсоол байгаа нь Их харанга ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн болон тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тус тус тогтоогдсон.

 

Нотариатч Д- нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 62, 63, 64, 65 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр дээрх хөрөнгүүдээс Я.Энхтайванд ногдох хэсгээс З-д хувийг, Ө-т хувийг, Б.Эрдэнэтуяа нь өөрт ногдох хэсгийг эмэг эх Ж.Ичинхорлоод шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзлсанаар Ж.Ичинхорлоод 2/4 хувийг өвлөх эрхийг тус тус олгожээ.

 

Нэхэмжлэгч нар нь хууль ёсны өвлөгч Э.Билгүүнд өвийн хөрөнгөөс ногдох хэсгийг өвлүүлээгүй, өвлөх эрхгүй Б.Эрдэнэтуяад өвийн хөрөнгөөс ногдох хэсгийг хуваарилан тооцсон нь буруу гэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

Л.Яринпил болон Ж.Ичинхорлоо нарын дундаас 1958 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Яринпилын Энхтайван төрсөн, Я.Энхтайван болон Б.Эрдэв нарын дундаас 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдөр охин Э.Эрдэнэтуяа төрсөн, 1994 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Я.Энхтайван болон Б.Эрдэв нар гэрлэлтээ цуцлуулж, 1996 оны 5 дугаар сарын 06-ны өдөр охин Э.Эрдэнэтуяаг Г.Баттогтвор болон Б.Эрдэв нарт үрчлүүлсэн. Түүнчлэн Я.Энхтайван нь С.Буянжаргалтай 1993 онд гэр бүл болж, тэдний дундаас 1994 оны 3 дугаар сарын 03-ны өдөр охин З-, 1996 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүү Ө- нар төрсөн, Я.Энхтайван болон С.Буянжаргал нар 2008 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Буянжаргалын Билгүүн нь 1989 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төрснийг 1989 оны 5 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, 58 дугаартай төрсний гэрчилгээ олгосон байх бөгөөд 1994 оны 6 дугаар сарын 24-ний өдөр эцэг тогтоолтын 51 дугаарт Я.Энхтайванг түүний эцгээр тогтоосон нь төрсний гэрчилгээний хуулбар, эцэг тогтоолтын лавлагаагаар тогтоогдсоноос гадна Э.Билгүүнийг нас барагч Я.Энхтайванаар овоглосон бүртгэл хүчин төгөлдөр байна.

 

Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Я.Энхтайваны хууль ёсны өвлөгч нь түүний төрсөн эх Ж.Ичинхорлоо, түүний хүү Э.Билгүүн, Ө-, охин З- нар байна. Ж.Ичинхорлоо, З-, Ө- нар нь өвөөс татгалзаагүй тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авсан байна.

 

Э.Билгүүн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өв хүлээн авах хүсэлт гаргасныг Вашингтон хотод суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын үүрэг гүйцэтгэгч 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нотариатын бүртгэлийн дэвтрийн 719 дүгээрт бүртгэж, гэрчилсэн нь Э.Билгүүний өв залгамжлах хүсэлт, Монголын нотариатчдын танхимын өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр, /1хх 109-114 дэх тал/, Гадаад харилцааны яамнаас Э.Билгүүний өв залгамжлах хүсэлт, бүртгэлийн дэвтрийн холбогдох хэсэг /2хх 105-109 дэх тал/-ээр тус тус нотлогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд тэрээр өв хүлээн авах хүсэлтийг гаргасан байна.

 

Б.Эрдэнэтуяаг бусдад үрчлүүлснээр тэрээр хууль ёсны өвлөгчид хамаарахгүй тул өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдэл нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Хариуцагч Д- нь 62, 63, 64, 65 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар Б.Эрдэнэтуяаг хууль ёсны өвлөгч мөн эсэхийг бүрэн шалгаагүй атлаа түүнд ногдох хэсгийг өвлөгч Ж.Ичинхорлоод шилжүүлж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй.

 

Иймд анхан шатны шүүх өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэгч Э.Билгүүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу юм. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэгч З-, Ө-, Э.Билгүүн нарын нэхэмжлэлийг хангаж, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нотариатч Д-гийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 62, 63, 64, 65 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцох нь зүйтэй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 280 800 төгрөг төлснийг анхан шатны шүүх анхааралгүй дутуу төлсөн гэж 210 600 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг залруулав. /1хх 3, 154 дэх тал/

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч буюу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/00067 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн тойргийн нотариатч Д-гийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 62, 63, 64, 65 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүйд тооцсугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогодд хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 210 600 төгрөг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, гэснийг нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг, гуравдагч этгээд давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Э.ЗОЛЗАЯА