Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00747

 

Э.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/03204 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 251 дүгээр магадлалтай,

Э.Ө-ын нэхэмжлэлтэй,

Д.Д-д холбогдох,

нотариатын хууль бус үйлдэл болон 62, 63, 64, 65 дугаарын Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Э.Ө-, түүний өмгөөлөгч Д.Батхуяг нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Э.Ө-, Д.Батхуяг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Алтантуяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Ө- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний аав Я.Энхтайван 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд эгч Э.Золжаргал, бид хоёр асарч байсан. Аав, миний ах Э.Билгүүн, миний эгч Э.Золжаргал гэсэн гурван хүүхэдтэй. Би ааваасаа 18 настай үлдсэн. Аавыг нас бармагц аавын эгч Я.Энхтуяагийн охин Э.Мандухай намайг гэр орноос минь хөөж, компанийн бүх баримт бичиг, эд хөрөнгөнд ойртуулаагүй. Гэтэл сэтгэцийн гүн хямралд орсон тул ээж АНУ руу авч яваад, намайг эмчлүүлээд иртэл, энэ нотариатч хууль бусаар бид гурвыг байлцуулахгүйгээр 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 62 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 63 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 64 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 65 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1024 тоот Өв хүлээн авах тухай гэрчилгээнүүдийг хууль бус этгээдүүдэд олгосон байна. Уг нь эгч, бид хоёр Монголын Нотариатчдын Танхимд өвийн талаар маргаантай байгаа хүсэлтээ бичиж өгөөд мөн нотариатч Д.Д-д Өвлөх эрх-ийн гэрчилгээ бичихгүй байхыг хүсэж хандахад, биднийг АНУ руу эмчилгээнд яваад иртэл Өвийн гэрчилгээ-г олгохгүй зогсоолгоно гэсэн. Мөн өвийг хүлээн авах эрхгүй Б.Эрдэнэтуяад хуваарилан, миний төрсөн ах Э.Билгүүнд өвөөс өгөөгүй нь хууль зөрчсөн тул Баянгол дүүргийн 71 дүгээр тойргийн нотариатч Д.Д-гийн хууль бус үйлдэл, Өвлөх эрх-ийн 62, 63, 64, 65 дугаарын гэрчилгээнүүдийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн нотариатч Д.Д- би 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Я.Энхтайваны өвийн 2/4 хувийн өвлөх эрхийн гэрчилгээг өвлүүлэгчийн ээж Ж.Ичинхорлоод олгосон. Я.Энхтайваны амьдарч байсан хорооны Засаг даргын Тодорхойлолт, Монголын Нотариатчдын Танхимаас Я.Энхтайваны өвийг өвлөх, татгалзах хүсэлт гаргасан, гэрээслэл буй эсэх талаар лавлагааг авсан. Хорооны Засаг даргын Тодорхойлолт-д өвлүүлэгчтэй хамт ээж Ж.Ичинхорлоо, хүү Э.Ө- нар хамт амьдарч байсныг тодорхойлж, Монголын Нотариачдын Танхимын Өвийн лавлагаа-нд өвлүүлэгчийн ээж Ж.Ичинхорлоо, охин Э.Золжаргал нар өвлөх хүсэлт гаргасан, охин Б.Эрдэнэтуяа өөрийн хувийг эмээ Ж.Ичинхорлоод шилжүүлэн, өвөөсөө татгалзах хүсэлтээ бүртгүүлж, өөр хүсэлт гаргасан, татгалзсан өвлөгч байхгүй байсан тул ээж Ж.Ичинхорлоо, хүү Э.Ө- нар өвлүүлэгчтэй хамт амьдарч байсны хувьд, охин Э.Золжаргал, Б.Эрдэнэтуяа нар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөх хүсэлтээ гаргаж, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5 дахь хэсэгт заасны дагуу Б.Эрдэнэтуяа өвлөх эрхээ Ж.Ичинхорлоод шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзсан байсан. Тэрээр өвийг олгохдоо Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны дөрвөн өвлөгч бүрт тэнцүү хэмжээгээр хуваарилан Б.Эрдэнэтуяад оногдох 1/4 хувийг түүний хүсэлтийн дагуу эмээ Ж.Ичинхорлоод нэмж олгосон. Хүү Э.Ө-, охин Э.Золжаргал нарын өвлөх хэсгийн хувийг зааж, үлдээсэн болохыг өвлөх эрхийн гэрчилгээн дээр тэмдэглэсэн. Э.Ө-ын нэхэмжлэлд дурдагдаж буй Э.Билгүүн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд өвлөх хүсэлт гаргаагүй тул 528.3 дахь хэсэгт заасны дагуу өвөөс татгалзсан гэж үзээд, хуваарилаагүй бөгөөд Э.Ө- ямар нэгэн хүсэлтийг нотариатч надад гаргаж байгаагүй учир хууль ёсны өвлөгч Э.Ө-, Э.Золжаргал нарт ногдох өвийг тэнцүү хуваарилж, өөр хэн нэгэнд тэдний хувийг өвлөх эрхийг олгоогүй. Э.Билгүүний хувьд хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаагүй нь түүнээс хамаарсан асуудал тул нотариатч эрхийг нь зөрчөөгүй.

Иймд нотариатчийн үйлдэл, Ж.Ичинхорлоод олгосон 62, 63, 64, 65 тоот Өвлөх эрх-ийн гэрчилгээнүүд хүчин төгөлдөр, тэдгээрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний дүү Я.Энхтайван бид хоёр хар багаасаа ойр дотно өссөн. Өвдсөнийг нь мэдсэн цагаас хойш би асарч хамт байсан. Миний охин Мандухай ахтайгаа болон түүний хүү Э.Ө- нартай дотно харьцаатай ямар нэгэн юм болоход охинд ханддаг байсан. Миний дүү Я.Энхтайван нас барахаасаа өмнө аман гэрээслэл үлдээн, одоо байгаа компани нилээд өртэй үйл ажиллагаа зогсонги байдалд байгаа тул охин Э.Мандухайг гүйцэтгэх захирал хийлгүүлэх хүсэлтээ өвдсөнөө мэдсэн цагаас эхлэн хэлсэн. Охин өөрөө компанитай, нийгмийн идэвхтэй, ИТХ-н төлөөлөгч байсан болохоор 2 компани авч яваад бусад ажлаа зохицуулахад хэцүү гээд зөвшөөрөхгүй байсаар дүүгийн минь бие нилээн муудсан үед аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрч, гэрт нь ирж дүү Я.Энхтайваны компаний үйл ажиллагаатай холбоотой болон бусад эд хөрөнгийн бичиг баримтыг хүлээн авсан. Ахынхаа захиас ёсоор Э.Ө-тай хамт явж тойргийн нотариатч Д.Д- дээр анх очиж зөвлөгөө авсан. Тэр үед охин Э.Золжаргал сургуульдаа сурахаар яаралтай буцах байсан тул явсан. Э.Ө- аавыгаа нас барснаас хойш хуулийн дагуу өөрт ногдох өвөө хүлээж авахын оронд эмээ Ж.Ичинхорлоогоос ямар нэг аргаар хууль бусаар өвийг бүгдийг булааж авах гэж удаа дараа оролдож байсан. Талийгаачийг нас барснаас хойш Мандухай Их харанга ХХК-ийн ХХБ-аас авсан зээлийн 40.000.000 төгрөг, 4 сар хуримтлагдсан 16.000.000 орчим төгрөгийн цалинг төлсөн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/03204 дүгээр шийдвэрээр: Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар Ийнж овогт Энхтайваны Өсөхбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Баянгол дүүргийн 71 дүгээр тойргийн нотариат Пахал овогт Даваагийн Дуламцоод холбогдох наториатчийн хууль бус үйлдэл болон 62,63,64,65 дугаартай Өвлөх эрх-ийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 280.800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 251 дүгээр магадлалаар:  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/03204 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 280.800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.Ө-, түүний өмгөөлөгч Д.Батхуяг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр нотлох баримтын үндсэн дээр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Нэхэмжлэгч Э.Ө- нь нэхэмжлэл гаргахдаа нотариатч нь бусадтай хуйвалдан хууль бусаар өөрийнх нь эцгийн өв хөрөнгийг бусдад өвлүүлсэн нь түүний болон бусад хууль ёсны өвлөгч болох ах, эгч нарынх нь эрхийг зөрчиж буй талаар дурдсан ба хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний ах Э.Билгүүн, эгч Э.Золжаргал нар нь АНУ-аас түүнд шүүхэд төлөөлөх эрхийг олгосон итгэмжлэлийг ирүүлсэн. Давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон шүүхийн эрх хэмжээнд халдан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хамтран гаргасан нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид гардуулан, тайлбар авах ёстой, Э.Ө- нь дангаар хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн хэмээн шүүхэд мэдүүлэх эрхгүй гэсэн ойлгомжгүй үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь шүүгч хуульд захирагдах үүргээ зөрчиж, илтэд нас барсан эцгийнх нь өв хөрөнгийг үр хүүхдүүдтэй нь булаацалдан улайрч буй зүй бус үйлдлийг дэмжсэн шударга бус шийдвэрийг гаргалаа.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны дүгээр сарын 19-ний өдрийн 251 дүгээр магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Э.Ө-ын “...Ж.Ичинхорлоод олгосон 62, 63, 64, 65 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах...” тухай нэхэмжлэлийг нотариатч Д.Д- эс зөвшөөрч, Э.Ө-, Э.Золжаргал нарт ногдох хэсгийг хуваарилсан, Э.Билгүүн өвлөх эрхээс татгалзсан гэсэн тайлбар гаргаж,  маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна. 

Хэрэгт байгаа баримтаас үзвэл Я.Энхтайван 2015 оны 8 дугаар сарын 2-ний өдөр нас барсан ба түүний төрүүлсэн эх нь Ж.Ичинхорлоо, харин  Э.Ө-, Э.Золжаргал, Э.Билгүүн нар  төрсөн хүүхдүүд  нь байна.

Өвлүүлэгч нас барснаар өв нээгдсэн, нотариатч Д.Д- 2016 оны 10 дүгээр сарын 24-ний өдөр Ж.Ичинхорлоод 2 давхар амины орон сууц, Шевролет маркийн машин, Их харанга ХХК-ийн хувьцаа, үндсэн хөрөнгө, 3 өрөө орон сууц, автомашины зогсоол зэрэг хөрөнгүүдийн дөрөвний хоёр хувийг өвлөх тухай 62, 63, 64, 65 дугаар гэрчилгээ олгохдоо өвлөгч Э.Золжаргал, Э.Ө- нарт ногдох хувийг үлдээсэн талаар дурджээ.  

Э.Билгүүн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өв залгамжлах хүсэлтээ АНУ-ын Вашингтон хотод суугаа Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан гаргасан, тус газрын үүрэг гүйцэтгэгч 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэн бүртгэсэн байх ба түүнийг нотариатч өвлөх хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй гэж үзжээ /хэргийн 114 дүгээр тал/.  

Анхан шатны шүүх зохигчийн хооронд өв залгамжлалын харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ маргаантай өвийн өвлөгч нарын буюу нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын талаар дүгнэлт хийгээгүй байна.

Нотариатын үйлдлийн улмаас эрх нь зөрчигдсөн эсэх талаар Э.Билгүүн нэхэмжлэл гаргаагүй бөгөөд Э.Ө- түүнийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж буй нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. 

Э.Билгүүн нэхэмжлэл гаргасан эсэх нь тодорхойгүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1, 26 дугаар зүйлийн 26.2-т заасантай нийцээгүй гэж үзнэ.   

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, энэ тохиолдолд хэрэгт байгаа баримтын хэмжээнд хяналтын шатны шүүхээс  нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 251 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 280.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ