Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 134

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч C.Оюунжаргал,

шүүгдэгч П.Цогтбаатар түүний өмгөөлөгч Б.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Харчун овогт Пүрэвдоржийн Цогтбаатарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000570 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Монгол Улсын иргэн, Харчун овогт Пүрэвдоржийн Цогтбаатар, /РД:УБ84042915/ 1984 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооны багш мэргэжилтэй, “Буурал хайрхан” жолооны курсын багш ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 1 дүгээр баг Партизан 8-10 тоотод бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 3-11 тоотод оршин суух  хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч Б.Цогтбаатар нь Баянгол дүүргийн 23 дугаар хороо Телевизийн  шинэ эцсийн буудлын замд 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн орчимд Хюьндай Верна маркийн 05-60 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож  явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ...ажиллахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн  2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засварын газарт очно” 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 7 настай А.Ганболорыг мөргөж, бие махбодид нь хүнд гэмтэл учруулан зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн,

Дээрх зам тээврийн ослыг гаргаад мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын  зогсолтыг тэмдгийг энэ дүрмийн 6.3-д заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа  эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг  үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин осол хэргийн газраас санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүгдэгч Б.Цогтбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Цогтбаатар нь Баянгол дүүргийн 23 дугаар хороо Телевизийн  шинэ эцсийн буудлын замд 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн орчимд Хюьндай Верна маркийн 05-60 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож  явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3, 13.1-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 7 настай А.Ганболорыг мөргөж, бие махбодид нь хүнд гэмтэл учруулан зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн,

дээрх зам тээврийн ослыг гаргаад мөн дүрмийн 2.5, 6.3-д заасан заалтуудыг зөрчин осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжпэн судлагдсан дараах баримтууд болох:

2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 4-6 дугаар хуудас/

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургууд. /хэргийн 7-8 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч А.Ганболорын “2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр би хашаандаа тоглож байтал хамт тоглодог найз нар ирээд “хамт хүүхдийн тоглоомын талбай оръё” гэхээр нь дагаад гэртээ ойрхон автобусны буудлын хажууд байдаг нэг тоглоомын талбай дээр очоод эргээд гэр лүүгээ явсан. Тэгээд зам хөндлөн баруунаас зүүн гар тийш явган хүний гарцаар гарч байтал урдаасаа хойшоо явж байсан нэг саарал өнгийн машин ирээд миний дээгүүр гараад би доогуур нь өнхөрөөд орсон. Тэгээд нөгөө машины жолооч ах бууж ирээд намайг өргөж машиндаа суулгаад “ахын дүү гэрлүүгээ харих уу, гэрээ заагаад өг” гэхээр нь гэрээ заагаад өгтөл нөгөө ах намайг манай гэр лүү аваад явсан. Тэгээд явж байхад бөгс өвдөөд байхаар нь “ахаа миний бөгс өвдөөд байна” гэтэл нөгөө ах “ төмөр орчихсон байна, авлаа шүү битгий уйлаарай” гэсэн. Тэгээд нөгөө ах миний бөгснөөс нэг төмөр аваад шидчихсэн. Гэрийн үүдэнд ирээд “ахаа би бууж чадахгүй байна” гэсэн чинь намайг өргөж буулгасан. Би тоглож байхдаа зүгээр байсан. Би машинд мөргүүлээд газар өнхөрч байхад бөгс рүү юм орж байгаа нь мэдрэгдсэн. Машин ирж байгааг харсан, гараа өмнөөс нь өргөсөн. Хагалгаанд орсон, гайгүй болж байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Агиймаагийн “ 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр би гэртээ хүүхдүүдтэйгээ хамт байсан. Тэгээд манай том охин А.Ганболор “ээжээ би хашаандаа хэсэг тоглоё” гэхээр нь “ тэг тэг” гээд гаргасан. Тэгээд тоглож байхад нь нэг хүн ирээд “хоёулаа тоглоомын талбай дээр очоод тоглоё” гээд хэлэхээр нь дагаад гарсан юм байна лээ. Би цаг гарангийн дараа гэрээсээ гараад хашаандаа охиноо хайтал уйлаад хашааны хаалгаар ороод ирсэн. Тэгэхээр нь би “юу болов” гэтэл “ээжээ намайг машин дайрчихаад гудамжинд буулгачихаад яваад өгсөн” гэсэн. Тухайн үед манай охины нүүр нь шалбарсан, нуруу нь халцарсан, “гар нь өвдөөд байна” гэж байсан ба хамгийн аймаар нь бөгснөөс нь цус гараад өмдөндөө өтгөнөөр бие засчихсан байсан. Өмд нь цоорчихсон турсик нь цоороогүй, бөгснөөс нь нэлээд цус гарчихсан байсан. Би түргэн дуудаад түргэн ирээд дотуур цус алдаж байж магадгүй гээд гэмтэл рүү авч яваад гэмтэл хагалгаа хийх шаардлагатай юм байна, Эх нялхаст очиж хагалгаанд оруулах шаардлагатай гээд хагалгаанд орсон. Шулуун гэдэсний хагалгаанд орсон, зүүн шуу хэсэг нь хугарсан байна гэсэн. Нүүр нуруу хэсэг нь нилдээ шалбарсан байсан, толгой нь хавантай байна гэсэн. Хүүхдийн бие эрүүл болох хүртэл эмчилгээний мөнгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/

Иргэний хариуцагч Г.Бямбадоржийн “Осол хэрэг гарсан тухай 4 хоногийн дараа мэдсэн. Манай байгууллагад Цогтбаатар жолооны багш хийдэг байсан юм. Осол гардаг өдөр намайг сургууль дээрээ байж байхад 13 цагийн үед нэг удаа орж ирээд “надад нэг ажил гарлаа” гээд гараад явсан юм. Машинд үнэлгээ хийлгээгүй, эвдрэл учраагүй. П.Цогтбаатараас нэхэмжлэх зүйл байхгүй. ...Манай байгууллагад шалгах механик гэж байдаггүй, оношлогооны тоног төхөөрөмж гэж байхгүй. Автомашины бүрэн бүтэн байдлыг үзэж шалгадаг хүн байхгүй. Автомашиныг жолооны багш нартаа хүлээлгэн өгдөг. Уг автомашиныг хүлээн авсан жолооны багш нь автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, шалгаж, засварлах, эвдрэл учирсан тохиолдолд өөрийн биеэр хариуцах үүрэгтэй байдаг” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25-27 дугаар хуудас/

2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Техникийн үзлэгийн шинжээчийн дүгнэлтэнд:

“1. Уг тээврийн хэрэгсэл нь бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

 2. Уг тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн тоормосны хүч стандартын шаардлага хангаж байна. Харин урд тэнхлэгийн хажуу хазайлтын хэмжээ стандартын шаардлага хангахгүй байна, хойд тэнхлэгийн дугуйны тоормосны идэвхижил муу /стендэн дээр зогсоогүй/, их гэрэлний хүч стандартын шаардлага хангахгүй байна.

3.Эдгээр гэмтлүүд нь ашиглалтын үед ослоос өмнө үүссэн байж болно.

4. 4,5-асуултад нэгтгэн харуулахад: хойд тэнхлэгийн тоормосны идэвхжил муу /стендэн дээр зогсоогүй/ их гэрэлний хүч стандартын шаардлага хангахгүй байгаа нь осол өдрийн цагт болсон тул тухайн осолд нөлөөлөхгүй. Б. Хойд тэнхлэгийн дугуйны тоормосны идэвхжил муу /стендэн дээр зогсоогүй/ байгаа нь осол гарахад нөлөөлж болзошгүй, хурднаас хамаараад тоормосны зам уртсана.

 5. Уг тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн тоормосны хүч стандартын шаардлага хангаж байсан ба хойд тэнхдэгийн дугуйны тоормосны идэвхжил муу /стендэн дээр зогсоогүй/  стандартын шаардлага хангахгүй байлаа” гэсэн дүгнэлт. /хэргийн 41-42  дугаар хуудас /

 

2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 437 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:

“1. Х.Верна маркийн 05-60 УБҮ дугаартай автомашины жолооч П.Цогтбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а. Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо, орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэл дээр дурьдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол гарааш буюу засварын газарт очно” мөн дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар гарж байвал зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ. а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгуулагад аль тааралдсан тээврийн хэрэгсэлээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээ үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч А.Ганболор Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна” /хэргийн 45 дугаар хуудас/

 

Шинжээч эмч А.Амгаланболдын “А.Ганболорын биед хошногоны хуниас шулуун гэдэсний хананы урагдсан шарх нь автомашинд дайрагдах үед үүссэн гэж үзвэл хүүхдийн аарцаг яснууд, дунд чөмөгний ясанд хугарал үүсэх ёстой. А.Ганболорын аарцаг яс, дунд чөмөгний яснууд бүрэн бүтэн байгаа учраас автомашинд дайрагдахад үүсээгүй. Харин автомашинд мөргөгдөөд унах үедээ хошного орчмоороо хатуу мохоо зүйл дээр унах үед дээрх шархыг авах боломжтой”  гэсэн мэдүүлэг. /хэргийн 106 дугаар хуудас/

П.Цогтбаатарын сэжигтэнээр өгсөн “2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр би 14 цаг өнгөрч байхад хороололд байдаг “Буурал хайрхан” жолооны курсын хичээлийн танхимаас гараад Х.Аксент маркийн 05-60 УБҮ дугаартай автомашиныг жолоодож Баянхошууны хөтөлд байдаг гэрлүүгээ харихаар Телевиз өгсөөд явж байсан. Тэгээд явж байгаад буюу Зурагтын шинэ эцэс өнгөрөөд явж байхад машины түлхүүр доошоо сугарч унаад унасан түлхүүрээ авах гээд доошоо тонгойгоод эргээд дээшээ харахад явган хүний гарцаар зүүнээс баруун гар тийш нэг жаахан хүүхэд гарч байсан. Нөгөө хүүхдийг хараад машинаа зогсоож амжилгүй нөгөө хүүхдийг машиныхаа баруун урд хэсгээр мөргөөд хүүхдийн дээгүүр гарах шиг болоод зогссон. Би тухайн үед тоормоз гишгэж чадалгүй хүүхдийг мөргөснийхөө дараа тоормозоо гишгэсэн. Буугаад хартал машины урд талд 06-08 насны орчим цэцэгтэй палаж өмссөн, улаан өнгийн трикотой хүүхэд хэвтэж байсан. Би нөгөө хүүхдийг шууд өргөөд машиндаа суулгаад “эмнэлэг явъя” гэтэл нөгөө хүүхэд “ гэрлүүгээ харимаар байна” гэхээр нь урд суудал дээр суулгаад осол хэрэг гарсан газраас зүүн гар тийш яваад далан дагаж гараад нэг цагаан өнгийн худгийн хойд талд ирсэн. Нөгөө хүүхэд машинаас буугаад гэрлүүгээ орчихоор нь яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 54-55 хуудас/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Иймд Шүүгдэгч Б.Цогтбаатар нь Баянгол дүүргийн 23 дугаар хороо Телевизийн  шинэ эцсийн буудлын замд 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн орчимд Хюьндай Верна маркийн 05-60 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож  явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3, 13.1-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 7 настай А.Ганболорыг мөргөж, бие махбодид нь хүнд гэмтэл учруулан зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн, Дээрх зам тээврийн ослыг гаргаад мөн дүрмийн 2.5, 6.3-д заасан заалтуудыг зөрчин осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд уг гэмт хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар 216.2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Цогтбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 71 дүгээр хуудас/ Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн хуудсанд  бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Агиймаа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ “2016 оны 10 дугаар сарын 05-нд хохирол бэлэн 2 сая төгрөг авсан ба өмнө нь эмчилгээнд 3.340.000 авсан нийт  /5340000/ таван сая гурван зуун дөчин мянга/ бэлнээр хүлээн авсан байна. Эмчилгээний зардал бүрэн төлөгдсөн цаашид гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн хүсэлтийг нотариатаар гэрчлүүлсэн тэмдэгтэйгээр шүүхэд ирүүлсэн тул уг баримтыг үндэслэн шүүгдэгч П.Цогтбаатараас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд нь нөхөн төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч П.Цогтбаатар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа ойлгон гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулах хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжтой байна.

 

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Харчун овогт Пүрэвдоржийн Цогтбаатарыг хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

 

2. П.Цогтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч,  3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих  ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар П.Цогтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн  хэрэгсэл жолоодох  эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч  3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч,  3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар П.Цогтбаатарт оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих  ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.    

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1 дэх хэсэгт зааснаар зааснаар П.Цогтбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар П.Цогтбаатарт оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн хугацаанд хяналт тавихыг  Сонгинохайрхан дүүрэг  дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дах хэсэгт зааснаар П.Цогтбаатарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн П.Цогтбаатарын “AВCDEM” ангилалын  373367 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3 дах хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Агиймаа нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,   П.Цогтбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ