Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1998

 

 

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2017/01998

 

 

Х.Энхзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01680 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Энхзаяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ами” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 20 680 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Х.Энхзаяа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Сарантуул

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Цэндсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Ами” ХХК-ийн барьцаалан зээлдэх төвөөс 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, 4 000 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаатай зээлдэхдээ өөрийн эзэмшлийн Мурано маркийн 37-67 УНК улсын дугаартай авто машинаа зээлийн барьцаанд хариуцагч байгууллагын ажилтан Д.Яндагийн нэр дээр шилжүүлж барьцаалсан.

Зээлийн хугацаанд зээлийн хүү гэж 2014 оны 10, 11, 12 дугаар сар, 2015 оны 1-4 саруудад нийт 1 960 000 төгрөг төлсөн.Тухайн үед би жирэмсэн байж байгаад төрөөд нялх биетэй байхад мөнгөө төл гэж шаардаад автомашиныг зарлаа гээд хүүтэйгээ нийлээд 8 000 000 төгрөг болсон гэсэн. Миний машин 2005 онд үйлдвэрлэгдсэн, Монголд 2014 онд орж ирсэн, зах зээлийн үнэ 25 000 000 төгрөг байсан.

Би гэрээний дагуу үндсэн зээлийн 4 000 000 төгрөг, зээлийн хүү 840 000 төгрөг, алданги 2 000 000 төгрөг нийт 6 840 000 төгрөг төлөх бөгөөд үүнээс би зээлийн хүүд 280 000 х 7 = 1 960 000 төгрөг төлсөн. Би 3 сарын зээлийн хүүг төлсөн тул илүү төлсөн 1 120 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч үндсэн зээлийн 2 880 000 төгрөг дээр 1 440 000 төгрөгийг нэмж нийт 4 320 000 төгрөгийг төлж автомашинаа авах байсан.

Иймд автомашиныг 13 500 000 төгрөгийн үнэлгээтэй гэж үзэж байгаа. Энэ 13 500 000 төгрөгөөс миний төлөх ёстой 4 320 000 төгрөгийг хасаад үлдэгдэл 9 180 000 төгрөгийг “Ами” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Энхзаяа 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр автомашиныг барьцаалж, өөрөө унаж явах нөхцөлтэйгөөр зээл авах санал тавьсан бөгөөд үүний дагуу түүнтэй зээлийн гэрээ байгуулж, 4 000 000 төгрөгийг, сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон.

2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл зээлийн хүүгээ хугацаандаа төлж байсан бөгөөд 2015 оны 4 дүгээр сард зээлийн хүү төлөөгүй. Үүнээс хойш нэхэмжлэгч холбоо тасарсан тул бид 2015 оны 11 дүгээр сард Эрдэнэт хотоос хадам ээжийг нь байхад машиныг хураан авч Улаанбаатар хот руу ачуулсан.

Ингээд бид хуульд заасны дагуу худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангасан. Иймд 2015 оны 3 дугаар сарын 24-ны өдрөөс хойш зээлээ төлөлгүй 2016 оны 1 дүгээр сарыг дуусталх 10 сарын хүүд 2 800 000 төгрөг, үндсэн зээлийн 4 000 000 төгрөг нийт 6 800 000 төгрөг, алдангид 3 400 000 төгрөг болж байна. Мөн автомашиныг өөрийн эзэмшилд авчирахад 2 333 000 төгрөгийн зардал гарсан тул нийт 12 533 000 төгрөгийн зээлийн гэрээнээс үүдэлтэй хохирол учирсан байна.

Мурано маркийн авто машиныг 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр тухайн үеийн зах зээлийн ханш болох 9 000 000 төгрөгөөр Да Хүрээ зах дээр худалдсан. Хэдийгээр Х.Энхзаяа тухайн үед машиныг 25 000 000 төгрөгөөр худалдаж авсан байхыг үгүйсгэхгүй ч уг машинаар хөдөлгөөнд оролцохдоо эвдэж гэмтээсэн, өнгө үзэмжийг дордуулсан байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Ами ХХКомпаниас 8 760 000 төгрөгийг гаргуулан Х.Энхзаяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 420 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, “Ами” ХХК-иас 155 110 төгрөгийг гаргуулан Х.Энхзаяад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч Х.Энхзаяа нь 2014 оны 09 сард 3 сарын хугацаатай, зээлийн гэрээ байгуулж, барьцаанд автомашинаа барьцаалсан тухай маргахгүй, өөрөө хүлээн зөвшөөрсөөр байхад 2016 оны 09 сард үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагын 8 760 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, бодит байдлаас илүү өндөр үнийг гаргасан эхний шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, үнэн бодит байдлыг тогтоосон дахин шинжээчийн дүгнэлт гаргуулсаар байхад шүүхээс шийдвэрлэхдээ огтоос ач холбогдол өгөөгүйд гомдолтой байна.

Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлж, дүгнээгүй, хэт нэг талыг баримталж, эрх тэгш байдлыг алдагдуулсан шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Х.Энхзаяа нь хариуцагч "Ами" ХХК-д холбогдуулан 9 180 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 4 000 000 төгрөгийг, сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй боловч зээлдэгч Х.Энхзаяа нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн эзэмшлийн Ниссан Мурано маркийн 37-67 УНК улсын дугаартай автомашиныг хариуцагч байгууллагын ажилтны нэр дээр шилжүүлсэн үйл баримтын хувьд маргаангүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

Барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар бичгээр байгуулах журмыг зөрчиж, нэхэмжлэгчийн эзэмшлийн автомашиныг хариуцагч байгууллагын ажилтан Д.Яндагийн нэр дээр зээлийн гэрээ байгуулагдсан өдөр буюу 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн тул уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус юм.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний сунгалтад "2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр машиныг зарж үндсэн зээл хүү төлөв. 9 000 000 төгрөг" гэж бичиж нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг автомашины үнээр дуусгавар болгожээ.

 

Гэрээ болон хуулиар эрх олгогдоогүй байхад бусдын эзэмшлийн автомашиныг худалдан борлуулсан хариуцагчийн үйлдлийг зөвтгөх боломжгүй юм.

 

Түүнчлэн зохигчид автомашины үнэлгээнд маргасан ба шүүх хүсэлтийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-иар, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр "Итгэлт Эстимэйт" ХХК-ийг тус тус шинжээчээр томилж автомашинд үнэлгээ хийлгүүлжээ.

 

Х.Энхзаяагийн автомашиныг хариуцагч байгууллага нь 2015 оны 11 дүгээр сард өөрийн эзэмшилд авсан нь шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан хариуцагчийн тайлбар /хх 17-20 дахь тал/-аар тогтоогдож байна.

 

Иймд автомашины үнэ цэнийг 2015 оны байдлаар 13 500 000 төгрөгийн үнэтэй байсан гэх хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 96 тоот дүгнэлт /хх 48-53 дахь тал/ илүү үндэслэлтэй байх тул шүүх уг үнэлгээнээс нэхэмжлэгчийн зээлээр хүлээсэн үүрэгт зохих ёсоор төлөх хэмжээг 4 740 000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар үйлийн 492.1.1-т заасантай нийцэж байна.

 

Түүнчлэн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх замаар фидуцийн гэрээг байгуулсан гэж дүгнэх боломжгүй. Учир нь уг гэрээг бичгийн хэлбэрт байгуулахад тавигдах шаардлагыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт заасан, уг шаардлагыг биелүүлээгүй байна.

 

“Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 13/02 тоот шинжээчийн дүгнэлтэд “Япон улсад 2005 онд үйлдвэрлэгдсэн, Монгол улсад 2014 онд орж ирсэн, TZ50006167 арлын дугаартай Ниссан Мурано маркийн автомашины үнийг 10 000 000 төгрөгийн үнээр тогтоов” гэснээс дүгнэвэл хэдийд тухайн автомашины үнэ нь 10 000 000 төгрөг болохыг шууд заагаагүй тул дүгнэлт гаргасан өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөр тогтоосон гэж  шүүх дүгнэж, 2015 оны 11 дүгээр сард хариуцагчийн эзэмшилд шилжсэн үеэс хойшхи хугацаанд автомашин дахь зах зээлийн үнэ буурахад нэхэмжлэгч буруугүй юм.

 

Иймд энэ дүгнэлтийг шүүх үндэслэл болгоогүй нь зөв болжээ.

 

Шинжээч нарт анхан шатны шүүх хууль сануулж, гарын үсэг зуруулсан нь баримтаар тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх шийдвэртээ 13/02 тоот дүгнэлтийг дурдаагүй ч шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн тул давж заалдах шатны шүүх нэмж дүгнэх нь хуульд нийцнэ.

 

Түүнчлэн хариуцагч давж заалдах гомдолдоо нэхэмжлэлийг компанид бус иргэнд

гардуулсан нь процессын алдаа гарсан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь 2016

оны 10 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч "Ами" ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Т.Билгүүнд гардуулахдаа ажил албан тушаалыг бичүүлж аваагүй ч мөн өдөр хариуцагч "Ами" ХХК-ийн захирал Т.Билгүүн нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01680 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Ами" ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэггийн хураамжид төлсөн 155 110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА