Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 102/2019/01780/И |
Дугаар | 001/ХТ2021/00214 |
Огноо | 2021-03-16 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2021/00214
Н.Тунгалагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 07 сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/02023 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1674 дүгээр магадлалтай,
Н.Тунгалагийн нэхэмжлэлтэй,
Б.Сольд холбогдох,
Түрээсийн гэрээг цуцалснаас учирсан хохирол 3.256.490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Соль, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч Н.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Б.Сольтой түрээсийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу 1/1 дүгээр байрны 1 давхарт байрлах 97225 метр квадрат талбайтай зоогийн газрыг 1 жилийн хугацаатай түрээслэхээр болсон. Ингээд үйл ажиллагаагаа явуулж байтал 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр таазан дээр байрлалтай бохирын хоолой бөглөрч задарсны улмаас ус алдаж, өмхий үнэртээд байсан тул үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогссон. Энэ талаар 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр түрээслүүлэгч Б.Сольд хэлэхэд бохирын хоолойг шинээр 24-ний өдөр сольсон. Засаад, ариутгал хийх болов уу гээд 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүлээхэд засвар, ариутгал хийгдээгүй, ажлыг 13 хоног саатуулж байгаад 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрээгээ дангаараа цуцалсан.
Гэрээнд заасны дагуу би нэг сарын түрээс 1.600.000 төгрөг, үүнээс 3 сарын түрээс 4.800.000 төгрөг, барьцаа 1.000.000 төгрөг, нийт 5.800.000 төгрөгийг түрээслүүлэгчид төлсөн байсан, энэ мөнгөнөөс ус алдсан гэж 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 30-ны өдрийн хоорондох 7 хоногийн түрээс болон барьцаа мөнгийг надад өгөөд, үлдэгдэл мөнгийг өгөөгүй.
Иймд гэрээ цуцалсан өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрийн дутуу 640.000 төгрөг, олох ёстой орлогоо өдрийн хамгийн багаар 90.000 төгрөгөөр тооцоход, 19 хоногийн орлого 2.616.490 төгрөг нийт 3.256.490 төгрөгийг Б.Солиос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Соль шүүхэд гаргасан тайлбартаа: Би өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай талбайг түрээслүүлэхээр Н.Тунгалагтай харилцан тохиролцож, 2018 оны 9 дүгээр сарын 07-ын өдөр Түрээсийн гэрээ байгуулсан. Энэ үед эрхийн болон биет байдлын доголдолгүй байсан. Заалны таазны дээд хэсэгт байрлах нийтийн эзэмшлийн далд шугамнаас ус алдахад түрээслүүлэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй, бид мэдэх боломжгүй, гэнэтийн нөхцөл байдлын улмаас ус алдсан. Харин бодит байдал дээр би өмч хөрөнгөөрөө хохирч байгаа ч Н.Тунгалагаас шаардаагүй. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ус алдсаныг утсаар хэлсэн даруйд очиж, бид хоёр конторт дуудлага өгч, би өөрөө цэвэрлэгээ хийсэн. Би өөрөө ариутгал цэвэрлэгээгээ хийвэл илүү чанартай сайн хийнэ гэж үзээд хийсэн. Намайг 24-ний өдөр очиход Н.Тунгалаг ус алдсан, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэж мэдэгдэж, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр засварын ажил дууссан.
Ингээд Н.Тунгалаг ер нь түрээслэхээ больё гэж хэлээд бид 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр уулзан тооцоо нийлж, гэрээг дуусгавар болгож, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зөрүү мөнгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/02023 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Төмөр овогт Базаргэлгээгийн Солиос 2.153.330 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хэрээд овогт Намсрайн Тунгалагат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1.103.160 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.844 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 49.403 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1674 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/02023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49.403 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.Соль хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/02023 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1674 дүгээр магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул гомдол гаргаж байна.
Иргэний хуульд хуульчилсан заалтыг дагаж мөрдөөгүй, хэн аль нь үүргээ биелүүлээгүй байхад 2 шатны шүүхээс гэрээг хучин төгөлдөр гэж үзсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Учир нь 2018 оны 11 сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ныг хүртэлх 18 хоногийн олох ёстой байсан орлогыг хэрэгт авагдсан тооцооны хуудас, нэхэмжлэгчийн тайлбар, Хаан банкны дансны хуулга зэргийг үндэслэж түүнийг өдөрт ойролцоогоор 90,000-250,000 төгрөгийн орлоготой гэдгийг тогтоосон гэж байгаа. Гэтэл энэ хугацаанд нэхэмжлэгч огт үйл ажиллагаа явуулаагүй юм бол уг өдрийн орлогын цэвэр ашиг болон эргэлтийн буюу бараа материалын зардлыг тусад нь хэд гэдгийг тооцоололгүйгээр нэхэмжлэгчээс гараагүй зардлыг буюу эргэлтийн мөнгийг орлогод тооцож хариуцагч надаас гаргуулан шийдсэн нь үндэслэлгүй, үйл байдалд давж заалдах шатны шүүхээс дүн шинжилгээ хийгээгүй. Уг 18 хоногийн хугацаанд нэхэмжлэгч огт үйл ажиллагаа явуулаагүй гэж шүүх дүгнэсэн атлаа тус хугацааны эргэлтийн буюу бараа материалын зардлыг хэд гэдгийг тооцолгүйгээр 1 өдрийн орлогыг тэр чигт нь гаргуулж шийдсэн. Мөн шүүхээс нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулга, мөн нотлох баримт болж чадах эсэх нь эргэлзээтэй тооцооны хуудсаар нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлогыг тогтоосон боловч нэхэмжлэгч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулан олсон орлогоосоо татвар төлсөн талаар баримтгүй байхад шүүх түүний 1 өдөрт олох ёстой байсан орлогыг тогтоосон гэж үзэх нь эргэлзээтэй. Гэтэл дээрх баримтуудыг үнэлсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүх нь хэргийг тал бүрээс нь зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзнэ гэсэн заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл яагаад Хувь хүний орлогын албан татвар төлөөгүй, орлогоо хэд байсныг нотолж чадаагүй, зөвхөн тухайн этгээдийн дансны хуулга, уг дансны хуулга нь уйл ажиллагаа явуулж олсон орлого гэж бүрэн үзэх боломжгүй тооцооны хуудас зэргийг хэргийг шийдэхэд хангалттай баримт гэж үзсэн нь үндэслэлгүй. Tүүнчлэн түрээсийн гэрээг бид 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 3 сараар байгуулсан буюу дуусах хугацаа 12 дугаар сарын 07-ны өдөр байхад шуух 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцсон байна. Анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн давж заалдах шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү.гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгч Н.Тунгалаг нь хариуцагч Б.Сольд холбогдуулан гэрээ цуцалснаас учирсан хохирол 3.256.490 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад 906.000 төгрөгийн шаардлагаас татгалзжээ /хэргийн 1-2, 40-41, 132-134 дүгээр тал/. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 2.153.330 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...шүүх гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь буруу, ...нэхэмжлэгчээс гараагүй зардлыг орлогод тооцсон, ...татвар төлсөн баримтгүй байхад орлого олсон гэж үзсэн нь эргэлзээтэй” гэжээ.
Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Зохигч талууд 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгч Б.Соль нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу 1/1 дүгээр байрны 1 давхрын 97225 метр квадрат талбайг кафены зориулалтаар 1 жилийн хугацаагаар түрээслүүлэх, түрээслэгч Н.Тунгалаг сард 1.600.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ /хэргийн 6 дугаар тал/.
Гэрээний дагуу Н.Тунгалаг нь 3 сарын төлбөр 4.800.000 төгрөг, мөн барьцаа 1.000.000 төгрөг нийт 5.800.000 төгрөгийг Б.Сольд өгч, үйл ажиллагаа явуулж байжээ.
2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бохирын хоолой бөглөрч задарч, ус алдсанаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, энэ талаар маргаагүй байна.
Харин энэ хүртэл хугацааны түрээсийн төлбөр, хохирол шаардах эсэх нь маргааны зүйл болжээ.
Талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, хуульд заасан буюу хэлэлцэн тохирсон хэлбэрээр гэрээ хийсэн бол уг гэрээг байгуулагдсан гэж үзэх ба зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр эсэхийг хуульд нийцүүлэн дүгнэх учиртай.
Анхан шатны шүүх зохигчийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, давж заалдах шатны шүүх түрээсийн гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасан.
Түрээсийн зүйл түрээслүүлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө болохыг талууд гэрээндээ тусгасан байх ба гэрээ Иргэний хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй тул хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Энэ тохиолдолд талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.
Н.Тунгалаг 2018 оны 11 сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд кафег эзэмшиж, ашиглаж байсан ба тэрээр 2018 оны 11 сарын 30-ны өдрөөс хойших хугацааны төлбөрийг буцаан шаардсан, хариуцагч төлөх үүрэгтэй.
Шүүх, нэг сарын түрээсийн төлбөр 1.600.000 төгрөгөөс 2018 оны 12 дугаар сарын 10 хүртэл хугацааны төлбөрийг 533.330 төгрөг гэж тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
Хэрэгт байгаа баримтаас үзвэл, гэрээ цуцлах талаар хариуцагч нь нэхэмжлэгчид 2018.11.30-ны өдөр мэдэгдсэн, энэ үеэс гэрээ дуусгавар болсон байх тул олох байсан орлогыг уг хугацаагаар тооцохыг хоёр шатны шүүх анхаараагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Талууд 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 7 хоногоор халаалт, СӨХ-ийн төлбөрийг тооцож дуусгавар болгосон нь зохигчийн тайлбар, хэргийн 7 дугаар талд авагдсан баримтаар тогтоогджээ.
Нэхэмжлэгч зоогийн газрын хоолны цэс, тооцооны хуудас, ХААН банкны дансны хуулга зэргийг үндэслэн өдрийн орлогыг 90.000 төгрөгөөр тооцон хохирол нэхэмжилснийг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлын заримыг хангаж, түрээсийн төлбөр 533.330 төгрөг, 7 хоногийн хохирол 630.000 төгрөг нийт 1.163.330 төгрөгийн шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1., 493 дугаар зүйлийн 493.6.-г зөрчихгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1674 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/02023 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1., 493 дугаар зүйлийн 493.6-т заасныг баримтлан хариуцагч Б.Солиос 1.163.000 /нэг сая нэг зуун жаран гурван мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Тунгалагт олгож, нэхэмжлэлээс 2.093.490 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “...49.403...” гэснийг “...32.462...” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 49.403 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР
Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН