Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 415

 

      Н.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч С.Ч, Т.М,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар түүнд холбогдох эрүүгийн 1805062450090 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн  Н.Э, 1995 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт ............ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................../;

Н.Э нь 2018 оны 12 дугаар сарын 8-ны өглөө 06 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бенз” караоке дотор иргэн Ц.Дгийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Э нь шүүхээс оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эаас 608.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Дд олгох, хохирогч Ц.Д нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Э гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүд болох тархи доргилт, баруун дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтлүүд бүгд шинэ, эсхүл хуучин байсан эсэхийг тодорхой зааглаагүй, мөн тухайн гэмтлүүд тус бүртээ гэмтлийн ямар зэрэгт хамаарах, эсхүл бүгд нийлээд хөнгөн зэрэгт хамаарах, эсхүл зарим нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарах эсэх нь тодорхой бус байхад намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай гэж үзэж байна.

             2. Би тухайн хохирогчид ийм гэмтлүүдийг учруулаагүй бөгөөд хохирогч урьд нь бусдад зодуулсан буюу нүүрэндээ сорвитой, бас архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхдаа унаж тусаад явж байсныг манай 2 найз, тухайн үйлчилгээний газрын зөөгч, бармен зэрэг хүмүүс гэрчилнэ.

Харин хохирогч над руу элдвээр дайрч доромжлон, намайг архины шилээр цохиж гэмтээж байсан. Гэтэл манай 2 найзыг болон энэ талаар мэдэх, мэдэж болох хүмүүсийг гэрчээр огт байцаагаагүйд гомдолтой бөгөөд тус хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

             3. Надад анх хэрэг нээсэн мөрдөгч миний анх болсон үйл явдлыг бодитой ярьсныг сонсож мэдсэн атлаа миний ярьсан, хэлснийг огт бичээгүй, “ингэж ярих хэрэггүй, энэ хэрэг чинь хялбараар хурдан шийдэгдэнэ, эр хүн байж олон юм ярих хэрэггүй” гээд намайг хөтөлж байцаасныг би сүүлд мэдсэн бөгөөд миний ярьсныг эсрэгээр, буруугаар зөрүүлж бичсэнд гомдолтой бөгөөд энэ асуудлыг шалгуулмаар байна.

             4. Хохирогч, түүний найз нарыг байцааж, харин болсон үйл явдлыг гэрчлэх надтай хамт явсан найз нар, бусад хүмүүсийг гэрчээр байцаахгүйгээр зөвхөн нэг талыг барьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тул тус хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх.

            Би баруун гараараа зүүн хацрыг нь алгадсан. Гэтэл баруун хацарт гэмтэл учирсан байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, тус хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, хэргийг дахин шалгуулахаар давж заалдах гомдлыг гаргаж байна. ...” гэв.

Шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч С.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь  хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзлээ. Учир нь, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Д нь “... 2018 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө, өөрийн 2 эмэгтэй найз болох Баярмаа, Болормаа нартай хамт “Castle” нэртэй бааранд орж пиво уусан. Дараа нь шөнийн 04.00 цагийн үед тухайн бааранд үйлчлүүлж байсан үл таних 3 залуугийн хамт 2 найзтайгаа зургуулаа “Бенз” караокед орж суусан, ... тонгойход толгой руу вискиний шилээр цохисон. Намайг вискиний шилээр цохиход ухаан балартаад байж байхад миний нүүр лүү цохисон. Н.Э намайг үснээс чирээд татсан. ...Би одоо гоо сайхнаараа хохироод сорвитой болсон. /Энэ үедээ өмгөөлөгч над руу харж сорвио харуулсан бөгөөд хохирогч Ц.Дгийн баруун хацар нүүр хэсэгт ямар нэг хурц ир үзүүртэй зүйлд зүсэгдсэн байх боломжтой 7-8 см урттай сорви тогтсон байсан/ Хэрэг гарсны дараа 1 сар гаруй миний нүд хөхрөөд хүн харахын эцэсгүй байсан...” гэж мэдүүлдэг. Гэтэл Ц.Дгийн биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн 25 тоот дүгнэлтэд: “... Ц.Дгийн биед тархи доргилт, баруун дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зүүн сарвуунд зулгарал гэмтэл тогтоогдлоо...” гэсэн байх боловч хохирогч Ц.Дгийн баруун хацар, нүүр хэсэгт тогтсон сорвины талаар огт дурдаагүй, энэ нь шинэ хуучин гэмтлийн аль нь болох нь ч тодорхойгүй, үнэхээр хуучин гэмтэл байсан бол чухам юунаас болж, хэзээ, хаана, үүссэн болох, тархи доргилт нь хуучин гэмтлээс нь үүдэлтэй эсэхийг тодруулаагүй, хохирогч болон гэрч Б.Баярмаа нарын мэдүүлгээр Ц.Дгийн толгойн орой хэсэгт шилээр удаа дараа цохисон байхад шүүх эмнэлгийн үзлэгээр толгойд ямар нэгэн гэмтэл учраагүй байдалтай, мэдүүлгийн хувьд бодит байдлаас эрс зөрүүтэй нөхцөл байдалтай байна. Хохирогч, гэрч нар бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул тархи доргилт гэмтэл нь унаж, бэртсэнээс үүссэн байх боломжтой эсэхийг ч асууж тодруулаагүй. Нөгөө талаас шүүгдэгч Н.Э нь болсон асуудлын талаар анхнаасаа тогтвортой мэдүүлдэг.

Тэрээр мөрдөн байцаалтын шатанд “... хохирогч Ц.Д нь өөрийг нь “илүүдэл жинтэй, бүдүүн тарганаар нь дуудаад, гэдсэн дээрээ аяга тавибал тогтох юм байна” гээд маргалдах үедээ хамгийн түрүүнд Н.Эын нүүр лүү нь шилэн аягатай ус цацаж, хэл амаар доромжлон “Зайл” гэж хэлсэн байдаг. Караокед орсны дараа виски уух саналыг хохирогч Ц.Д өөрөө анх санаачилж гаргасан байдаг талаар Н.Э мэдүүлдэг боловч энэ талаарх мэдүүлгийг мөрдөгч огт оруулаагүй. Мөн шүүгдэгч Н.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “... мөрдөн байцаалтын шатанд байцаагч хөтөлж байцаалт авсан. ... би баруун гараараа зүүн хацарт нь нэг удаа алгадсан байхад баруун хацарт нь гэмтэл учирсныг ойлгохгүй байна.” гэж мэдүүлсэн. Энэ нь Н.Эыг өмгөөлөгчгүй байцааж, өөрөөр нь хэрэг хүлээлгэх гэсэн мөрдөгчийн арга гэж харагдахаар байна. Гэтэл тухайн хэрэг гарах үед караокед хохирогч Ц.Д, шүүгдэгч Н.Э, гэрч Б.Б , Дө , Тө  нарын 5 хүн байсан ба эдгээр гэрчүүдээс зөвхөн “хохирогчийн талын" гэрч болох Б.Баярмааг гэрчээр асуусан байх бөгөөд гэрчээр оролцвол зохих Д , Тө нарыг огт дуудаагүй, тэднээс огт мэдүүлэг аваагүй байж хэргийн нөхцөл байдлыг хэтэрхий нэг талыг барьж дүгнэн Н.Эыг гэм буруутайд тооцож байгаа нь манай үйлчлүүлэгчийн эрх ашиг ноцтойгоор хөндөгдөж, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг нь ноцтой зөрчсөн асуудал гарсан байна. Түүгээр ч барахгүй хохирогч Ц.Д нь шүүгдэгч Н.Эын толгойн орой хэсэгт вискиний шилээр цохиж, толгой нь орой хэсэгтээ хавдсан байсан бөгөөд энэ тухайгаа байцаагчдаа хэлэхэд энэ асуудлыг шалгалгүй орхигдуулсан, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тодруулаагүй, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоогоогүй, хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан байж болзошгүй байхад энэ асуудлыг тодруулаагүй байна. Хохирогчийн хувийн байдлыг тодруулаагүй, урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэргийн хохирогч болж гомдол гаргаж байсан эсэхийг тодруулах, өөрөөр хэлбэл хохирогч зориуд санаатайгаар Н.Этай муудалцсан байж болзошгүй нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байхад энэ бүгдийг тодруулахгүйгээр хэргийг хангалттай бүрэн нотлогдож байна гэж үзэн шийдвэрлэсэн нь хэт өрөөсгөл дүгнэлт хийсэн, хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэхээр байна. Түүнчлэн хохирогч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт 1.200.000 төгрөг нэхэмжилдэг боловч энэ нь баруун хацарт үүссэн сорви, булчингийн тасралтыг цаашид эмчлэх шаардлагатай болсон гэж тайлбарлаж байгаа нь болсон хэргийн үйл явдалтай ямар учраас холбоотой болох нь ойлгомжгүй байдаг. Түүнчлэн өөрийн нэхэмжилж байгаа баримтуудаа таньдаг хүнээрээ өөртөө хийлгэсэн болохоо “ам алдаж” шүүхэд мэдүүлсэн. Эдгээрээс дүгнэн үзэхэд 1-рт: Болсон үйл явдлыг тодруулах үүднээс зайлшгүй гэрчээр оролцуулбал зохих этгээдүүд болох Дөлгөөн, Төрмандах, караокений зөөгч, бармен, хамгаалагч нарыг гэрчээр асуух, караоке болон “Сastle” баарны камерийн бичлэг зэргийг үзэх, мөн хохирогч өөрийгөө эрүүл байсан гэх боловч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан хэрүүл, маргаан үүсгэсэн гэх асуудлыг шалгаагүй орхигдуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн талаар: Хэргийг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоогоогүй, мөн зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, мөн зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг заавал тогтоож нотлох ёстой байсан боловч эдгээр байдлуудыг тодруулах, тогтоох ажиллагаа хийгдээгүй байна. Тухайлбал: Шаардлагатай гэрч нар болох Дөлгөөн, Төрмандах, тухайн хэрэг гарах үед ажлын байрандаа байсан караокены ажилтнуудыг гэрчээр асуух, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч шинжээчийн дүгнэлт нь өөрөө бүрэн тодорхойгүй, хууль ёсны болоогүй байна гэж үзлээ. Учир нь, шинжээчийн дүгнэлтэд дурдсан тархи доргилт нь дангаараа хөнгөн гэмтэл эсэх, эсвэл баруун нүдний дээд, доод зовхи, хацарт учирсан гэмтлийн улмаас хөнгөн гэмтэл үүссэн эсэх, эсвэл бүгдээрээ нийлээд хөнгөн гэмтэл учирсан эсэх, өөрөөр хэлбэл эдгээр гэмтлүүд нь бүхэлдээ хөнгөн юм уу, тус бүрдээ хөнгөн юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Иймд шинжээчийг зайлшгүй байцаах, эдгээр асуудлуудыг тодруулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, тархи доргилт, хацарт үүссэн сорви зэргийг дахин шалгах шаардлагатай байна. Тархи доргилт нь чухам хэзээ үүссэн болох, хацарны зүсэгдсэн мэт сорви хэзээ ямар хүчний үйлчлэлийн улмаас үүссэн болохыг зайлшгүй тодруулах шаардлагатай байна. Манай үйлчлүүлэгчийн хувьд хэргийг шүүхэд шилжүүлсний дараа өмгөөлөгчид хандсан байх бөгөөд шүүхээс дээрх процессийн зөрчлүүдийг нэг мөр арилгахаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаагүй шууд хурал зарласан байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлээгүй байна.

Иймд эдгээр ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэрэгт анхан шатны шүүхээр урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Т.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч Ц.Дгийн нүүрний сорви нь шинээр үүссэн, эсхүл хуучин байсан сорви эсэх нь эргэлзээтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай. Тухайн хэргийн бүрдэл хангагдаагүй бөгөөд гэмт хэргийн шинж нь тодорхойгүй байна. Хэргийн болсон үйл явцыг харсан Н.Эын найзууд болох 2 хүнийг гэрч биш гэж үзсэн нь учир дутагдалтай. Зөвхөн хохирогчийн найзуудыг гэрчээр асуусан нь шүүгдэгчийн цагаатгах талын нотлох баримтыг шалгаагүй гэж үзэж байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Уг хэрэг гарах болсон шалтгаан нь Ц.Дгийн 2 найз нь Н.Эын найз 2 залуутай гарч, ороод яваад байснаас болсон. Тухайн үед 3 залуу архи хэтрүүлэн уусан байсан.  Хохирогч Ц.Д нь “... “намайг гичий, янхан” гэж дуудаад, вискиний шилээр миний толгой руу цохисон” гэж мэдүүлдэг. Энэ байдлыг гэрч Баярмаа давхар нотолдог. Хохирогчийн баруун хацарт үүссэн гэмтэл болон бусад гэмтэл нь хохирогчийн үснээс чирээд, түлхэх үед үүсэх боломжтой. Анхан шатны шүүх хуралдааны үеэр хохирогч “одоог хүртэл надаас уучлалт гуйгаагүй, хохирол барагдуулаагүй” гэж мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтэд “Ц.Дгийн бие махбодид тархи доргилт, баруун доод зовхи, баруун хацар, цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон цаг хугацаанд үүснэ” гэж гэмтэл болон хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тогтоосон учир дахин шинжээч томилох шаардлагагүй. Хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Н.Эын үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай тогтоогдож байгаа тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Н.Эт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчил тогтоогдсонгүй.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Н.Э нь 2018 оны 12 дугаар сарын 8-ны өглөө 06 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бенз” караоке дотор иргэн Ц.Дгийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан хохирогч Ц.Дгийн “... Тэгтэл манай хоёр найз байнга гарч ороод байхаар нь таньдаг юм байхдаа гэж бодоод сууж байтал саарал богино куртиктэй, махлагдуу залуу орж ирснээ “муу янхан минь” гэхээр нь би “чи юу гэнэ ээ” гэтэл тэр ширээн дээр байсан вискиний шилийг аваад миний толгой руу цохисон. Нэг хэсэг манараад босоод иртэл миний нүд, толгой хүчтэй өвдөөд, хавдаад ирсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудаарай гэтэл нөгөө залуу дахин намайг үсдээд шалан дээгүүр чирсэн. Дахиад “цагдаа дуудаарай” гээд Баярмаа руу хашгиртал нөгөө залуу миний үснээс тавихаар нь би зугтаад үүд рүү очсон. ...” /хх 7/,

гэрч Б.Б-н “... Би хоёр найзыгаа явъя гээд босоход Ц.Д дагаад боссон. Энэ үед түүний хажууд сууж байсан том биетэй бүдүүн залуу гарнаас нь шууд угз татаад суулгатал Ц.Д “явмаар байна” гээд хэрэлдсэн. Тэгтэл тэр залуу Ц.Дг “гичий, пизда минь” гээд ... ширээн дээр байсан вискиний шил авснаа Ц.Дгийн нүүр лүү цохисон. ... Эхлээд вискиний шилээр, дараа нь жүүсний станканаар цохисон. Бас гараараа алгадаад, үснээс нь зулгааж газар унагаад чирээд байсан. ...” /хх 11-12/,

Н.Эын яллагдагчаар өгсөн “... Ц.Д гэдэг охин намайг бүдүүн гэж хэл амаар доромжлоод миний дээрээс ус асгахаар нь би босож ирээд түүний нүүр лүү гараараа цохиж, үсдээд буйдан руу түлхсэн. ...” /хх 18, 23/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 25 дугаартай “... Ц.Дгийн биед тархи доргилт, баруун дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүрийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 15/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн Н.Эыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Н.Эын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн Н.Эт 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч С.Ч нараас “... Н.Этай хамт байсан Дөлгөөн, Төрмандах нар болон караокены ажилтнуудыг гэрчээр асуух, Н.Э нь баруун гараараа хохирогчийн зүүн хацрыг нь алгадсан байтал баруун хацарт гэмтэл учирсан нь эргэлзээтэй, мөн тархи доргилт болон хацарны зүсэгдсэн мэт сорви хэзээ, ямар хүчний үйлчлэлийн улмаас үүссэн болохыг зайлшгүй тодруулах шаардлагатай, хохирогч Ц.Д нь шүүгдэгч Н.Эын толгойн орой хэсэгт вискиний шилээр цохиж, хавдсан байсныг шалгалгүй орхигдуулсан тул анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч Ц.Дгийн “... ширээн дээр байсан вискиний шилийг аваад миний толгой руу цохисон. ... Цагдаа дуудаарай гэтэл нөгөө залуу дахин намайг үсдээд шалан дээгүүр чирсэн. ...”, мөн шүүх хуралдаан дээр өгсөн “... Би явах гээд босоход намайг янхан, гичий гэхээр нь би юу гэнээ гээд тонгойход толгой руу вискиний шилээр цохисон. Тэгээд миний ухаан балартаад байж байхад миний нүүр лүү цохисон. Н.Э намайг үснээс чирээд татсан. ...”, гэрч Б.Б-гийн “... тэр залуу ширээн дээр байсан вискиний шил авснаа Ц.Дгийн нүүр лүү цохисон. ...”, яллагдагч Н.Эын “... Ц.Д гэдэг охин намайг бүдүүн гэж хэл амаар доромжлоод миний дээрээс ус асгахаар нь би босож ирээд түүний нүүр лүү гараараа цохиж, үсдээд буйдан руу түлхсэн. ...” гэсэн мэдүүлгүүдээр Н.Э нь хохирогч Ц.Дгийн толгой хэсэгт вискиний шилээр цохих, нүүр лүү нь гараараа цохих, үсдээд чирэх зэргээр хүч хэрэглэсэн хэргийн үйл баримт тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Эын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Д, гэрч Б.Б нарын мэдүүлгүүд болон шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт зэргээс үзэхэд хэргийн үйл баримтын хувьд зөрүүтэй гэх нөхцөл байдал байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Н.Эын дээрх үйлдлийн улмаас хохирогч Ц.Дгийн биед хөнгөн хохирол учирсан нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал байхгүй тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийх шаардлагагүй.

Өөрөөр хэлбэл, давж заалдах гомдолд нэр дурдсан гэрчүүдийг асуугаагүй нь мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэх үндэслэл болохгүй юм.    

Хавтас хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 25 дугаартай дүгнэлтэд хохирогч Ц.Дд учирсан гэмтлүүдэд сорвины талаар огт дурдагдаагүй тул сорви үүссэн эсэхийг тогтоох нь хэрэгт зайлшгүй хийх нөхцөл байдал биш байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4 дүгээр зүйлд “нүүр засрашгүй гэмтэж, нүүрний төрх алдагдах. Үүнд, нүүрэнд учирсан гэмтлийн улмаас үүссэн сорви нь тухайн хүний нүүрний төрхийг илтэд өөрчилсөн, нүүрний тэгш хэмийг алдагдуулсан, нүдний зовхи, аньсага, хамрын самсаа, уруулын хэлбэрийг алдагдуулсан буюу арьсны түвшингээс дээш овойж, хатуурч, эсхүл доош татагдаж хонхойсон сорви үүссэн, нүүрний дүр төрхийг сэргээх мэс засал зайлшгүй хийгдэж, засрах боломжтой гэмтлүүд хамаарна. Харин нүүрний дүр төрхийг алдагдуулаагүй сорвиуд гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж заасан.

Шүүгдэгч Н.Э нь хохирол төлсөн талаараа давж заалдах шатны шүүх хуралдааны явцад тайлбарласан боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд өгөөгүй тул хохирол төлсөн эсэх талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлууд хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР  

ШҮҮГЧ                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ         

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН