Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00243

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00243

 

 2021 03 23 001/ХТ2021/00243

 

Н.Баяржаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01520 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1519 дүгээр магадлалтай,

 

Н.Баяржаргалын нэхэмжлэлтэй,

Б.Анар, Г.Мөнхсаруул нарт холбогдох

 

31,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018 оны 6 сарын 27-ны өдөр Н.Баяржаргалын эзэмшлийн Мерседес бенз Жи-500 маркийн 0003 УНЕ улсын дугаартай машиныг хариуцагч Б.Анар авч яваад эвдэлсэн юм. Автомашин 45,000,000 төгрөгийн үнэтэй бөгөөд эвдэрсэн машинаа 14,000,000 төгрөгөөр зарсан. Н.Баяржаргал, Б.Анар хоёр найз нөхдийн холбоотой байсан. Харин Г.Мөнхсаруул Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хохирол учруулсан байдаг. Тухайн үед Н.Баяржаргал, Г.Мөнхсаруул нар хариуцагч Б.Анарын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Мэнджаргалын танил нотариатч н.Туяажаргалыг таньдаг гээд ижил дугаартай 2 мэдэгдэх хуудас гаргуулсан. Талууд эвлэрсэн учраас нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулахаар шүүхэд хандсан. Шүүхээс нотариатын мэдэгдэх хуудас тодорхой шалтгаан хангаагүй үндэслэлээр 2 удаа баталгаажуулахаас татгалзсан. Н.Баяржаргал хохирол төлбөрийг холбогдох этгээдээс гаргуулахын тулд н.Мөнхсаруулыг хариуцагчаар татсан. Гэтэл Г.Мөнхсаруул төлбөрийн чадваргүй, архинаас хамааралтай болсон байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Н.Баяржаргал н.Мөнхсаруулаас татгалзаж, Б.Анараас төлбөрөө нэхэмжилсэн. Цаашид Б.Анар нь Г.Мөнхсаруулаас хохирол гаргуулах нь эрхийнх нь асуудал. Н.Баяржаргал, Б.Анар нарын хооронд Иргэний хуулийн 339, 340, 342 дугаар зүйлийн 342.2, 343 дугаар зүйлийн 343.3-т заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах хэлцэл амаар байгуулагдаж, Н.Баяржаргал машинаа Б.Анарт шилжүүлсэн байсан. Н.Баяржаргал нь Б.Анарт машинаа үнэ төлбөргүй ашиглуулсан ч Б.Анар машиныг гуравдагч этгээд Г.Мөнхсаруулд зөвшөөрөлгүй шилжүүлснээс машин эвдсэн. Иймд Б.Анараас учирсан хохирол 31,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Анарын шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч 2018 оны 10 сарын 25-ны өдөр Г.Мөнхсаруулд холбогдуулан машин зөвшөөрөлгүй унаж, осол гаргаж гэмтэл учруулсан гэх шаардлага гаргасан. Б.Анарыг тээврийн хэрэгслийг ашиглалтын явцад гэмтэл учруулсан үндэслэлээр хариуцагчаар татсан. Иргэний хуулийн 339 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгөд гэмтэл учруулсан тул 31,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан байдаг. Н.Баяржаргал, Б.Анар нарын хооронд өмнө машин өгч, авах олон удаагийн тохиолдол байсан. Талуудын хооронд машиныг арга хэмжээнд унаад өгье гэсэн тохироо байсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад гэм хор учирсан тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох ёстой. Талуудын хооронд гэрээний үүрэгтэй холбоотой гэрээний гэм хор үүсээгүй тул нэхэмжлэгч талын Иргэний хуулийн 228 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал өмнө н.Мөнхсаруултай төлбөр барагдуулах хэлцэл, баталгаа үйлдэж, төлбөр хүлээн авагч тал үл маргах журмаар гэрээнд заасан үүрэг биелүүлнэ, төлбөр төлөгч төлбөр барагдуулаагүй бол Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар нотариатын мэдэгдэх хуудас үйлдэж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохиролцсон. Н.Баяржаргал, Г.Мөнхсаруул нарын байгуулсан дээрх хэлцэл хүчин төгөлдөр байгаа. 2018 оны 8 сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн нотариатч мэдэгдэх хуудас үйлдсэн. Нотариатын мэдэгдэх хуудсыг шүүх 2 удаа баталгаажуулахаас татгалзсан. Шүүх нотариатын мэдэгдэх хуудас хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-т нотариатын мэдэгдэх хуудсанд тусгагдах ёстой агуулгыг заасан. 2018 оны 8 сарын 09-ний өдрийн нотариатчийн мэдэгдэх хуудсанд хуульд заасан шаардлага бүгд тусгагдсан. Иймд нотариатын мэдэгдэх хуудас баталгаажуулахаас татгалзсан шүүгчийн захирамж үндэслэл муутай байна. Хохирол төлбөр хэрхэн барагдуулахыг зохицуулсан хүчин төгөлдөр нотариатын мэдэгдэх хуудас байх тул мэдэгдэх хуудсанд зааснаар маргааныг шийдэх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01520 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 342 дугаар зүйлийн 342.2-т заасны дагуу хариуцагч Б.Анараас 23,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Баяржаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Н.Баяржаргал нь хариуцагч Г.Мөнхсаруулаас татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 272,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1519 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01520 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Анарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.23-ны өдрийн 102/ШШ2019/01520 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 342 дугаар зүйлийн 342.2-т заасны дагуу хариуцагч Б.Анараас 23,600,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Баяржаргалд олгож, мөн хэсгийн 2-т ИХШХШтХ-ийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Н.Баяржаргал нь хариуцагч Г.Мөнхсаруулаас татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж заасныг, мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.14-ний өдрийн 1519 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1-т Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01520 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай гэж тус тус заасныг эс зөвшөөрч, ИХШХШтХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Учир нь:

Нэгдүгээрт: Үүрэг гүйцэтгэгч Б.Анар нь үүргээ гуравдагч этгээдэд буюу Г.Мөнхсаруулд шилжүүлснийг нэхэмжлэгч Н.Баяржаргал хүлээн зөвшөөрсөн. ИХ-ийн 210 дугаар зүйлийн 210.1-т Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан. Мөн хуулийн 339-342 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэнэ гэж заагаагүй тул Б.Анар нь гуравдагч этгээд болох Г.Мөнхсаруулд үүргээ шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, энэхүү зүйлийг үндэслэн Н.Баяржаргал болон Г.Мөнхсаруул нарын хооронд 2018.06.28-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл хийгдсэн. Уг хэлцэлд Г.Мөнхсаруул нь Н.Баяржаргалын 0003 улсын дугаартай Мерседес бенз /G-500/ маркийн автомашиныг жолоодож явж байгаад гэрлийн шон мөргөж хохирол учруулсан тул энэ хохирлоо өөрөө сайн дураар нөхөн төлөхөө илэрхийлснийг Н.Баяржаргал нь зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Анарыг үүргээс чөлөөлснийг 2 тал харилцан баталсан гэсэн үг.

Хоёрдугаарт: Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт Нэхэмжлэгч Н.Баяржаргал хариуцагч Г.Мөнхсаруул нарын хооронд шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө төлбөр барагдуулах хэлцэл хийгдсэн байх хэдий ч ... гэж шүүх талуудын хооронд хийгдсэн хэлцлийг хүлээн зөвшөөрсөн атлаа Б.Анараас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь ИХШХШтХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг зөрчсөн байна. Учир нь дээр дурдсанчлан талуудын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн хирнээ буюу хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоогүй байж хариуцагч Г.Мөнхсаруулыг хариуцлагаас чөлөөлж Б.Анарт хариуцлага ногдуулсан нь тухайн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, ийнхүү шийдвэр гаргах байсан бол Н.Баяржаргал болон Г.Мөнхсаруул нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох ёстой байсан. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь энэ мэт дээр дурдсан хуулийн зохицуулалтыг зөрчсөн байгаа тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ: 

 

Нэхэмжлэгч Н.Баяржаргал нь хариуцагч Б.Анар, Г.Мөнхсаруул нарт холбогдуулан 31,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Мөнхсаруулаас татгалзжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Б.Анараас 23,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Баяржаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь хариуцагч Г.Мөнхсаруулаас татгалзсаныг баталж, хэргээс түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

1. Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн шаардах эрхийг зөв тодорхойлсон байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Баяржаргал нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн Мерседес бенз жи-500 маркийн 0003 УНЕ улсын дугаартай автомашиныг хариуцагч Б.Анарт түр ашиглуулахаар шилжүүлснийг тэрээр хариуцагч Г.Мөнхсаруулд шилжүүлсэн байна. Харин хариуцагч Г.Мөнхсаруул нь осол гаргаж, тухайн автомашин эвдэрч дахин ашиглах боломжгүй болжээ.

 

Шүүх нэхэмжлэгч Н.Баяржаргал, хариуцагч Б.Анар нарын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, хууль хэрэглээний хувьд зөв байна.

 

2. Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.2-т заасан зохицуулалтаар эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд нь гэм буруугийн хэлбэрээс үл шалтгаалан эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцна.

 

Хариуцагч Б.Анар нь автомашиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлснээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан байх тул түүний гэм буруугийн хэлбэрээс үл шалтгаалан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэж, хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 342 дугаар зүйлийн 342.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

 

Нэхэмжлэгч нь өөрийн автомашиныг 45,000,000 төгрөгөөр үнэлж, үүнээс бусдад зарсан 14,000,000 төгрөгийг хасч, үлдэх 31,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан ба хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч уг автомашиныг 37,600,000 төгрөгөөр үнэлсэн байх тул үүнээс бусдад худалдсан 14,000,000 төгрөгийг хасч, үлдэх 23,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

3. Нэхэмжлэгч Н.Баяржаргал, Г.Мөнхсаруул нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хийгдсэн төлбөр барагдуулах хэлцлийн дагуу бичигдсэн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Нотариатын мэдэгдэх хуудсыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШЗ2018/12127, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШЗ2018/13490 дугаар захирамжаар хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй үндэслэлээр Нотариатын мэдэгдэх хуудас баталгаажуулахаас татгалзсан тухай баримт хэрэгт авагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Г.Мөнхсаруулаас татгалзсан байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.2-т зааснаар эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд нь гэм буруугийн хэлбэрээс үл шалтгаалан эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцах тул хариуцагч Б.Анараас хохирлыг гаргуулсан шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.

 

Иймээс ...хариуцагч Г.Мөнхсаруулыг хариуцлагаас чөлөөлж, Б.Анарт хариуцлага ногдуулсан нь үндэслэл бүхий болж чадаагүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01520 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1519 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,950.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Д.ЦОЛМОН