Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 974

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “Нар-Урт” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00278 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Нар-Урт” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Жаргалмаа, “Баянгийн-Эх” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16 795 237 төгрөгийг “Баянгийн-Эх” ХХК-иас, гэм хорын хохиролд 16 795 237 төгрөгийг Ч.Жаргалмаагаас гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч “Баянгийн-Эх” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч “Баянгийн-Эх” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Цогхүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нар Урт” ХХК нь “Баянгийн Эх” ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 13/25 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг ажил гүйцэтгэх гэрээгээр “Монполимет групп” ХХК-ийн оффисын үйлчилгээний барилгын 3 түвшиний ашиглалттай ба ашиглалтгүй дээврийн ажил болон хавсралт 1-д заасан бусад ажлуудлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож, төлбөрийг хэсэгчилж төлсөн.

Ч.Жаргалмаа нь манай байгууллагад 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ерөнхий инженерээр ажиллаж, ажлын чанарт хяналт шалгалт хийж, ажлыг хүлээж авч байсан. 2014 оны зун бороо ороход барилгын дээврээс ус гоожиж, эхэлсэн бөгөөд “Баянгийн-Эх” ХХК нь доголдлыг арилгаагүй болно. Тухайн үед Ч.Жаргалмаа нь гүйцэтгэгч “Баянгийн-Эх” ХХК-ийн ажлыг дүгнэж, ажлыг чанартай гүйцэтгэж, хүлээж авсан гэх 2 акт үйлдсэн. Үүний дагуу гэрээний төлбөр бүрэн хийгдсэн.

            “Баянгийн-Эх” ХХК нь 2014 оны сүүлээр манай зүгээс тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй тул 2015 оны 08 дугаар сард “Нар-Урт” ХХК нь уг доголдолтой ажлыг өөрсдөө хуулж, дахин шинэчлэн хийж гүйцэтгэсэн.

Барилгын ерөнхий инженер Ч.Жаргалмаа нь батлагдсан зургийг удирдлагад болон мэдэгдэлгүй дур мэдэн өөрчлөлт хийн гүйцэтгүүлсэн, хяналтыг бүрэн хийгээгүй, гүйцэтгэгчид шилжүүлэх төлбөр дээр зөвшөөрөл өгч төлбөрийг бүрэн шилжүүлэхэд оролцож компанид их хэмжээний хохирол учруулсан.

Иймд гүйцэтгэгч тал болох “Баянгийн” эх ХХК болон “Нар-Урт” ХХК-д ерөнхий инженерээр ажиллаж байсан Ч.Жаргалмаагийн хууль тогтоомж зөрчсөнөөс компанид гэм хор учруулсан буруутай үйл ажиллагаанаас учирсан 33 590 475 төгрөгийн хохиролоос хувь тэнцүүлэх буюу 16 795 237 төгрөгийг тус тус нөхөн гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Жаргалмаа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Нар-Урт” ХХК-д 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр барилгын ерөнхий инженерээр ажилд орсон. Ажиллаж байх хугацаанд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шалтгаан тодорхойгүй тушаал бууруулж 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал өгсөн. Ингээд би шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий маргаан үүсгээд 2 жил шахуу явж байж намайг гэм буруугүй байна гээд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 33 000 000 төгрөгийг гаргуулсан, 15 000 000 төгрөгөөр эвлэрч хэргийг хаасан.

Гэтэл хэрэг хаагдсанаас хойш дуудаад 15 000 000 төгрөгөөсөө татгалз, тэгэхгүй бол хохирол нэхнэ гэсэн маягаар дарамталж үзснээ одоо ийм ор үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байна.

Тухайн ашиглалттай дээвэр стандарт нормын дагуу хийгдсэн. Дээврийн материалын сонголтыг “Баянгийн Эх” ХХК-ийн зөвлөх Ц.Гарамжав хийж байхад “Монполимет” группын гүйцэтгэх захирал н.Энхтуяа, Санхүүгийн захирал н.Мөнхзаяа, “Баянгийн-Эх” ХХК-ийн захирал н.Дашдэлэг болон миний бие хөндлөнгөөс харж байсан.

Дээврийн даац хэтрээгүй гэдэг Мэргэжлийн хяналтын улсын байцаагч н.Цэнгэлийн дүгнэлт гарсан байдаг. Мөн энэ хавтанг ашиглалттай дээвэрт ашиглаж болно гэсэн үйлдвэрлэгч компанийн тодорхойлолт байдаг. Энэ нэхэмжлэлийн шаардлага өмнөх нотлох баримтаар нотлогдон үгүйсгэгддэг үйл баримт юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Баянгийн эх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Монполимет групп” ХХК-ийн ерөнхий захирал, үүсгэн байгуулагч хатагтай н.Гарамжавын шууд удирдлаганд ажилладаг “Нар Урт ХХК-ийн хүсэлтээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтанд орсон 17 давхар барилгын дээврийн ажлыг хийж гүйцэтгэхээр 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 13/25 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулан дээврийн ажлыг гэрээний 5.2-д заасан захиалагчийн давчуу хугацаанд, ажлын 35 хоногт багтаан ерөнхий хөрөнгө оруулагч, захиалагч талын өдөр тутмын хяналтан доор мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэсэн.

“Монполимет группын” охин компани болох “Нар Урт” ХХК гэрээнд заасан ажлуудын гүйцэтгэлд өдөр тутам хяналт тавьж чанартай гүйцэтгүүлж авсандаа сэтгэл ханамж өндөр байсан бөгөөд тус гэрээний 1.3, 4.1, 4.2, 4.3, 4.3.1, 4.3.2-т заасны дагуу төлбөрөө 100 хувь манай компанид шилжүүлж, тооцоо хийж дуусгасан нь үүний баталгаа болно. Иймд “Нар Урт” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Баянгийн Эх” ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ч.Жаргалмаад холбогдох гэм хорын хохиролд 16 795 237 төгрөг гаргуулах Нар-Урт ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянгийн Эх ХХК-иас 16 795 237  төгрөг гаргуулж нэхэмжлэгч Нар Урт ХХК-нд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325 902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянгийн эх ХХК-иас 241 926 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Баянгийн-Эх” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Гүйцэтгэгчээс дур мэдэн дээврийн ажлын зургийг өөрчлөн захиалагчаас баталгаажуулаагүй явган замын хавтанг дээвэрт ашигласан гэдэг нь үндэслэлгүй бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13/25 тоот "Дээврийн ажил гүйцэтгэсэн акт"-ын комиссын шийдвэрт "дээврийн ажлын явц одоогоор 75-85 хувь нь хийгдсэн байна. Ийм учраас дундын санхүүжилтийг олгох хүсэлтэй байна" гээд захиалагчийн техник, хяналтын инженер Х.Батбаяр, ерөнхий инженер Ч.Жаргалмаа нар гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Үүгээр захиалагч ашиглалттай дээвэрт гүйцэтгэгчээс явган замын хавтанцар хийхийг бүрэн мэдэж, баталгаажуулсаны нотолгоо юм.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гаргасан захиалагч талын зөвлөх инженер Ж.Дашчойнхорын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/223 тоот тодорхойлолтонд "...Гүйцэтгэгч нь дээврийг ажлыг батлагдсан зурагт өгөгдсөн битум шигтгэсэн хайрган үеийг өөрчилж явган замын хавтан нэг үе зүйж угсарсан. Энэхүү хавтанг дээвэрт хэрэглэж болохгүй бөгөөд дээврийн 1 м.кв талбайд ногдох ачаа ихэссэн, дээвэрт ашигласан явган замын хавтанг хуулж авч ачааллыг хөнгөлөх нь зүйтэй гэсэн дүгнэлт нь бодит байдалд нийцэхгүй.

Улсын ахлах байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02-07-81/1755 тоот "Барилгын дээврийн тухай" дүгнэлтэд гүйцэтгэгч дээврийн ажлыг гүйцэтгэхдээ хэрэглэсэн хавтан нь явган зам, авто замын зогсоол, барилгын гадна зам талбай болон ашиглалттай дээврийн өнгөлгөөнд зориулагдсан хавтан болохыг дурдсан. Мөн үйлдвэрлэгч "Арвис стоун" ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1025/01 дугаартай тодорхойлолт, Барилга архитектур корпорацийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн зэрэг баримтуудаар дээвэрт ачаалал ихэссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байхад шүүх хариуцагчийн буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

"Нар-Урт" ХХК-иас доголдлыг арилгуулах тухай саналыг "Баянгийн Эх" ХХК-нд хүргүүлсэн гэх баримт хэрэгт огт байхгүй бөгөөд шүүх хэрэгт байхгүй нотлох баримтыг үндэслэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Мөн шүүхээс барилгын дээвэрт ус гоожсоноос хэдий хэмжээний хохирол үүссэн, нэхэмжлэлийн төлбөрт хохирлын хэмжээ хүрч байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох шаардлагатай байсан. Нэхэмжлэгч “Нар Урт” ХХК-д 34 000 000 төгрөгийг хохирол үүссэн байхад хариуцагч “Баянгийн Эх” ХХК-иас 16 795 237 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

            Нэхэмжлэгч “Нар-Урт” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохиролд 16 795 237 төгрөгийг хариуцагч “Баянгийн-Эх” ХХК-иас, гэм хорын хохиролд 16 795 237 төгрөгийг Ч.Жаргалмаагаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8542 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 339 дүгээр тогтоолоор “Нар Урт” ХХК нь Ч.Жаргалмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцалсан үйл баримт тогтоогдсон. Ийнхүү хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хянагдаж буй дээврийн ажил гүйцэтгэхтэй холбоотой зөрчил дурдагдаагүй байна. Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм.

 

Хариуцагч Ч.Жаргалмаа нь нэхэмжлэгч “Нар Урт” ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан, ийнхүү ажиллаж байхдаа гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлийг нэхэмжлэгч зааж нэхэмжлэлийн шаардлагаа гэм хор учруулснаас үүрэг үүрэг гэж тодорхойлжээ.

 

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага зөрүүтэй тодорхойлсныг анхан шатны шүүхээс тодруулах ажиллагааг хийсэн боловч нэхэмжлэгч тал зөрүүг арилгаагүй байна.

 

Иймд Ч.Жаргалмааг гэм хорын хохирол учруулсан гэдгийг нэхэмжлэгч нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Харин анхан шатны шүүх Ч.Жаргалмаад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа ажилтан нь гуравдагч этгээдэд учруулсан гэм хорыг хариуцлагыг ажил олгогч хүлээх үндэслэлийг зохицуулсан нь ажил олгогчоос өөрт учирсан хохирлыг өөрийн ажилтнаас шаардах үндэслэлд хамааруулж ойлгохгүй юм.

 

Иймд дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.

Хариуцагч Ч.Жаргалмаад холбогдох нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв, энэ шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч “Баянгийн-Эх” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийг биелүүлээгүйгээс учирсан хохиролд 16 795 237 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Нар-Урт” ХХК-д олгож шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ. Давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч “Баянгийн Эх” ХХК-д холбогдох 16 795 237 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг ирүүлжээ.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй юм.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа шийдвэрийн 1 дэх заалтыг өөрчлөн найруулж, 2 дахь заалтаар нэхэмжлэгчийн татгалзлыг батлах нь зүйтэй гэж дүгнэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00278 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ч.Жаргалмаад холбогдох гэм хорын хохиролд 16 795 237 төгрөг гаргуулах тухай “Нар-Урт” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалт болгон “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Баянгийн-Эх” ХХК-д холбогдох 16 795 237 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Нар Урт” ХХК татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмж,

2 дахь заалтыг “3”, 3 дахь заалтыг “4” гэж дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Баянгийн-Эх” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 926 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД                                                 Т.ТУЯА

 

                                                                                          Э.ЗОЛЗАЯА