Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1704

 

Б.Дөлгөөний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01309 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Дөлгөөний, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.Дөлгөөн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр "Магнай лайшил ББСБ" ХХК-иас 24 760 ам.долларыг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2204018467 дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 171б дүгээр байр, 1 тоот хаягт байршилтай 50.34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. Улмаар талууд эвлэрлийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 101/Ш32016/28551 дүгээр захирамжаар 69 620 004 төгрөг төлөхөөр шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад орон сууцыг хураан авч албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон. Анхны албадан дуудлага худалдаанд 130 000 000 төгрөгөөр оруулсан бөгөөд үнийн санал ирээгүй тул 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахдаа 65 000 000 төгрөгөөр оруулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дүгаар зүйлийн 15.1.4-т заасны дагуу миний орон сууцыг хэтэрхий бага үнэлж байгаад гомдолтой байгаа тул 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цэрэннадмид шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 28551 дүгээр захирамжаар Б.Дөлгөөн, Г.Баярсайхан нараас 69 620 004 төгрөгийг гаргуулан “Магнай лайшил ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 171б байрны 1 тоот 50.34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжлэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцсон үнэ болох 130 000 000 төгрөгийн 70 хувь болох 91 000 000 төгрөгөөр 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул 2 дахь албадан дуудлага худалдаанд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт оруулахаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/Ш32017/03217 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зуйлийн 34.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөелөгч Б.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төлбөр телөгч нар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөрөө төлөхгүй байсан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгчийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр гаргуулах ажиллагааг явуулж байсан. Гэтэл тус шүүхийн шүүгчийн захирамж гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээд байна. Төлбөр төлөгч Б.Дөлгөөн нь өөрийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөө 130 000 000 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээг манай байгууллага хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцон анхны албадан дуудлага худалдаанд оруулсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Иргэний хуулиин 177 дугаар зүйлд заасны дагуу анхны албадан дуудлага худалдаанд харилцан тохиролцсон үнийн 70 хувиас үл хөдлөх эд хөрөнгийн санал болох доод үнийг тогтоох талаар тухай бүрт талуудад мэдэгдэж байсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хуулийн дагуу ажиллагаа явуулж байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж төлбөр төлөгч Б.Дөлгөөн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж төлбөрөө төлөхгүй, төлбөр авагч байгууллагыг хохироож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Б.Дөлгөөний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зуйлийн 7.1.4.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай" 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 03217 дугаар шүүгчийн захирамж хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхны албадан дуудлага худалдаанд 130 000 000 төгрөгөөр оруулсан бөгөөд үнийн санал ирээгүй нэрийдлээр дахин дуудлага худалдаанд оруулахдаа 65 000 000 төгрөгөөр оруулах гэж байгааг би хүлээн зөвшөөрөөгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т “...эд хөрөнгийн үнэлгээний талаар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэтэй холбогдуулж гомдол гаргаж болно” гэж заасны дагуу миний орон сууцыг хэтэрхий бага үнэлж байгаад гомдол гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх асуудлыг шийдвэрлэхдээ тал бүрээс нь бодитойгоор хандаж шийдвэрээ гаргасангүй. Тухайлбал, энэхүү орон сууц нь хэний нэр дээр байгаа, ямар замаар банк бус санхүүгийн байгууллага өмчлөв, яагаад өөрийн эсрэг нэхэмжлэл гаргаад байгаа зэрэг асуудалд дүгнэлт өгч чадсангүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

 

Нэхэмжлэгч Б.Дөлгөөн, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан хэлбэрээр гэрчлэгдээгүй бичгийн баримтуудыг үндэслэлээ болгосон байна.

Тодруулбал, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх бөгөөд тухайн нотлох баримтууд нь хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бүрдсэн буюу эх хувь эсвэл нотариатчаар гэрчлэгдсэн хуулбар байх ёстой.

Гэтэл шүүх маргааны үндэс болсон үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон 2 дахь дуудлага худалдааны тэмдэглэл, албадан дуудлага худалдааг нийтэд мэдээлсэн тухай баримт, төлбөр төлөгч нарын эд хөрөнгийн үнийн санал зэрэг бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан шаардлага хангаагүй, хариуцагч байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байхад үнэлсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлөөс шалтгаалан талуудын хооронд үүссэн маргаан, хэргийн нөхцөл байдал, нотлох баримтаар тогтоогдож буй үйл баримт болон хариуцагч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан эсэх зэрэгт эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн, анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж дүгнэн, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01309 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

     ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

                                                               Ч.ЦЭНД