Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00259

 

Б.Сумъяагийн нэхэмжлэлтэй

            иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2018/01535 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1684 дүгээр магадлалтай,

 

Б.Сумъяагийн нэхэмжлэлтэй,

Ж.Цогоод холбогдох,

 

Гэм хорын хохиролд 6.117.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Ж.Цогоо түүний өмгөөлөгч Л.Жавзмаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжарал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Сумъяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: би 8814 УБС улсын дугаар бүхий Хьюндай Токсон маркийн автомашины хууль ёсны өмчлөгч. 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар Хорооны нутаг дэвсгэрт байрлах Сурын Харвааны талбайн урд миний машиныг хариуцагч Ж.Цогоо нь Ланд круйзер маркийн 0531 УНЕ дугаартай өөрийн автомашинаар мөргөж их хэмжээний хохирол учруулсан. Тухайн үед Замын Цагдаагийн Газарт мэдэгдэж энэ нь зөрчлийн хэрэг болохыг тогтоож, даатгалаар 4,495,500 төгрөгийг төлүүлсэн бөгөөд машинаа би Хьюндайгийн мэргэжлийн засварын газар, тэдний сэлбэгээр засуулахад 12 сая төгрөг шаардлагатай байсан тул тус шүүхэд хандаж гэм хорын хохирол нэхэмжлэхэд 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2019/00495 тоот дугаар бүхий шийдвэрээр 751,840 төгрөг гаргуулахаар болсон.

Энэ хугацаанд өөрийн зардлаар засуулсан бөгөөд тус авто машиныг Монгол Хьюндай Автомотив ХХК-иас худалдан авч байсан бөгөөд бид машинаа тус газраар засуулсан. Тус газраар засуулахад нийт зардал 12,000,000 төгрөг болсон. Үүнээс 4,495,000 төгрөгийг даатгалаар шийдсэн.

Ж.Цогоо та нар машинаа авсан газраараа янзлуулж болно бид зөрүү төлбөрийг машин засуулсны дараа өгнө гэсэн боловч өгөөгүй тул Ж.Цогоогоос автомашины засварын төлбөрт 6.117.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Цогоо шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний дүгнэлтээр нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд 4,459,500 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоож энэ үнэлгээг Б.Сумъяа зөвшөөрч, Хаан даатгал ХХК-аас даатгалын хохиролд 4,459,500 төгрөг төлөгдсөнөөр энэ асуудал дууссан. Гэтэл Б.Сумъяа дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хавтаст хэргийн 6-24 дүгээр хуудсанд авагдсан баримтууд нэхэмжлэгчээс мөнгө гарсан гэдгийг нотлохгүй байна. Нэхэмжлэгчийн ирүүлсэн баримтууд тус тээврийн хэрэгсэлд 9,000,000 орчим төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэх талаар дурдсан байгаа болохоос бодит байдалд ийм хэмжээний засвар үйлчилгээ авсан эсэх нь эргэлзээтэй. Хэрвээ эдгээр засвар үйлчилгээг хийлгэсэн тохиолдолд төлбөр төлсөн НӨАТ-ын баримт хэргийн материалд хавсаргасан байх ёстой.

Хэргийн материалаас үзэхэд төлбөр төлсөн НӨАТ-ын баримт, мөнгө хүлээн авсан кассын няравын баримтууд байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна. Мөн өмнө учруулсан гэм хорыг төлж барагдуулсан атлаа нэхэмжлэгч дахин хохирол нэхэмжилж байна.

Шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2018/01535 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Цогоогоос 5.364.020 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Сумъяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 752,980 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,830 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Цогоогоос 100,775 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Сумъяад олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1684 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01535 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 824 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 09 сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан 1684 дүгээр Магадлал-ыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нь 2019.05.07-ны өдрийн нэхэмжлэлдээ ... уг машиныг Монгол Хьюндай автомотив ХХК-ийн засварын газраар тэдний сэлбэгээр засуулахад 12,000,000 төгрөг болсон гэж тухайн компанийн үнийн саналын хуудсыг нотлох баримтаа болгосон, харин тухайн компаниас сэлбэг, засвар үйлчилгээ худалдан авсан, төлбөр төлсөн баримт хэрэгт байхгүй, хэрэгт авагдсан баримтууд нь Монгол Хьюндай Автомлтив ХХК-ийн зарлагын баримтууд болохоос биш нэхэмжлэгчийн үйлчилгээ авч төлбөр төлснийг нотлох баримт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй ба өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс ИХШХШТХ-ийн 25 дугаар 2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй билээ. Удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдээр тухайн машиныг сэргээн засварлахад шаардагдах хохирлыг тогтоосон гэж үзэж байна. Иймээс 00495 дугаар шүүхийн шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч нь өөрийн санаачлагаар машинаа сайжруулан үнэтэй эд анги тавьж, засвар үйлчилгээ хүсэж хийлгэснээс гарсан нэмэлт зардал нь хариуцагчийн төлөх төлбөр нэмэгдэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Хариуцагч Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан, хэрэглэж алдаа гаргасан гэж үзэж байна. Анх 2019 оны 02 сарын 28-ны өдрийн 00495 дугаар шийдвэрээр 751,840 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн, нэхэмжлэгч зөвшөөрсөн гомдол гаргаагүй зэрэг үйл баримтууд байсаар байхад шүүх дахин дахин хохирол учирсан мэтээр дүгнэж хариуцагчаас төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Монгол Хьюндай автомотив ХХК-ийн 2 ширхэг захиалгын хуудас, 6 ширхэг зарлагын баримт, 6 ширхэг засвар үйлчилгээний хуудас, нийт 9,325,360 төгрөгийн тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги, засвар үйлчилгээ авсан тухай тодорхойлолт, З.Азхүү, Баатаржав нарын зарлагын баримт 2 ширхэг авагдсан нь нэхэмжлэгч Б.Сумъяаг 5,364,020 төгрөгийг өөрөөсөө төлснийг нотолсон санхүүгийн баримт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэгт нэхэмжлэгч Б.Сумъяа нь өөрөөсөө төлбөр төлсөн баримтгүй, НӨАТ-ын баримтгүй, Монгол Хьюндай автомотив ХХК-ийн санхүүд мөнгө тушаасан баримт байхгүй, Голомт банкнаас 2019 оны 03 сарын 23-ны өдөр 7,535,360 төгрөг бэлнээр гарсан боловч Монгол Хьюндай автомотив ХХК-ийн санхүүд шилжиж, И баримт буюу НӨАТ-н буцаан олголтын баримт байхгүй байгаа нь төлбөр төлснийг үгүйсгэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01535 дугаар Шийдвэр-тэй хэргийг хянан хэлэлцээд гаргасан Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 1684 дүгээр Магадлал-ыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Б.Сумъяа нь Ж.Цогоод холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ ...2018.8.18-ний өдөр осол гаргасан, ...машинаа засуулахад 12 сая төгрөг шаардлагатай байсан тул шүүхэд хандаж нэхэмжилсэн, ...шүүхийн шийдвэрээр 751.840 төгрөг гаргуулахаар болсон, ...Монгол хьюндай автомотив ХХК-иар засуулахад 12.000.000 төгрөг болсон, ...4.495.500 төгрөгийг даатгалаар шийдсэн, ...6.117.000 төгрөгийг гаргуулна гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 5.364.020 төгрөгийн шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, ...хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэл дурджээ.

 

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хэрэгт авагдсан баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдсоныг дурдах шаардлагатай байна. Үүнд:

 

1. Ж.Цогоо нь 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 05-31 УНЕ дугаартай Тоёота Ландкруйзер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дах заалтыг зөрчсөнөөс Б.Сумъяагийн өмчлөлийн Х.Туксон маркийн 88-14 УБС дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргажээ.

 

Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэс 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ж.Цогоод зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх ба ослын улмаас Х.Туксон маркийн автомашины обудь хагарсан, под крыло урагдаж, урд 2 гэрэл хагарсан, урд хоёр амортизатор болон урд 2 цап гулзайсан, дугуй, усны сав хагарсан, капут хонхойсон, агаар тунадасны сав хагарч, зүүн урд болон зүүн хойд хаалга хонхойсон, зүүн хойд крыло хонхойж цөмөрсөн, толины гэр халцарч, өндгөн тулгуур тахийж, баруун урд гэрэл хагарч, баруун урд крыло хунирч гэмтсэн талаар үнэлгээний тайланд тусгажээ.

 

Хаан даатгал ХХК-ийн захиалгаар автомашинд учирсан эвдрэл хохирлыг Ашид билгүүн ХХК үнэлж, эвдэрсэн эд ангийг 3.539.500 төгрөг, өнгө гаргах материалын үнэ болон ажлын хөлсийг 920.000 төгрөг нийт 4.459.500 төгрөгөөр үнэлснийг Б.Сумъяа хүлээн зөвшөөрч, үнэлгээний тайланд гарын үсэг зурсан байх ба Хаан даатгал ХХК 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б.Сумъяагийн ХААН банк дах дансанд 4.459.500 төгрөгийг шилжүүлжээ /хэргийн 30-52, 73-74, 79 дүгээр тал/.

 

2. Б.Сумъяа авто машинд учирсан хохирлыг Монгол хьюндай автомотив ХХК-ийн үнэлгээгээр тооцож Ж.Цогоогоос 12.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээч Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК нь Х.Туксон маркийн автомашинд учирсан хохирлын хэмжээ бодитой байсан эсэхэд дахин шинжилгээ хийж, эвдрэл хохирлыг 5.211.340 төгрөгөөр тогтоосон, ингэхдээ сэлбэгийн судалгааг осол болсон тухайн цаг үеийн байдлаар буюу 2018 оны 8, 9, 12 сарын байдлаар хийж, зах зээлийн ханшаар болон захиалах сэлбэгийн үнийг элэгдэл тооцох байдлаар тооцсон талаар тайланд дурджээ /хэргийн 75-78 дугаар тал/.

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2019/00495 дугаар шийдвэрээр Ж.Цогоогоос 751.840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сумъяад олгож, илүү нэхэмжилсэн 11.248.160 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо ...4.495.500 төгрөгийг Хаан даатгал ХХК-иас Б.Сумъяагийн дансанд шилжүүлсэн тул хариуцагч Ж.Цогоогийн гэм буруутай үйлдлээс нэхэмжлэгч Б.Сумъяад учруулсан гэм хорыг арилсан гэж үзнэ. Тодруулбал, зөрчлийн хэрэг шалгах явцад нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлыг үнэлүүлж, улмаар үнэлгээгээр тогтоосон хохирлыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд уг үнэлгээг зөвшөөрөхгүй болон үндэслэлгүй талаар маргасан баримт хэрэгт авагдаагүй байх тул Ж.Цогоогоос Монгол хьюндай автомотив ХХК-ийн бараа үйлчилгээний үнэлгээ гэх баримтаар хохирол шаардсан нь үндэслэлгүй. Харин хариуцагч Лэндс ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон 5.211.340 төгрөгөөс даатгалаас төлөгдсөн төлбөрийг хасч зөрүү 751.840 төгрөгийг төлөх талаар тайлбар гаргасан тул шаардлагыг энэ хэмжээнд хангах нь зүйтэй гэж дүгнэсэн ба шийдвэр хүчинтэй байна /хэргийн 28-29 дүгээр тал/.

 

3. Б.Сумъяа 2019.5.7-ны өдөр дээрх ослын улмаас учирсан гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийг дахин гаргасан, хариуцагч ...маргааныг шүүх шийдсэн гэсэн тайлбар гаргаж маргажээ.

 

Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаарх асуудлыг шүүх шийдвэрлэх эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

Анхан шатны шүүх ...автомашины гэмтсэн эд хөрөнгийг засахад нийт 10.575.360 төгрөгийг нэхэмжлэгч Б.Сумъяа төлсөн байх тул ...00495 дугаар шийдвэрээс хойш нэхэмжлэгчээс гарсан бодит зардал гэж үзэж, ...үүнээс даатгалаас төлсөн 4.459.500 төгрөг, шийдвэрээр гаргуулсан 751.840 төгрөгийг тус тус хасч үлдэх 5.364.020 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ хэрэг авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба уг алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж, залруулаагүй нь буруу.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6.-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой.

 

Мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар шүүх энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл  хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох үүрэгтэй.

 

Дээр дурдсанаас үзвэл, нэхэмжлэгч өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн нэхэмжлэлтэй ижил агуулга бүхий нэхэмжлэлийг дахин гаргасан байхад шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй.

 

Иймд хариуцагчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2018/01535 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1684 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Сумъяагийн нэхэмжлэлтэй Ж.Цогоод холбогдох гэм хорын хохиролд 6.117.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 112.830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Г.ЦАГААНЦООЖ