Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 1805

 

 “Сайнконстракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/01176 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Сайнконстракшн” ХХК-ийн, хариуцагч Эрчим хүчний хөгжлийн төвд холбогдуулан гаргасан гэрээ цуцалснаас учирсан хохиролд 97 660 300 төгрөг, барилгын материалыг хилээр оруулж ирэхэд гаалийн татвар, НӨАТ-д төлсөн 9 172 123 төгрөг, нийт 106 832 423 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхжин

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд, түүний өмгөөлөгч Б.Тэгшжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч “Сайнконстракшн” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжпэгдсэн төлөөлөгч Ч.Энхжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Эрчим хүчний хөгжлийн төв”-өөс Эрчим хүчний хөгжлийн төвийн 1,2,3 давхрын шинэчлэлт, засвар, 3 давхрын өргөтгөл барих, зургийн хамт №ЭХХТ-2016/02 дугаар бүхий тендер зарлаж, манай компани уг тендерт оролцохоор материалуудаа явуулсан.

Манай компани тендер шалгаруулалтад сайн үнэлгээ авч, тендерт ялж, 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Эрчим хүчний хөгжлийн төвтэй ЭХХТ-21/2016 “Эрчим хүчний хөгжлийн төвийн 1,2,3 давхрын шинэчлэлт, засвар, 3 давхрын өргөтгөл барих, зургийн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд гэрээ”-г байгуулсан. Гэрээний дагуу дээрх барилгын ажлыг нийт 289 656 418 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон.

Барилгын ажлыг гүйцэтгэхийн тулд эхлээд зураг төслөө “Голден Моргон” ХХК-иар 29 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн. Үүний дараа барилгын ажлыг эхлүүлэхээр 190 000 юань буюу 68 660 300 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг БНХАУ-аас худалдаж авчирсан.

Гэтэл Эрчим хүчний хөгжлийн төвөөс 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1/597 тоот албан бичгээр манай компанитай байгуулсан дээрх гэрээг цуцалсан тухайгаа мэдэгдсэн.

БНХАУлсаас зураг төслийн дагуу тухайн барилгад л ашиглагдах барилгын материалууд авчирсан, цаашид ямар нэг байдлаар ашиглах боломжгүй. Барилгын материалыг хилээр оруулж ирэхэд гаалийн татвар болон НӨАТ-д 9 172 123 төгрөгийг төлсөн.

Иймд 106 832 423 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: "Сайнконстракшн" ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр "Эрчим хүчний хөгжлийн төвийн 1, 2, 3 давхрын шинэчлэлт, засвар, 3 давхрын өргөтгөл барих" гэрээг байгуулан, гэрээнд заасан үндсэн нөхцөл болох барилга угсралтын ажил хийгдээгүй нь захиалагч байгууллагын төсөвт тусгагдсан орлого хугацаандаа төвлөрөхгүй байгаа зэргээс хамаарч биелэгдэх боломжгүй болсон бөгөөд холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, цуцалж байгааг мэдэгдсэн.

Гүйцэтгэгч "Сайнконстракшн" ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан гэрээний 7-д гүйцэтгэгч нь гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл, болзолд нийцүүлэн гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, зөрчил, доголдол арилгах үүрэг хариуцлагыг хүлээж байна" гэсэн бөгөөд захиалагчаас ажил гүйцэтгэлийн санхүүжилтийг олгоогүй.

Иймд гүйцэтгэгчид бодит хохирол учирсан байх боломжгүй юм. Нэхэмжлэгч нь Эрчим хүчний хөгжлийн төвийн барилгын засвар шинэчлэл, өргөтгөлийг хийж гүйцэтгэхийн тулд зураг төслийн мэргэжлийн компаниар 29 000 000 төгрөгийн зураг төслийн ажил хийлгэсэн гэх боловч шүүхэд гаргаж өгсөн гүйцэтгэгч талаас “Голден Моргон" ХХК-тай хийсэн "Зураг төсөл боловсруулах талаар" байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр гэж нотлох баримтын хэмжээнд үнэлэхэд эргэлзээтэй байна.

Учир нь "Сайнконстракшн" ХХК-иас тендерийн материалд хавсаргасан “Голден Моргон" ХХК-тай байгуулсан  "Зураг төсөл боловсруулах " гэрээ нь 25 000 000 төгрөгийн үнийн дүнтэй байх ба төлөх нөхцлийг харьцангуй өөр байдлаар тогтоосон байна. Мөн “Голден Морган" ХХК нь уг зургийг "Дукат" ХХК-иар 3 000 000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан нь нэхэмжлэлийн шаардлагыг эргэлзээтэй болгож байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас ажил гүйцэтгэх нөхцөл бүрдээгүй байхад ажлыг дур мэдэн эхлүүлсэн, материал болон зургийн үнэ 97 660 300 төгрөгийг шаардах эрх зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Эрчим хүчний хөгжлийн төв" ТӨААТҮГ-аас гэрээнээс учирсан хохиролд нийт 34 172 123 төгрөгийг гаргууулж, нэхэмжлэгч "Сайнконстракшн" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 72 660 300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 807 952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 328 810 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Эрчим Хүчний Хөгжлийн Төв болон "Сайн констракшн" ХХК нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр "Эрчим хүчний хөгжлийн төвийн 1, 2, 3 давхрын шинэчлэлт, засвар, 3 давхрын өргөтгөл барих" гэрээг байгуулсан.

Гэтэл нэхэмжлэгч "Сайн констракшн" ХХК нэхэмжлэлдээ тухайн барилгын ажилд шаардагдах бараа, материалыг худалдан авахад 68 660 300 төгрөгийг зарцуулсан гэсэн боловч шүүх нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байх тул барааны үнэд 68 660 300 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн боловч тухайн барааг хилээр оруулж ирэхэд нэхэмжлэгч талаас төлсөн гааль болон НӨАТ төлсөн 9 172 123 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах нь зүйтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь барилга барихад зориулж оруулж ирсэн барааны үнийг гэрээнээс үүдсэн шууд хохирол гэж тооцоогүй байхад гааль, татварт төлсөн мөнгийг гэрээ цуцалснаас үүдсэн шууд хохирол гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “... Эрчим хүчний хөгжлийн төвийн барилгын засвар шинэчлэл, өргөтгөлийг хийж гүйцэтгэхийн тулд зураг төслийн мэргэжлийн компаниар 29 000 000 төгрөгийн зураг төслийн ажил хийлгэсэн ...” гэх боловч шүүхэд гаргаж өгсөн гүйцэтгэгч талаас "Голдэн Моргон" ХХК-тай байгуулсан "Зураг төсөл боловсруулах" гэрээ нь хүчин төгөлдөр гэж үзэж, нотлох баримтын хэмжээнд үнэлэхэд эргэлзээтэй юм.

"Сайн констракшн" ХХК-иас тендерийн материалд хавсаргасан "Голден Моргон" ХХК-тай байгуулсан  "Зураг төсөл боловсруулах" гэрээ нь 25 000 000 төгрөгийн үнийн дүнтэй байх бөгөөд анхан шатны шүүх тухайн мөнгийг гэрээнээс учирсан хохиролд тооцож, хариуцагч талаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

"Сайн констракшн" ХХК, "Голден Моргон" ХХК-тай зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан боловч уг зургийн ажил хийгдээгүй, зөвхөн гэрээ байгуулсан нь бодит хохирол учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй, мөн энэ нь баримтаар тогтоогдохгүй байна.

"Сайн констракшн" ХХК ажлыг эхлүүлэхийн тулд дансны тооцоо хийгдсэн дүгнэлт гаргуулаагүй.

Дээрх тооцоонд үндэслэн эскиз зургийг холбогдох байгууллагаар батлуулаагүй зэрэг нэхэмжлэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байхад анхан шатны шүүх бодит хохирол 25 000 000 төгрөгийг хариуцагч Эрчим хүчний хөгжлийн төвөөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч "Эрчим хүчний хөгжлийн төвөөс 34 172 123 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байна.

Нэхэмжлэгч “Сайнконстракшн” ХХК нь Эрчим хүчний хөгжлийн төвөөс ажил гүйцэтгэх гэрээ цуцалснаас учирсан хохиролд 106 832 423 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгосон нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 38.6 дахь заалтад нийцээгүй, зөрчсөн гэж үзнэ. /хх-18-64/

Дээрх зөрчлийн улмаас давж заалдах шатны шүүхээс хэргийн болон маргааны үйл баримтын талаар хууль зүйн харилцааны дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/01176 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Эрчим хүчний хөгжлийн төвөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ОТГОНЦЭЦЭГ

                                                  

                              ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

                                   

                                                                                    Ч.ЦЭНД