Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0719/З |
Дугаар | 128/ШШ2021/0090 |
Огноо | 2021-02-02 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2021/0090
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Э
Хариуцагч: Н З Д
Гуравдагч этгээд: Н Х Б, Х Г
Нэхэмжлэлийн шаардлага: “Н З д-ын2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/6..дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н З д-ын2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/9..дугаар шийдвэрээр Хан-уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар 178090..., 1863730517.... нэгж талбарын дугаар бүхий 3565 м.кв газрыг М.Эд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн газар эзэмших гэрчилгээ, гэрээний дагуу олгосон.
Газар эзэмшигч М.Э миний бие Монгол Улсын Газрын тухай хууль, Н З д-ын захирамжийг үндэслэн Нийслэлийн Газрын албатай газар эзэмшүүлэх гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулж, жил бүр газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж, гэрээний нөхцөлийн дагуу эзэмшиж, ашиглаж, хууль болон тус гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн болно.
Миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар цуцалсан шийдвэр гарсан талаар огт мэдээгүй. Би өөрийн биеэр 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд очиход маргаан бүхий захирамж болон тус захирамжийг хүргүүлсэн гэсэн агуулгатай 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 03-06/2604 дугаар албан бичгийн хуулбарыг хүлээж авснаар миний газар эзэмших эрхийн гэрчилгээ цуцлагдсан болохыг анх олж мэдсэн.
Н З д-ынзүгээс миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар цуцлаад зогсохгүй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгож захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ” гэж заасныг мөн захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүний гаргасан захиргааны байгууллага хариуцна гэснийг огт хэрэгжүүлэлгүй зөрчсөн.
Засаг дарга захирамж гаргасан талаараа огт мэдэгдээгүйгээс үүдэн миний бие Газрын тухай хуулийн 40.3-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасан эрхээ цаг тухайд нь хэрэгжүүлэх боломжгүй болсон.
Иймд миний зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.
Маргаан бүхий захиргааны акт буюу Н З д-ын2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/6..дугаартай захирамж нь дараах байдлаар хууль бус гэж үзэж байна. Үүнд:
1. Засаг дарга захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 33 дугаар зүйлийн 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэл болгосон нь Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль ёсны аль ч үндэслэлд хамаарахгүй, хамааралгүй заалтууд тул тус захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчимд нийцээгүй юм.
Өөрөөр хэлбэл Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийн аль нэг нь бий болсон тохиолдолд иргэний эрхэд халдах эрхээ хэрэгжүүлэх боломж үүсэхээр байсан. Гэтэл захирамжийн үндэслэл болон агуулгад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан 7 үндэслэлийн алийг нь ч баримтлаагүй, бодит нөхцөл байдал дээр тухайн 7 үндэслэлийн аль нь ч үүсээгүй байхад хууль бус захирамж гаргаж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь зөрчиж байгаад гомдолтой байна.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлуудыг хуульчилсан тус 7 үндэслэлүүд нь эрхийн гэрчилгээ эзэмшигчийн зүгээс Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байхаар заасан боловч миний зүгээс хууль, гэрээнд заасан бүхий л үүргээ биелүүлж ирсэн. Гэтэл Н З Д захирамж гаргахдаа хуульд байхгүй шалтгаанаар буюу “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт дуудлага худалдаа, төсөл, сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлахгүйгээр эзэмшүүлсэн” гэсэн шалтгаанаар Н З д-ын2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/9..дугаар захирамжийн хавсралтын “42 дахь хэсгийг хүчингүйд тооцсугай гэсэн агуулгаар “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” гарчигтай захирамж гаргасан нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл журмыг заасан атал маргаан бүхий захиргааны актад анх газар олгосон өмнөх Засаг даргын захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон тул миний газар эзэмших гэрчилгээний хүчин төгөлдөр байхыг эргэлзээтэй болгосон ойлгомжгүй шийдвэр юм. Учир нь надад Газрын албанаас /хуучин нэрээр/ олгосон 00******* дугаартай 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон юм.
2. Мөн Н З Д захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасныг үндэслэн гаргасан байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 48.2-д “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно”, 48.2.1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актаар эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” гэж
тус тус заажээ.
Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д “Эерэг нөлөөлөл
бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг олгоно” гэж заасан атал Засаг даргын зүгээс захирамж гаргаж, миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь надад чиглэсэн ашиггүй, сөрөг нөхцөл байдлыг бий болгосон захиргааны акт тул Засаг даргын зүгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж захирамж гаргасан үзэж байна.
Үүнээс дүгнэж үзэхэд маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”, 40 дүгээр зүйлд заасан “Захиргааны актыг бичгээр гаргахад тавигдах шаардлагууд” гэж заасныг хангаагүй.
Н З д-ын2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/6..дугаартай захирамж нь тус газрыг хууль ёсоор эзэмших, ашиглах эрх болон зориулалтын дагуу ашиглаж, орон сууц барьж үйл ажиллагаа явуулах нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул тус захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий захиргааны актыг дараах үндэслэлээр хууль бус шийдвэр гэж үзэж байна. Нэгдүгээрт: Н З д-ынзахирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 33.4, 61.1-д заасныг үндэслэл болгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох 7 үндэслэлийн аль нь ч үүсээгүй байхад газар эзэмшигчийн эрхэд хууль бусаар халдсан гэж үзэж байна. Энэхүү 7 зүйлийг зөрчөөгүй талаарх баримтыг хэрэгт хангалттай хавсаргасан байгаа.
Хоёрдугаарт: Н З д-ынзахирамж ойлгомжгүй байна. Гарчиг нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэсэн байгаа. Нэгдүгээр заалт нь Н З д-ын2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/9..дугаар захирамжийн хавсралтын 42 дахь хэсгийг хүчингүйд тооцсугай гэсэн байдаг. Хоёрдугаар заалт нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлахыг Газар зохион байгуулалтын албанд даалгасугай гэсэн байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг Н З д-ынзахирамжаар цуцлах, хүчингүй болгох ажиллагаа хийгдээгүй. Газар зохион байгуулалтын албанд цуцлахыг даалгасан. Өөрөөр хэлбэл хуульд заасан Н З д-ынүүрэг байдаг. Энэ заалтыг хэрэгжүүлээгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй
болгох тухай гарчигтай захирамж нь ойлгомжгүй байна.
Н З Д захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 48
дугаар зүйлийн 48.2.1-д заасныг үндэслэсэн. Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох гээд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т зааснаар иргэнд эерэг нөхцөл байдал бий болгосныг шаарддаг. Газар эзэмших эрхэнд сөргөөр нөлөөлсөн байгаа нь ойлгомжгүй байна. Дээрх нөхцөл байдлаас үзэх юм бол маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн дараах заалтуудыг зөрчсөн.
Үүнд: 5 заалтыг хамруулж үзэж байна. 1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 2. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”, 3. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 5. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж тус тус заасан.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэсэн заалтыг зөрчсөн. Захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа учраас энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Зөрчигдөж байгаа нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлын хувьд тус газрыг хууль ёсны зориулалтын дагуу ашиглаж, орон сууц барьж, үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулалтын 160 гаруй сая төгрөгийг зардалдаа нөхсөн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн байгаа тул захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэлээ дэмжиж байна.
Газрын тухай хуулийн нэр томьёо хэсэгт “Газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ.
“Газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг” хэлнэ. Хэрэгт нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрчилгээ зэрэг авагдсан байгаа. Маргаан бүхий захиргааны актаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газар эзэмшигчийн эрх, хууль ёсны эрх ашиг
сонирхол байгаа гэдгийг маргаан бүхий захиргааны акт өөрөө хэлээд байна. Яагаад гэвэл гарчиг нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай асуудал яригдаж байгаа бол хуульд заасан 7 үндэслэл яригдах ёстой. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно, 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж тус тус заасан.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалт бий. Энэ нөхцөлөөр бол газар эзэмшигчийн эрх, харилцаа, хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа нь харагдаж байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд газар эзэмшигчийн эрхийг шийдвэрлэж байж явах ёстой. Хувьд буцаан олгох, өөр газраар солих зохицуулалт байгаа. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэртэй захирамж нь бодит байдал, зорилгодоо нийцээгүй нь хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна. Уг газрыг олгохдоо буруу олгосон гэж яриад байгаа боловч цаад үндсэн агуулгаараа нэхэмжлэгчийн газар дээр нийтийн хэрэгцээний барилга байгууламж барих зорилго харагдаад байгаа. Иргэний эрхийг хөндөж байгаа тохиолдолд иргэний эрхийг хамгаалж байж явах ёстой байсан. Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар нь өөрөө Н З д-ын2018 оны А/570 дугаар захирамжийг үндэслэж гарсан. Гэтэл энэ нь Н З д-ын2019 оны А/94 дугаар захирамжаар хүчингүй болсныг анхаарч үзнэ үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч М.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Н З д-ын2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/9..дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3565 м.кв газрыг М.Эд үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, газар эзэмших гэрчилгээг олгосон байна.
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт
дуудлага, худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлахгүйгээр иргэн М.Эд 3565 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн байх тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/6..
дугаар захирамжаар газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон.
Н З д-ын2020 оны А/6..дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 33 дугаар зүйлийн 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэсэн болно.
Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй.
Мөн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03-06/1109 дүгээр албан бичгээр М.Эгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар мэдэгдсэн болно.
Иймд Н З д-ын2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/6..дугаар захирамж нь хуульд нийцсэн захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н З д-ын2020 оны 5 сарын 20-ны өдрийн А/6..дугаар захирамжаар маргаан бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Уг захирамжийн үндэслэл нь 2018 онд М.Эд газар эзэмшүүлэхдээ тухайн ондоо буюу 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бусдад газар эзэмшүүлэхээр заагаагүй газарт газар эзэмшүүлсэн.
Нэхэмжлэгчид олгосон тухайн газар нь хуульд заасан зориулалтаар бус, мөн хуульд заасан хэмжээнээс илүү газар учраас тухайн газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай. Гэтэл бодит байдал дээр дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр М.Эд газар олгосон байна. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулсан бол дуудлага худалдааны ялагчтай гэрээг байгуулдаг. Тухайн гэрээ нь газрын хувийн хэрэгт авагдаагүй байгаа.
Маргаан бүхий газар дээр авто замын байгууламж барихаар төлөвлөгдсөн. Энэ нь Авто замын хөгжлийн газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Н З Д , Газар зохион байгуулалтын алба зэрэг төрийн байгууллагуудын албан бичгээр нотлогдож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Авто замын хөгжлийн газраас ирсэн албан бичигт 3 захиргааны
актыг үндэслэж байгаа. Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 198 дугаар
тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 66 дугаар захирамжийг тус тус үндэслэсэн байдаг. Яармагийн зам дээр авто замын байгууламж барина гэсэн нь энэ захирамжуудад үндэслэгдээд авто замын байгууламж барихаар шийдэгдэж байгаа. Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоол, Н З д-ын2020 оны 66 дугаар захирамжийг үндэслээд 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Хан-Уул дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбартай газар нь ороогүй. Ороогүй байхад нь хууль бусаар газар эзэмших эрхийг олгосон байгаа. Хууль бусаар газар эзэмших эрх олгосон бол Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийг барих шаардлага байхгүй. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хүчингүй болгож болно.
Дуудлага худалдааны анхны үнийг төлсөн баримт гэж байгаа боловч дуудлага худалдааны зарчим нь өөрөө хуульд заасан хүрээнд явагдаагүй. Зөвхөн төлбөрийн баримт байгаа. Дуудлага худалдааны ялагчаар тодорсон баримт байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Газрын албаны дансанд 35 сая төгрөг орсон гэсэн. Хэрэв нэхэмжлэгчид тийм хохиролтой байгаа бол иргэний журмаар шийдвэрлүүлээд явах боломжтой” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “М.Эгийн нэхэмжлэлтэй, Н З Д д холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч М.Э нь Н З д-ын2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/9..дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар 3565 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшдэг. Уг газрыг Н З д-ын2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/6..дугаар захирамжаар хүчингүй болгожээ.
Уг захирамжийн үндэслэл нь тухайн жилийн газар зохион байгуулалтын
төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт дуудлага худалдаа , төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлалгүйгээр эзэмшүүлсэн үндэслэлээр хүчингүй болгосон. Иймд Хот байгуулалт, хөгжлийн газар уг захирамжийн үндэслэлд хамааралгүй болно” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлахгүйгээр газрыг эзэмшүүлсэн нь хуулийг зөрчсөн. Тийм учраас хүчингүй болгосон. Үүнийг гуравдагч этгээдийн зүгээс дэмжиж оролцож байна. Нийслэлийн
Хот байгуулалт, хөгжлийн газар болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас тухайн газар дээр авто замын трасс батлагдсан гэсэн баримт нотлох баримтаар авагдсан. 2018 оны 7 сарын 23-ны өдрийн МЗХ2018/1725 дугаар авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар батлагдсан. Уг даалгавар нь Нийслэлийн авто замын хөгжлийн газрын захиалгатай Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн зүүн хойд талд гүүрэн гарц, авто зам гэсэн даалгавар байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдах болсон гол үндэслэл нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичигт туссан. Нэхэмжлэгчийн газрын ертөнцийн зүгээр урд талд төр захиргааны байр баригдсан байгаа. Нэгдүгээрт ерөнхий төлөвлөгөөнд туссаны дагуу, хоёрдугаарт замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, мөн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд Хан уулын урдуур Наадамчдын замаас гадна хурдны замын хийгдэх ажил иргэн, аж ахуй нэгжтэй зөвшилцөөд явж байгаа. Гүүрэн гарц нь урагшаагаа Наадамчдын зам дээгүүр явж нэвт хурдны замтай нийлэх зам юм. Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолын дагуу батлагдсан Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд батлагдсан ийм зам байгаа. Энэ гүүрний трасс нь нэхэмжлэгчийн газрын урд талаар давхцалтай. Нэхэмжлэгчийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүргүүлсэн. Уг даалгаварт тодорхой харагдаж байна. Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна.
Өмнө гаргасан тайлбараа дэмжиж байна. Ерөнхий төлөвлөгөөг дагаж, газар зохион байгуулалтын төлөвлөгөө явдаггүй юм уу гэсэн асуудал. Энэ нь зарчмын хувьд ерөнхий төлөвлөгөөгөө дагаж тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргаж явдаг. Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоол, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө, 2030 оны чиг хандлагын баримт бичиг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 198 дугаар тогтоолоор батлагдсан Нисэх, Яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах хоёр баримт бичиг байгаа. Он, сарын хувьд 2013 он, 2015 он байдаг.
Нэхэмжлэгчид 2018 онд газар эзэмших эрх олгосон байдаг. Газрын тухай
хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан. Энэ өөрөө тухайн жилийн газар зохион
байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг дуудлага худалдаа явуулахгүйгээр авсан үндэслэл тогтоогдоод байна. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үндэслэл байгаа учраас мөн хуулийн 40.1-д заасан үндэслэлийг бариагүй. Төрийн захиргааны байгууллага буруу шийдвэр гаргасан бол хүчингүй болгох эрх нь нээлттэй. Гүүрэн гарцны зураг, төсөл хийгдээд явж байгаа бөгөөд гүүрэн гарц баригдана. Наадамчдын зам даваад урагшаа давсан замын ажил ерөнхийдөө хийгдсэн байгаа. Түүнийг Авто замын хөгжлийн газраас аман байдлаар миний бие тодруулж асуусан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ :
Нэхэмжлэгч М.Э нь тус шүүхэд Н З Д д холбогдуулан “Н З д-ын2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “ Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/6..дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргасан, нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... Миний бие нь хууль болон ... гэрээнд заасан үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж ирсэн. ... Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан ... үндэслэл бий болоогүй байхад хуульд заагаагүй шалтгаанаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус. ...Уг захирамж нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй, үндэслэлгүй шийдвэр юм...” гэж, хариуцагч нь “...Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ... заагаагүй газарт газарт эзэмшүүлсэн, ...дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй... Маргаан бүхий газарт авто замын барилга, байгууламж барихаар төлөвлөгдсөн ... Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэрээрээ ... Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө уг хууль бус шийдвэрийг хүчингүй болох эрхтэй...” гэж тодорхойлон маргажээ.
Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Маргаан бүхий захиргааны акт болох Н З д-ын2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/6..дугаар захирамжаар[1] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 33 дугаар зүйлийн 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлахгүйгээр иргэн М.Эд 3565 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн гэж үзэж, Н З д-ын2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/9..дугаар захирамжийн хавсралтын “42” дахь хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хуульчлан тогтоосон байх бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна”, 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заажээ.
Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлалтай 1180 м.кв газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмших хүсэлт[2] гаргасан байх бөгөөд Н З д-ын2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/9..дугаар захирамжаар[3] иргэн М.Эд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байршилтай 3565 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн 00******* дугаар гэрчилгээ[4] олгосон, уг маргаан бүхий газарт барилга, байгууламж баригдаагүй, бусдын эзэмшил газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй үйл баримт тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогч нар энэхүү үйл баримттай маргахгүй байна.
Нэхэмжлэгч нь “...хуульд заагаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийн
гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус...” гэж маргажээ.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “ Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” , 27.4-т “ Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “ ... газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн ... газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “ Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “ Аймаг, нийслэл, сум , дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.2-т “ Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан этгээдэд ... мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд газар эзэмших эрх нь газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэснээр үүсэх бөгөөд нэгэнт үүссэн /олгогдсон/ газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр дуусгавар болгох буюу хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байна.
Гэтэл хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар газар эзэмшигч М.Эгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо эдгээр үндэслэлийн аль нэгийг заагаагүй /баримтлаагүй/, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулиар тогтоосон үндэслэл бүрдээгүй байхад “ ... газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор заагаагүй ...”, “ ... өөрийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон ... “ гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, ашиг сонирхлыг зөрчиж, хуульд заагаагүй үндэслэлээр газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг шууд хүчингүй болгосон нь хууль бус болжээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, эрх цуцлах үндэслэлүүдийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д тусгайлан заасан байхад хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн дээрх заалтууд болон Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д “ хуульд үндэслэх”, 4.2.5-д “ зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасныг тус тус зөрчжээ.
Түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасныг үндэслэсэн боловч энэхүү маргааны тохиолдолд дээр хуулийн заалт хамаарахгүй.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын
тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг
зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсэн нь эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл / эс үйлдэхүй/-ээрээ
1. Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн
2. Газар эзэмшигч , ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн
Дээрх 2 нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу дээд шатны байгууллага, албан тушаалтан хууль бус шийдвэрээ хүчингүй болгох зохицуулалт юм.
Энэхүү маргааны тохиолдолд дээрх хуулийн урьдчилсан нөхцөл бүрдээгүй буюу нэхэмжлэгч нь газрын хууль тогтоомжийг зөрчөөгүй, өөр бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хариуцагчийн “ ...Хууль бусаар газар эзэмших эрх олгосон бол ... Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хүчингүй болгож болно. ... Өөрөө ... хууль бус шийдвэрийг хүчингүй болох эрхтэй ... гэсэн тайлбар үндэслэлгүй болно.
Хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гол үндэслэлээ “ ...тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бусдад эзэмшүүлж болохоор заагаагүй газарт газар эзэмшүүлсэн...” гэж тайлбарлан маргаж байна.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заажээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/23 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий газрын байршлыг бусдад эзэмшүүлэхээр заагаагүй боловч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” 198 дүгээр тогтоолын 3-т “Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8,9,10,16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Нисэх, Яармаг, орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө, 4400,0 га газрыг олгохоор
тусгасан байх ба уг газарт маргаан бүхий газар багтсан байна.
Иймд Н З д-ын2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/9..дугаар захирамжаар иргэн М.Эд уг маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан “Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас
баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий ... төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэсэнтэй нийцсэн байна.
Хариуцагч нь дээрх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох гол үндэслэлээ “ ... нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлээгүй...” гэж тайлбарлан маргаж байх боловч энэхүү үндэслэлээ маргаан бүхий захиргааны актад заагаагүй байхын зэрэгцээ дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага, худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч М.Э нь газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэнд / 3565 м.кв талбайд/ 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 35.500.000.00 төгрөгийг төлсөн, дуудлага худалдааны анхны үнийн төлбөрийн үлдэгдэл болох 82,145,000.00 төгрөгийг төлж барагдуулах хуваарийг[5] гаргаж, Нийслэлийн газрын албатай тохиролцож байсан болох нь хэрэгт авагдсан орлогын мэдүүлэг[6], 178090... дугаартай дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулах хуваарь, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01-06/5359 дүгээр албан бичиг[7] зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг дээрх үндэслэлээр буруутгах хууль зүйн боломжгүй байна.
Иймд хариуцагчийн “ ... Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ... заагаагүй газарт газарт эзэмшүүлсэн, ... дуудлага худалдаа явуулах журмыг ... зөрчиж, газар эзэмшүүлсэн...” гэсэн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.
Хариуцагч болон гуравдагч этгээд нар нь “... маргаан бүхий газарт авто замын барилга, байгууламж барихаар төлөвлөгдсөн...” гэж тайлбарлан маргаж байх боловч уг байршилд шинээр барих авто зам, замын байгууламжийн зураг төслийн ажил хийгдэж байгаа, зураг төсөл нь эцэслэн батлагдаагүй, тухайн авто замын нөлөөлөлд нэхэмжлэгчийн эзэмшил газраас / 3565 м.кв / 1444 м.кв газар өртөж байгаа болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01-11/6496, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 08/4606, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын 2020 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 2/3182 , 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3/123, 3/126 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байх боловч энэ үндэслэл нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Учир нь Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд “Гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах”, 46 дугаар зүйлд “Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд ашиглах” гэж бусдын эзэмшил ашиглалтад нэгэнт олгогдсон газрыг гэрээний хугацаа дуусахаас өмнө улсын тусгай хэрэгцээнд авах буюу нийтийн эдэлбэрийн газар болгох зохицуулалт нь тусгайлан нарийвчлан зохицуулагдсан байна.
Дээрх үндэслэлээр маргаан бүхий Н З д-ын2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/6..дугаар захирамж нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, уг маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н З д-ын2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/6..дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Эгийн Н З Д д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н З д-ын2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/6..дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас
70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 61 дүгээр хуудсанд
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар хуудсанд
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудсанд
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр хуудсанд
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд