Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2018/00130

 

 

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2018/00130

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Капитал банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 62-10 тоотод оршин суух, Тольтон бургууд овогт Даваажавын Басбиш /ПЮ60040110/-д холбогдох

Үндсэн зээл 247,267,776.38 төгрөг, зээлийн хүү 69,828,263.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,873,258.32 төгрөг, нийт 326,969,298.66 /гурван зуун хорин зургаан сая есөн зуун жаран есөн мянга хоёр зуун ерөн найман төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хяналтын шатны шүүхээс дахин шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саруулзам, хариуцагч Д.Басбиш, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитал банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саруулзам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Иргэн Д.Басбиш нь 2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус банктай 153 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 584,000,000 төгрөгийн жижиг дунд бизнес, гурилын бизнес эрхлэх зориулалтаар, 60 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

1.    Эзэмшлийн газар. ТД:8414110093, ГД-0277430

2.    Рестарон Ү-1617000696, ГД-000128561

3.    Агуулахын барилга Ү-1617003071, ГД-000128562

4.    Бараа материал /гурил/

5.    Цамбагарав зочид буудал Ү-1617002458, ГД-000029528

6.    Мичид хүнсний дэлгүүр Ү-1617002335, ГД-000147077

7.    Гарж Ү-1617002433, ГД-000147267

8.    Эзэмшлийн газар

9.    Цехийн барилга Ү-1617002340, ГД-000147083

Зээлдэгч Д.Басбиш нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 336,732,223.62 төгрөг, зээлийн хүү 328,478,454.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,294,895.81 төгрөг, нийт 667,505,574 төгрөгийг төлсөн. Д.Басбиш нь 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус банктай байгуулсан 153 дугаар зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикаа зөрчин 615 хоногийн хугацаанд эзээлээ төлөөгүй байгаа....Уг зээлийг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хэвийн төлж явсан....Иймд Д.Басбишээс зээлийн үлдэгдэл 326,969,298.66 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,792,796.64 төгрөг, нийт 328,762,095.15 төгрөгийг гаргуулж Капитал банкыг хохиролгүй болгож өгнө үү....гэв.

Хариуцагч Д.Басбиш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:...Би 2011 онд Капитал банкнаас жижиг дунд бизнес, гурилын бизнест зориулж 584 сая төгрөгийн зээлийн хүсэлт гаргаж зээл авсан байгаа. 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Капитал банкны захирал н.Батбаяр намайг ажил тарсны хойно дуудаад, 584 сая төгрөгийг гурилын бизнест зориулж иргэн Д.Басбиш танд олгохоор шийдвэрлэж байна. Та бол манай банкны найдвартай зээлдэгч, би баярласан. Намайг хүсэлтээ гаргаж өгөөрэй гэхээр нь 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүсэлтээ гаргаж өгөөрэй гээд 2, 3 юм нь дээр намайг гарын үсэг зуруулсан. Гэтэл тухайн үед намайг хууран мэхэлж байсан. Тухайн үед Капитал банкны захирал н.Батбаяр нь Анод банкны захирал байсан. Капитал банк зээлийн гэрээний асуудал ярьж байхад төвдөө надад дээр авлагын данс нээсэн байсныг би мэдээгүй. Үүнийг би процессийн явцад мэдсэн. 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөнгө авах гэтэл мөнгө байхгүй байсан. Яагаад мөнгө байхгүй байгаа юм вэ гэхэд Монгол банкны шалгалт орж байна. Та түр байж байгаарай гэж хэлсэн. Гурилын бизнест зориулж мөнгө өгөх юм байна гээд тухайн үед би мөнгөтэй байсан учраас төлөөд явж байсан. Төвөөс ирсэн хүмүүстэй н.Батбаяр захирал уулзуулдаггүй байсан. Яагаад гэхээр зохицуулна гээд байсан. Миний дансанд орсон мөнгийг татаж аваад байхаар нь Улаанбаатар хотод Капитал банкны төв дээр очиж уулзаж, жижиг дунд үйлдвэрлэл, гурилын бизнест зориулж хувиараа 584 сая төгрөгийн зээл авсан гэж хэлсэн. Мөнгө ирэхгүй байна. Ямар учиртай юм вэ гэхэд та гурилын бизнест зориулж зээл авсан байна. Та захиран зарцуулах эрхтэй. Та хуулийн байгууллагаар яваарай гэж хэлсэн. Таны зээлээр өөр компанийн зээл хаана гэсэн ойлголт байхгүй. Би хэлтсийн даргатай нь уулзсан. Тэр хооронд би хагалгаанд орсон бөгөөд хоёр жил болсон. Дансанд орсон мөнгийг татаж авдаг байсан. Эмнэлгээс гарч ирээд би шүүхэд хандсан. Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 1-д иргэн Д.Басбишид жижиг дунд үйлдвэр, гурилын бизнест зориулж 584 сая төгрөг өгсөн. Гэтэл Капитал банк 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Анод банкинд байсан Оюу мандал ХХК-ийн өрийг шүүхийн шийдвэрийн дагуу татаж аваад хаасан байдаг. Би Оюу мандал ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан бөгөөд би хувиараа зээл авсан. Миний гарын үсэг байхгүй байхад хоёр, гурван данс руу мөнгийг хувааж хийсэн. Энэ нь өөрөө зээлийн гэрээний хэд хэдэн заалтыг зөрчсөн байдаг. Жишээ нь зээлийн зориулалт нь жижиг дунд үйлдвэр, гурилын бизнест зориулж гэсэн байгаа. Мөн зээлийн гэрээнд заасан мөнгийг авах ёстой байтал энэ мөнгийг аваагүй учраас энэ заалт зөрчигдсөн. Энэ зээл нь харилцан ашигтай байна, Шинэ авч байгаа зээлээр хуучин зээлийн өрийг төлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг мөн зөрчсөн байдаг. Энэ гэрээний дагуу би нэг ч төгрөг аваагүй. Намайг хохироож байна. Энэ гэрээ бол дүр эсгэсэн хэлцэл хийсэн. Капитал банкны захирал н.Батбаяр Оюу мандал ХХК-ны өрийг төлүүлснээр өөрт нь 25 сая төгрөгийн ашиг гардаг байсан. Үүнийг би сүүлд мэдсэн. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Д.Басбишид холбогдуулан үндсэн зээл 247,267,776.38 төгрөг, зээлийн хүү 69,828,263.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,873,258.32 төгрөг, нийт 326,969,298.66 /гурван зуун хорин зургаан сая есөн зуун жаран есөн мянга хоёр зуун ерөн найман төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Капитал банкны Ховд салбар нь Д.Басбиштэй 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 153 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, өөрийн эзэмшил, өмч болох Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав баг, Цамбагарав зочид буудлын дэргэд байрлах газар болон рестораны барилга, Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав баг, Цамбагарав зочид буудлын дэргэд байрлах агуулахын барилга, 250 тонн гурил, Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав баг, Цамбагарав зочид буудлын 3 давхар, 1200 м.кв талбай бүхий барилга, Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, 126 м.кв талбай бүхий 3 өрөө, Мичид хүнсний модон дэлгүүр, Ховд аймгийн Жаргалант сум, Магсаржав баг, Ховд Их сургуулийн хичээлийн байрны баруун дээд талд байрлах, 162 м.кв талбай бүхий граж, Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, Ховд Их сургуулийн хичээлийн байрны баруун дээд талд зочид буудал, рестораны зориулттай 800 м.кв талбай бүхий эзэмшлийн газар, Ховд аймаг, Жаргалант сум, Алагтолгой баг, 60 м.кв талбай бүхий эзэмшлийн газар зэргийг барьцаалж, 584,000,000 төгрөгийг жижиг дунд бизнес /гурлын бизнес/-ийн зээлийн зориулалтаар, сарын 1,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар зээлж, зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг гэрээний хавсралтаар баталгаажуулснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасанзээлийн гэрээний харилцаа үүссэн байна. /ХХ-ийн 5-11 дүгээр тал/

Хариуцагч Д.Басбиш нь....584,000,000 төгрөгийг аваагүй, зээлийг зориулалтын дагуу буюу гурлын бизнест зарцуулах боломж олгоогүй....зээлийн гэрээний хэд хэдэн заалт болон Капитал банкны Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 14.2-т шинээр зээл олгох замаар хуучин зээлийн өрийн үлдэгдлийг төлүүлэх-ийг хориглох гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж маргав.

Хариуцагч Д.Басбиш нь Капитал банкны Ховд салбараас зээл авч, өөрийн эзэмшлийн Оюумандал ХХК-ийн Анод банкнаас шилжиж ирсэн хугацаа хэтэрсэн зээлийн өр, Капитал банкнаас өмнөх онд иргэнийхээ /Д.Басбишийн/ нэр дээр авсан зээлийн төлбөрийн үлдэгдлийг барагдуулахад зарцуулсан болох нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Капитал банк нь 584,000,000 төгрөгийг олгоогүй, зээлийг зориулалтын дагуу буюу гурлын бизнест зарцуулах боломж олгоогүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. /ХХ-ийн 223-231 дүгээр тал/

Өөрөөр хэлбэл банк зээлдэгчийн өмнөх өрийг дараагийн зээлээр барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй, иргэн Д.Басбиш банкнаас зээл авч өөрийн авсан зээлийг захиран зарцуулахдаа хуулийн этгээдийн болон иргэний хувьд авсан зээлийн төлбөрийг барагдуулсан байна.

Ийнхүү талууд 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 153 дугаартай зээлийн гэрээг байгуулан, гэрээний гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр 584,000,000 төгрөгийг хариуцагч Д.Басбиш зээлж авсан нь зээлдэгч, зээлдүүлэгч нарын хоорондын хүсэл зоригийн илэрхийлэл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байна гэж үзлээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн ....Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, 57 дугаар зүйлийн 57.3-д гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцэл, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т хууран мэхлэж хийсэн хэлцлүүдийн шинжтэй....584 сая төгрөгийг банк хариуцагчид шилжүүлж өгөөгүйхүчин төгөлдөр бус гэрээ гэж тайлбарлах боловч зээлдэгч зээлийг хуулийн этгээдийн болон иргэний хувьд авсан хоёр зээлийн төлбөрт зарцуулсан, талуудын хооронд зээлийн гэрээнд халхавчлуулсан ямар нэгэн өөр хэлцэл байсан болох нь тогтоогдоогүй, Иргэний хуулийн 56, 57, 59 дүгээр зүйлд заасан үндэслэлүүд хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 153 дугаартайзээлийн гэрээний дагуу Капитал банк нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхийг шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан баримтаас харахад Капитал банк нь зээлийн гэрээний дагуу хариуцагчийн 2033000630 тоот данс руу 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 584 сая төгрөг шилжүүлэхдээ зээл судалсны шимтгэлд 584,000 төгрөг суутган авсан байна. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.6.а-д зээлдэгч нь үйлчилгээний шимтгэлд зээлийн үнийн дүнгээс тодорхой хувиар төлөхөөр тохиролцоогүй байх тул Д.Басбишийг 583,416,000 төгрөгийн зээл авсан гэж үзнэ. /ХХ-ийн 5 дугаар тал/

Зээлдэгч нь гэрээний хугацаанд үндсэн зээл 336,732,223.62 төгрөг, зээлийн хүү 328,478,454.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,294,895.81 төгрөг, нийт 667,505, 574 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч Капитал банк нь үндсэн зээлийн үлдэгдэлд 247,267,776.38 төгрөг, зээлийн хүүд 69,828,263.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,873,258.32 төгрөг, нийт 326,969,298.66 төгрөг гаргуулахыг хүсчээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ....2015 оны 02 дугаар сараас эхэлж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдож явсан....Зээлдэгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоосон огноо нь 2017 оны 10 дугаар сард зогсоосон.... гэх тайлбарыг гаргасан тул нэхэмжлэгчийн үүргээ биелүүлэхийг шаардах хугацааг 2015 оны 2 сараас 2017 оны 10 дугаар сараар тооцон нэхэмжилж байна гэж үзлээ.

Зээлдэгч нь 2015 оны 2 сараас хойш зээл, зээлийн хүү төлж байсан болох нь Д.Басбишийн Капитал банкны 2033000630 дугаартай депозит дансны харилцагчийн монгол хуулгын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар /ХХ-ийн 50-55 дугаар тал/, нэхэмжлэгч тал хийсвэрээр тооцон шаардсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

Шүүх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах хугацааг гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2016 оны 11 дүгээрсарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцох нь тэгш эрхийн зарчимд нийцнэ гэж үзлээ.

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1 дүгээр хавсралтад заасан Мөнгөн хадгаламж, зээлийн хүү болон үнэт цаасны өгөөж, хямдруулалтын хувь хэмжээг бодох ерөнхий аргачлал-ын дагуу тооцоход үндсэн зээл 246,683,776.38 төгрөг, зээлийн хүү 9,083,340 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,816,668 төгрөг, нийт 257,583,784.38 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Басбишээсүндсэн зээл 246,683,776.38 төгрөг, зээлийн хүү 9,083,340 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,816,668 төгрөг, нийт 257,583,784.38 /хоёр зуун тавин долоон сая таван зуун наян гурван мянга долоон зуун наян дөрвөн төгрөг гучин найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 69,385,514.28 /жаран есөн сая гурван зуун наян таван мянга таван зуун арван дөрвөн төгрөг хорин найман мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,792,796.49 /нэг сая долоон зуун ерөн хоёр мянга долоон зуун ерөн зургаан төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Басбишээс улсын тэмдэгтийн хураамж 1,445,869 /нэг сая дөрвөн зуун дөчин таван мянга найман зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Басбишээс үндсэн зээл 246,683,776.38 төгрөг, зээлийн хүү 9,083,340 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,816,668 төгрөг, нийт 257,583,784.38 /хоёр зуун тавин долоон сая таван зуун наян гурван мянга долоон зуун наян дөрвөн төгрөг гучин найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 69,385,514.28 /жаран есөн сая гурван зуун наян таван мянга таван зуун арван дөрвөн төгрөг хорин найман мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Капитал банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,792,796.49 /нэг сая долоон зуун ерөн хоёр мянга долоон зуун ерөн зургаан төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Басбишээс улсын тэмдэгтийн хураамж 1,445,869 /нэг сая дөрвөн зуун дөчин таван мянга найман зуун жаран ес/  төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   С.ОЮУНЖАРГАЛ