Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 182/2019/01404/И |
Дугаар | 001/ХТ2021/00272 |
Огноо | 2021-03-25 |
Маргааны төрөл | Даатгал, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2021/00272
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01372 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1727 дугаар магадлалтай,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Д.Батцоожид холбогдох,
Нөхөн төлбөрт 4,028,387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Баярмагнайгийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Амарбаясгалан, хариуцагч *******нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******нь 2015 оны 01 сарын 15-ны өдөр цалингийн зээлийн болон барьцааны гэрээгээр 7,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 1,60 хувийн хүүтэйгээр Улаанбаатар хотын банк ХХК-иас зээлж авсан байдаг. *******нь зээл авах үедээ Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын гуравдугаар баазын тээвэрлэлт, үйлчилгээний албаны 2 дугаар хэсгийн мөнгө хураагчаар ажиллаж байсан бөгөөд 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 1472 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2016 оны 02 сарын 08-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөхөө байж үүргийн зөрчил үүссэн. Зээлдүүлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь манай даатгалын компанитай 2014 оны 06 сарын 26-ны өдөр цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан ба зээлдэгч *******нь ажлаас чөлөөлөгдөж, зээлийн хугацаа хэтрэлт 90 хоногоос хэтэрснээр даатгалын тохиолдол бий болсон. Ийнхүү Улаанбаатар хотын банк ХХК-ийн нөхөн төлбөр хүссэн 2016 оны 05 сарын 26-ны өдрийн б-ё/2591 дүгээр албан тоотыг хүлээн авч компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 3011602296 дугаар тушаалын дагуу нөхөн төлбөр тооцож 4,028,387 төгрөгийг Улаанбаатар хотын банк ХХК-д төлсөн. Хариуцагч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй байх тул Д.Батцоожоос 4,028,387 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч *******шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 01 сарын 15-ны өдөр цалингийн зээл 7 сая төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 1.60 хувийн хүүтэйгээр зээлж авсан. 2015 оны 10 сарын 01-ний өдрийн тушаалаар өндөр настны тэтгэвэр тогтоолгож ажлаас чөлөөлөгдсөн. 2015 оны 10 сарын 15-нд Улаанбаатар хотын банкнаас зээлийн эдийн засагч ирж зээлийг чинь хаасан гэж гарын үсэг зуруулсан. 4 жилийн дараа мөнгө төл гэж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2019 оны 07 сарын 25-ны өдөр нотлох баримт нэхэмжлэгч талаас ирсэн гэж 1 хуудас банкны үйлчилгээний баримттай танилцуулж хуулбарлаж өгсөн. Уг 1 хуудас нотлох баримтыг үзэхэд ямар ч хуулийн шаардлага хангаагүй, ямар байгууллагын дансны хуулга нь тодорхойгүй, хэнээс хаашаа шилжүүлэг хийсэн тодорхойгүй, миний нэр ус хаяг болох юу ч байхгүй байна. Дээрх баримтыг хуурамчаар хийж Улаанбаатар хотын Чингэлтэй салбарын дардсыг дарсан нь хууль бус гэж үзэж байна гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01372 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг баримтлан Д.Батцоожоос 4,028,387 төгрөг гаргуулж, ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 79,410 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1727 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01372 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Баярмагнай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 сарын 23-ны өдрийн 1727 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд ...зээлдүүлэгчийн шаардах эрх нэхэмжлэгч ******* ХХК-д шилжсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна... гэсэн дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй байна. Бидний зүгээс Улаанбаатар хотын банк ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээ болон Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-т Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. гэж заасан. Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т Даатгалын тухай хуулийн 8.7-т заасныг үндэслэн даатгагч аливаа хохирлыг нөхөн барагдуулах хугацаанд буруутай этгээдээс төлбөрөө нэхэмжлэн авах эрхтэй ба даатгуулагч даатгагчид бүхий л талын туслалцаа үзүүлж хамтран ажиллах үүрэгтэй гэж заасан нь Даатгалын тухай хуулийн 8.7-т заасан шаардлагыг хангасан, гэрээний тус заалтаар шаардах эрх ******* ХХК-д шилжсэн байхад шүүх энэ галаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Мөн хариуцагчийн зүгээс зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй бөгөөд энэ талаар ямар нэгэн баримт шүүхэд гаргаж өгөөгүй.
Дээр дурдсан нотлох баримтуудаар 4.028.387 төгрөгийг хариуцагч төлөх ёстой гэдэг нь тодорхой байх бөгөөд энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.23-ны өдрийн 1727 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
******* ХХК нь Д.Батцоожид холбогдуулан 4,028,387 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ...хариуцагч зээлийн үлдэгдлийн талаар маргаагүй...магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх нотлох баримт дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухай магадлалд заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7, 167 дугаар зүйлийн 167.1.5-д нийцжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...хариуцагч нь УБ хотын банкнаас 7,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан ба ажлаас чөлөөлөгдөж зээлээ төлөөгүй, ...тус компани банктай цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан байсан,...даатгалын тохиолдол бий болсон тул банкинд 4,028,387 төгрөгийн нөхөн төлбөр төлсөн,...шаардах эрх шилжсэн гэж тайлбарласан байна.
Хариуцагч 7,000,000 төгрөгийн цалингийн зээл авснаа үгүйсгээгүй боловч нэхэмжлэлээс татгалзахдаа ...өндөр насны тэтгэвэр тогтоолгож ажлаасаа чөлөөлөгдсөн, 2015 оны 10 дугаар сард УБ хотын банкны зээлийн эдийн засагч зээлийг чинь хаасан гэж гарын үсэг зуруулсан,...4 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.
*******зээлийн төлбөрт хэдэн төгрөг төлсөн, хэдийд ажлаасаа чөлөөлөгдсөн болох, шаардаж буй төлбөр нь зээлдэгч буюу хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг мөн эсэх нь тодорхой бус бөгөөд энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Түүнчлэн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 124.1-т заасны дагуу зээлдүүлэгчийн шаардах эрх нэхэмжлэгчид шилжсэн гэж үзэхэд учир дутагдалтай гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.
Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, энэ тохиолдолд хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар болон шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй гэж үзлээ.
Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1727 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Баярмагнайгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 79.410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН