Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 1021

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                            

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Т холбогдох

2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгуулах, “М” ХХК-ийн хувьцааны 50 хувийг буцаан шилжүүлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа:

Б.Б “М” ХХК-ийн 50 хувийг эзэмшиж байсан бөгөөд өөр ажил давхар хийдэг байсан тул 2013 оны сүүлээр “М” ХХК-ийн нөгөө 50 хувийн эзэмшигч Ж.Сэргэлэн, манай найз н.Наранбаатар хоёр надтай ирж уулзаад “... үйлдвэрийн ажил гүйцэд сайн явахгүй байна. Нэг хүн санал тавьж байна. Нэмэлт санхүүжилт олж, мах экспортлох төлөвлөгөө байна. Иймд чи 50 хувийн хувьцаагаа бэлэглэчих. Үйлдвэрийн ажил цааш боломжийн болох юм байна. Төлөвлөгөө байна ...” гэж хэлсэн. Ингээд бид тохиролцож, 2014 оны 01 дүгээр сард би компанийнхаа 50 хувийн хувьцааг А.А.Тт бэлэглэлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ хийж өгсөн. А.А.Т үйлдвэрээ бүрэн гүйцэд хариуцаж, цаашид хөгжүүлэх үүрэг хүлээсэн. Би өөр ажилтай байсан учраас харьцаж чадаагүй. Өмнө нь би компаниа удирдаж байхдаа хог, цахилгаан, усны компаниудтай холбоотой байдаг байсан. Миний утасны дугаар байдаг байсан. Гэтэл 2016 оноос хог, ус, цахилгааны компаниудаас “.. танайх цахилгааны төлбөрөө төлөхгүй байна. Газрын төлбөрөө төлөхгүй байна ...” гэх мэтээр над руу ярьж эхэлсэн. Иймд би А.А.Ттай холбогдож чадаагүй. н.Сэргэлэнд “... газрын төлбөрөө төлөөгүй байна. Үйлдвэр үйл ажиллагаа явуулахгүй байна. Юу болж байна ...” гэж мөн над руу төлбөрүүдээ төлөөгүй талаар мэдэгдэж байна гэж хэлсэн. Миний энэ хүсэлтийн дагуу Ж.Сэргэлэн өөрөө газрын төлбөрөө 2017 он гаргаад төлсөн. Яагаад 2-3 жилийн төлбөрийг төлсөн бэ гэхээр газар маань хураагдах хэмжээнд хүрсэн байсан. Цахилгаан холбооны газраас цахилгаан нийлүүлэх гэрээгээ цуцалж, хаах хэмжээнд хүрсэн талаар албан тоотоор мэдэгдэл өгсөн. Би энэ үйлдвэрийг байгуулсны хувьд ийм байдалд орсон гэдгийг мэдээд хэцүү байдалд орсон. Би үйлдвэрийн харуул хамгаалалт гэх хүнтэй очиж уулзахад “... цалин ч тавихаа больсон. Сүүлдээ би тоног төхөөрөмжөөс нь зарж, өөрийнхөө цалинг авч байна ...” гэж хэлсэн. Энэ үйлдвэрийг дампууруулсанд үнэхээр харамсалтай байна. Иймд компаний эзэмшлийн 50 хувийн хувьцааг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож,  компаний хувьцаагаа өөрийн нэр дээр буцаан авах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч А.А.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“М” ХХК-ийг 2013 оны 12 дугаар сард Налайх дүүрэгт байрлах 2000 м.кв гаруй мал нядлах, махны анхан шатны боловсруулах болон хадгалах зоорьтой үйлдвэрийг /улсын бүртгэлийн гэрчилгээний 000196429/ 12699 м.кв газартай, /аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар 0229415/ хамт 1,000,000,000 /нэг тэрбум/  төгрөгөөр худалдаж авахаар тус компанийн эзэд болох Нямдаваа овогтой Наранбаатар /ЧС68121514/ болон Жамъян овогтой Сэргэлэн нартай төлбөрөө 200,000,000 төгрөгөөр 5 удаа 3 сарын зайтайгаар 2014 оны 12 дугаар сарын 31-нд дуусгахаар тохирч гэрээ байгуулсан билээ. Миний талаас нийт 400,000,000 төгрөгийг Н.Наранбаатар болон Ж.Сэргэлэн нарт шилжүүлсэн билээ.

2014 оны 01 дүгээр сарын 03-нд Н.Наранбаатар болон Ж.Сэргэлэн нар Б.Быг нотариатын газар дуудаж ирүүлэн “М” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын протокол, хурлын шийдвэр болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээнүүдэд гарын үсгийг тус тус зуруулсан билээ. Н.Наранбаатар, Ж.Сэргэлэн нар Б.Быг банкнаас зээл авах зорилгоор түр “М” ХХК-ийн 50 хувийг эзэмшиж байсан гэж тайлбарлаад Б.Баас “М” ХХК-ийн 50 хувийг над руу шилжүүлсэн.

2014 оны 01 дүгээр сард Монгол Улсад малын гоц халдварт шүлхий өвчин гарч карантин тогтоож хөрш хоёр орон Монголоос түүхий малын мах нутагаараа дамжуулан тээвэрлэхийг хориглосон. Үүнээс болоод малын мах экспортлох бололцоо хаагдаж миний талаас гэрээг цаашид хэрэгжүүлэх нөхцөл хаагдсан гэжээ.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч А.А.Тт холбогдуулан 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан 01 дугаартай 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгуулах, уг гэрээний үндсэн дээр шилжүүлсэн “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хувьцаа бэлэглэх буюу бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 19 дүгээр тал/

Энэхүү гэрээгээр бэлэглэгч Б.Б нь нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 500 ширхэг, “М” ХХК-ийн өөрт оногдох хэсэг буюу 50 хувийн хувьцааг А.А.Тт хариу төлбөргүй бэлэглэсэн үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Б нь “М” ХХК-ийн нэг бүр нь 10,000 төгрөгийн 50 ширхэг компаний гаргасан хувьцааг эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан тус компаний дүрмээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч бэлэглэлийн гэрээнд алдаатай бичигдсэн гэж тайлбарлаж, энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. /х.х-ийн 21-23 дугаар тал/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийн хэвийн үйл ажиллагааг хангаагүй, махны үйлдвэрийн үйл ажиллагаа тогтвортой явуулаагүй, зохих төлбөрийг төлөөгүй зэргээр бэлэглэгчийг удаа дараа гомдоосон ноцтой үйлдэл гаргасан” тул бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулна гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” гэж заасны дагуу зохигчдын хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Бэлэглэлийн гэрээ нь үүргийн эрх зүйн гэрээнд хамаарах боловч нэг талын үүрэг бүхий гэрээ бөгөөд зөвхөн бэлэглэгч нь хариу төлбөргүйгээр ямар нэг үйлдэл хийх, гэрээнд заасан хөрөнгө шилжүүлэх үүргийг хүлээх ба бэлэг хүлээн авагчид бэлэглэсэн хөрөнгийн хувьд өмчлөх эрх үүсгэдэг хууль зүйн үр дагавартай.

Ийнхүү гэрээний үндсэн дээр өмчлөх эрх үүссэн өмчлөгч этгээдэд хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрх үүсдэг байна.

Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1-д Ямар нэгэн болзол хангасан, эсхүл тодорхой зорилгод хүрсэн нөхцөлд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор талууд тохиролцож болно” гэж зохицуулсан бөгөөд талуудын хооронд байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хувьцаа бэлэглэх гэрээгээр хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд тусгагдсан үйл ажиллагааг хэвийн явуулсан тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр болохоор тохиролцоогүй,  ямар нэг болзол хангасан, зорилгод хүрсэн тохиолдолд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор тохиролцсон гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх тул талуудын хооронд тусгай зориулалттайгаар бэлэглэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1 дэх хэсэгт зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй” гэж зохицуулсан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон үүнийгээ нотолж ирүүлсэн “М” ХХК-ийн газрын төлбөр төлсөн тухай “Хаан банк”-ны дансны хуулга, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат” компаний цахилгааны төлбөр төлөх тухай шаардлага, зөвшөөрөл сунгуулахтай холбоотой гэрчилгээний хэвлэлтийн үнэ төлсөн баримт зэрэг нь бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Дурдан буй дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж нь шүүх түүний гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй үндэслэлээр шүүх хуралдаанд оролцоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч А.А.Тт холбогдох 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгуулах, “М” ХХК-ийн хувьцааны 50 хувийг буцаан шилжүүлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ЭНХЖАРГАЛ