Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 128/шш2020/0039

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2020/0039

Улаанбаатар хот

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч М.Батзориг, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Х

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар

Гуравдагч этгээд: С.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 194 дугаар бүхий “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Архивын ерөнхий газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Л.У, иргэдийн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “..Засгийн Газрын 194 тоот тогтоолыг миний бие зөвшөөрөхгүй бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. Уг тогтоолоор намайг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 “...шударга ёс, ...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4.2.5 “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 23 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх”, 24 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх”, 25 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах”, 40 дүгээр зүйл 40.1 төрийн албан хаагчийг “...албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих”-ийг хориглохоор заасан эрх зүйн зохицуулалтуудыг үл хэрэгсэн, хууль зөрчиж, зөвхөн Авлигын эсрэг хуулийн 33.1.3 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг үндэслэсэн ажээ.

Гэсэн хэдий ч уг тогтоолын хууль зүйн үндэслэл нь тогтоогдохгүй байна. Тухайлбал, Авлигын эсрэг хуулийн 33.1.3-т “энэ хуулийн 7.1-д заасныг удаа дараа зөрчсөн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл авилга, албан тушаалын зөрчлийг удаа дараа гаргаж, тэр нь тогтоогдон арга хэмжээ авагдсан, авлигын зөрчилтэй нөхцөлд шийдвэр гаргасан байхыг шаарддаг. Гэтэл тийм хэрэг зөрчил гаргаагүй бөгөөд энэ нь тогтоогдоогүй буюу нотлогдох боломжгүй байна. Хэрэв Авлигын эсрэг хуулийн 33.1.3 дахь заалтыг үндэслэсэн бол тухайн хуулийн 7 дугаар зүйлд заасан авлигын зөрчил гаргах асуудал үүснэ. Гэтэл 7 дугаар зүйл дэх авлигын зөрчил нь эрх зүйн зөрчлийн нийтлэг шинжийг агуулах бөгөөд уг зүйлд заасан зөрчил гаргаж, тэр нь нотлогдсон бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс бус ажлаас чөлөөлөх эрх зүйн боломжгүй билээ. Түүнээс гадна, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д Төсвийн тухай хуулийг зөрчсөн бол “...Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ’’ гэж тодорхой заажээ.

Тийм учраас уг зохицуулалтын агуулга нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх харилцааг шууд зохицуулаагүй гэдэг нь тов тодорхой байна.

Миний хувьд тухайн албан тушаалыг хаших хугацаанд уг тогтоолд заасан шиг Архивын ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөн төрийн албанаас халагдах хүртэл хэрэг зөрчил гаргаагүй, ажил үүргээ биелүүлэхийн төлөө чармайн зүтгэж, Архивын ерөнхий газрын ажлыг сайжруулан, үйл ажиллагааны үр дүнг эрс дээшлүүлэн, үр бүтээлтэй ажилласан болно.

2. Намайг ажлаас чөлөөлөх тухай Засгийн газрын 194 тоот тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн “Оролцогчийг сонсох” тухай 26.1-т заасан ”Захиргааны акт...батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2 “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 21 дугаар зүйл “Сонсох ажиллагаа явуулах”, 47 дугаар зүйл 47.1.6 “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан хууль зүйн наад захын шаардлагуудыг хангаагүйн дээр хууль зүйн үндэслэл нь буруу, нотолгоогүй, үндэслэх боломжгүй зохицуулалтыг үндэслэсэн зэрэг илт алдаа, зөрчилтэй байгаа тул дээрх тогтоолыг хүчингүй болгож, албан тушаалд минь эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгах бүрэн үндэстэй юм.

Иймд холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж гаргасан 2018 оны 06 сарын 20-ны өдрийн Засгийн Газрын 194 тоот тогтоолыг хүчингүй болгож, ажил албанд минь эгүүлэн тогтоож томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалган, асуудлыг шударгаар шийдвэрлэж өгөхийг эрхэм Та бүхнээс хүсье...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас дараах тайлбарыг хийе.  Нэхэмжлэгчийг 2017 оны 05 дугаар сард Засгийн газрын 134 дүгээр тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Архивын ерөнхий газрын даргаар томилохдоо Засгийн газар хууль зөрчиж төрийн албанд томилсон байдаг. Өөрөөр хэлбэл Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санал болгоогүй, ажлын байрны тодорхойлолтыг Улсын Их хурлын 2003 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан тогтоолыг зөрчиж томилсон. Тухайн үед ажиллаж байсан Хэрэг эрхлэх газрын дарга, сайд н.М нь Архивын ерөнхий газрын даргын ажлын байрны тодорхойлолтыг дангаараа баталсан. Гэтэл Улсын Их хурлын батлагдсан тогтоолоор “...эрхэлсэн сайд нь хамтарч батална” гэж заасныг зөрчсөн. Энэ талаар баримтууд хэрэгт авагдсан байгаа. Хэрэг эрхлэх газрын даргын дангаараа баталсан ажлын байрны тодорхойлолт болон Хууль зүй, дотоод хэргийн яамны ажлын байрны саналаас тэс өөр зөрүүтэйгээр буюу нэхэмжлэгчид зориулан батлан томилсон байдаг.

Монгол улсын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т “...Засгийн газар болон Улсын Их хурал өөрийнхөө гаргасан шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзвэл өөрчлөх хүчингүй болгох эрхтэй” гэж заасан. Иймээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Мөн Архивын ерөнхий газрын хамт олон буюу нэр бүхий албан хаагчдаас Хууль зүй, дотоод хэргийн яаманд Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай хуулийн дагуу удаа дараа гомдол ирсэн. Үүнийх нь дагуу Төрийн нарийн бичгийн дарга удирдамж гарган ажлын хэсэг зохион байгуулж, шалгалт явуулсан байдаг. Уг шалгалтаас үзэхэд нэр бүхий хүмүүсийн гаргасан гомдол үндэслэлтэй гэсэн итгэл үнэмшил төрсөн.  Нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид суралцсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас түүнийг захиалгаар сургаагүй. Гэтэл 2,125,000 төгрөгийг Удирдлагын академид шилжүүлсэн бөгөөд энэ нь Төсвийн тухай хууль тогтоомжийг зөрчиж байгаа үйлдэл байсан. Хэрэв сургалтын төлбөр төлөх хэрэгцээ шаардлагатай гэж үзвэл Төсвийн ерөнхийлөн захирагчаас  зөвшөөрөл авч, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тухайн мөнгийг гаргуулах боломжтой байсан атал өөрийгөө санхүүжүүлж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн.

Нэхэмжлэгч нь Архивын ерөнхий газрын даргаар томилогдсон цагаас хойш олон хүмүүс өргөдлөө өгсөн байдаг. Үндэсний төв архивын дарга буюу Архивын ерөнхий газрын дэд дарга Б.Э гэдэг хүнийг удаа дараа өрөөндөө дуудан өргөдөл бичүүлж авахаар яригдсан байдаг. Түүнийг гэрчээр оролцуулахаар санал тавьсан боловч, өөрөө нэгэнт ажлаа өгөөд гарсан учраас шүүхэд мэдүүлэг өгөхгүй гэсэн. Гэхдээ түүнийг хүсэлтээ өгсний маргааш өдөр нь ажлаас чөлөөлсөн тушаалыг нь гаргасан байгаагаас үзвэл урдаас түүнийг ажлаас гаргахаар бэлдсэн байсан гэж харагдаж байна. Мөн үүний нэгэн адил Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Л.Быг ажлаа өгөхийг шаардсан бөгөөд тэрээр сургуульд сурна гэж үзэж өргөдөл өгсөн бөгөөд одоогийн байдлаар сургуульд сураагүй байдаг. Шүүхэд гэрчээр асуугдаж өгнө үү гэхэд “...нэгэнт ажлаасаа гарсан учраас гэрчээр асуугдах боломжгүй боловч тухайн үед намайг ажлаа өгөхийг шаардаж байсан” гэдгийг хэлэх нь зүйтэй. Мөн н.Б гэдэг хүнийг зураач хүн гэж ажлаа солихыг зөвлөсөн байдаг.

Нэхэмжлэгч өөрөө гэрчээр хэд хэдэн хүнийг дуудаж шүүхэд мэдүүлэг өгүүлсэн. Эдгээр хүмүүс өөрсдөө илтэд нэхэмжлэгчийг магтан сайшаасан байдалтай мэдүүлэг өгсөн.  Би архивын байгууллагад ажилладаггүй учраас ямар хүнийг гэрчээр дуудан оролцуулахаа мэдэхгүй байсан учраас зарим нэгэн ажилчдаас ерөнхий байдлыг асуусан. Миний асуусан ажилчид өмнөх И.С даргын үед сайн ажиллаж байсан гэж тайлбарладаг. Мөн өмнөх дарга нарын үед албан хаагчийг шагнаж урамшуулах болон нийгмийн асуудалд анхаарлаа хандуулдаг байсан бөгөөд Д.Х даргыг ирсэн цагаас хойш манай байгууллага 2 хуваагдсан байдалтай байгаа гэсэн тайлбар өгсөн. 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр миний бие шүүхэд хариу тайлбар өгсөн. Үүнд Д. Хыг чөлөөлсөн шалтгааныг товч тодорхой, үндэслэлтэй дурдсан.

Мөн Архивын сан хөмрөгт байгаа баримтыг хуулбарлан үнэгүй олгож болохгүй.  Үүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Учир нь н.Б гэх хүн нь даргын өгсөн үүрэг даалгавраар тус баримтуудыг хуулбарлаж өгсөн гэж шүүхэд албан ёсны тайлбараа гаргаж өгсөн. Хятад улсруу албан томилолтоор 2 хүнийг дагуулан явсан бөгөөд үүнийг бид буруутгаагүй. Харин буруутгаж байгаа шалтгаан нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэргэжилтэн хүнийг авч яваагүй гэдэг нь ойлгомжгүй.  Өмнө нь С.Б сайд байхдаа Хууль зүй, дотоод хэргийн яамны Гадаад харилцааны хэлтсээс хүн аваад явдаг байсан.  Гэтэл нэхэмжлэгч хувьдаа 2 хүн авч явахдаа яаманд мэдэгдээгүй. Төсвийн тухай хуулиар төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглохоор Төсвийн тухай хуульд тодорхой заасан байгаа. Гэтэл 5.000.000 сая төгрөг өгч дагуулж явсан 2 хүнийхээ нэгэнд нь 900.000 төгрөг өгч нөгөөд нь 800.000 төгрөг өгсөн байдаг.  Хууль зүй, дотоод хэргийн харьяа агентлаг гэх 12 байгууллага байдаг бөгөөд үүнийг хариуцсан нэг нэг ахлах мэргэжилтнүүд байхад тэднээс авч яваагүй. Энэ талаар сүүлд мэдсэн. Нэхэмжлэгч өмнө нь Төрийн албанд ажиллаж байгаагүй бөгөөд өөрийнх нь хувийн хэргээс энэ талаар мэдэх боломжтой. Мөн тэрээр багаар ажиллах чадваргүй, хамт олныг манлайлах ур чадваргүй гэж ойлгож байгаа. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 146 дугаар тогтоолоор Засгийн газраас ажилд томилсон байдаг. Ажилд томилохдоо Засгийн газрын тухай хуулийн 183.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгож дурдсан боловч энэ хуулийн зохицуулалтыг зөрчиж, архив албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын саналыг үндэслээгүй. Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс явуулсан боловч, Сонгон шалгаруулалтаар шалгарсан гэх баримтыг асуудал эрхэлсэн сайдад нь танилцуулаагүй шууд томилсон байдаг. Ажлын байрны тодорхойлолтыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас төсөл боловсруулж, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн боловч түүний баталгаажуулалтын хэсгийг авч үлдсэн хэсгийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд нийцүүлэн засварласан байдаг. Сонгон шалгаруулалт явуулсан ажлын байрны тодорхойлолт нь Архивын ерөнхий газрын дарга нь түүхч мэргэжилтэй, эрдэм шинжилгээний ажил хийж, судалгааны ном бүтээл туурвисан мэргэшилтэй гэсэн шаардлага тавьж, агентлагийн даргын албан тушаалыг ТЗ-13 гэж яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалтай дүйцэхүйц, архивын ерөнхий газрын 117 хүний удирдагчаар ажиллуулахаар томилсон бөгөөд төрийн албан хаагчаар ажилласан байх шаардлага тавиагүй байсан. Учир нь нэхэмжлэгч төрийн албанд ажилласан туршлагагүй буюу шаардлага хангахгүй байсан учраас түүнд нийцүүлж удирдах албан тушаалд ажилласан байхыг шаардаагүй байдаг. Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн “..хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдал” гэх төрийн үйлчилгээний үндсэн зарчмыг зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “...иргэд хуульд заасан болзол журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжоор хангагдах эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хүргүүлсэн төсөлд “...төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан байх, үүнээс удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг оруулан хүргүүлсэн боловч ажлын байрны тодорхойлолтдоо энэ хэсгийг хассан байсан. Архивын ерөнхий газрын зохион байгуулалтын нэгж буюу салбар нэгжийн даргаар төрийн албанд 10-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байхыг шаарддаг атлаа дээд шатны удирдах албан тушаалтанд төрийн албанд ажилласан жил шаардахгүй байгаа нь шударга бус гэж үзэж байна.  Нэхэмжлэгч нь анхнаасаа хууль зөрчиж, хуулийн дагуу ажлын байрны тодорхойлолтоо албажуулаагүй сайдын саналыг авахгүйгээр томилсон нь маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүх Төрийн албаны зөвлөлөөс шаардсан боловч ирүүлээгүй. Нэхэмжлэгч өөрийгөө Төрийн жинхэнэ албан хаагч гэж хэлээд байгаа боловч сонгон шалгаруулалтад оролцож, Төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй. Үүнтэй холбоотой нотлох баримтыг холбогдох байгууллагуудаас шаардсан боловч байхгүй учраас хэрэгт баримт ирээгүй. Иймээс хууль тогтоомж зөрчсөн захиргааны актыг хууль тогтоомж зөрчиж гаргасан захиргааны байгууллага хүчингүй болгох эрхтэй байдаг. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “...хууль тогтоомжид нийцээгүй захиргааны актыг гаргасан

өдрөөс хойш 5-н жилийн дотор хүчингүй болгох эрхтэй” гэж заасан байдаг.

Мөн нэхэмжлэгч нь хувьдаа 2.125.000 төгрөгийг гаргаж сургалтын төлбөрт шилжүүлсэн. Төрийн албан хаагч сургуульд суралцах бол Хууль зүй, дотоод хэргийн яаманд сурах тухай хүсэлтээ гаргаж, сайдын шийдвэрээр сурах эсэх болон төлбөр мөнгөний асуудлаа шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэгч нь өөрийн нэг нутгийн гэх н.Алтангэрэл гэгчид Сайн ноён хааны түүхэнд холбогдох зарим баримтын судалгааны ажлыг эрхлэн гүйцэтгэх гэрээ байгуулж 700.000 төгрөг олгосон боловч, гэрээний дагуу ямар ч ажил хийгдээгүй байдаг. Уг гэрээний дагуу ямар ажил хийгдсэн талаар Захиргаа удирдлагын дарга н.Оээс тодруулахад “...Д.Х дарга  цагаан сарын мөнгөнд өгнө гэсэн. Гэрээний дагуу хийгдсэн ажил байхгүй” гэсэн байдаг. Мөн нэхэмжлэгч нь 2 иргэнтэй гэрээ байгуулан Хятад улсад албан томилолтоор явж ажиллахдаа ажлын бүрэлдэхүүндээ оруулан айлчилсан байдаг. н.Л нь тухайн үед айлчлалын бүрэлдэхүүнд орж ажилласан атлаа тодорхой үүрэг гүйцэтгээгүй гэдэг тайлбарыг Мэргэжил, арга зүй, удирдлагын газрын дарга н.Цгийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тайлбарт тодорхой дурдсан баримт байгаа. Мөн 2017 онд нийт албан хаагчдын ажлыг дүгнэхгүйгээр зарим албан хаагчдын урамшууллыг давхардуулан ялгамжтай байдлаар урамшуулал олгосон. Энэ үед хэд хэдэн тушаал гаргасан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 151 дүгээр тушаалаар удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн нэр бүхий нэгжийн дарга нарт 23.000.000 төгрөгийн урамшуулал олгосон. Энэ урамшууллыг үндэслэсэн Удирдлагын зөвлөлийн хурлын 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр уг асуудлыг огт шийдвэрлээгүй бөгөөд удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй. 2017 оны А/176 дугаар тушаалыг 2 давхардуулан гаргасан байдаг. Эхнийх нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан бөгөөд үүнд хэмнэлтийн орлого зарцуулах төсвөөс 13 албан хаагчид олгох урамшууллыг тодорхойлсон. Уг нь хэмнэлтийн орлогыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой байтал хэлэлцэж шийдвэрлэлгүйгээр урамшуулал олгосон байдаг. Мөн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/176 дугаар тушаалаар нь Архивын ерөнхий газрын албан хаагчдад 0.5-3 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгохоор тусгасан бөгөөд ямар шалгуураар урамшуулж байгаа нь тодорхойгүй байдлаар олгосон байдаг. Дээрх байдлаар албан хаагчдад урамшуулал олгосон хэрнээ 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/50 дугаар тушаалаар санхүүгийн 5 албан хаагчдад 9,4 сая төгрөг олгосон байдаг. Энэ нь 2017 онд урамшуулал авсан зарим албан хаагчдад давхардуулан олгосон байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь танил талдаа урамшуулал олгож, сургалтын төлбөрөө хийлгэсэн гэсэн байдал ажиглагдаж байгаа. Мөн Архивын ерөнхий газрын албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн тухайд 2017 оны 01 дүгээр сараас 05 дугаар сар хүртэл хугацаанд нийт 3 албан хаагч ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийг ажиллаж байхад нь нийт 26 албан хаагч чөлөөлөгдсөн бөгөөд уг тоон мэдээллээс үзэхэд сар бүр тогтмол 1-ээс 4 хүн ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг.  Мөн мэргэжил арга зүй удирдлагын газрын эрдэм шинжилгээний ахлах зөвлөхөөр н.Д гэгч хүн ажиллаж байхад нь ажлаас нь халаад буцаж ажил гүйцэтгэх гэрээгээр байнгын ажлын байрандаа ажиллуулсан байдаг. Мөн 24 хүн ажлаас чөлөөлөгдөж, 21 хүнийг шинээр ажилд авсан байдаг. Эдгээр баримт бичгээс үзэхэд 21 хүний 9 хүн нь түүнтэй нэг нутгийн хүмүүс байдаг. Эдгээр 9 хүний 5  хүн нь нэхэмжлэгчтэй нэг аймаг нэг сумын хүмүүс байдаг.

2017 оны 05 дугаар сараас 12 дугаар сарын хооронд ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан нийт 9 ажилтан шинээр ажилд авсан бөгөөд эдгээр ажилчдын 6 нь нэхэмжлэгчтэй нутаг нэг хүмүүс байдаг. Үүнтэй холбоотой судалгаа хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч нь н.Б гэх хүнийг ажлаас чөлөөлж, оронд нь н.Ч гэгчийг ажилд авсан. Гэтэл н.Бийг ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлага хангахгүй гэж хэлж байгаагүй атлаа зураач хүн гэдгээр нь 3 жил хашсан албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг. Түүнийг шахаж шаардаагүй гэдэг боловч, удирдлагад байгаа дарга нь биеийн хүч хэрэглэхгүйгээр ажлаа өг гэдгийг ойлгуулаад байхаар ямар ч доод шатны албан тушаалтан нь ажил үүргээ хийх боломжгүй нөхцөл үүсэх нь тодорхой юм. Энэ мэтчилэн зарим баримтуудыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авсан шалгалтын илтгэх хуудаст дурдаж өгсөн байгаа. Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “...энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т төрийн албан хаагчдад авилгын дараах зөрчлийг гаргахыг хориглоно” гэж заасан. Үүнд нь албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдад шахалт дарамт үзүүлэхдээ хөндлөнгөөс нөлөөлөх, албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгох, бусдын эрхийг хязгаарлах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх, албан тушаалын байдлаа ашиглах гэх мэт зөрчлүүдийг гаргасан нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын удирдамжийн дагуу орсон ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон учраас эдгээр хуулийн заалтыг үндэслэж нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу хүргүүлж шийдвэрлүүлсэн байдаг. Авилгын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-т заасныг үндэслэж ажлаас халах зохицуулалттай байгаа боловч, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж Засгийн газрын 2018 оны 194 дүгээр тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Мөн нэхэмжлэгчид сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарлаж байгаа. Гэтэл сонсох ажиллагааг зайлшгүй бичгээр хийх тухай зохицуулалт байхгүй. Хэрэв сонсох ажиллагаа явагдсан бол нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэж ажлаас чөлөөлөгдөхгүй байх үр дагаврыг гаргахааргүй байсан. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай байсан гэж үзэхгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү....” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 201 дугаар тогтоолын 39 дэх хэсэгт “...анхан шатны шүүх эдгээр үндэслэлд холбоотой нотлох ажиллагааг хийгээгүйгээс гадна эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй, зөвхөн ...ажлаас чөлөөлөх тухай тогтоол нь эрх зүйн зохицуулалтын хувьд оновчгүй хэм хэмжээг хэрэглэсэн, ...хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй..., ...алдаатай гарсан акт... гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна” гэж дүгнэсэн байна. Монгол Улсын Засгийн газар өөрийн өмнө нь гаргасан алдаатай шийдвэрээ залруулсан шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл хууль бусаар томилогдсон агентлагийн даргын томилгоог залруулж 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 194 тоот тогтоолыг гаргасан. Д.Х нь Төрийн албаны тухай хуульд зааснаар тухайн салбарт шатлан дэвших замаар ажиллаж байгаагүй. Мөн Засгийн газрын тухай хуульд зааснаар агентлагийн даргыг Хууль зүй, дотоод хэргийн сайд санал болгосноор Монгол Улсын Засгийн газар томилдог. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг авалгүйгээр албан тушаалын тодорхойлолтыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар болоод бусад албан тушаалтан хамтран баталж томилсон нь хуулийг зөрчсөн. Үүнийг Монгол Улсын Засгийн газар залруулсан.

Нэхэмжлэгч Д.Х нь Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хуулиудыг зөрчсөн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Гэрчээр мэдүүлэг өгсөн н.Б гэх хүн зөрүүтэй мэдүүлгийг өгсөн байдаг. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү.

Нэхэмжлэгчийн зүгээс шат дараалсан арга хэмжээ авах ёстой гэж тайлбарлаж байна. Тухайн асуудалд нь тохирсон байдлаар сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэдэг. Энэ зохицуулалт Төрийн албаны тухай хуульд байгаа. Үүний дагуу нэхэмжлэгчийг тухайн албан тушаалаас нь чөлөөлсөн.

Мөн Д.Х нь төрийн захиргааны жинхэнэ албан хаагч биш. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийн тангараг өргөж, гарын үсэг зурсан хүнийг төрийн албан хаагч гэж үзнэ. Мөн Д.Хыг ажиллаж байх үед байсан Хууль зүй, дотоод хэргийн сайдууд түүнтэй үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Өөрөөр хэлбэл хууль зөрчиж томилсон учраас тухайн сайдууд үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Төрийн албанд шатлан дэвших зарчим байдаг. Гэтэл Д.Х нь өмнө нь төрийн албанд ажиллаж байгаагүй. Иймд уг алдаатай шийдвэрээ эргэн хараад ажлаас чөлөөлсөн. Үүнийг Улсын Дээд шүүх хараад тогтоолдоо дурдсан байгаа. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Маргаан бүхий Засгийн газрын 194 дүгээр тогтоолд баримталсан хуулийн заалтуудыг нэхэмжлэгч намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд уг актыг бүхэлдээ хүчин төгөлдөр бус гэсэн тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Түүнийг тус албан тушаалд томилсон томилгоо хууль бус байсан. Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 146 дугаар тогтоолоор түүнийг Архивын ерөнхий газрын даргаар томилсон байдаг. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Архивын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д Үндэсний архивын газрын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн томилох ёстой. Гэтэл уг заалтыг зөрчиж Хууль зүй, дотоод хэргийн сайдаас санал болгоогүй хүнийг тухайн албан тушаалд томилсон байдаг. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолд заасан шаардлагыг хангаагүй ажлын байрны тодорхойлолтын хүрээнд сонгон шалгаруулалтыг зарласан байсан тул тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Архивын ерөнхий газрын даргын ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагууд тус яамнаас хүргүүлснээс зөрүүтэй байх тул сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргаж байсан. Чөлөөлсөн Засгийн газрын тогтоолыг ярьж байгаа боловч чөлөөлөх үндэслэл болсон томилгоо нь яригдах зүй ёсны асуудал юм.

Түүнчлэн нэхэмжлэгч дараах хууль, тогтоомжийг зөрчсөн болох нь шүүхийн шийдвэр, ажлын хэсгийн дүгнэлт, холбогдох баримтуудаар тогтоогддог. Тухайлбал тус байгууллагад ажилладаггүй 2 хүнийг гадаад улсад томилолтоор явах бүрэлдэхүүнд оруулан ирж, очих тийз болон ажил гүйцэтгэх гэрээний дагуу 1.600.000 төгрөгийг олгосон байдаг. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны Б/29 дүгээр тушаалаар Д.Хыг 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 23-ны өдрийг хүртэл БНХАУ-ын Бээжин хотод томилолтоор ажиллуулахаар болсон. Үүний дараа Д.Х нь өөрөө тухайн байгууллагад ажилладаггүй Б.И, Б.Л нарыг томилолтоор явуулах тушаалыг гаргасан. Мөн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан төлбөрийг гүйцэтгэлгүйгээр олгосон байдаг.

Авилгын эсрэг хуулийн 33.1.3-д энэ хуулийн 7.1-д заасныг удаа дараа зөрчсөн этгээдийг төрийн албанаас халах, авилгын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, 7.1.6-д албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх тус тус заасан. Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал гарсан байхад Д.Х нь дахин өөрөө тушаал гаргаж тус байгууллагад ажилладаггүй 2 хүнтэй гэрээ байгуулан гэрээний гүйцэтгэлээ дүгнээгүй байж мөнгө шилжүүлсэн. Дээрх 2 хүн нь ямар ч үр ашиггүйгээр явсан гэсэн гэрчийн мэдүүлэг байдаг. Энэ байдлаар төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан. Энэ Авилгын эсрэг хуулийн 33.1.3-д заасан зөрчилд хамаарна.

Мөн нэхэмжлэгч Д.Х нь өөрийн сургалтын төлбөрт 2.125.000 төгрөгийг Удирдлагын академийн дансанд шилжүүлсэн байдаг. 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч өөрийн гарын үсгээр дээрх төлбөрийг шилжүүлсэн байна. Уг сургалтын төлбөр нь төсөвт тусгагдаагүй бөгөөд өөртөө зориулан тушаал шийдвэр гаргаад гүйлгээ хийсэн. Нэхэмжлэгч төрийн сан гүйлгээ хийсэн учраас зөрчил биш гэж тайлбарладаг. Гэтэл төрийн сан нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу батлагдсан төсвийн хуваарийн дагуу бүртгэх ёстой. Тэгэхээр батлагдсан төсөвт Д.Хын Удирдлагын академид сурах төлбөр орсон гэсэн баримт байхгүй байгаа. Энэ нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, албан тушаалаа урвуулан ашигласан нэг хэлбэр юм.

Түүнчлэн архивын баримтыг үнэ төлбөргүй олгосон асуудал яригддаг. Архивын ерөнхий газар нь архивын баримтад тус газрын даргын 2015 оны А/168 дугаар тушаалаар батлагдсан Төрийн архивын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох журмын дагуу төлбөртэй үйлчилгээг үзүүлэх ёстой. Тухайлбал иргэн н.МөнхБд 36 айлын орон сууцны зураг төслийн хуулбар 2.900.000 төгрөгийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн. БНМАУ-ын 1944 оны оны хүн амын тооллогын 970 гаруй хуудас баримтыг хуулбарыг үнэ төлбөргүй олгосон. Архивын үйлчилгээ үнэ төлбөртэй байх ёстой. Энэ нь Авилгын эсрэг хуулийн 33.1.3-д заасан хориглох зүйлд хамаарч байна.

2017 онд нийт ажилчдын ажлыг дүгнэхгүйгээр зарим албан хаагчдын урамшууллыг давхардуулсан, ялгамжтай байдлаар олгосон. Мөн зарим ажилчдыг ажлаас гарах өргөдлөө өгөхийг тулган шаардсан байдаг. Үүний дагуу хүний нөөцийн шилжилт, хөдөлгөөн их хийгдсэн байсан. Үүнээс үзэхэд маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Х нь Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж томилогдсон байдаг. Тухайн үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан н.М нь өөрөө дур мэдэн ажлын байрны тодорхойлолтыг батлан гаргасан. Гэтэл хуульд тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө гэж заасан. Төрийн албаны тухай хуульд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Монгол улсын сайдтай хамтран ажлын байрны тодорхойлолтыг батална гэж заасан байхад дангаар баталсан нь хууль бус бөгөөд журам зөрчиж томилогдсон байдаг.

Түүнчлэн Д.Х нь өмнө нь төрийн албанд ажиллаж байгаагүй атлаа шууд Засгийн газрын тогтоолоор Архивын ерөнхий газрыг удирдан ажиллах нь зүйд нийцэхгүй үйл явдал болсон. Архивын ерөнхий газрын албан хаагчид Хууль зүй, дотоод хэргийн яам болон сайдад удаа дараа Д.Хын ёс зүйтэй холбоотой асуудлаар гомдол гаргасан байдаг. Тус байгууллагын ажилтнууд Д.Хын ажилтнууд, өмнөх даргын ажилтнууд гэж 2 хуваагдсан. Хоорондоо мэндлэхээс хүртэл эмээдэг байсан. Гомдлын дагуу Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг гарч шалгалтын бүрэлдэхүүн томилогдсон. Д.Х нь өөртөө давуу байдал бий болгон 2.150.000 төгрөгийн Удирдлагын академийн сургалтын төлбөрийг төлүүлсэн. Мөн БНХАУ-ын Бээжин хотод томилолтоор ажиллахдаа өөрийн танил Б.И, Б.Л гэх 2 хүнийг авч явсан. Авч явахдаа тус бүрд нь 800.000, 900.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ нь баримтаар нотлогдож байгаа. Монгол улсын архивын сан хөмрөг, оюуны соёлын өвийг өөрийн танил талд үнэгүйгээр тараан өгсөн. Төрийн удирдах албан тушаалтан ийм байж болохгүй. Тус байгууллагын Захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан н.Бтай уулзаж яагаад ажлаа өгсөн юм бэ гэхэд Д.Х нь байнга дуудаж уулзан ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өг, чамтай хамтран ажиллахгүй гэж дарамталсаар байгаад өргөдлийг нь авсан байдаг. Д.Хыг ажиллаж байх хугацаанд тус газрын 25 ажилтан чөлөөлөгдөж, шинээр томилогдсон. Шинээр томилогдсон хүмүүсийн төрийн албан хаагчийн анкетыг харахад дандаа Д.Хын нутаг усны хүмүүс байгаа. Түүний Архивын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа гаргасан зөрчлүүд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдахаар асуудлууд байсан. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү.” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдаад 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу Архивын ерөнхий газрын одоогийн дарга С.Э сонгон шалгаруулалтад оролцож томилогдсон. Д.Х нь шинээр батлагдсан Төрийн албаны тухай хуулиар тус байгууллагын салбар нэгжийн даргын орон тоонд тавигдах шаардлагыг ч хангахгүй байгаа. Түүнийг анх томилохдоо ажлын байрны тодорхойлолтыг Д.Хд нийцүүлэн тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга н.М дангаараа албажуулсан. Ажлын байрны тодорхойлолтыг асуудал эрхэлсэн сайдтай хамтран батлаад саналыг нь үндэслэн томилох байсан. Гэтэл тухайн үед ажиллаж байсан эрхэлсэн сайдын саналыг авалгүйгээр Д.Хыг Архивын ерөнхий газрын даргаар томилсон байдаг. Хууль зөрчиж хийгдсэн томилгоог Засгийн газар зайлшгүй хуульд нийцүүлэх ёстой. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна гэж заасан. Энэ эрхийн хүрээнд хууль бус томилгоо, шийдвэрийг Засгийн газраас залруулсан.

Д.Х нь тухайн үед Архивын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа төрийн албан хаагч болохын хувьд төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллах ёстой байтал хувийн ашиг сонирхолдоо захирагдан хууль, тогтоомж зөрчиж төсвийг зориулалтын бусаар зарцуулсан, давуу байдлаа ашиглан архивын баримт материалыг хувийн зорилгоор буюу танил талдаа олгосон нь нотлогдож байна. Тэрээр тус байгууллагын даргаар ажиллаж байхдаа 24 хүн ажлаас чөлөөлөгдөж, 21 хүнийг шинээр ажилд авсан байдаг. Баримт бичгээс үзэхэд 21 хүний 9 хүн нь түүнтэй нэг нутгийн хүмүүс байдаг. Гуравдагч этгээд С.Э нь хуулийн дагуу тус албан тушаалд томилогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Д.Хын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Х шүүхэд хандаж “...Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 194 дугаар бүхий “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Архивын ерөнхий газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...төрийн албаны хуульд заасан ямар үндэслэлд хамааруулж ажлаас чөлөөлж байгааг тогтоолд заагаагүй, мэдэгдэх сонсгох ажиллагаа явуулаагүй, Засгийн газрын 146 дугаар тогтоолтой холбогдуулж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй, Авилгын эсрэг хууль болон Архивын тухай хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн хууль бус акт...” гэж тодорхойлсныг хариуцагч “...Засгийн газар өмнө гаргасан алдаатай шийдвэр болох 146 дугаар тогтоолыг залруулж 194 дүгээр тогтоолыг гаргасан, нэхэмжлэгч хууль зөрчсөн болох нь ажлын хэсгийн явуулсан шалгалтын дүн, илтгэх хуудсаар тогтоогдсон...” гэж, гуравдагч этгээд “...Д.Х нь хууль зөрчиж томилогдсон, Архивын ерөнхий газрын ажилтнууд Хууль зүй дотоод хэргийн яам болон сайдад удаа дараа Д.Хын ёс зүйтэй холбоотой гомдол гаргасан, С.Э нь Архивын ерөнхий газрын даргын албан тушаалд хуулийн дагуу томилогдсон...” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Нэг. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 194 дугаар бүхий “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:,

Монгол Улсын Засгийн газрын  2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн  “Ажилд томилох тухай” 146 дугаар тогтоолоор төрийн албаны сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Д.Хыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын даргаар томилсон байх ба Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 194 дугаар бүхий “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолоор Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2, Архивын тухай хуулийн 10.3, Авилгын эсрэг хуулийн 33.1.3, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг тус тус үндэслэн Д.Хыг дээр дурдсан ажил, албан тушаалаас чөлөөлжээ.

 Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө...”, Архивын тухай хуулийн 10.3-д “Үндэсний архивын газрын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө”, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлд “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”,  Авилгын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан дараах хариуцлага хүлээлгэнэ” 33.1.3-д “энэ хуулийн 7.1-д заасныг удаа дараа зөрчсөн этгээдийг төрийн албанаас халах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус заасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан “Архивын ерөнхий газрын зарим үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын удирдамж”-ийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг тус байгууллагын удирдлагаас архивын баримтыг танил талдаа их хэмжээгээр үнэ төлбөргүй хуулбарлан олгосон эсэх, зарим ажилтан, албан хаагчид дарамт шахалт үзүүлж албан тушаалыг өөрчилсөн эсэх, Бээжин хотноо зохион байгуулсан үзэсгэлэнд гадны 2 хүн авч явсан эсэх, бусад гэсэн чиглэлээр 2017 оны 11 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд хяналт шалгалт явуулжээ.

Түүнчлэн дээрхи ажлын хэсгээс гаргасан илтгэх хуудасны санал дүгнэлт хэсэгт “...Д.Х нь архивын баримтыг үнэ төлбөргүй хуулбарлан олгосон, алба хаагчид дарамт шахалт үзүүлж ажлаас халах талаар айлган, өргөдөл бичүүлж ажлаас чөлөөлж, өөр ажилд томилсон, гадаад томилолтоор ажилласан санхүүгийн баримт байхгүй, мөн гадны 2 хүн ажиллуулсан, төсвийн хөрөнгөөс өөрийн сургалтын төлбөрөө гаргасан, Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтын дараа нэр дэвшигчийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад танилцуулаагүй...зэрэг зөрчил байгааг дурдаад Архивын ерөнхий газрын дарга Д.Хд хариуцлага тооцох санал” хүргүүлсэн, уг саналд Сайд Ц.Н “ямар хариуцлага тооцохоо тодорхой танилцуул” гэж Төрийн нарийн бичгийн дарга Г.Бд үүрэг болгосон байна.

Уг илтгэх хуудсанд, “иргэн н.МөнхБд олгосон 36 айлын орон сууцны зураг төслийн хуулбар, улс төрийн нам, олон нийтийн байгууллагын хуулбар, БНМАУ-ын 1944 оны хүн амын тооллогын баримт зэргийг хуулбарласан боловч төлбөр төлөгдөөгүй, Ё.Бийг өөрөө өргөдлөө гаргахыг хууль бусаар шаардсан, Б.Эын удирдлагад ажиллаж байсан н.М, н.Д нарыг ажлаас халах тушаалын төсөл оруулж ирэхийг удаа дараа шаардаж байсан гэсэн тайлбар ирүүлэхээр болсон, Л.Быг түр чөлөөлсөн талаар хамт ажиллаж байсан нөхдөөс нь тодруулахад өөрөөр нь өргөдөл бичүүлж халсан талаар ярьж байсан, Д.А, Ц.М нарыг ажлаас чөлөөлсөн байсан боловч холбогдох тайлбар авч чадаагүй, Бээжин хотын үзэсгэлэнд гадны 2 хүн авч явсан тухайд, Д.Х нь дахин тушаал гаргасан, уг 2 хүн нь томилолтын хугацаанд ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, санхүүгийн баримтууд байгаагүй” гэж тус тус дурдан улмаар Д.Хыг ажилд томилсон Засгийн газрын 2017 оны 5 сарын 17-ны өдрийн 146 дугаар тогтоол нь хуулийн дагуу Хууль зүй дотоод хэргийн сайдын саналыг аваагүй, үндэслэл болгоогүй гарсан, Архивын ерөнхий газрын даргын ажлын байрны тодорхойлолт нь одоог хүртэл баталгаажаагүй...” болохыг тус тус илтгэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална” 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, 25.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон”, , 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж тус тус заажээ.

Түүнчлэн Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заажээ.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан “мэдэгдэх сонсгох ажиллагаа”-г зохих журмын дагуу явуулаагүй, түүнчлэн нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албанаас чөлөөлөгдөх ямар зөрчил гаргасныг тогтоолд заагаагүйн дээр зөрчил гаргаснаас хойш сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус байх тул Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 194 дугаар бүхий “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.

Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж буруутгаж байгаа нөхцөлд захиргааны актын үндэслэлд энэ тухай тодорхой заах үүрэгтэй боловч уг шаардлагыг хангаагүйгээс гадна “ нэхэмжлэгчийг анх ажилд томилсон 146 дугаар тогтоолыг зөвтгөж 194 дүгээр тогтоолыг гаргасан” гэх хариуцагчийн тайлбар нь илт үндэслэлгүй, хууль бус тайлбар болохыг дурдах нь зүйтэй.

Тухайлбал, маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байхад уг захиргааны актын хаяглагдсан этгээд болох Д.Хд мэдэгдээгүй, түүнд тухайн асуудлаар тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх боломж олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-р зүйлд заасан сонсох ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй гэж үзнэ.

Түүнчлэн ажлын хэсгийн илтгэх хуудас 2017 оны 11 дүгээр сарын 22-нд бичигдсэнээр нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг хариуцагч илрүүлсэн байх боловч 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Д.Хыг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүйн дээр тухайн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэн эсэхийг харгалзан шийтгэл ногдуулах талаархи хуулийн зохицуулалтыг хэрхэн хэрэглэсэн нь тодорхойгүй, захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус зөрчсөн байна.

Мөн нэхэмжлэгчийг анх томилохдоо Засгийн газрын гишүүнд танилцуулаагүй,  санал болгоогүй хүнийг томилсон гэх асуудал нь Төрийн захиргааны эрх бүхий байгууллагуудын хоорондын асуудал бөгөөд нэхэмжлэгч Д.Х нь тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад орж хамгийн өндөр оноо авснаар уг албан тушаалд томилогдсон тул “хууль зөрчиж томилогдсон” гэх үндэслэл нь нэхэмжлэгчийг буруутгах, цаашлаад Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 23 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй.

Хоёр. Урьд эрхэлж байсан Архивын ерөнхий газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.Х нь Архивын ерөнхий газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тэрээр 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гарган улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх явцад буюу 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Архивын ерөнхий газрын даргын ажилд С.Э томилогдсон байна.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдан, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Төрийн захиргааны албан тушаалыг тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэл гэж тус тус ангилна”, 18.3-д “Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд яамны газрын дарга, хэлтсийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.” 23 дугаар зүйлд “Төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлага” 23.2.2-т “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэж тус тус заажээ

Дээрхи хуулийн шинэчилсэн найруулгыг үндэслэн боловсруулсан Архивын ерөнхий газрын даргын албан тушаал /ажлын байрны тодорхойлолт/-д  Архивын ерөнхий газрын дарга нь төрийн албанд 10 жил, түүнээс мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг тавьсан, уг ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн явуулсан сонгон шалгаруулалтад гуравдагч этгээд С.Э нь онооны дарааллаар шалгарч Архивын ерөнхий газрын даргын  ажил, албан тушаалд томилогдсон, харин нэхэмжлэгч Д.Хын хувьд төрийн албанд 10 жил ажилласан байх шаардлагыг хангахгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Х нь төрийн албанд 1 жил 1 сар ажилласан байгаа нь одоогийн шинэчлэн батлагдсан төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан шаардлага болох төрийн албанд эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах шаардлагад нийцэхгүй байх тул түүнийг Архивын ерөнхий газрын даргын ажилд эгүүлэн тогтоох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд нэхэмжлэгч Д.Хын гаргасан, урьд эрхэлж байсан Архивын ерөнхий газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговрыг Монгол Улсын Засгийн газрын 194 дүгээр тогтоол гарсан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс гуравдагч этгээд С.Эыг ажилд томилогдсон хугацаа болох 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг дуусталх хугацаагаар тооцож хариуцагчаас гаргуулан, энэ хугацааны зохих бичилтийг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичихийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Хас гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 194 дугаар бүхий “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Архивын ерөнхий газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 194 дугаар бүхий “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгож, Д.Хын ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олговрыг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож хариуцагчаас гаргуулан энэ хугацааны зохих бичилтийг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичихийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН

       ШҮҮГЧИД                                  М.БАТЗОРИГ

    Д.ЧАНЦАЛНЯМ