Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2018/00710

 

 

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2018/00710

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Х Б Э Х А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Т,

 

Хариуцагч: Б ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 55 333 016 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй, Х Б Э Х А-д холбогдох Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 168 493 080 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзандулам нар оролцов.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г: Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7-р сарын 22-ны өдрийн А153 дугаартай тушаалаар Х Б Б Э Х авах албадлагын арга хэмжээг авч,  банкны эрх хүлээн авагчийг томилсон. Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 8-р сарын 16-ны өдрийн А175 дугаартай тушаалаар Х Б ХХК-ийн банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Ингэснээр тус банкны хувьд олгосон бүхий л тусгай зөвшөөрөл хүчингүй болсон. Өнөөдрийг хүртэл Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар банкны эрх хүлээн авагчийн хувьд бүрэн эрхийн хугацаа сунгагдаад явж байгаа. Энэхүү нэхэмжлэлийг Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8 дахь хэсгийг үндэслэн гаргаж байгаа. Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар эрх хүлээн авагчийг томилсноор банкны эрх бүхий албан тушаалтан болон эд хөрөнгийг захиран зарцуулах эрх шилждэг. Банкны эрх хүлээн авагчаас Х Б чанаргүй зээлийг төлүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамжны 27 дугаартай байрны 2 давхарт байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Х Б-ны өмчлөлд шилжүүлж, 2014 оны 1-р сарын 27-ны өдөр Ү-2203018328 дугаартай гэрчилгээг авсан. Энэ үл хөдлөх хөрөнгө Х Б-ны өмчлөлд шилжихээс өмнө буюу 2013 оны 3-р сарын 27-ны өдөр өмнөх өмчлөгч буюу хариуцагч Э.Т нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан байдаг. Энэхүү гэрээгээр 2013 оны 3-р сарын 27-ны өдрөөс 2016 оны 5-р сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар түрээслүүлэх, түрээсийн төлбөрт сард 10 000 доллар төлөхөөр тохирсон байсан. Иргэний хуульд зааснаар Хадгаламж банк өмчлөгч болсноор түрээслүүлэгчийн эрх үүргийг 2014 оны 1-р сарын 27-ны өдрөөс эхэлж хэрэгжүүлсэн. Ингээд тус байранд очиход ажилчид засвар хийж байсан, хариуцсан эзэнтэй нь уулзъя гэхэд “мэдэхгүй” гэсэн. Ингэсээр Б ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч  Э.Т, Т.Т нарын ээж О.Э гэдэг хүнтэй уулзаж, өмчлөгч болсон тухай мэдэгдлээ өгсөн. Тэд засварын ажлыг 2014 оны 4-р сард дуусгаж, Суоно лоунж караоке үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өдөр тутмын үйл ажиллагааг Т.Т хариуцаж ажиллаж байсан. Үүнээс хойш Т.Т нь 2014 оны 3-р сарын түрээсийн төлбөрт 10 000 ам.доллар, 4-р сарын түрээсийн төлбөрт 10 000 ам.доллар, 5-р сарын түрээсийн төлбөрт 1 854.70 ам.доллар нийт 21 854.70 ам.доллар буюу 2013 оны 3-р сарын 27-ны өдрийн Монгол банкнаас зарласан 1 ам.долларын ханш 1410.60 төгрөгөөр тооцож нийт 30 830 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлсөн. Үлдэх түрээсийн төлбөрийг 2014 оны 7-р сарын 21-ний өдөр хүртэл хугацаагаар тооцож гаргасан. Иймд Э.Т болон Б ХХК-иас 2014 оны 5-р сарын түрээсийн төлбөр 8 145.20 ам.доллар, 2014 оны 6-р сарын түрээсийн төлбөр 10 000 ам.доллар, 2014 оны 7-р сарын 20-ныг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 6 451.61 ам.доллар нийт 24 596.81 ам.доллар, алданги 3 169.10 ам. доллар нийт 27 765.91 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны 1 ам.долларын ханш 1 992.84 төгрөгөөр тооцож 55 333 016 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2013 оны  3-р сарын  27-ны өдөр З.Анхбаяр, Э.Т нар түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл 2014 оны 1-р сард түрээсийн зүйл нь эрхийн зөрчилтэй болохыг мэдсэн. Өмчлөгч нь солигдож Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас байрнаас гарах тухай мэдэгдсэн албан бичиг ирж байсан. Хариуцагч нарын зүгээс өмчлөгч солигдсон эсэхийг тухайн үед мэдсэн. Түрээсийн объектыг ашиглаж байхдаа үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын тулд засварын ажил хийсэн. Тухайн үед объект засварын ажил явагдаж байсан учраас хариуцагч нарын зүгээс түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналуудыг нэхэмжлэгчид өгөөгүй. Аль болох засварыг дуусгаж үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах сонирхолтой байсан учраас түрээсийн мөнгийг төлсөн. Ингээд засварын ажил дууссаны дараа Суоно Лоунж караоке үйл ажиллагаагаа явуулсан. Тэр үед хариуцагч талаас нэхэмжлэгч талтай гэрээн дээр нэмэлт заалт оруулах, гэрээний үүргээ биелүүлэх, бүртгүүлэх тал дээр санал солилцоогүй. Аман байдлаар зөндөө ярилцаж байсан. Тэгээд нэгдсэн шийдэлд хүрээгүй байж байгаад 2015 оны 1 дүгээр сар хүртэл үйл ажиллагаагаа явуулсан. Хариуцагч нарын зүгээс н.А гэж хүнтэй уг гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж, үй ажиллагаа явуулах тал дээр гэрээгээр тохирсон зүйлүүд байсан. н.А тухайн объектыг эрхийн доголдолтой байсан талаар мэдэгдээгүй байсан учраас ийм асуудал үүссэн. Нэхэмжлэгч нь хариуцагч н.Э-д удаа дараа мэдэгдсэн гэдэг боловч Э нь Т.Т, н.Т нарын ээж, энэ хэрэгтэй холбоотой субъект биш. Тэгэхээр энэ гэрээг хуулинд зааснаар бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй, хүчин төгөлдөр бус гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Монгол банкны ерөнхийлөгчийн А157 тоот тушаалын гол зорилго нь чанаргүй зээлийг нөхөн төлүүлэх зорилгоор эрх хүлээн авагч томилсон. Х Б Э Х А Б-ны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх ёстой субъект. Түрээсийн гэрээний үр шимийг нэхэмжлэгч авах ёстой гэж маргаж байна. Чанаргүй зээлийг төлүүлэх зорилгоор томилогдсон эрх хүлээн авагч түрээсийн гэрээний төлбөрийг нэхэмжлэх  эрхгүй. Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.  

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х Б Э Х А нь  Т.Т, Э.Т нараас түрээсийн гэрээний үүрэгт  55 333 016 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь хариуцагч Т.Т-г Б ХХК-иар сольсноор, хариуцагч Э.Т болон Б  ХХК-д холбогдуулан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан  /1-р хавтас хх-159/ байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, түрээсийн төлбөрт төлсөн 50 000 ам.доллар буюу 76 267 200 төгрөгийг гаргуулах, түрээсийн зүйлээс салгаж үл болох засан сайжруулалт хийхэд зарцуулсан зардалд 92 225 880 төгрөг нийт 168 493 080 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч сөрөг нэхэмжлэлээ татан авсан байна. Иймд хариуцагч сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын бүртгэлийн Ү-2203018588 дугаарт бүртгэгдсэн Т.Б-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамжны 27 тоотод байрлах, 2 дугаар давхарын үйлчилгээний зориулалттай 398.59 м.кв талбай бүхий обьектийг түрээслүүлэхээр өмчлөгчийг төлөөлж иргэн З.Анхбаяр нь Э.Ттай 2013 оны 03-р сарын 27-ны өдөр “Түрээсийн гэрээ” /1-р хавтас хх 10-17/ байгуулж,  үл хөдлөх хөрөнгийг 3 жилийн хугацаатай,  түрээсийн төлбөрт сарын 10 000 ам.доллар төлөхөөр тохирчээ.

 

Талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулсан боловч Иргэний хуулийн 318 дугаар   зүйлийн   318.3  дахь  хэсэгт  зааснаар  гэрээг  Үл  хөдлөх  эд  хөрөнгийн

бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй, гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Х Б Э Х А нь Т.Б, И.С нартай 2013 оны 12-р сарын 20-ны өдөр 65/2013БЭХА тоот “Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх тухай гурвалсан гэрээ” байгуулсан байх ба /2-р хавтас, хх-14-18/ гэрээгээр зээлдэгч Т.Б-гийн Х Б-тай 2012 оны 9-р сарын 25-ны өдөр байгуулсан 73/01 тоот Зээлийн гэрээний дагуу төлвөл зохих 625 057 060.1 төгрөгийн төлбөрөөс И.С нь 600 000 000 төгрөгийг 2014 оны 1-р сарын 15-ны өдрийн дотор төлөх, И.С нь банкны өмчлөлд байгаа М М М холдинг ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдан авах дэнчин болох 500 000 ам.долларыг 2013 оны 12-р сарын 29-ний дотор банкинд төлөх, эдгээрийг төлснөөс хойш 2014 оны 1-р сарын 20-ны дотор зээлдэгч Т.Б нь гэрээний 2.4-д заасан үл хөдлөх эд хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлэхээр тохирчээ.

 

Өөрөөр хэлбэл, И.С нь зээлдэгч Т.Б-гийн банкинд төлөх өр төлбөрийг төлөх, ингэснээр Х Б-ны өмчлөлийн М М М холдинг ХХК-ийн хувьцааг худалдан авах, зээлдэгч Т.Б нь үлдэх төлбөрт гэрээний 2-р зүйлийн 2.4.1-т зааснаар  Улсын бүртгэлийн Ү-2203018588 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамжны 27 тоотод байрлах, 2 дугаар давхарын үйлчилгээний зориулалттай 469. 69 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээр тохирсон гэж үзнэ. 

 

            Х Б Э Х А нь 2014 оны 01-р сарын 20-ны өдөр Т.Б-тэй байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх тухай” гэрээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлж, 2014 оны 01-р сарын 27-ны өдрийн 000283597 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээгээр өмчлөгч болсон /1-р хавтас хх-22, 2-р хавтас хх 19-20/ байна.

 

            Х Б ХХК-ийн пассив нь актив хөрөнгөөс хэтэрч, өөрийн хөрөнгө алдагдсаны улмаас Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7-р сарын 22-ны өдрийн А-153 дугаар Х Б ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай” тушаалаар тус банкинд 1 жилийн хугацаатайгаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авсан, улмаар 2014 оны 7-р сарын 21-ний өдрийн А-114, 2015 оны 7-р сарын 21-ний өдрийн А-116 тоот, 2017 оны 1-р сарын 10-ны өдрийн А-15, 2017 оны 7-р сарын 31-ний өдрийн А-214 тоот тушаалуудаар албадлагын арга хэмжээний хугацааг тус тус сунгажээ. /1-р хх 7-9, 2-р хавтас хх 22, 87/

 

            Улмаар, Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 08-р сарын 16-ны өдрийн А-175 тоот “Банкны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” тушаалаар Хадгаламж банк байгуулах тухай 1996 оны 11 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй /2-р хавтас хх 21/ болгосон байна.

 

Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар банк нь Монгол банкны зөвшөөрөлтэйгөөр мөнгөн хадгаламж, зээл, төлбөр тооцооны үйлчилгээ, өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах, гадаад валют, үнэт металл, эрдэнийн чулуу худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах, үнэт зүйл хадгалах, гадаад төлбөр тооцоо хийх, үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах, санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа, зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах, хууль тогтоомжоор хориглоогүй бөгөөд Монгол банкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээ эрхлэх эрхтэй, 6.2 дахь хэсэгт зааснаар банк /түүний хараат болон охин компани гэснийг 2018 оны 1-р сарын 18-ны хуулиар хассан/ Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгөөр санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл, өгөх, итгэлцлийн үйлчилгээ, даатгалын зуучлагч, андеррайтерын үйлчилгээ, кастодиан, факторингийн үйлчилгээ, харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээ явуулах эрхтэй байна.

 

Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Банк ашиг олох зорилгоор энэ хуулийн 6-р зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоор  /2018 оны 1-р сарын 18-ны хуулиар өөрчлөлт орсон/ хуульчилжээ.

 

Харин энэ хуулийн 27-р зүйлийн 27.1.1, 68-р зүйлийн 68.1.1 дэх хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээний хүрээнд банк байгуулах тусгай зөвшөөрлийг цуцалснаар Банкны эрх хүлээн авагч томилогдсон, банкны эрх хүлээн авагч нь энэ хуулийн 68-р зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар ...банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулах..., 69-р зүйлийн 69.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байна. 

 

            Үүнээс дүгнэвэл, зээлдэгч Т.Б-н зээлийн төлбөрт тооцож Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамжны 27 тоотод байрлах, 2 дугаар давхарын үйлчилгээний зориулалттай 469. 69 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Хадгаламж банк шилжүүлж авсан нь үйл ажиллагааных нь зорилготой нийцсэн байна.

 

            Харин Х Б Э Х А нь хариуцагч Э.Т, Б  ХХК нараас 2014 оны 5-р сараас 2017 оны 7-р сарын хугацааны түрээсийн гэрээний үүрэгт 55 333 016 төгрөг гаргуулахаар  шаардсан нь Х Б Э Х авагчийн бүрэн эрхэд олгогдоогүй, өөрөөр хэлбэл, талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй, гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж дүгнэлээ.

 

Нөгөө талаас, З.А, Э.Т нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэлд гэрээний үүрэг шаардсан нь үндэслэлгүй.

 

Шинжээч Лэндс ХХК-ний дүгнэлтээр Суоно лонж караоке ажиллуулж байсан объектийн талбайн хэмжээг 409.4 м.кв болохыг тогтоосон /1-р хавтас хх 52-59/ байх ба энэ дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэл болоогүй байна.         

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 318-р зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б  ХХК, Э.Т нараас 55 333 016 /тавин таван сая гурван зуун гучин гурван мянга арван зургаа/ төгрөг гаргуулахыг хүссэн Х Б Э Х А-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Т нь Х Б Э Х А-аас 168 493 380 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 065 500 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.   

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                                        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА