Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2018/00498

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2018/00498

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, 3-26 тоотод оршин суух, О овогт Б Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Таван богд моторс ХХК-ийн байранд байрлах “Т Б Ф ББСБ” ХХК /РД:5654033/-д холбогдох,

 

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 25 840 936 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, С.Уранмандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б миний бие “Таван богд” ХХК-тай 2015.11.05-ны өдөр №15/649 тоот '"Автомашин худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Тоёота ланд крузер прадо  150 дизель автомашиныг 104 000 000 төгрөгөөр худалдан авсан. Автомашины нийт төлбөрт гаалийн татвар, НӨАТ, худалдагчийн ашиг, гаалийн бүрдүүлэлтийн хураамж, гадаад валютын ханш, тээврийн хадгалалтын болон бусад зардал багтсан байсан. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу уг худалдах, худалдан авах хэлцэл нь төгрөгөөр хийгдсэн бөгөөд миний бие гэрээний дагуу урьдчилгаанд автомашины 40 хувь болох 41 600 000 төгрөгийг төлсөн. Автомашины үлдэгдэл төлбөр болох 62 400 000 төгрөгийг Т Б Ф ББСБ ХХК-аас санал болгосны дагуу зээлж авсан. Зээлийн гэрээний дагуу санхүүжүүлэх зээлийн зориулалт нь автомашин худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 62 400 000 төгрөг болохыг гэрээний талууд аль аль нь мэдэж байсан бөгөөд Т Б Ф ББСБ ХХК-аас “Таван богд” ХХК руу 2015.11.06-ны өдөр 62 400 000 төгрөгийг шилжүүлсэн. Үчир нь зээлээр санхүүжүүлэх үндсэн гэрээ нь хуульд заасны дагуу төгрөгөөр хийгдэж урьдчилгаа төлбөрийг мөн төгрөгөөр гүйцэтгэсэн байсан бөгөөд үлдэгдэл төлбөрийн үүрэг мөн төгрөгөөр төлөгдөхөөр хүлээгдэж байсан. Тухайн үед автомашин худалдан авч байсан иргэн миний хувьд гадаад валютын тэр дундаа америк долларын зээл авах хэрэгцээ байгаагүй бөгөөд зөвхөн автомашины үлдэгдэл болох 62 400 000 төгрөгийг зээлэх хэрэгцээ байсны дагуу Т Б Ф ББСБ ХХК нь энэхүү үлдэгдэл 62 400 000 төгрөгийг зээлдэж “Таван богд” ХХК-руу шилжүүлсэн. Гэтэл Т Б Ф ББСБ ХХК төгрөгөөр санхүүжүүлсэн зээлийн эргэн төлөлтийг ам.доллароор төлөхийг санал болгож улмаар миний бие ам.доллароор зээлийг эргэн төлөх тухай стандарт зээлийн гэрээнд зөвшөөрч гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн хэлцэл болсон байна. Бодит байдал дээр надад анхнаасаа валютын хэрэгцээ байгаагүй, би өөртөө Т Б Ф ББСБ ХХК-аас валют бодитоор зээлэн авч арилжаа хийгээгүй, миний дансанд валютын гүйлгээ хийгээгүй, Т Б Ф ББСБ дээр арилжаа хийгдээгүй, тэр ч бүү хэл Т Б Ф ББСБ-аас нэг ч ам.доллар, нэг ч центийн валютын эх үүсвэр гараагүй болно. Т Б Ф ББСБ ХХК-аас “Таван богд” ХХК руу 62 400 000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт нь валютын эх үүсвэр гараагүй болохыг нотолдог. Бодитойгоор “Таван богд” ХХК руу шилжүүлсэн 62 400 000 төгрөгийн гүйлгээ байсаар атал энэхүү төгрөгөөр олгосон зээлээ тухайн өдрийн Монголбанкны ам.долларын ханшийг баримтлан 31 307.23 ам.доллар гэж тооцон валютаар эргэн төлөх тухай зээлийн гэрээг санал болгож гэрээ байгуулсан. Миний бие төгрөгөөр зээл авсан тул эргэн төлөлтийг ам.доллараар төлөхөөр гэрээ байгуулсныг тухайн өдрийн Монголбанкны ханшаараа тооцож төлнө гэсэн ойлголттой байсан. Автомашин худалдан авах үндсэн хэлцэл нь төгрөгөөр, хэлцлийн дагуу хийгдсэн урьдчилгаа төлбөр болон Т Б Ф ББСБ ХХК-аас зээлсэн автомашины үлдэгдэл төлбөр нь мөн төгрөгөөр хийгдсээр байтал гэрээ байгуулагч талууд бодит байдлаас зөрүүтэйгээр ам.долларын зээлийн гэрээ байгуулсанаар Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн байна. Хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас миний бие ам.долларын үндсэн зээл, түүний хүүг төлж байгаа бөгөөд ингэснээр ам.долларын ханшийн өсөлтийн зөрүүг төлж, эсрэгээр Т Б Ф ББСБ ХХК ханшийн өсөлтөөр хүүгийн бус ашиг олсон байна. Хууль бус хэлцлийн үр дагаварт миний бие ханш байнга өссөөр байсан ам.долларын үндсэн зээл, түүний хүүг 2016 оны 09 сар хүртэлх 10 сарын хугацаанд төлсөн бөгөөд нэхэмжлэл гаргасан 2017.11.08-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 27 683.26 ам.доллар, хүү 3 321 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 81.04 ам.доллар нийт 31 085.3 ам.долларын зээлийг төлөхийн тулд арилжааны банкнаас (Голомт банкаар дамжуулан төлбөрийг хийж байсан тул Голомт банкны 2017.11.08-ний өдрийн бэлэн ам.доллар зарах ханш болох 1 ам.доллар=2 451 төгрөг гэсэн ханшаар тооцоолов) нийт 76 190 070.3 (далан зургаан сая нэг зуун ерэн мянга далан төгрөг гурван мөнгө) төгрөгөөр ам.доллар худалдан авах шаардлага үүсч байна. Т Б Ф ББСБ ХХК-аас 62 400 000 төгрөг зээлдүүлж нэг ч ам.долларын эх үүсвэр гаргаагүй байтал миний бие 10 сарын хугацаанд өндөр ханштайгаар 5 870.1 ам.долларын зээл, хүү төлчихөөд ахиад анх зээлсэн төгрөгөөс их хэмжээний зээл төлөхөөр байгаа нь шударга бус төдийгүй хууль зөрчсөн, бодит бус хэлцэл байгуулсны шууд үр дагавар юм. Т Б Ф ББСБ ХХК-д гэрээ байгуулагдах үеийн ханш буюу 2015.11.06-ны өдрийн Монголбанкны ханш болох 1 ам.доллар=1993.15 гэсэн ханшаар зээлээ төлөх хүсэлтийг удаа дараа тавьсан боловч Т Б Ф ББСБ ХХК нь энэ нөхцлийг зөвшөөрөхгүй байна. Т Б Ф ББСБ ХХК бидний бодит байдлыг зөрчин хийсэн ам.долларын зээлийн гэрээнээс бусад бүх төлбөр тооцооны харилцаа төгрөгөөр явагдсан. Иргэний хуулийн 56, 58 дугаар зүйлд зааснаар “хууль зөрчсөн, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байна. Бодитойгоор зээлдэгчийн өмчлөлд төгрөг шилжүүлсэн нөхцлийг зөрчиж тухайн зээлийн эргэн төлөлтийг валютаар тохиролцсон гэх үндэслэлээр Зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох үндэслэлтэй юм. Т Б Ф ББСБ ХХК-аас төгрөгөөр худалдаалагдаж байгаа автомашины худалдан авагч нарт зориулж Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг буюу төгрөгийг зээлээр олгож байгаа. Энэ нь санхүүгийн гүйлгээний анхан шатны баримтаас тодорхой харагддаг. Гэсэн атлаа энэхүү бодит нөхцлийг зөрчиж төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг ам.доллараар тооцон төлүүлэх зээлийн бүтээгдэхүүн санал болгож, түүний дагуу гэрээ байгуулж байгаа нь анхнаасаа буруу зээлийн бүтээгдэхүүн гаргасан гэж үзэх үндэслэл болж байна. Энэхүү Зээлийн гэрээг шүүхээс хүчин төгөлдөр бусд тооцвол гэрээ анхнаасаа хүчингүй болох буюу зээлдэгч зээлийн хүү төлөхгүй байх нөхцөл байдал үүснэ. Иргэний хуулийн Зээлийн гэрээ гэсэн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх. зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэсэн байна. Зээлийн гэрээний энэхүү ерөнхий зохицуулалтыг энгийнээр тайлбарлавал ам.доллар авсан бол тухайн ам.долларыг, төгрөгийн зээл авсан бол тухайн төгрөгийг буцаан төлөх үүрэг үүснэ гэж тайлбарлаж болно. Шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг эргүүлэн төлнө гэсэн нь ийм агуулгатай гэж үзэж байна. Иргэний хуулийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх. зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.1-д “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх. зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлех үүргийг тус тус хулээнэ. Уг мөнгөн хөрөнгө гэдэг нь бидний маргаж байгаа асуудлын хувьд төрлийн шинжээр тодорхойлогдох хөрөнгө буюу зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийг хэлж байгаа юм. Иргэний хуулийн 282.4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн Зээл олгох ажиллагаа 21 дүгээр зүйлийн 21.2-д “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж. зээл олгоно”. 21.4-д “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэсэн байна. Эндээс Т Б Ф ББСБ ХХК руу надад ам.долларын зээл олгосон уу гэдэг асуулт үүсч, хэрэв ам.доллар олгоогүй бол яагаад ам.долларыг төлүүлэхээр нэхэмжилж байгаа вэ гэсэн асуудал гарч ирж байна. Энэ нь бодит байдалд төгрөг олгосон буюу зээлдэгчийн өмчлөлд төгрөг шилжүүлсэнтэй холбоотой үүсч байгаа зөрчилтэй нөхцөл юм. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн Банк бус санхүүгийн үйл ажиллагаа хэмээх 7 дугаар зүйлийн 7.1-д “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж дараахь үйл ажиллагааг ойлгоно:” гээд 7.1.1 -д “зээл” гэсэн байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн Зээлийн хүү хэмээх 24 дүгээр зүйлийн 24.1-д “ Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно” гэсэн байна. Ингэснээр зээлийн гэрээний хувьд зөвхөн зээлийн хүүгийн орлого орох эрхийг банк бус санхүүгийн байгууллагад олгосон байна. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хориглох зүйл гэсэн 12 дугаар зүйлийн 12.1-д “Банк бус санхүүгийн байгууллага дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:” гээд 12.1.1-д “тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх;” гэсэн байна. Т Б Ф ББСБ ХХК төгрөгөөр олгосон зээлээ валютаар эргэн төлүүлэхдээ хүүгийн орлогоос гадна валютын ханшийн үнийн өсөлтөөс давхар ашиг орлого олсон байна. Хариуцагч Т Б Ф ББСБ ХХК байгууллага төгрөгөөр олгож байгаа автомашины зээл, түүний хүүг төгрөгөөр төлүүлэхэд ашигтай ажиллах боломжтой. Гэтэл төгрөгийн зээлээ ам.доллараар төлүүлснээс үүсэх ханшийн өсөлтийн орлого буюу хууль бус орлогоор нэмэлт ашиг олж байна. Хэрэглэгч зээлдэгч нартаа олгосон төгрөгийн зээлийг ам.доллараар төлүүлснээс болж зээлдэгч нар нь зөвхөн зээл, хүүгийн төлбөрөөс гадна валютын ханшийн өсөлтийн дарамтанд орж байна. Хариуцагч нь энэ тал дээр зөвхөн өөрсдийн ашгийг тооцоолоод зээлдэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг харгалзаж үздэггүй, үүнээс болж нэхэмжлэгч миний бие зээлээ төлөхөд хүндрэлтэй болж муу зээлдэгчийн ангилалд орж давхар хохироход хүрээд байна. Банк бус санхүүгийн байгууллага илүү нарийн хуулийн зохицуулалттай байдаг ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар үндэсний зөвхөн мөнгөн хөрөнгийг зээлдэг. Мөнгөн хөрөнгө дотроо үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөг, бусад улсын мөнгөн тэмдэгт болох гадаад валют гэсэн ялгаатай хөрөнгөөс бүрддэг. Би үндэсний мөнгөн тэмдэгтийг зээлсэн. Зээлийн бүтээгдэхүүн анхнаасаа төгрөг өгчихөөд доллараар төлөхийг санал болгосон нь анхнаасаа алдаатай буруу гэж үзэж байна. Түүнийг нь хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан нь миний алдаа. Гэхдээ энэ хууль зөрчсөн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж болдог. Би мөнгийг эргэн төлөхдөө долларын энэ ханшаар нь тооцон төлнө гэж ойлголт авсан байсан учир ноцтой төөрөгдсөн гэж хоёрдахь үндэслэлээ гаргаж байгаа. Одоо  Т Б Ф ББСБ ХХК надад олгосон зээлийн үндсэн төлбөрийг болон хүү буюу гэрээний дагуу заасан ашигаа авсан байж хамгийн гол нь үүн дээр ханшийн өсөлтийг нэмж ашиг олоод байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т Б Ф ББСБ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т Б Ф ББСБ ХХК нь “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”, “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль” болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд банк бус санхүүгийн үйл ажиллагаанаас зээл, гадаад валютын арилжааны үйл ажиллагааг хуулийн дагуу эрхэлдэг болно. Нэхэмжлэгч Б.Б нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Т Б Ф ББСБ ХХК-тай байгуулсан №13/0559 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 56, 58 дугаар зүйлд заасан “хууль зөрчсөн, ноцтой төөрөгдпийн улмаас хийсэн хэлцэл” гэснийг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргажээ. Талууд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13/0559 тоот зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээгээр иргэн Б.Б нь “Таван Богд” ХХК-тай байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл төлбөр төлөх зориулалтаар Т Б Ф ББСБ ХХК-иас 31 307.23 /гучин нэгэн мянга гурван зуун долоон доллар хорин гурван цент/ долларыг сарын 0.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлэх тухай гэрээ байгуулсан. Бид зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж тус төлбөрийг автомашин худалдагч “Таван Богд” ХХК-д шилжүүлсэн. Ингэхдээ, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн дагуу зээлсэн 31 307.23 ам долларыг тухайн өдрийн ханшаар үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэсэн. Зээл олгох ажиллагаа нь зээлийн гэрээ байгуулагдсаны дараа талууд үүргээ биелүүлэхтэй холбогдсон харилцаа юм. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.3-т “Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно” гэж заасны дагуу бэлэн бусаар тохиролцсон бөгөөд Т Б Ф ББСБ ХХК, зээлдэгч Б.Б нарын хооронд байгуулагдсан №13/0559 дугаартай зээлийн гэрээний 2.1.3-т /Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 13.1-т “Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан хийгдэх мөнгөн хадгаламж, зээл, харилцах дансны орлого, зарлагын гүйлгээ нь бэлэн болон бэлэн бус хэлбэрээр байж болно” гэж заасан байдаг/. Зээл олгох хэлбэр: Автомашин борлуулагчийн харилцах дансанд зээлийн бэлэн бусаар шилжүүлснээр олгосонд тооцно” гэж заасан. Ийнхүү Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно”, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гуйцэтгэх тухай хуулийн 4.1-т “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заасны дагуу 31 307.23 долларыг төгрөгөөр илэрхийлж 62 400 000 төгрөгийг гэрээгээр тохиролцсон дансанд шилжүүлсэн. Иймд зээлдэгч тал нь үүргээ хуульд заасны дагуу гүйцэтгэсэн. Иргэний хуулийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” тусгайлсан зохицуулалтыг зааж өгчээ. Өөрөөр хэлбэл Банк, зээлийн үйл ажиллагаа эрхпэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох тухай иргэний хууль болон 51.3-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна” гэж заасны дагуу өөр бусад хуулиар тусгайлан зохицуулсан байна. Мөн гэрээ байгуулагдсанд тооцох болон зээл олгох ажиллагаа хоёрыг ялгаж ойлгох зүйтэй. Гэрээ байгуулагдсанд тооцохын тулд иргэний хуулийн 195, 196 дугаар зүйл заасан санал саналын хариу байх ёстой юм. Иргэний хуулийн 196.1-д “Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно” гээд 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэрээ байгуулагдсанд тооцохоор заажээ. Мөн хуулийн 451.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заасний дагуу талууд бичгээр гэрээ байгуулж гарын үсэг зурсан бөгөөд иргэний хуулийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна. Талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний 2.3-т Зээл буцаан төлөх тухай зохицуулсан бөгөөд 2.3.2-т “...валютын зээлийг төгрөгөөр төлөх тохиолдол Хаан банкнаас тухай өдөр зарласан тухайн валютын бэлэн бусын зарах ханшаар тус тус тооцно” гэж заасан байдаг. Иймд гэрээ байгуулсан өдрийн Монгол банкны ханшаар төлнө гэж ойлгосон гэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэр ноцтой төөрөгдөлд орсон гэж үзэх үндэслэлгүй. Мөн Иргэн Б.Б нь Монгол улсын томоохон банкны Хуулийн зөвлөх, хуулийн хэлтсийн захирал хийж байсан улмаар банкуудад хууль зүйн зөвлөгөө өгдөг, энэ талаар мэргэшсэн хуульч учир анх гэрээ байгуулах үедээ гэрээний эрх зүйн үр дагаварыг сайн мэдэж ойлгож байсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт дотроо хоёр агуулгатай. Нэхэмжлэгч ноцтой төөрөгдөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нотлогдоно гэж үзэж байна. Энэ нь 1-рт: Хариуцагч Т Б Ф ББСБ ХХК-ийн байгуулсан зээлийн гэрээ нь ноцтой төөрөгдөхүйц хэмжээнд гэрээний нөхцөлүүд байгаагүй. Нэхэмжлэгч ямар асуудлаар ноцтой төөрөгдсөн гэж тайлбарладаг вэ гэхээр би долларын зээлийг зээлийн гэрээ байгуулагдах үеийн долларын ханшаар төлнө гэж ойлгож байсан гэж байна. Бид нарын гэрээ зах зээл дэх нийтлэг журамтай гэрээ бөгөөд Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг банк болон банк бус санхүүгийн байгууллагууд гадаад валютаар зээл олгохдоо зээлийн эргэн төлөлтийг зээл төлөх тухайн өдрийн ханшаар авдаг. Тэгэхээр бидний нэхэмжлэгчтэй хийсэн зээлийн гэрээнд хүн төөрөгдөхүйц бусдаас онцгой гэрээ биш. 2-рт: Нэхэмжлэгч өөрөө банкны салбарт ажилладаг хүн учир гадаад валютын зээлийн төлөлт тухайн өдрийн ханшаар төлөгдөж явдаг гэдгийг мэдэж байсан. Нэхэмжлэгчийн ажилладаг банкууд ч гэсэн зээлийн төлөлт хийх өдрийн ханшаар авдаг. Түүнээс биш зээл авсан өдрийн ханшаар төлдөг тийм практик Монгол улсад байхгүй. Нэхэмжлэгчийн хэрэгцээ шаардлага нь  автомашин борлуулдаг “Таван богд” ХХК-иас автомашин худалдаж авсны үлдэгдэл төлбөрийг төлөх хэрэгцээтэй байсан. Энэ хэрэгцээний үндсэн дээрээс хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан. Тэгэхээр бид түүний “Таван богд” ХХК-д төлөх автомашины үлдэгдэл төлбөрийг бол зээл хэлбэрээр олгоно гэж тохиролцоо хийсэн. Банк, банк бус санхүүгийн байгууллагуудын олгодог хамгийн бага хүүтэй төгрөгийн зээлийн хүү ам.долларын зээлийн хүү шиг бага байдаггүй. Харьцангуй тогтвортой ханштай байдаг доллараар зээлийн гэрээг байгуулсан учраас бага хүүтэй зээлийн гэрээ хийсэн ба Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн шаардлагаар “Таван богд“ ХХК руу зээлийг төгрөгөөр шилжүүлсэн. Б.Бгийн дурдсан  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэг гэх мэтчилэн заалтуудын  утга агуулга нь зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөдөө ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гээд зээлийн гэрээний дагуу талууд ямар үүрэг хүлээх вэ гэдгийг тодорхойлсон. Ингэхдээ банк санхүүгийн байгууллага мэдээж мөнгө шилжүүлэх, зээлдэгч маань түүнийг нь төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн энэ хуулийн заалтыг зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Тиймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Т Б Ф ББСБ ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баттүвшин овогтой Баяраа нь Т Б Ф ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр №13/0559 тоот зээлийн гэрээ байгуулж Тоёота Ландкруйзер Прадо-150 маркийн 104 000 000 төгрөгийн үнэтэй JTEBH3FJ40K175287 арлын дугаартай, 60-90 УБВ улсын дугаартай/ тээврийн хэрэгслийг сарын 0.8 хувийн,  нэмэгдүүлсэн хүүг хүүгийн 20 хувиар тус тус тооцож 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Б.Б нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж Тоёота Ландкруйзер Прадо-150 маркийн 60-90 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалуулсан болно. Б.Б нь зээлийн гэрээг удаа дараа зөрчиж 2016 оны 08 дугаар сараас хойш зээлийн эргэн төлөлтийг ямар нэг байдлаар төлөөгүй байна. Хариуцагч Б.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул гүйцэтгээгүй үүргийн төлбөр болох зээлийн үндсэн төлбөр 7 113,49 ам.доллар, зээлийн хүү 3 335,76 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 81,78 ам.доллар, нийт 10 531,03 ам.долларыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож 25 840 936,10 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Зээлийн тооцоололд нэхэмжлэгч маргадаггүй. Харин зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус учраас надад энэ зээлийг төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж байна гэж тайлбарладаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай бөгөөд үндсэн нэхэмжлэлийг яаж шийдсэнээс шалтгаална. Үндсэн нэхэмжлэлээ дэмжиж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Т Б Ф ББСБ ХХК-д холбогдуулж, талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан №13/0559 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор шаардаж байна.

 

Хариуцагч Т Б Ф ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан №13/0559 тоот зээлийн гэрээний үүрэгт Б.Бгаас 25 840 936 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. 

 

Хэрэгт авагдсан баримтаар, Б.Б 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр автомашин худалдан авах зорилгоор 60 сарын хугацаатай, сарын 0.8 хувийн хүүтэй, 31 307.23 ам долларын зээл авахаар,  автомашин борлуулагчийн харилцах дансанд зээлийг бэлэн болон бэлэн бусаар шилжүүлснээр зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид олгосонд тооцохоор Т Б Ф ХХК-тай тохиролцож, №13/0559 тоот зээлийн гэрээ байгуулсан, зээлдүүлэгч тал 62 400 000 төгрөгийг автомашин борлуулагч Таван богд ХХК-ний данс руу шмлжүүлсэн, зээлдэгч тал борлуулагчаас автомашины эзэмшлийг шилжүүлэн авч өнөөдрийн байдлаар эзэмшиж ашиглаж байгаа үйл баримт тогтоогдох бөгөөд эдгээрт зохигч маргаангүй,  харин талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаж байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байгуулагдсан үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохоор зохицуулсан.

 

Нэхэмжлэгч, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хууль зөрчсөн гэдэг үндэслэлээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа төрлийн шинжээр тодорхойлогдох тул үндэсний мөнгөн тэмдэгтийг автомашин борлуулагчийн данс руу шилжүүлсэн бол зээлдэгч төгрөгөөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх нь хуульд нийцэх байтал ам.доллараар гүйцэтгэхийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлд хамаарна гэж тайлбарлаж байна.

 

Хууль зөрчсөн хэлцэл гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгодог.

 

Түүнчлэн зээлийн гэрээ нь талуудын зөвшилцлийн үндсэн дээр байгуулагддаг гэрээ бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг зээдэгчийн өмчлөлд шилжүүлснээр тухайн хөрөнгийг захиран зарцуулах өмчлөх эрхийг мөн шилжүүлдэг, тул үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэхдээ ижил төрлийн эд зүйл мөнгийг буцаан өгөх үүргийг хүлээдэг онцлогтой харилцаа юм. 

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнээс харахад, хэдийгээр нэхэмжлэгч тухайн үед ам.долларын хэрэгцээ шаардлага байгаагүй гэх нь үндэслэлтэй боловч гэрээний талуудын чөлөөт байдлын хүрээнд зээлийн мөнгөн хөрөнгийн төрлийг ам.доллараар тохиролцож, ам.доллароор буцаан төлөх үүрэг хүлээснийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй, зээлдүүлэгчийн мөнгөн хөрөнгийн эх үүсвэрээс ам.доллар биш төгрөг борлуулагчид шилжсэн байх боловч энэ нь зээлдэгчийн өмнө үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болохооргүй байна.

 

Мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно гэж заасан тул хариуцагч ам.долларын зээл олгох эрхтэй байна.

 

 Нэхэмжлэлийн шаардлагын нөгөө нэг үндэслэл нь ам.долларын зээлийг зээлдэгч буцаан төлөхдөө ам.долларын ханшийг гэрээ байгуулах өдрийн ханшаар цаашид тооцон төлнө гэж ойлгож, агуулгын хувьд ноцтой төөрөгдөлд орсон гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т “хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн” болох нь тогтоогдсон тохиолдолд шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож болох зохицуулалттай ба хэлцлийн агуулгыг андуурсан эсэхийг тогтооход Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд заасан хэлцэл хийгчийн хүсэл зоригийг анхааран үзэх шаардлага гарна.

 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т хүсэл зоригийн агуулгыг үгийн шууд утгыг анхаарч, хүсэл зориг илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг, үйлдэл эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж зааснаар зээлийн гэрээнд дүн шинжилгээ хийвэл, зээлдэгч зээл, түүний хүүг төлөх хуваарийг ам.доллараар тохирсон, зээлийн гэрээний үүрэгт 2015.12.11, 2016.02.04, 2016.02.08, 2016.03.11, 2016.05.10, 2016.06.08, 2016.08.15-ны өдөр зээл, зээлийн хүүг ам.доллараар төлж байсан зэргээс үзвэл нэхэмжлэгчийн бодит хүсэл зориг гэрээгээр тохиролцсон агуулгаас өөр байсан гэдэг нь тогтоогдохгүй байна.

 

Дээрхийг нэгтгэвэл, талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан №13/0559 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн харилцанд хамаарахаар байна гэж үзээд хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч Т Б Ф ХХК талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний биелэгдээгүй үүрэгт 10 531,03 ам.долларыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож 25 840 936,10 төгрөг гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэгч гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн үндэслэлээр татгалзаад, гэрээний үүрэг гүйцэтгэгчээр хоёр этгээд байгааг анхаарах нь зүйтэй, харин зээлийн тооцоололд маргаангүй гэж тайлбарласан.

 

Шүүх, зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан үндэслэлээр гэрээний хугацаан дахь биелэгдээгүй үүргийг хангуулах тухай хариуцагчийн сөрөг нээхмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэл болох тул нэхэмжлэгч Б.Бгаас зээлийн гэрээний үүрэгт 25 840 936 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангав.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д хамтран үүрэг гүйцтгэгч нарыг тодорхойлж, 243.3-т “үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байхаар зохицуулсан тул 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13/0559 дугаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.Б, Б.Хонхонцэцэг нар гарын үсэг зурсан боловч Б.Бг хариуцагчаар тодорхойлж,  үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгааг буруутгах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 469 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 287 154 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,            115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч Т Б Ф ББСБ ХХК-д холбогдох, зээлийн гэрэг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Б Б зээлийн гэрээний үүрэгт 25 840 936 төгрөгийг гаргуулж хариуцагч Т Б Ф ББСБ ХХК /РД:5654033/-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 469 950 төгрөг, Т Б Ф ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 154 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 287 154 төгрөгийг гаргуулж хариуцагч Т Б Ф ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний      хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

          ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ