Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00481

 

 

 

 

 

 

 

 

 

Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01065 дугаар шийдвэртэй, Бгийн нэхэмжлэлтэй “И” ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу зээлдэгчээс төлсөн 5 873 ам.доллар буюу 15 453 624 төгрөг гаргуулах тухай,

Бд холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 35 322.11 ам.доллар буюу 93 106 961 төгрөг гаргуулах тухай “И” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “А” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, М дизель маркийн автомашиныг 104 000 000 төгрөгөөр худалдан авсан. Автомашины нийт төлбөрт гаалийн татвар, НӨАТ, худалдагчийн ашиг, гаалийн бүрдүүлэлтийн хураамж, гадаад валютын ханш, тээврийн хадгалалтын болон бусад зардал багтсан байсан.

Гэрээний дагуу урьдчилгаа 40 хувь болох 41 600 000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 62 400 000 төгрөгийг “И” ХХК-аас зээлж авсан.

“И” ХХК-аас “А” ХХК руу 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 62 400 000 төгрөгийг шилжүүлсэн. Учир нь зээлээр санхүүжүүлэх үндсэн гэрээ нь хуульд заасны дагуу төгрөгөөр хийгдэж урьдчилгаа төлбөрийг мөн төгрөгөөр гүйцэтгэсэн байсан бөгөөд үлдэгдэл төлбөрийн үүрэг мөн төгрөгөөр төлөгдөхөөр хүлээгдэж байсан.

Гэтэл “И” ХХК төгрөгөөр санхүүжүүлсэн зээлийн эргэн төлөлтийг ам.доллароор төлөхийг санал болгож улмаар миний бие ам.доллароор зээлийг эргэн төлөх тухай стандарт зээлийн гэрээнд зөвшөөрч гарын үсэг зурсан. Бодит байдал дээр надад анхнаасаа валютын хэрэгцээ байгаагүй, би өөртөө “И” ХХК-аас валют бодитоор зээлэн авч арилжаа хийгээгүй, миний дансанд валютын гүйлгээ хийгээгүй, “И” ХХК дээр арилжаа хийгдээгүй, “И” ХХК-аас нэг ч ам.доллар, валютын эх үүсвэр гараагүй болно.

“И” ХХК-аас “А” ХХК руу 62 400 000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт нь валютын эх үүсвэр гараагүй болохыг нотолдог. Одоо “И” ХХК надад олгосон зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү авснаас гадна ам.долларын ханшийн өсөлтийг нэмж ашиг олоод байна. 35 222 ам.долларыг тухайн үеийн Монгол банкнаас зарласан ханш 1993 төгрөгөөр тооцоход 70 000 000 төгрөг болдог. Өөрөөр хэлбэл, 62 400 000 төгрөгийг хүүтэй нь хамт төлөх ёстой байтал зээлээгүй ам.доллар авч арилжааны банкинд очиж ам.доллар худалдан авч байгаа нь ам.долларын эрэлтийг нэмэгдүүлж байна.

Б, “И” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.1-т заасныг “И” ХХК нь зөрчиж зээлдэгчийн өмчлөлд 31 307.23 ам.долларыг бодитойгоор шилжүүлээгүйн улмаас зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн. Иймд уг зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний дагуу зээлдэгчээс төлсөн 5 873 ам.долларыг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ханшаар тооцож, хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн гэрээний үүргийн зөрчил дээр маргаан байхгүй. Би шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлөөгүй нь үнэн. Гэхдээ үндсэн гэрээний маргаанаас болж гэрээ зөрчигдсөн гэж үзэж байгаа. Түүнээс хуваарийн дагуу төлж байгаа гэж хэлээгүй. 5873 доллар төлснөөс хойш өнөөдрийн маргаантай асуудлаас болж төлөөгүй. Энэ зээлийн гэрээгээр би 62 400 000 төгрөгийг төлж чадахгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Б нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээг “А” ХХК-тай байгуулж, уг гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар 104 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг тус компаниас худалдаж авсан бөгөөд тус гэрээний төлбөрийн 60 хувийн үлдэгдэл болох 62 400 000 төгрөгийг манай компаниас зээл авч зээлийн гэрээ байгуулсан. Үүнтэй холбоотой зээлийн гэрээний дагуу олгогдох зээлийн төлбөрийг өөрт нь шилжүүлэх бус шууд автомашин борлуулагч “А” ХХК-ийн дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл, бид зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцоогүй.

Иймд зээлийг надад бодитоор олгох үүргээ зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн биднийг зээлийн гэрээнд заасан дүн болох 31 307.23 ам.долларыг шилжүүлээгүй гэж байгаа нь үндэслэлгүй. “А” ХХК нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу автомашин худалдах, худалдан авах гэрээний үнийг гадаад валютаар хүлээж авдаггүй, Монгол мөнгөн тэмдэгтээр авдаг бөгөөд бид тус компанид гадаад валют болох ам.долларыг шилжүүлэх нь хууль зөрчсөн хэрэг болох байсан.

Бид Бгийн хүсэлтийн дагуу “А” ХХК-д 31 307.23 ам.долларыг тухайн үеийн ам.долларын төгрөгтэй харьцах ханшаар төгрөг рүү хөрвүүлж, “А” ХХК-ийн данс руу шилжүүлснээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, Б нь “А” ХХК-д ямар нэгэн төлбөр төлөх үүрэггүй болж, төлбөрийн үлдэгдлээс чөлөөлөгдсөн. Нөгөө талаараа бид 31 307.23 ам.долларыг төгрөгөөр илэрхийлж шилжүүлснээс ямар нэгэн ашиг аваагүй. Тодруулбал, бид Бд эсвэл А ХХК руу 31 307.23 ам.доллар шилжүүлсэн ч тухайн үеийн ам.долларын ханшаар тус ам.долларыг Монгол төгрөг рүү хөрвүүлж, шилжүүлэхэд ялгаагүй үр дүн гарна. Иймд хэрэв бид гэрээний үүрэг зөрчсөн гэж үзвэл ялимгүй зөрчил байх тул гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн, Бгийн зүгээс биднийг зээлийн гэрээний үүрэг зөрчсөн хэмээн үзэж, үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагад хамаарах хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх учиртай. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх үед хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дуусгавар болсон байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтын дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн шаардлагын хувьд үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй ба бид гэрээг цуцлах, гэрээний дагуу төлсөн зээлийн төлөлтийг буцаахаас татгалзах эрхтэй байна. Бидний зүгээс зээлийн гэрээг төгрөг рүү шилжүүлж өөрчлөх тухай түүний саналыг одоо ч хүлээн авах бүрэн боломжтой.

Б нь зээлийн гэрээг удаа дараа зөрчиж 2016 оны 08 дугаар сараас хойш зээлийн эргэн төлөлтийг ямар нэг байдлаар төлөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зээлийн үндсэн төлбөр 27 683.26 ам.доллар, зээлийн хүү 7 234.56 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 404.29 ам.доллар, нийт 35 322.11 ам.долларыг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшаар тооцож 93 106 961.1 төгрөгийг Бгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.4.1, 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Бгийн “И” ХХК-д холбогдох зээлийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний дагуу зээлдэгчээс төлсөн 5 873 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, талуудын хооронд байгуулагдсан №13/0559 тоот зээлийн гэрээг цуцалж, Бгаас 71 666 410 төгрөгийг гаргуулан “И” ХХК-д олгож, хариуцагчийн илүү нэхэмжилсэн 21 440 551 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 469 950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 780 857.68 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 516 282 төгрөгийг гаргуулж хариуцагч “И” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Б, “И” ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.1 дэх заалтыг зээлдүүлэгч "А финанс" ББСБ нь зөрчиж, зээлдэгчийн өмчлөлд 31,307.23 ам.долларыг бодитойгоор шилжүүлээгүй.

Зээлийн гэрээний энэхүү ерөнхий зохицуулалтаас үзэхэд ам.доллар авсан бол тухайн ам.долларыг, төгрөгийн зээл авсан бол тухайн төгрөгийг буцаан төлөх үүрэг үүснэ гэж үзэж байна. Миний бие шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг эргүүлэн төлнө гэсэн нь ийм агуулгатай гэж үзэж байна. Энэхүү мөнгөн хөрөнгө нь дотроо төгрөг болон бусад гадаад валют гэж төрлийн шинжээр ялгаатай тодорхойлогдоно гэж үзэж байна. Гэтэл зээлдүүлэгч "А финанс" ББСБ нь ам.доллар шилжүүлэх гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул зээлдэгч нь гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ буцаах үндэслэлтэй юм.

Зээлдүүлэгч нь хэдийгээр гэрээнд заасан үүргээ зөрчиж ам.доллар шилжүүлээгүй боловч 62 400 000 төгрөгийг шилжүүлсэнтэй маргахгүй. Харин ам.доллар зээлэхээр тохиролцсон зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний дагуу зээлдэгчээс төлсөн 5 873 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 15 453 624 төгрөгийг миний бие буцаан авах үндэслэлтэй юм.

Иймээс "А финанс" ББСБ-ын шилжүүлсэн 62 400 000 төгрөгөөс миний буцаан авах 15 453 624 төгрөгийг хасч тооцон 46 946 375 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй болно. Хариуцагч нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ анхнаас нь зөрчсөний улмаас миний бие гэрээнээс татгалзаж байгаа тул уг гэрээний дагуу бодитойгоор зээлдүүлээгүй ам.доллар болон ам.долларын зээлийн хүүг төлөх хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 71 666 410 төгрөг гэснийг 46 946 375 төгрөг гэж өөрчилж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн "Зээлдэгч Б нь зээлийн гэрээгээр 62 400 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 0.8 хувийн хүүтэйгээр зээлж авсан байна" гэж дүгнэлт үндэслэлгүй.

Бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь 62 400 000 төгрөгийг сарын 0.8 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлэх агуулга бүхий гэрээ бус, 31 307.23 ам.долларыг сарын 0.8 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлэх агуулга бүхий гэрээ байсан.

Харин "Зээлийн гэрээнд заасан тус дүнг бид зээлийн гэрээний дагуу А ХХК-д шилжүүлэхдээ тухайн үеийн Монгол банкны ханшаар төгрөгт хөрвүүлэн шилжүүлснээс 62 400 000 төгрөг болсон.

Ханшийн савалгаатай холбоотойгоор ам.долларын зээл болон хадгаламжийн хүү төгрөгийн зээл хадгаламжийн хүүгээс бага байдаг учир бид ам.доллар зээлдүүлж байгаатай холбоотой сарын 0.8 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Харин төгрөгийн зээлийн хувьд сарын 0.8 хувийн хүүтэйгээр зээлэх боломжгүй.

Төгрөгийн хадгаламжийн хүү сарын 0.8 хувь биш, түүнээс их хүүтэй тул 0.8 хувийн хүүтэй төгрөгийн зээл байх боломжгүй. Үүнтэй холбоотой манай банк бус санхүүгийн байгууллага нь ам.долларын хувьд сарын 0.8-1 хувийн хүүтэй, төгрөгийн хувьд түүнээс хоёр дахин их буюу 1.6-2 хувийн хүүтэй  зээл олгодог байсан. Үүний нотолгоо болгож бид тухайн үеийн зээлийн хүү тогтоох тушаалыг шүүхэд гаргаж өгсөн.

Хэрэв нэхэмжлэгч Б нь төгрөг зээлэхийг хүссэн бол бид түүнд 1.6 хувийн хүүтэйгээр зээл олгох боломжтой байсан бөгөөд энэ тухай тухайн үед түүнд танилцуулж, санал болгож байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 5 873 ам.долларыг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 35 322.11 ам.доллар буюу 93 106 961 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Б нь “А” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч “А” ХХК нь 104 000 000 төгрөгийн үнэ бүхий М дизель маркийн автомашиныг худалдан авагч Бгийн өмчлөлд шилжүүлэх, Б нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх7-8/

 

Б нь дээрх худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 36 600 000 төгрөгийг тус тус төлж, үлдэх төлбөр 62 400 000 төгрөгийг төлөх зорилгоор “И” ХХК-тай зээл авч төлөхөөр тохиролцсон үйл баримтад талууд маргаагүй. /1хх9-12/

 

Б, “И” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “И” ХХК 31 307.23 ам.долларыг 60 сарын хугацаатай, сарын 0.8 хувийн хүүтэй зээлж, зээлдэгч Б гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн талаар талууд маргаагүй. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /1хх13-15/

 

Талууд дээрх зээлийн гэрээний 2.1.3-т “автомашин борлуулагчийн харилцах дансанд бэлэн бусаар шилжүүлснээр олгосонд тооцно” гэж тохиролцсоны дагуу “И” ХХК нь зээлийн гэрээний зүйл болох 62 400 000 төгрөгийг “А” ХХК-д шилжүүлж, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгэжээ. Талуудын энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иймд Б “зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг бодитойгоор өөрт нь шилжүүлээгүй” гэх үндэслэлээр гэрээг цуцлах шаардлага гаргах эрхгүй тул хариуцагчаас зээлийн төлбөрт төлсөн 5 873 ам.долларыг буцаан гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

 

Талууд зээлийн гэрээнд 1 ам.долларыг хэдэн төгрөгөөр тооцож шилжүүлэх талаар тусгайлан тохиролцоогүй, “И” ХХК нь автомашины үлдэгдэл төлбөр болох 60 хувь болох 62 400 000 төгрөгийн хэмжээгээр “А” ХХК-д үүргийг гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдож байх тул тэдгээрийн хооронд төгрөгөөр тооцогдох зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Талууд зээлийн гэрээнд зээлийн хүүг сарын 0.8 хувь байхаар тохиролцсоныг буруутгахгүй. Зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг гадаадын мөнгөн тэмдэгт болох ам.доллараар бус үндэсний мөнгөн тэмдэгтээр тохиролцсон гэж дүгнэсэн нь зээлийн хүүгийн хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй.

 

Иймд зээлийн үндсэн төлбөрт 62 400 000 төгрөг, зээлийн хүүд 20 966 400 төгрөг, нийт 83 366 400 төгрөгөөр зээлдэгчийн үүргийг тодорхойлж, үүнээс төлөгдсөн 5 873 ам.доллар буюу 11 699 990 төгрөгийг хасч, зээлдэгч Бгаас 71 666 410 төгрөгийн хэмжээгээр зээлийг төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01065 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 253 200 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 265 153 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                  С.ЭНХТӨР

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА