Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00128

 

.....гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01065 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1201 дугаар магадлалтай,

.....гийн нэхэмжлэлтэй,

.....ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний дагуу зээлдэгчээс төлсөн 5 873 ам.доллар буюу 15 453 624.9 төгрөг гаргуулах тухай үндсэн, зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 35 322.11 ам.доллар буюу 93 106 961.1 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ....., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Солонго, хариуцагчийн өмгөөлөгч А.Базар, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .....гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Таван богд ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр №15/649 тоот Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Тоёота ланд крузер прадо 150 дизель автомашиныг 104.000.000 төгрөгөөр худалдан авсан. Автомашины нийт төлбөрт гаалийн татвар, НӨАТ, худалдагчийн ашиг, гаалийн бүрдүүлэлтийн хураамж, гадаад валютын ханш, тээврийн хадгалалтын болон бусад зардал багтсан байсан. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу уг худалдах, худалдан авах хэлцэл нь төгрөгөөр хийгдсэн бөгөөд миний бие гэрээний дагуу урьдчилгаанд автомашины 40 хувь болох 41.600.000 төгрөгийг төлсөн. Автомашины үлдэгдэл төлбөр болох 62.400.000 төгрөгийг .....ХХК-аас санал болгосны дагуу зээлж авсан. Зээлийн гэрээний дагуу санхүүжүүлэх зээлийн зориулалт нь автомашин худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 62.400.000 төгрөг болохыг гэрээний талууд аль аль нь мэдэж байсан бөгөөд .....ХХК-аас Таван богд ХХК руу 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 62.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Учир нь зээлээр санхүүжүүлэх үндсэн гэрээ нь хуульд заасны дагуу төгрөгөөр хийгдэж урьдчилгаа төлбөрийг мөн төгрөгөөр гүйцэтгэсэн байсан бөгөөд үлдэгдэл төлбөрийн үүрэг мөн төгрөгөөр төлөгдөхөөр хүлээгдэж байсан. Тухайн үед автомашин худалдан авч байсан иргэн миний хувьд гадаад валютын тэр дундаа америк долларын зээл авах хэрэгцээ байгаагүй бөгөөд зөвхөн автомашины үлдэгдэл болох 62.400.000 төгрөгийг зээлэх хэрэгцээ байсны дагуу .....ХХК нь энэхүү үлдэгдэл 62.400.000 төгрөгийг зээлдэж Таван богд ХХК-руу шилжүүлсэн. Гэтэл .....ХХК төгрөгөөр санхүүжүүлсэн зээлийн эргэн төлөлтийг ам.доллароор төлөхийг санал болгож улмаар миний бие ам.доллароор зээлийг эргэн төлөх тухай стандарт зээлийн гэрээнд зөвшөөрч гарын үсэг зурсан нь миний алдаа болсон. Бодит байдал дээр надад анхнаасаа валютын хэрэгцээ байгаагүй, би өөртөө .....ХХК-аас валют бодитоор зээлэн авч арилжаа хийгээгүй, миний дансанд валютын гүйлгээ хийгээгүй, .....ХХК дээр арилжаа хийгдээгүй, тэр ч бүү хэл .....ХХК-аас нэг ч ам.доллар, нэг ч центийн валютын эх үүсвэр гараагүй болно. .....ХХК-аас Таван богд ХХК руу 62.400.000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт нь валютын эх үүсвэр гараагүй болохыг нотолдог. Одоо .....ХХК надад олгосон зээлийн үндсэн төлбөрийг болон хүү буюу гэрээний дагуу заасан ашгаа авсан байж хамгийн гол нь үүн дээр долларын ханшийн өсөлтийг нэмж ашиг олоод байна. ....., .....ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №13/0559 тоот зээлийн гэрээний 2.1.1 дэх заалтыг зээлдүүлэгч .....ХХК нь зөрчиж зээлдэгчийн өмчлөлд 31 307.23 ам.долларыг бодитойгоор шилжүүлээгүйн улмаас зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тул уг зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний дагуу зээлдэгчээс төлсөн 5 873 ам.долларыг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ханшаар тооцож, хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч .....ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч нь гэрээг цуцлах шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа "Зээлийн гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн өмчлөлд 31 307.23 ам.долларыг шилжүүлэх үүргээ хариуцагч буюу зээлдүүлэгч зөрчсөн хэмээн тайлбарласан байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. .....тай байгуулсан Зээлийн гэрээний хувьд тийнхүү нөхцөл бүрдээгүй. Манай компанийг зээлийн гэрээний үүргээ зөрчсөн буюу 31 307.23 ам.долларыг надад бодитоор шилжүүлэх үүргээ зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, тууний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж тус тус заасны дагуу зээл олгох хэлбэрийг зээлдэгч болон зээлдүүлэгч нар гэрээгээр харилцан тохиролцох хууль зүйн боломж нээлттэй. Үүний хүрээнд .....тай байгуулсан зээлийн гэрээний 2.1.3-т зааснаар Автомашин борлуулагчийн харилцах дансанд зээлийг бэлэн бусаар шилжүүлэх хэлбэрээр зээл олгох тухай талууд харилцан тохиролцсон байна. Учир нь, нэхэмжлэгч ..... нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээг Таван Богд ХХК-тай байгуулж, гэрээний 2.1 дэх хэсэгт заасан ёсоор 104.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг тус компаниас худалдаж авсан бөгөөд тус гэрээний төлбөрийн 60 хувийн үлдэгдэл болох 62.400.000 төгрөгийг манай компаниас зээл авах замаар төлөх үүднээс бидэнтэй Зээлийн гэрээ байгуулсан. Үүнтэй холбоотой Зээлийн гэрээний дагуу олгогдох зээлийн төлбөрийг өөрт нь шилжүүлэх бус шууд автомашин борлуулагч болох Таван Богд ХХК-ийн дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл, бид зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцоогүй. Иймд зээлийг надад бодитоор олгох үүргээ зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн биднийг Зээлийн гэрээнд заасан дүн болох 31 307.23 ам.долларыг шилжүүлээгүй гэж байгаа нь мөн адил үндэслэлгүй. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасны дагуу Таван богд ХХК нь автомашин худалдах, худалдан авах гэрээний үнийг гадаад валютаар илэрхийлэх, гадаад валютаар төлбөр тооцоо гүйцэтгэх, хүлээж авах нь хориглогддог. Үүнтэй холбоотой бид тус компанид гадаад валют болох ам.доллар шилжүүлэх нь хууль зөрчсөн хэрэг болно. Дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан ёсоор хуулийн хэрэгжилттэй холбоотой хяналт тавих эрх бүхий байгууллага болох Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс бидэнд дээрх шаардлагыг тавьж ажилладаг. Тодруулбал, хэргийн 98 дахь талд авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны албан бичигт "... хуулийн 4.4-т заасны дагуу ... банк, ББСБ-с бусад байгууллага, тухайлбал Таван Богд Групп ХХК-ийн хувьд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бараа, ажил, үйлчилгээний үнэ, үнийн саналын зөвхөн төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэн хуулийн шаардлагад нийцүүлж ажиллах шаардлагатай тул Таван Богд Финанс ББСБ-аас Таван Богд Групп ХХК-д шилжүүлж буй төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэх шаардлагатай болохыг үүгээр мэдэгдэж байна хэмээн бидний тодруулгад хариу ирүүлсэн. Иймд бид .....гийн хүсэлтийн дагуу Таван Богд ХХК-д ам.доллар шилжүүлэх нь хууль зөрчсөн хэрэг болох тул 31 307.23 ам.долларыг тухайн үеийн ам.долларын төгрөгтэй харьцах ханшаар төгрөг рүү хөрвүүлж, Таван богд ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх тухай заасан. Үүрэг гүйцэтгэх газар болон хугацааны талаар үүргийн зөрчил гаргаагүй бөгөөд энэ талаар зохигчдын хооронд маргаангүй. Харин бид үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн нь маргаантай байгаа. Бидний зүгээс гэрээний үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч бидэнтэй Зээлийн гэрээ байгуулж, зээл хүссэний зорилго нь Таван Богд ХХК-тай байгуулсан Автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу тус компанид төлөгдөх төлбөрийн үлдэгдэл болох 62 400 000 төгрөгийг төлөх явдал байсан. Бид нэхэмжпэгчтэй байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Таван Богд ХХК-д 62 400 000 төгрөгийг шилжүүлснээр ..... нь Таван Богд ХХК-д ямар нэгэн төлбөр төлөх үүрэггүй болж, төлбөрийн үлдэгдлээс чөлөөлөгдсөн. Иймд биднийг үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн, бид нэхэмжлэгч .....д эсвэл Таван Богд ХХК-д 31 307.23 ам.долларыг шилжүүлсэн ч тус компани эсвэл нэхэмжлэгч ..... адилхан төгрөг рүү хөрвүүлэх ажиллагааг хийх бөгөөд үүнээс ..... болон Таван Богд ХХК ямар нэгэн ашиг хийхгүй. Нөгөө талаар бид 31 307.23 ам.долларыг төгрөгөөр илэрхийлж шилжүүлснээс бид ямар нэгэн ашиг хийгээгүй. 62 400 000 төгрөг бус ам.доллар шилжүүлсэн ч бидэнд болон ....., Таван Богд ХХК-иудад санхүүгийн хувьд ижил үр дагавартай билээ. Иймд биднийг үүргээ шударгаар гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэв энэ асуудалд уян хатан бус, хатуу байдлаар хандаж ББСБ нь зөвхөн 31 307.23 ам.доллар шилжүүлэх үүрэгтэй байсан гэж тайлбарлавал энэ нь гэрээг цуцлах үр дагаварт хүргэхүйц зөрчил эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай болно. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх заалтад үүргийн ялимгүй зөрчилд гэрээг цуцалж болохгүй тухай заасан. Дээр тайлбарласанчлан бид Таван Богд эсвэл .....д 62 400 000 төгрөг эсвэл 31 307.23 ам.доллар шилжүүлэх нь санхүүгийн хувьд ямар ч ялгаагүй тул хэрэв биднийг гэрээний үүрэг зөрчсөн гэвэл энэ нь үүргийн ялимгүй зөрчил болно. Тодруулбал, бид .....д эсвэл Таван Богд ХХК руу 31 307.23 ам.доллар шилжүүлсэн ч тухайн үеийн ам.долларын ханшаар тус ам.долларыг Монгол төгрөг рүү хөрвүүлж, шилжүүлэхэд ялгаагүй үр дүн гарна. Иймд хэрэв бид гэрээний үүрэг зөрчсөн гэж үзвэл ялимгүй зөрчил байх тул гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм. Түүнчлэн, .....гийн зүгээс биднийг Зээлийн гэрээний үүрэг зөрчсөн хэмээн үзэж, үүнтэй холбоотой Зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагад хамаарах хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх учиртай. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил болох тухай заасан. Иймд биднийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа бол дээрх хугацаанд багтаан шүүхэд нэхэмжпэл гаргах учиртай байсан. Нэхэмжпэгч нэхэмжпэлийн шаардлагаа өөрчлөх үед тус хугацаа дуусгавар болсон байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтын дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн шаардлагын хувьд үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Иймд бид гэрээг цуцлах, гэрээний дагуу төлсөн зээлийн төлөлтийг буцаахаас татгалзах эрхтэй байна. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэхтэй холбоотой зээлийг төгрөг рүү шилжүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч нь бидэнд гаргасан. Бид түүний хүсэлтийг хүлээн авч, зээлийн төлбөрийг 62,600,000 төгрөг болгож, зээлийн хүүг тухайн үеийн манай ББСБ-ын төгрөгийн хүүд өөрчлөх байдлаар эвлэрэх боломжтой тухай хэлсэн боловч тэрээр хүлээж аваагүй. Учир нь, түүний зээлийг дээрх байдлаар төгрөг рүү шилжүүлэхэд төгрөгийн зээлийн төлөлт нь ам.долларын зээлийн төлөлтөөс илүү гарч байсан. Гэвч .....гийн зүгээс бидэнд тавьсан зээлийг төгрөг рүү шилжүүлэх саналыг бид хүлээж авахаас татгалзаагүй. Иймд тэрээр гэрээг цуцлах эрхгүй гэж үзэж байна. Тухайн үед манай ББСБ-ын зүгээс ам.долларын болон төгрөгийн зээлийн хүү батласан тушаал болон тус тушаалаар батлагдсан ёсоор .....гийн зээлийг төгрөг рүү шилжүүлэхэд одоогийн төлөх үүрэгтэй зээлийн дүн болон зээлийг хаах нийт дүнгийн тооцооллыг хавсаргав. Тус тооцооллын дагуу бид эвлэрэх санал тавьж байсан боловч нэхэмжлэгч ..... нь хүлээж аваагүй болно. Бидний тус санал түүний шударга ёс, эрх тэгш байдалд нийцэж байгааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг боловч зээлийг төгрөг рүү шилжүүлсэн ч зээлийн төлөлт надад өндөр тусч байна гэх үндэслэлээр татгалзсан. Бидний зүгээс зээлийн гэрээг төгрөг рүү шилжүүлж өөрчлөх тухай түүний саналыг одоо ч хүлээн авах бүрэн боломжтой. Иймд түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч .....ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ........ нь .....ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр №13/0559 тоот зээлийн гэрээ байгуулж Тоёота Ландкруйзер Прадо-150 маркийн 104 000 000 төгрөгийн үнэтэй JTEBH3FJ40K175287 арлын дугаартай, 60-90 УБВ улсын дугаартай/ тээврийн хэрэгслийг сарын 0.8 хувийн, нэмэгдүүлсэн хүүг хүүгийн 20 хувиар тус тус тооцож 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч ..... нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж Тоёота Ландкруйзер Прадо-150 маркийн 60-90 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалуулсан болно. ..... нь зээлийн гэрээг удаа дараа зөрчиж 2016 оны 08 дугаар сараас хойш зээлийн эргэн төлөлтийг ямар нэг байдлаар төлөөгүй байна. Хариуцагч ..... нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул гүйцэтгээгүй үүргийн төлбөр болох зээлийн үндсэн төлбөр 27 683.26 ам.доллар, зээлийн хүү 7 234.56 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 404.29 ам.доллар, нийт 35 322.11 ам.долларыг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож 93 106 961.1 төгрөг болж байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 35 322.11 ам.доллар буюу 93 106 961.1 төгрөгийг .....гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч .....гийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Анх машиныг 104.000.000 төгрөгөөр худалдаж авахдаа урьдчилгаанд 31.600.000 төгрөг төлж, төлбөрт 11.000.000 орчим төгрөг төлсөн гэхээр 50.000.000 төгрөг орчим төлөгдсөн. Гэтэл одоо 93.106.000 төгрөг гаргуулна гэсэн нь үндэслэлгүй юм. 10 гаруй хувийн хүүгийн өсөлт байлаа гэж бодоход хариуцагч тал надаас 23.000.000 төгрөгийн ханшийн зөрүү тооцож байгаа. 35 222 ам.долларыг тухайн үеийн Монгол банк ХХК-ийн ханшаар буюу 1993 төгрөгөөр тооцоход 70.000.000 төгрөг болдог. Гэтэл хариуцагч өнөөдрийн байдлаар долларын хүүн дээр маргадаггүй. Хэрвээ зөв гэж үзээд доллар өгөөгүй байж төллөө гэж тооцоход цаашид арилжааны банкиудад маш буруу жишиг тогтоно. Тийм учраас илэрхий хууль зөрчсөн, мөн гэрээний үүрэг зөрчсөн асуудал байх тул гэрээний үүрэг зөрчсөн гэх үндэслэлээр гэрээг цуцалж өгнө үү. Төгрөгөөр төлбөр тооцоо гүйцэтгэх хуулийн агуулга нь валютын ханшийн өсөлтийг хязгаарлахын тулд улсын хэмжээнд бараа, ажил үйлчилгээ, бүх зүйлийг үндэсний мөнгөн тэмдэгтээр хий гэсэн санаа буюу гол ашиг сонирхол нь ханшийн өсөлтийг барих зорилгоор гаргасан. Гэтэл хариуцагч талын гаргаж байгаа санаа нь энэ хуулийн эсрэг байгаа. Өөрөөр хэлбэл, 62.400.000 төгрөгийг хүүтэй нь хамт төлөх ёстой байтал зээлээгүй доллараа авч арилжааны банкинд очиж доллар худалдаж авч байгаа нь долларын эрэлтийг нэмэгдүүлж байгаа. Таван богд ХХК болон Санхүүгийн зохицуулах хорооны тайлбаруудыг харсан. Энэ нь хариуцагч тал өөрийн буруу бүтээгдэхүүн гаргаснаа халхавчлах зорилготой гэж харж байна. Таван богд ХХК нь хоорондоо холбоотой учир нэгнээ дэмжсэн тайлбар гаргасан байна гэж ойлголоо. Санхүүгийн зохицуулах хорооноос Танайх доллараар зээлээ гаргаж болно, гэхдээ зээлсэн доллараа Таван богд ХХК руу шилжүүлэхдээ төгрөг шилжүүлэхээс өөр арга байхгүй гэсэн агуулгатай тайлбар байдаг. Иргэн .....гийн маргаан руу орж ирээд, хариуцагчид ашигтай тайлбар өгсөн нь сонин байгаа. Миний харж байгаагаар хэрвээ хариуцагчийн гаргаж байгаа зээлийг шүүхээс зөв гэж үзвэл энэ нь хэрэглэгчийн эрх ашгийг маш ноцтойгоор зөрчиж байгаа зүйл болно. Би хуульч учраас маргаж байгаа болохоос хуульч биш бусад хүмүүс нь зээл аваад, аваагүй доллар дээрээ хүү төлөөд, ханшийн өсөлтийн зөрүү төлж автомашин авч байгаа олон хүн байгаа. Дээрээс нь бүтээгдэхүүнээ буруу гаргаж байгаа нь гол алдаа учраас үүнийг залруулах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар доллараар зээл олгож байгаа зүйл байхгүй болсон хэдий ч буруу гаргасан зүйлийг зөвтгөж болохгүй. Би төгрөгөөр тооцоо хийх саналыг олон удаа гаргаж байсан ч хүлээж аваагүй. Банкиудын түвшинд буюу өндөр хэмжээний зээл болвол маш том асуудал болно. Хэрвээ шүүх зөвтгөж өгвөл олон хэрэглэгчийг хохироосон зүйл болно. Сөрөг нэхэмжлэлийн гэрээний үүргийн зөрчил дээр маргаан байхгүй. Би шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлөөгүй нь үнэн. Гэхдээ үндсэн гэрээний маргаанаас болж гэрээ зөрчигдсөн гэж үзэж байгаа. Түүнээс хуваарийн дагуу төлж байгаа гэж хэлээгүй. 5873 доллар төлснөөс хойш өнөөдрийн маргаантай асуудлаас болж төлөөгүй байгаа. 62.400.000 төгрөгийг яах вэ гэсэн асуудал байгаа. Үүнийг зээлийн гэрээний дагуу шаардах эрхгүй гэж үзэж байна. Харин тусдаа намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн зэрэг өөр үндэслэлээр шаардвал би маргахгүй. Энэ зээлийн гэрээгээр би 62.400.000 төгрөгийг төлж чадахгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01065 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.4.1, 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч .....гийн .....ХХК-д холбогдох зээлийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний дагуу зээлдэгчээс төлсөн 5 873 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, талуудын хооронд байгуулагдсан №13/0559 тоот зээлийн гэрээг цуцалж, .....гаас 71 666 410 төгрөгийг гаргуулан .....ХХК-д олгож, хариуцагчийн илүү нэхэмжилсэн 21 440 551 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 469 950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 780 857.68 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч .....гаас улсын тэмдэгтийн хураамжид 516 282 төгрөгийг гаргуулж хариуцагч .....ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1201 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01065 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 253 200 төгрөг, хариуцагчийн төлөөлөгчийн 265 153 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч .....гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Иргэн ....., .....ХХК нарын хооронд байгуулагдсан 2015.11.06-ны өдрийн №13/0559 тоот Зээлийн гэрээний 2.1.1 дэх заалтыг зээлдүүлэгч .....нь зөрчиж, зээлдэгчийн өмчлөлд 31,307.23 ам.долларыг бодитойгоор шилжүүлээгүй болно. Зээлийн гэрээний ерөнхий зохицуулалтаас үзэхэд ам.доллар авсан бол тухайн ам.долларыг, төгрөгийн зээл авсан бол тухайн төгрөгийг буцаан төлөх үүрэг үүснэ гэж үзэж байна. Миний бие шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг эргүүлэн төлнө гэсэн нь ийм агуулгатай гэж үзэж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.1-д “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү мөнгөн хөрөнгө нь дотроо төгрөг болон бусад гадаад валют гэх төрлийн шинжээр ялгаатай тодорхойлогдоно гэж үзэж байна. Гэтэл зээлдүүлэгч .....нь ам.доллар шилжүүлэх гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул зээлдэгч нь гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ буцаах үндэслэлтэй юм. Зээлдүүлэгч нь хэдийгээр гэрээнд заасан үүргээ зөрчиж ам.доллар шилжүүлээгүй боловч 62.400.000 төгрөгийг шилжүүлсэнтэй миний бие маргадаггүй болно. Харин ам.доллар зээлэхээр тохиролцсон зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний дагуу зээлдэгчээс төлсөн 5,873 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн байдлаарх 15.453.624.9 төгрөгийг миний бие буцаан авах үндэслэлтэй юм. Иймээс Таван богд финанс ББСБ-ын шилжүүлсэн 62.400.000 төгрөгөөс миний буцаан авах 15.453.624.9 төгрөгийг хасч тооцон 46.946.375.1 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй болно. Хариуцагч нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ анхнаас нь зөрчсөний улмаас миний бие гэрээнээс татгалзаж байгаа тул уг гэрээний дагуу бодитойгоор зээлдүүлээгүй ам.доллар болон ам.долларын зээлийн хүүг төлөх хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж “71.666.410” төгрөг гэснийг “46.946.375.1” төгрөг гэж өөрчилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч .....ХХК-ийн төлөөлөгч Г.Зандангийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан болон давж заалдах шатны шүүхийн зүгээс зохигчийн хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээг тайлбарлахдаа 62.400.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 0,8 хувийн хүүтэйгээр зээлэх агуулгатай мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй юм. Учир нь тус зээлийн гэрээ 31,307.23 ам.доллар зээлэх агуулгатай юм. Бид зээлийн төлбөрийг гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид автомашин борлуулагч компани болох Таван Богд ХХК руу шилжүүлсэн. Ингэхдээ тухайн үеийн ам.долларын Монгол банкны ханшыг баримтлан хөрвүүлж, шилжүүлсэн. Ийнхүү төгрөг рүү хөрвүүлсэн шалтгаан нь нэхэмжлэгч болон Таван Богд ХХК-иуд төгрөгөөр илэрхийлэгдэх худалдах-худалдан авах гэрээ байгуулсантай холбоотой. Нэхэмжлэгч нь тус компанид төлөх ХХАГ-ний үлдэгдэл төлбөр болох 62.400.000 төгрөгийг төлөх үүднээс бидэнтэй зээлийн гэрээ байгуулсан тул түүний болон худалдагчийн сонирхлын дагуу ам.долларыг төгрөг рүү хөрвүүлж шилжүүлсэн. Ийнхүү ам.долларыг тухайн өдрийн Монгол банкны ханшаар баримталж шилжүүлэх нь бизнесийн харилцаанд тогтсон заншил юм. Иймд давж заалдах шатны шүүхийн “зээлийн төлбөрийг тухайн өдрийн ханшаар 1 ам.долларыг хэдэн төгрөгөөр тооцож шилжүүлэх талаар гэрээнд тусгайлан заагаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Төгрөгийн аливаа гадаад валюттай харьцах ханшийг аж ахуй эрхлэгч, гэрээний талууд тогтоодоггүй тул ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг бид тохиролцож тогтоох боломжгүй юм. Харин эрх бүхий байгууллага болох Монгол банкны зарласан ханшийг баримлах нь хууль ёсны зүйл юм. Мөн нэхэмжлэгчийн зүгээс энэ тухай тухайн үед гомдол гаргаж, эсэргүүцээгүй. Нэхэмжлэгч ..... Монголын арилжааны банкуудад олон жил хуулийн зөвлөх, хуулийн газрын захирал хийсэн санхүүгийн зах зээлд ажилладаг хуульчийн хувьд тухайн нөхцөл байдлыг сайн ойлгож байсан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн зүгээс ч биднийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзээгүй. Түүнчлэн бидний байгуулсан зээлийн гэрээнд зээлийн эргэн төлөлтийг ам.доллараар төлөх тухай тодорхой тусгасан. Гэрээний тус заалт хүчин төгөлдөр бөгөөд шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцоогүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх гэрээний тус заалт, хэсгүүдийг баримтлах учиртай боловч хэрэглээгүй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 205.1, 225.1, 451.1 дэх заалтуудыг баримтлан шийдвэр, магадлал гаргасан. Хуулийн тус заалтууд бидний хооронд байгуулсан зээлийн гэрээг ам.долларын бус төгрөгийн гэрээ гэж үзэх болон 21.440.551 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийг агуулаагүй. Тиймээс анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн үндэслэлгүйгээр бидний сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Иймд бидний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах агуулгаар шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ..... нь .....ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 5 873 ам.доллар буюу 15 453 624.9 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 35 322.11 ам.доллар буюу 93 106 961.1 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Зохигч хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдсон тул зохигчийн гомдлын агуулгаар  хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д “Давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэмөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т “магадлал хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Алтан-Эг ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Цэнд-Аюушид холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон нэг шүүгч магадлалд гарын үсэг зураагүй байна.   

Давж заалдах шатны шүүхийн магадлалд хэрэг шийдвэрлэхэд оролцсон шүүх бүрэлдэхүүн бүгд гарын үсэг зурах ба аль нэг шүүгч нь гарын үсэг зураагүй нь  магадлалыг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 168 дугаар зүйлийн 168.1.5-д заасан үндэслэл болж байна.           

Дээр дурдсан үндэслэлээр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1201 дугаар магадлалыг хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ..... 281.551 төгрөг, хариуцагч .....ХХК 265.152,76 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган тус тус буцаан олгосугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

 

                                       ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ