Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 00495

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Гутал оффис, 102 тоотод байрлах, “Т” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий сайд Амарын гудамж, Соёлын төв өргөө “В” корпуст байрлах, “Н” ХХК/РД: /-д холбогдох

 

59 118 741 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 71 805 987 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн, өмгөөлөгч Э.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 15-1061 тоот Ажил гүйцэтгэх гэрээг “Н” ХХК-тай байгуулсан.

Тус гэрээнд заасны дагуу “Т” ХХК нь “Бага тэнгэрийн ам” цогцолбор төслийн хүрээнд Мастер төлөвлөгөө, Үүд хаалганы дизайн, 54 айлын хэсгийн ланд скеп дизайн, Спортын хэсгийн суурь дизайн, Зочин буудлын суурь дизайны ажлыг хийж гүйцэтгэн “Н” ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Манай компани гэрээний дагуу дээрх ажлуудыг хийж гүйцэтгэн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Зураг төсөл хүлээлцэх актаар хүлээлгэй өгсөн ба “Н” ХХК-ийн ерөнхий инженер К.Мурат, архитектор Э.Бархүү нар тус актад гарын үсэг зурж, хүлээн авсан.

Ингээд бид ажлаа хүлээлгэж өгсөн тул гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2-д зааснаар гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 40 хувь болох 19,800 ам.долларыг шилжүүлэхийг “Н” ХХК-аас удаа дараа шаардсаар байгаа боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй байна.

Бидний зүгээс цаашдын хамтын ажиллагаагаа бодож, шүүх, хуулийн байгууллагад хандахгүйгээр асуудлыг шийдвэрлэх гэж өнөөдрийг хүртэл “Н” ХХК-д боломж олгосон боловч гэрээт ажлын үлдэгдэл төлбөрийг төлөх талаар ямар ч арга хэмжээ аваагүй болно.

Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.6-д зааснаар “Н” ХХК нь гэрээт ажлын төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.2 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох 19,800 ам.доллар буюу 39,412,494 /гучин есөн сая дөрвөн зуун арван хоёр мянга дөрвөн зуун ерөн дөрөв/ төгрөг, гэрээт ажлын үлдэгдэл төлбөрийг 2015.08.01-ний өдрөөс 2016.05.31-ний өдрийг хүртэл төлөөгүй 300 хоногийн 0.2 хувийн алданги нийт 23,647,496 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцож, 19,706,247 /арван есөн сая долоон зуун зургаан мянга хоёр зуун дөчин долоо/ төгрөг нийт 59,118,741 /тавин есөн сая нэг зуун арван найман мянга долоон зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “... захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ”, 346 дугаар зүйлийн 346.2-д “Ажлын тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө”, 351 дугаар зүйлийн 351.1-д “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” гэж заасан, мөн талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт заасныг тус тус ундэслэн “Н” ХХК-иас 59,118,741/тавин есөн сая нэг зуун арван найман мянга долоон зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

“Н” ХХК-иас гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох 19,800 ам.доллар буюу 39,412,494/гучин есөн сая дөрвөн зуун арван хоёр мянга дөрвөн зуун ерэн дөрөв/ төгрөг, алданги 19,706,247 /арван есөн сая долоон зуун зургаан мянга хоёр зуун дөчин долоо/ төгрөг, нийт 59,118,741 /тавин есөн сая нэг зуун арван найман мянга долоон зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн өмгөөлөгч Э.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 2-р сарын 6-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр Бага тэнгэрийн ам цогцолборын мастер төлөвлөгөө, үүд хаалганы дизайн, 54 айлын хэсгийн ланд, скеп дизайн, спортын хэсгийн суурь дизайн, зочид буудлын суурь дизайн зэргийг хийхээр гэрээгээр үүрэг хүлээсэн. Дээрх ажлыг 2015 оны 7-р сарын 22-ны өдөр ажил хүлээлцэх актаар хүлээлгэж өгсөн. Хариуцагчийн зүгээс манай байгууллагад ирүүлж байсан 2015 оны 11 сарын  13-ны өдрийн албан бичгийг харвал нэмэлт ажлыг хийлгэх хүсэлт тавьсан байсан. Тухайн ажлыг нэмж хийх үүрэг гэрээнд тусгагдаагүй.

Манай хийсэн зураг Барилгын тухай хуулийн 21-р зүйлийн 21.4 заасан загвар зураг байсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээс харагдаж байна. Хариуцагч тал загвар зураг хийлгэх хүсэл зориг байсан нь тухайн үед үүд хаалганы зураг хийлгэж байсан гэрээнээс харагдаж байна. Загвар зурагт үндэслээд ажлын зургийг “Аркетайп монголиа” ХХК-иар хийлгэсэн байна. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд гэрээний 3.1-т заасныг ажлыг даалгавар гэж үзвэл даалгавраа бүрэн хийсэн гэдэг нь 3 шинжээчийн дүгнэлтээр нотлогдно. Иргэний хуулийн 204-р зүйлд гэрээнээс татгалзах талаар тусгасан. Энэ зүйл заалтын дагуу татгалзах ёстой. Гэтэл хариуцагч талаас хэзээ ч тийм албан бичиг ирүүлж байгаагүй. 2 жилийн өмнө болсон үйл баримтыг яриад гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. 2015 оны 11 сарын 13-ны өдрийн албан тоотоор ажил гүйцэтгээгүй талаар хүргүүлсэн гэж байгаа боловч агуулгыг нь харахаар нэмэлтээр эдгээр ажлыг хийж өгөөч гэсэн агуулга харагдаж байна. Жишээ нь 4 ширхэг орон сууцны барилга, супермаркет нэмэх гэх мэтчилэн. 2015 оны 7 сарын 22-ны ажил дээр эдгээр зүйлсийг нэмээд өгөөч гэсэн албан бичиг байгаа. Гэрээнд заагдаагүй ажлыг шаардах эрх байхгүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Н” ХХК-д холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа болно. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байгаа болно.

“Т” ХХК болон “Н” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15-1061 тоот Ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Т” ХХК нь “Н” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл болох Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын мастер төлөвлөгөө, үүд хаалганы дизайн, 54 айлын хэсгийн ланд скеп дизайн, спортын хэсгийн суурь дизайн, зочид буудлын суурь дизайны ажлыг хийж гүйцэтгэн “Н” ХХК-д хүлээлгэн өгөх үүрэгтэй. Манай компаний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж санхүүжилтүүдийг цаг тухайд нь олгож байсан. Гэтэл гүйцэтгэгч тал болох “Т” ХХК нь гэрээний дагуу ажлын зургийг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй, бүрэн гүйцэт хийж хүлээлгэн өгөөгүй, дутуу хагас шаардлага хангахгүй зураг хийж өгсөн. Манай компаний зүгээс тус компанид 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15-184 тоот албан бичгээр дутуу ажлуудаа нэмэлтээр хийж өгөхийг шаардсан боловч дутуу ажлуудаа хийж өгөөгүй болно. Тус компаний хариуцлагагүй байдлаас болж манай компанид асар их хохирол учирсан болно. Учир нь төслийн ажлыг чанарын шаардлага хангахгүй зураг төслөөр хийх боломжгүй байсан тул манай компаний зүгээс арга буюу “Аркетайп монголиа” ХХК-д их хэмжээний төлбөр төлж буюу 78.000.000 ам.долларын төлбөрийн нөхцөл бүхий Үйлчилгээний гэрээ байгуулан зураг төсөл хийлгэж төслийн ажлаа хийж байгаа болно.

Талууд 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэрээт ажлын явцыг дүгнэсэн протокол үйлдсэн бөгөөд гэрээний дагуу “Т” ХХК нь гэрээт ажлыг 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх байсан боловч 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар гэрээт ажлын явц 60%-тай гэрээт ажлын явц удаашралтай явж байна гэж дүгнэсэн. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр талууд гэрээ дүгнэсэн протокол үйлдсэн бөгөөд тус протоколд “Т” ХХК нь Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын мастер төлөвлөгөө боловсруулах явцдаа өмнөх төлөвлөлтөнд байсан барилгуудыг тусгаж өгөөгүй бөгөөд хийж гүйцэтгэсэн зураг нь шаардлага хангаагүй гэж дүгнэн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15-184 тоот албан бичгээр 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл зарим ажлуудыг нэмж тусган даалгавар хүргүүлсэн байгаа гэж дүгнэжээ. Тус гэрээт ажлын явцыг дүгнэсэн протоколуудыг талуудын эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулсан байдаг.

Гэтэл нэхэмжлэгч “Т” ХХК нь дутуу ажлуудаа хийж хүлээлгэн өгөөгүй, үүний улмаас манай төлөвлөсөн ажлын хугацаа асар ихээр өнгөрсөн, өөр компаниар ажлын зураг дахин хийлгэсэн. Гэтэл тус компани нь гэрээт ажлыг бүрэн гүйцэт хийж дуусгаагүй байж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа туйлын ойлгомжгүй байгаа бөгөөд манай компанийн зүгээс “Т” ХХК-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргах хэмжээнд хүрээд байна.

Иймд “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Н” ХХК-д холбогдох иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Н” ХХК-ийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ажил гүйцэтгэх гэрээний үр дүн бий болоогүй бөгөөд тухайн зураг төслийг “Н” ХХК хүлээн аваад ажлыг хийх боломж байгаагүй. Энэ нь “Аркетайп монголиа” ХХК-тай гэрээ байгуулж ажлыг хийлгэснээр тогтоогдоно. Заавал хугацааг тогтоогоогүй боловч нэмэлт хугацаа олгосноор хугацаа тогтоосон гэж үзнэ. 2015 оны 6-р сарын 13-ны өдөр  хугацаа тогтоосон ойлголт үүнээс хойш 7 сард гуравдагч этгээдтэй гэрээ байгуулснаар гэрээнээс татгалзсан гэдэг нь харагдаж байна. Зураг төсөл хийлгэх гэрээ байсан. Түүнд ажлын зураг бүх зүйл ордог. Өгсөн зүйлээ харилцан буцаах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч шаардах эрх үүсээгүй байхад шаардлага гаргасан. Манайх өгсөн авснаа буцаах байдлаар сөрөг шаардлагаа гаргасан.” гэв.

 

Хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК болон “Т” ХХК нар 2015 оны 02-р сарын 06-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон билээ.

Гэрээний дагуу “Т” ХХК нь Бага тэнгэрийн ам цогцолборын мастер төлөвлөгөө, үүд хаалганы дизайн, 54 айлын хэсгийн ланд, скеп дизайн, спортын хэсгийн суурь дизайн, зочид буудлын суурь дизайн зэргийг хийж гүйцэтгэх, “Н” ХХК нь гэрээний дагуу гэрээт ажлын төлбөрийг хугацаандаа төлөх үүрэгтэй.

Манай компанийн зүгээс гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж, “Т” ХХК-д 29,700 ам.долларыг буюу гэрээний үнийн дүнгийн 60 хувийг шилжүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч тал болох “Т” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй болно.

Учир нь талууд гэрээт ажпын явцыг тухай бүрт нь дүгнэж байсан бөгөөд 2015 оны 6-р сарын 13-ны өдрийн протоколоор гэрээт ажил 60 хувьтай, удаашралтай байна гэж 2015 оны 11-р сарын 23-ны протоколоор “Т” ХХК нь Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын мастер төлөвлөгөө боловсруулах явцдаа өмнөх төлөвлөлтөнд байсан барилгуудыг тусгаж өгөөгүй хийж гүйцэтгэсэн, зураг төсөл нь шаардлага хангаагүй гэж дүгнэн талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран баталгаажуулсан байдаг.

Мөн манай компанийн зүгээс 2015 оны 11-р сарын 13-ны өдрийн 15-184 тоот

албан бичгээр гэрээнд заагдсан ажлуудаас хийгдээгүй дутуу ажлууд болох гол хаалга, гадна хашаа, 2 давхар зоорьтой 1 давхрууд нь үйлчилгээний төв, 4 ширхэг 16 давхар орон сууцны барилга, 5 давхар апартмент 10 ширхэгийг нэмэх, унадаг дугуй болон явган зам нэмэх, зочид буудлын доод хэсгийг зогсоол болгон ашиглах талаар зураг төсөлд тусгаж өгөх, супер маркет нэмэх, өвлийн улиралд хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх тоглоомын талбай нэмэх, битүү спорт цогцолбор нэмэх зэрэг ажил дутуу байгаа тул хийж гүйцэтгэн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж эскиз зэргийг гаргаж өгөх шаардлагатай байгааг мэдэгдсэн.

Гэтэл “Т” ХХК нь зураг төсөлдөө дээрх дутуу зүйлийг нэмж тусгаагүй, хийж гүйцэтгээгүй, чанарын шаардлага хангаагүй, зай хэмжээ байхгүй дутуу зураг төсөл хийж гүйцэтгэсэн, ашиглах боломжгүй зураг төсөл болсон учраас манай компани тус зургийн дагуу өөрийн ажлаа хийж гүйцэтгээгүй болно.

Тус “Т” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зураг төсөл нь чанарын шаардлага хангахгүй, холбогдох хууль тогтоомж болон дүрэм журамд заасан стандартад нийцэхгүй, дутуу хагас зураг болох нь Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Монголын архитекторуудын эвлэл, Нийслэлийн зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ зэрэг 3 шинжээчийн дугнэлтээр тодорхой харагдаж байгаа тул манай компанийн зүгээс гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 29.700 ам.доллар буюу 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ханшаар 71.805.987/далан нэгэн сая найман зуун таван мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг буцаан нэхэмжилж байна.” гэв.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн өмгөөлөгч Э.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Сөрөг нэхэмжлэлд хариу тайлбараа хэлье. Хариуцагч талаас гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангахгүй байсан гэж байгаа боловч ямар шаардлага хангахгүй, ямар  доголдолтой байсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Хэрэв доголдолтой байсан бол гомдлын шаардлага гаргах хугацаа 2017 оны 7-р сарын 22-ны өдөр дуусгавар болсон байна. Хариуцагч компани ажлын доголдлын талаар огт ярьж байгаагүй хирнээ манайх нэхэмжлэл гаргасны дараа сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авах боломжгүй. Тухайн зураг шаардлага хангаагүй бол “Н” ХХК зургийг ашиглахгүй байсан байх. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан 59 118 741/тавин есөн сая нэг зуун арван найман мянга долоон зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч “Н” ХХК нэхэмжлэгч “Т” ХХК-д холбогдуулан 71 805 987/далан нэгэн сая найман зуун таван мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч “Н” ХХК нь өөр компаниар ажлын зураг дахин хийлгэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

          Нэхэмжлэгч “Т” ХХК нь гүйцэтгэсэн ажил ямар шаардлага хангахгүй, ямар доголдолтой байсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж маргасан.

 

          Шүүх үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

          Зохигчид 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр № 15-1061 “Ажил гүйцэтгэх гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

          Гэрээний 1-ийн 1.1, 1.3-т зааснаар нэхэмжлэгч нь “Бага тэнгэрийн ам” цогцолбор төслийн Мастер төлөвлөгөө, Үүд хаалганы дизайн, 54 айлын хэсгийн ланд скеп дизайн, Спортын хэсгийн суурь дизайн, Зочид буудлын суурь дизайны ажлыг гүйцэтгэн хариуцагчид хүлээлгэн өгөх, хариуцагч нь Гэрээгээр тохиролцсон санхүүжилтийг саадгүй олгож, ажлын үр дүнг хүлээн авах үүрэг хүлээсэн тус Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Гэрээний 2-ын 2.1-т зааснаар зохигчид ажлын нийт хөлсийг 49 500/дөчин есөн мянга таван зуу/ америк доллар байхаар харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Гэрээний 2-ын 2.2.1-т зааснаар хариуцагч нь ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгчид 29 700/хорин есөн мянга долоон зуу/ ам.доллар төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 19 800/арван есөн мянга найман зуу/ ам.доллар буюу 39 412 494/19800х1990.53=39412494/ /гучин есөн сая дөрвөн зуун арван хоёр мянга дөрвөн зуун ерэн дөрөв/ төгрөгийг, алдангид 19 706 247/арван есөн сая долоон зуун зургаан мянга хоёр зуун дөчин долоо/ төгрөгийг, бүгд 59 118 741/тавин есөн сая нэг зуун арван найман мянга долоон зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. 

 

Гэрээний 3-ын 3.1-т зааснаар нэхэмжлэгч нь ажлыг 2015 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байх ба хариуцагч нэхэмжлэгч нь Гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй бөгөөд зураг төсөл нь чанарын шаардлага хангаагүй, ашиглах боломжгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгэн хариуцагчид хүлээлгэн өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн зураг төсөл хүлээлцэх актаар ажлыг хүлээлгэн өгсөн гэх тайлбар, 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протоколын хуулбар, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протоколын хуулбараар нотлогдож байна.

 

Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Гэрээ дүгнэсэн протокол үйлдэж нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн зураг нь өмнөх төлөвлөлтөд байсан барилгуудыг тусгаж өгөөгүй бөгөөд шаардлага хангаагүй гэж дүгнэн ажил гүйцэтгэх хугацааг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл сунгасан болох нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протоколын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан ажлыг 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гүйцэтгэсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагчтай загвар зураг гаргах Гэрээ байгуулсан, зураг шаардлага хангаагүй гэх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна.”, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-т “зураг төсөл” гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл ... инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг;” гэж заасан.

 

Гэрээний 1, 4, 6-д зааснаар зохигчид зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.5-д “Ажил гүйцэтгэх зарим төрлийн гэрээний онцлог зохицуулалтыг тусгай хуулиар зохицуулж болно.”, Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах үе шатыг зураг төслийн байгууллагатай байгуулсан гэрээ болон зургийн даалгаварт тусгана.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.5, Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар зохигчид Гэрээнд зураг төсөл боловсруулах үе шатыг тусгах үүрэгтэй боловч тусгаагүй байх ба түүнчлэн зургийн даалгавар гаргасан болох нь тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн зураг төсөл нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй болох нь “Нийслэлийн зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ-ын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар зохигчид Гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон Гэрээг байгуулсан байх тул Гэрээний үр дагаварыг өөрсдөө хариуцан арилгах үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т “доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах.” гэж заасан.

 

Зохигчийн 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн Гэрээ дүгнэсэн протоколд Гэрээт ажил 60/жар/ хувьтай гэж дүгнэсэн болох нь 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протоколын хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байх тул хариуцагч нь ажлын хөлсний 40/дөч/ хувь буюу үлдэгдэл 39 412 494/гучин есөн сая дөрвөн зуун арван хоёр мянга дөрвөн зуун ерэн дөрөв/ төгрөгийг төлөх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.5, 352 дугаар зүйлийн 352.2.3, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 19 800/арван есөн мянга найман зуу/ ам.доллар буюу 39 412 494/гучин есөн сая дөрвөн зуун арван хоёр мянга дөрвөн зуун ерэн дөрөв/ төгрөгийг, алдангид 19 706 247/арван есөн сая долоон зуун зургаан мянга хоёр зуун дөчин долоо/ төгрөгийг, бүгд 59 118 741/тавин есөн сая нэг зуун арван найман мянга долоон зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс ажлын хөлсний урьдчилгаанд төлсөн 29 700/хорин есөн мянга долоон зуу/ ам.доллар буюу 71 805 987/29700х2417.71=71805987/ /далан нэгэн сая найман зуун таван мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор ... дотор гаргана ...” гэж заасан.

 

Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Гэрээ дүгнэсэн протокол үйлдэж хариуцагч нэхэмжлэгч нь Гэрээний нөхцөлийг зөрчсөнийг мэдсэн болох нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протоколын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой гэх үндэслэлээр 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд ажлын хөлсөд төлсөн урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчээс 71 805 987/далан нэгэн сая найман зуун таван мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.5, 352 дугаар зүйлийн 352.2.3, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид Гэрээнд заасан ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт 29 700/хорин есөн мянга долоон зуу/ ам.долларыг төлсөн нь үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.5, 352 дугаар зүйлийн 352.2.3, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас 59 118 741/тавин есөн сая нэг зуун арван найман мянга долоон зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь, хариуцагч “Н” ХХК-ийн нэхэмжлэгч “Т” ХХК-иас 71 805 987/далан нэгэн сая найман зуун таван мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.5, 352 дугаар зүйлийн 352.2.3, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас 59 118 741/тавин есөн сая нэг зуун арван найман мянга долоон зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь, хариуцагч “Н” ХХК-ийн нэхэмжлэгч “Т” ХХК-иас 71 805 987/далан нэгэн сая найман зуун таван мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 454 000 төгрөгөөс илүү төлсөн 457 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгон, үлдсэн 453 543 төгрөгийг, хариуцагч “Н” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 516 980 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас “Монголын Архитекторуудын Эвлэл” ТББ-ын шинжээчийн ажлын хөлсөд 400 000 төгрөгийг гаргуулан “Монголын Архитекторуудын Эвлэл” ТББ-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ