Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 317

 

 

 

 

   2018 оны 02 сарын 05 өдөр

      Дугаар 181/ШШ2018/00317

      Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Нисэхийн 10 гудамж, 193а тоот хаягт оршин суух, Ханд овогт Б Д /рд:ПЮ99103001/-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Cүхбаатар дүүрэг, 7-р хороо, Их тойруу 87-1, Эвергүүд бьюлдинг /Ever good building/, 2 давхар хаягт оршин байгаа, “В к” ХХК /рд:2878496/-д холбогдох, 

 

          500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Оюунсүрэн, хариуцагчийн төлөөлөгч М.Түвшинзаяа, гэрч Н.Эрдэнэцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Д нь Солонгос Улсад суралцахаар “В к” ХХК-иар зуучлуулахаар 2017 оны 07 сарын 07-ны өдөр гэрээ байгуулж 500,000 төгрөгийг төлсөн боловч уг компани надад гэрээний нэг хувь болон мөнгө төлсөн баримтыг өгөөгүй тул маргааш нь очиж танайхаар зуучлуулахаа болихоор шийдлээ гээд мөнгөө буцааж авъя гэтэл өвлийн элсэлт байгаа тэнд нь бүртгүүлж болно шүү дээ гэж хэлсэн.

Дараа нь ээж Н.Эрдэнэцоож маань очиж мөнгөө буцааж авъя гэтэл өгөөгүй. 2017 оны 12 сарын 25-ны өдөр ээж Н.Эрдэнэцоож, миний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Оюунсүрэнтэй хамт очиж “В к” ХХК-иас надтай хийсэн гэрээ, мөнгө тушаасан баримтыг авсан.

Надад уг гэрээг уншуулж танилцуулаагүй, гэрээ болон мөнгө тушаасан баримтыг өгөөгүй тул энэ байгууллагад итгэх итгэл алдарсан. Миний бие үйлчилгээ аваагүй болно. 

Иймээс хариуцагч “В к” ХХК-иас зуучлалын хөлсөнд төлсөн 500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Даваадарийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

а/. “В к” ХХК нь иргэн Б.Дтай 2017.07.07-ны өдөр БНСУ-д суралцуулахаар үйлчилгээний зардал төлөлтийн гэрээ байгуулсан. Тус гэрээ нь Иргэний хуулийн 39.1, 40.1-д зааснаар хүчин төгөлдөр бүхий хэлцэл бөгөөд Иргэний хуулийн 196.1-д зааснаар талууд гарын үсэг зурж тамга дарснаар хүчин төгөлдөр болсон.

б/. Үйлчилгээний хөлс төлөлтийн гэрээний 4.2-т “төлбөр төлөгч нь үйлчилгээний зардал төлсний дараа өөрийн хүсэлтээр суралцахаа больсон тухайгаа 5 хоногийн дараах хугацаанд “В к” ХХК-ийн захиргаанд бичгээр мэдэгдсэн тохиолдолд үйлчилгээний зардлыг буцаан олгохгүй болно” гэж заасан.

Гэвч үйлчлүүлэгч Б.Д үйлчилгээний хөлсийг 2017 оны 07 сарын 07-ны өдөр өгч, гэрээ байгуулагдсаны дараа 2017.07.22-ны өдөр ирж суралцахаа больсон тухайгаа хэлэхэд бид өргөдлөө бичээд өгөөрэй гээд хэлсэн боловч, өргөдлөө бичилгүй гэрээнийхээ өөртөө үлдэх нэг хувийг орхин явсан.

Үүний дараагаар 2017.12.22-ны өдөр ирж төлбөрөө нэхсэн манай байгууллагын зүгээс гэрээнийхээ дагуу төлбөрийг буцаан олгоогүй.

в/. Б.Д нь нэхэмжлэлдээ үйлчилгээний зардал төлөлтийн гэрээ болон төлбөр төлсөн баримтын нэг хувийг өгөөгүй би уншиж танилцаагүй гэж огт үндэслэлгүй зүйл дурдсан байдаг. Бид гэрээ байгуулахдаа гэрээний заалт бүрийг уншиж танилцуулж, Б.Дд нэг хувийг өгч бүртгүүлэхээ болихоор тохиолдолд гэрээний дагуу шийдвэрлэхийг маш сайн тайлбарлаж өгч гарын үсэг зуруулсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч “В к” ХХК-д холбогдуулан, зуучлалын хөлсөнд төлсөн 500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Б.Даваадарийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Талууд 2017 оны 07 сарын 07-ны өдөр 17 тоот “Үйлчилгээний зардал төлөлтийн гэрээ” байгуулж, “В к” ХХК нь БНСУ-ын их дээд сургуульд элсэн суралцах талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх, орчуулах, виз авахад туслалцаа үзүүлэх, улмаар БНСУ-ын холбогдох их дээд сургуультай гэрээ байгуулахад холбож өгөх, Б.Д нь 500,000 төгрөгийн хөлс төлөхөөр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний харилцаанд хамаарч байна.

 

          Б.Даваадариас ажил, үйлчилгээний хөлсөнд 2017 оны 07 сарын 07-ны өдөр “В к” ХХК-д 500,000 төгрөг төлсөн болох нь 2017161 дугаартай бэлэн мөнгөний орлогын баримт, зохигч талуудын тайлбараар нотлогдож байна.

 

          Нэхэмжлэгч тал “гэрээ байгуулахад нэг хувийг өгөөгүй, уншиж танилцуулахгүйгээр гарын үсэг зуруулсан” гэж тайлбарладаг боловч энэ нь баримтаар нотлогдохгүй, мөн “гэрээнд уншихгүй гарын үсэг зур гэж “В к” ХХК-ийн зүгээс шахаж шаардаагүй” гэх гэрч Н.Эрдэнэцоожийн тайлбараар няцаагдаж байхаас гадна нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй юм.

 

          Хариуцагч тал “Үйлчилгээний зардал төлөлтийн гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтад үйлчилгээний зардлыг буцаан олгох талаар зохицуулсан, Б.Д нь гэрээнд заасан хугацаанд “В к” ХХК-д бичгээр хандаагүй учир үйлчилгээний зардлыг буцаан олгох үндэслэлгүй хэмээн тайлбарладаг.

 

          Гэрээний талууд Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч тухайн тохиролцоо нь шударга ёсны зарчим болон хуульд нийцсэн байх учиртай.

 

          Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.3-т зааснаар талууд гэрээг хэдийд ч дуусгавар болгох эрхтэй ба БНСУ-д суралцахаа больж байгаа талаар 2017 оны 07 сарын 08-ны өдөр мэдэгдсэн гэж Б.Д, 2017 оны 07 сарын 22-ны өдөр мэдэгдсэн гэж “В к” ХХК тус тус тайлбарладаг.

 

          Үүнээс үзэхэд зуучлуулагч Б.Д нь БНСУ-д суралцахгүй болсон тухай хүсэл зоригоо зуучлагч “В к” ХХК-д мэдэгдсэн, “В к” ХХК энэ талаар мэдсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд “бичгээр мэдэгдэнэ” гэх гэрээний зохицуулалт ач холбогдолгүй байна.

 

          Талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд үйлчилгээний зардал гэх 500,000 төгрөгт ямар үйлчилгээнүүд багтсан талаар зохицуулсан байх бөгөөд хэрэгт авагдсан Б.Даваадарийн бүрэн дунд боловсролын үнэмлэх, сурлагын дүнгийн хуулбар, түүний баталгаат орчуулга зэрэг баримтаас үзэхэд “В к” ХХК нь гэрээний 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэгт заасан зарим үйлчилгээг үзүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол хэлээр явуулах, гадаад хэл дээр бичигдсэн нотлох баримтыг монгол хэл дээр орчуулуулсан байх шаардлагатай учир хариуцагч талаас нотлох баримтаар өгсөн Б.Даваадарийн анкет гэх, Б.Даваадарийн өмнөөс бичсэн эссе гэх Солонгос хэл дээр үйлдэгдсэн бичгийн нотлох баримтыг үнэлэх, улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүйг дурьдах нь зүйтэй.

 

          Нэг талаас “В к” ХХК ийнхүү гэрээнд заасан зарим үйлчилгээг үзүүлж, тодорхой хэмжээний зардал гаргасан байхад 500,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Д хариуцагчаас бүхлээр нь буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй, нөгөө талаас гэрээнд заасан зарим үйлчилгээг огт үзүүлээгүй, түүнтэй холбоотой зардал гаргаагүй байж 500,000 төгрөгийг бүхлээр нь буцаан олгохгүй гэсэн хариуцагч “В к” ХХК-ийн тайлбар үндэслэлгүй байна.

 

          Иймд зуучлалын гэрээг дуусгавар болгох хүртэлх хугацаанд хийсэн ажил, үйлчилгээний зардлыг хасч, үлдсэн мөнгийг хариуцагч “В к” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

          Хариуцагч “В к” ХХК нь гэрээ дуусгавар болох хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний зардал хэдэн төгрөг болсон талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

          Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлд заагдсан ажил, үйлчилгээг мэдээлэл зөвлөгөө өгөх, шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлт, орчуулгыг хийх, виз авахад туслалцаа үзүүлэх, БНСУ-ын их дээд сургуультай холбож, улмаар сургалтын гэрээ байгуулах гэх 5 багцад хувааж болохоор байх ба үүнээс зарим мэдээлэл, зөвлөгөө өгсөн, зарим бичиг баримтын бүрдүүлэлт, орчуулгыг хийсэн байх тул 100,000 төгрөгийг хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний зардалд үлдээж, үлдэх 400,000 төгрөгийг хариуцагч “В к” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 410.3-т зааснаар хариуцагч “В к” ХХК-иас 400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгож, үлдэх 100,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “В к” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 12,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.