Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00275

 

 *******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2019/01967 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1768 дугаар магадлалтай,

 *******-ийн нэхэмжлэлтэй,

Батгүен ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт 52 029 480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани*******-тай харилцан тохиролцсоны дагуу тус компанийн захирал Ч.Тунгалагийн эзэмшлийн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, хуучин 22-н товчоо Магнай трейдийн агуулахын баруун урд байрлах газар дээр 2 давхар оффисын барилга, сэндвичэн гражийн хамт барьж өгөхөөр болсон. Талууд гэрээг бичгээр байгуулахаар төсөл хэлбэрээр харилцан санал солилцож байсан боловч*******-ийн зүгээс барилгын ажлыг дулааны улиралд яаралтай гүйцэтгэж өгөөч гэсэн хүсэлт гаргасны дагуу 2018 оны 5 дугаар сард манай туслан гүйцэтгэгч Лито констракшн ХХК ажлаа эхэлсэн. Лито констракшн ХХК нь манай компанид төлөх ёстой төлбөртөө уг барилгын ажлыг хийж гүйцэтгэх, материалын зардлыг манай компани өөрөө гаргахаар тохирсон байсан юм. Гэтэл захиалагч******* нь барилгын ажил гүйцэтгэх явцад бичгээр гэрээ байгуулж нөхцөлийг нарийн тохиролцоогүй, барилгын зураг төсөл байхгүй байдлыг далимдуулж барилгын нөхцөлийг нэмэгдүүлсэн шаардлага удаа дараа тавьж байсан тул талуудын хооронд маргаан гарч аргагүйн эрхэнд ажлаа зогсоосон. Бидний хийсэн тооцоогоор тус барилгад ажлыг гүйцэтгэх хугацаанд Лито консракшн ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 19,739,880 төгрөг, манай компаниас гаргасан материалын зардал 32,289,600 төгрөг, нийт 52,029,480 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анх нэхэмжлэл гаргахад тээврийн зардалд 2,000,000 төгрөгийг оролцуулан нийт 54,029,480 төгрөгийг шаардсан боловч тээврийн зардлын баримтыг гаргаж өгч чадаагүй тул 2,000,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг бууруулж байна. Иймд манай компанийн тус барилгын ажилд оруулсан хөрөнгө болох 52,029,480 төгрөгийг хариуцагч*******-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр *******-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 251,656,500 төгрөг гаргуулан манай*******-д олгохоор шийдвэрлэж байсан бөгөөд ******* нь энэ үүргээ гүйцэтгэхийн тулд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах манай компанийн барилга болох цутгамал бетон бүтээц /карказ/ нь боссон 2 давхар офиссын барилгыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулахаар харилцан тохиролцож 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр барилгын ажил эхэлсэн. Ийнхүү харилцан тохиролцохдоо ******* нь барилгын ажлыг гүйцэтгэх болон материалын зардлыг өөрөө хариуцан гаргах байсан. Гэтэл гүйцэтгэгч *******-ийн зүгээс барилгын материалаа цаг тухайд нь нийлүүлэхгүй барилгын ажлыг удаашруулж, ажилчид нь сул зогсолт хийж тохиролцсон хугацаанд дуусгаж чадахгүй нөхцөл байдал үүссэн тул талуудын хооронд маргаан үүсч 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ажил зогссон. ******* нь Лито констракшн ХХК-аар барилгын ажлыг гүйцэтгүүлж байсан нь үнэн бөгөөд Лито констракшн ХХК нь эхлээд нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож ажил гүйцэтгэж байсан боловч нэхэмжлэгчийн хийж байсан ажил зогссоноос хойш манай компанитай гэрээ байгуулж үргэлжлүүлэн ажилласан. Тухайн үед ******* нь уг хугацаанд 1 дүгээр давхрын шалны тэгшилгээний ажил, гадна блок болон дотор өрөө тусгаарлах ханын өрлөг, парапетны өрлөг, дээврийн ажил, гадна фасадны хөөс хадах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байсан. Уг ажлын үнэлгээг зах зээлийн ханшаар тооцвол ажлын хөлсөнд нэхэмжилж байгаа 19,739,880 төгрөгт огтхон ч хүрэхгүй юм. Мөн тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд оруулсан гэх материал нь бодитой биш бөгөөд хийсэн ажлаас нь материалыг тооцож үзэхэд 32,289,600 төгрөгт хүрэхгүй. Бидний тооцоолсноор ажлын хөлс 9,390,000 төгрөг, материалын зардал 14,195,600 төгрөг, нийт 23,585,600 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 28,443,880 төгрөгийг эс зөвшөөрч байна гэжээ.

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2019/01967 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч*******-аас 35,070,480 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үлдэх 16,959,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 428,098 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 333,302 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1768 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2019/01967 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 205 дугаар зүйлийн 205.1 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198 710 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1-т заасны дагуу хяналтын гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч ******* нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 52,029,480 төгрөг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй тухай бичгээр болон шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах манай компанийн барилга болох цутгамал бетон бүтээц /карказ/ нь боссон 2 давхар оффисын барилгыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулахаар харилцан тохиролцож 2018.05.10-ны үед барилгын ажлыг эхлүүлсэн боловч Харгантцамхан групп ХХК нь барилгын материалаа цаг тухайд нь нийлүүлэхгүй барилгын ажлыг удаашруулж, ажилчид нь сул зогсолт хийж тохиролцсон хугацаанд дуусгаж чадахгүй нөхцөл байдал үүссэн тул талуудын хооронд маргаан үүсч 2018.06.08-нд ажил зогссон тухай дурдсан...

******* нь дээрх 2018.05.10-наас 2018.06.08-ны хооронд 1-р давхрын шалны тэгшилгээний ажил, гадна блок болон дотор өрөө тусгаарлах ханын өрлөг, парпедны өрлөг, дээврийн ажил, гадна фасадны хөөс хадах ажлуудыг л хийж гүйцэтгэсэн бөгөөд тухайн үед 14,195,600 төгрөгийн материалын зардал гаргаж, 9,390,000 төгрөгийн үнэлгээ бүхий ажлыг гүйцэтгэсэн.

Нэхэмжлэлийн шаардлага болох 52,029,480 төгрөгөөс хариуцагч нь 23,585,600 хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй тухай шүүхэд гаргасан тайлбартаа тодорхой тусгасан.

Гэтэл анхан шатны пгүүх хэргийг шийдвэрлэхдээ ажлын хөлсөнд 19,739,880, материалын зардалд 15,330,600 төгрөг нийт 35,070,480 төгрөгийг манай*******-аас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байна. Тодруулбал,

Анхан шатны шүүх ажлын хөлсөнд 19,739,880 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ ******* болон Лито констракшин ХХК-ийн хооронд 2018 оны 07 сарын 04-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ний хавсралт №2-ийг үндэслэсэн.

*******, Лито констракшин ХХК нь манай компанид хийж гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй бөгөөд дээрх Төлбөр барагдуулах гэрээний хавсралтад дурдагдсан дээврийн ажлыг чанарын шаардлага хангахааргүй хийсэн. Энэ тухай хяналтын инженерээр ажиллаж байсан О.Эрдэнэбаатар мэдүүлсэн. Мөн тус гэрээнд газар шорооны ажлыг гараар тэгшилгээ хийх тухай тусгасан боловч уг ажлыг хийх шаардлагагүй байсан учраас хариуцагчийн зүгээс тоног төхөөрөмж гарган тэгшилгээ хийж гүйцэтгэсэн.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр ажлын хөлсөнд 19.739.880 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

Мөн гэрч О.Эрдэнэбаатар болон М.Бат-Оргил нарын мэдүүлэг зөрүүтэй байхад М.Бат-Оргилын мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргасан.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 23,585,600 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд 35,070,480 төгрөгийн 11.484.880 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч *******,*******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 52 029 480 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс 23 586 600 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдэх шаардлагаас татгалзжээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглэх асуудлаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 Батгүен ХХК нь 2 давхар оффисын барилга, сэндвичэн гражийг *******-иар бариулах, барилгын материалыг ажил гүйцэтгэгч тал гаргахаар амаар тохирч, ажил гүйцэтгэгч *******-н туслан гүйцэтгэгчээр Лито констракшн ХХК-ийг сонгож ажил эхэлсэн, улмаар талуудын маргаантай байдлаас шалтгаалан барилгын ажил зогсон болохыг зохигчийн хэн аль нь үгүйсгээгүй байна.

 ******* туслан гүйцэтгүүлэгчээр хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 19 739 880 төгрөг, материалын зардал 32 289 600 төгрөг бүгд 52 029 480 төгрөг гэж шаардлагыг тодорхойлсныг, хариуцагч татгалзан ажлын хөлсөнд 9 390 000 төгрөг, материалын зардалд 14 195 600 төгрөг төлөхийг зөвшөөрснөөс өөрөөр талууд ажлын хөлс, гарсан зардлын талаар тооцоо нийлж баримт үйлдээгүй байна.

 *******, Лито констракшн ХХК-ийн хооронд үйлдсэн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээнд туслан гүйцэтгэгчийн хийсэн ажлын хөлсийг 19 739 880 төгрөг гэж тооцоог зөвшөөрч гарын үсэг зуржээ./хх5-6/

 Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д зааснаар ******* нь Лито контракшн ХХК-ийн хувьд ажил захиалагч болох бөгөөд хийсэн ажлын хөлсийг үнэн зөв тооцож төлөх үүрэгтэй.

 Харин ******* болон*******-ийн хооронд гэрээний гүйцэтгэлийн талаар тооцсон баримтгүй ба нэхэмжлэгчийн гаргасан барилгын материал худалдан авсан гэх төлбөрийн баримтууд нь хувь хүний дансны гүйлгээ байх тул нэхэмжлэгч компаниас гаргасан зардал гэж дүгнэхэд эргэлзээтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 Анхан шатны шүүх барилгад зарцуулсан материалын зардлыг хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу гадна блокны өрлөг, дотор ханын өрлөг, парапетны өрлөг, гадна фасад, элс, цемент, сантехникийн материал, суурилуулалт, цахилгааны материал гэж нэрлэсэн зардлыг 15 330 600 төгрөгөөр, харин барилгын ажлын хөлсийг дээрх тооцоо нийлсэн актанд заасан 19 739 880 төгрөгөөр тус тус тооцож нэхэмжлэлийн шаардлагаас 35 070 480 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримт мөн байна.

 Давж заалдах шатны шүүх зохигчдын гомдлоор хэргийг хянан хэлэлцэж маргааны харилцаанд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримталсан нь оновчгүй гэж хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-д заасныг зөрчөөгүй байна.

 Магадлалыг хэвээр үлдээж нотлох баримт буруу үнэлсэн, нэхэмжлэлээс 23 585 600 төгрөг хүлээн зөвшөөрнө гэх хариуцагчийн гомдол хангахгүй орхив.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1768 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаярын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 198 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

                                                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Г.АЛТАНЧИМЭГ

                                                                ШҮҮГЧ                                               Х.СОНИНБАЯР

                                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                                           Д.ЦОЛМОН